“Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт Үндсэн хуулийн баталсны 34 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Өглөөний цай” - уулзалтад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Үндсэн хууль бол тухайн ард түмний, тэр улс орны нүүр царай нь байдаг. Үндсэн хууль ямар байна, тухайн улс тийм л байдаг. Энэ бол аль ч улсад тийм байгаа. АНУ-ын Үндсэн хууль сайн учраас АНУ сайн байна. Ираны Үндсэн хууль муу учраас Иран улс муу байна. Ираны Үндсэн хууль бол шашны төр засгийг байгуулчихсан. Шашны хуулиар асуудлаа шийддэг. Эмэгтэйчүүд нүүрнийхээ урдуур даавуу унжуулахгүйгээр явж болдоггүй. Явах юм бол баривчилдаг, торгодог. Нэг эмэгтэйг бүр алчихсан. Түүнээс болж маш их эсэргүүцэл илэрхийлсэн. Иран улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн асуудал дээр төр засаг нь оролцож чаддаггүй. Үүнээс болоод өнөөдөр 1 сая Риал (Томан) нь 1 доллараар солигддог. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тийм баталгаагүй болчихсон байх жишээтэй.
Францын Үндсэн хууль, Английн Үндсэн хууль зэрэг нь бие даасан нэгдсэн нэг бичиг баримт байхгүй ч маш олон хуулиас бүрддэг. Германы, Японы, Энэтхэгийн гээд сайн Үндсэн хуулиудтай улс орнууд амжилттай хөгжөөд байгаа юм.
Муу, дутуу, буруу Үндсэн хуультай улсууд нь хямраад байна. Тийм учраас Үндсэн хууль тухайн орны ард түмний амьдрал ямар байна вэ гэдгийг тодорхойлдог хамгийн чухал бичиг баримт учраас муу бол хамгийн түрүүнд өөрчилж, засаж байх ёстой. Хамгийн түрүүнд түүнийг сайжруулж байх ёстой чухал бичиг баримт юм.
Үндсэн хууль сайн байвал түүнээс урган гарсан органик хуулиуд өөрийн эрхгүй Үндсэн хуулиндаа хөтлөгдөж сайжирна. Хэрэв муу Үндсэн хууль байх юм бол органик хуулиуд нь бас л муу гарна. Тийм учраас бид сая болж өнгөрсөн Үндсэн хуулийн өдрүүдэд Үндсэн хуулийн асуудал бүр дээр анхаарал хандуулья, тэгээд цогцоор нь өөрчлөх тодорхой төсөл бэлэн болчихсон байгаа, үүнийг хийгээч гэсэн саналууд хэлж байгаа. УИХ-ыг 126 гишүүнтэй болгох төслөөс ч өмнө Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь бид уулзаж, Үндсэн хуулиа цогцоор нь өөрчлөх нь зүйтэй юм байна гэж ойлголцоод ажлын хэсэг байгуулж хийсэн төслөө тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгч байсан.
Харамсалтай нь тэр үед Үндсэн хуулийн энэ шинэ төслийг уншаагүй хүмүүс санаатай юм уу, санамсаргүй байдлаар төслийн талаар хардалтаа шүүмжлэл болгож илэрхийлээд, тэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд айдас төрүүлсэн үү? Яасан юм, бидний дунд ярьж байсан байр сууриа ярьсан шигээ идэвхтэй хамгаалж чадаагүй. Тэгээд Д.Амарбаясгалан даргад энэ Үндсэн хуультай холбоотой асуудлаа шилжүүлсэн. Д.Амарбаясгалан дарга Т.Доржханд даргатай нийлээд 126 гишүүнтэй л болчих юм бол Монгол улс сайжирчихна, тэгээд өшөө ганц хоёр нам парламентад нэмээд орчихвол Монгол Улс сайхан болчихно гэсэн ийм гэнэн, явцуу зорилго тавиад тийм л өөрчлөлт хийчихсэн.
Үндсэн хуулийнх нь суурь буруу тавигдсан байсан учраас хүний тоо олон боллоо гээд, 500 гишүүнтэй болсон ч, 50 гишүүнтэй болсон ч ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг нь 2024 оны сонгуулиас хойш 2 жилийн хугацаанд харагдлаа. Мөн дээр нь нэг хоёр нам парламентад нэмж орлоо гээд айхтар өөрчлөлт гарахгүй байна.
Тийм учраас бид намуудыг муулаад, хүмүүсийг муулаад хэрэггүй. Нэгэнт суурь нь буруу тавигдсан учраас сууриар нь засах ёстой гэсэн бодолтой байгаа. Өчигдөр буруу хууль хийсэн бол өнөөдөр хурдан засах хэрэгтэй. Түүнээс биш Үндсэн хуулийг тэдэн жилийн дараа л оролддог гэсэн юм хаа ч байхгүй. Монголын ард түмэн өдөр бүр амьдарч байгаа. Баавгайтай адил, тарвагатай адил унтаад өгдөггүй, зун болохоор сэрдэг тийм чанаргүй. Тийм учраас өдөр бүр амьдарч, өдөр бүр хүүхдээ сургуульд нь явуулж, өдөр бүр байгалийн баялаг яах вэ гэж бодож, өдөр болгон шүүхийн хаалга татаж, өдөр бүр бизнес хийж, эмнэлэгт үзүүлж байхад тэр бүр нь буруу тогтчихсон байвал яаралтай засахаас өөр аргагүй.
Өмнө нь нэг хоёр удаа засвар хийж үзсэн гэдэг чинь ерөөсөө Үндсэн хууль болохгүй байна гээд засах гээд үздэг ч зориг нь хүрдэггүй юм уу, мэдлэг нь хүрдэггүй юм уу, янз бүрийн шалтгаанаас болоод цогцоор нь засаж чаддаггүй. Тэгээд жижигхэн засвар хийдэг. Тэр нь бүр дордуулдаг. Яагаад гэвэл нэгэнт муудчихсан байшинд жижиг засвар хийлээ гээд өөдтэй өнгөтэй болж чаддаггүй. Түүнээс биш бид заавал ард түмэн бослого гаргаж, маш хурц зүйл хийж байж л Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байхгүй. Яагаад гэвэл бид одоо ухаантай, туршлагатай болчихлоо.
Дэлхий дахинд Үндсэн хууль гэж юу болох талаар судалсан эрдэмтэд, маш сайн бүтээлүүд байна. Бид өнөөдөр XX зуун дуусаад, XI зуун эхлээд улс орнууд яаж хямарч байна, ямар нь амжилттай явж байна вэ гэдгийг өөрсдөө харж байна. Цахим сүлжээ бий болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнд маш идэвхтэй оролцож байна.
Тийм учраас одоо бид бүгд үүнийг мэдэж байгаа юм чинь заавал Ирантай адил цус урсгасан хөдөлгөөн гарахыг хүлээлгүйгээр, бид цөөхүүлээ учраас заавал тийм өндөр үнэ цэн төлөөд яах юм бэ. Бүгдээрээ Үндсэн хуулиа сайхан засаад улс орондоо эзэн болж амьдаръя. Эзэн болох нь хэн юм бэ гэхээр УИХ биш, дарга биш, нам биш ард түмэн юм гэдэг зарчмаар явбал яасан юм бэ гэдэг ажил хэрэгч санал байгаа юм. Энэ төсөл дээр бид тодорхой хугацаа зарцуулж, нэлээд судалгаа хийлээ. Сэтгүүлчидтэй уулзах нь зөв юм байна гээд уулзалтууд хийж байна.
УИХ-ын гишүүд л үүнийг аваад ажил болгоод үзээсэй гээд гуйгаад яваад байх нь буруу. Сэтгүүлчид үүнийг барьж аваасай. Сэтгүүлчид ард түмэн төр засгийн хооронд, ямар нэгэн асуудлуудын хооронд гүүр нь болдог учраас сэтгүүлчид энэ асуудлыг барьж аваад ард түмэнд танилцуулаад, хэлэлцүүлээд, дутагдал олж харвал хэлээд, болж байгааг нь яриад, ард түмэнтэйгээ хамт төр засагтайгаа хамтдаа одоогийн Үндсэн хуулиа зассан шиг засаасай гэдэг мессеж өгөөрэй гэсэн юм. Түүнээс биш УИХ-ын гишүүд л шийднэ гээд уулзаад яваад байвал болно. Ард түмэнд тэр эрхийг нь буцааж өгөх гэж байгаа учраас сэтгүүлчид идэвхтэй оролцоосой гэж хүсэж байгаа юм.
Н.Энхбаяр мөн энэ үеэр оролцогчдын асуултанд хариуллаа.
Тухайн үед Д.Амарбаясгалан барьж аваад ийм өөрчлөлт хийчихсэн юм аа. Одоо бид төгс юм хийх гээд байна гэж ярьлаа. Гэтэл бодит байдал дээр та ч байсан шүү дээ. Тухайн үед хэвлэлийн хурал хийх үеэр зарим эрдэмтэд эсэргүүцээд гараад явсан. Гэсэн ч зүтгүүлсээр байгаад 126 гишүүнтэй болохыг батлуулсан. Зарим сэтгүүлчид дуугараад, зарим нь дуугүй болсон. Одоо ард түмэнд наалдах юм юу ч алга. Тэр ажлын хэсгийг ахалж байсан хүн нь та шүү дээ.
Үгүй. Та буруу ойлголттой байгаа юм байна. Болж байгаа үйл явдал дээр зарим сэтгүүлчдийг Их тэнгэрт хүлээж аваад уулзсан гэдгийг би огт мэдэхгүй. Сая л сонсож байна. Тийм байж магадгүй. Ямар уулзалтанд юу ярьсан гэдгийг сайн мэдэхгүй шүү дээ. Бид бол ажлын хэсэг байгуулах гээд Л.Оюун-Эрдэнэ даргыг болон бусад хүмүүсийг маш их хөөцөлдөж байж, бүх юмаа тайлбарлаж байж ажлын хэсэг байгуулахгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголтонд хүрээд, Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаад ажлын хэсэг байгуулсан юм. Тэр ажлын хэсгийг ерөнхийд нь би ахлаад, улстөрийн жижиг намуудыг оролцуулсан.
Ардчилсан нам харин оролцож өгөөгүй. МАН-аас төлөөлөл оролцсон. Ингээд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж албан ёсоор 2023 оны 12-р сарын сүүлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгсөн. Ажлын хэсэг таны даалгавраар төсөл боловсрууллаа. Энэ төсөл бол Монголд байгаа хамгийн сайн төсөл шүү гэж хэлсэн.
Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваад баярлалаа, үүнийг үнэхээр хэрэгжүүлье гэж өөрөө хэлээд, тэр бүү хэл 1921 онд хувьсгал гарах үед Д.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс Богдын нэрийг ашиглаж хувьсгалын үйл хэргийг явуулахын төлөө их зүтгэсэн. Үүнтэй адилхан та бүхэн маань намайг, МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Богд шиг ашиглаарай, би энэ төслийн төлөө сайн явна гээд, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгаланг уриад, МАН-ын НБДарга Н.Энхбаатарыг уриад та нар энэ ажилд нь туслаарай гэсэн. Ингээд ашгүй ажил явах нь, нэлээн том өөрчлөлт хийж чадах нь ээ гэж бодсон.
Харамсалтай нь Д.Амарбаясгалан дарга, Н.Энхбаатар дарга нар үүн дээр илт идэвхгүй байдал илэрхийлээд, би түүнд нь гайхаад Ерөнхий сайд үүрэг өгчихсөн байхад яах вэ? гэхэд бид Т.Доржхандтай хамтраад УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ, нэг хоёр нам нэмнэ гэсэн бодолтой байгаа, түүнээс илүү өөрчлөлт хийх шаардлагагүй, бид чадахгүй гэх зэргээр идэвхгүй байр суурь илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн тухай ярьж байсан асуудал маань орхигдсон. Харамсалтай нь, би хов жив хөөцөлдөж байгаа юм шиг зүйл яриад яах вэ. Ч.Лодойсамбуу сэтгүүлч энэ төслийг огт уншаагүй мөртлөө төслийг бариад ийм муухай юм хийх гэж байна гэсэн маягтай зогсож байсан.
Ц.Оюунгэрэл гэж нэг намын дарга эмэгтэй дээд танхим гэсэн байгууллагад урд нь ийм албан тушаал хийж байсан хүмүүс орох нь гээд тодорхой нэр зааж эсэргүүцэж байсан. Шинэ Үндсэн хуулийн төсөлд ямар нэгэн нэр бичсэн юм огт байхгүй. Таамаглаж тэгж хэлсэн.
Мөн дээр нь бид энэ бүхнийг тайлбарлах гэж хэвлэлийн бага хурал хийх үеэр нэг сэтгүүлч эмэгтэй биднийг 7 тэрбум төгрөг авч энэ номыг хэвлүүлсэн гэж худлаа хэлсэн. ТВ9 телевизээс 6 сая төгрөг гаргаад хэвлүүлээд бид үнэгүй тарааж байгаа юм гэхэд тэр хүн юм хэлж чадахгүй амаа таглуулсан. Ингээд ажлын хэсэг ажиллаад байхад Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын үүргийг биелүүлэхгүй, Ерөнхий сайд ухраад зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэсэн. Түүнийг нь би эсэргүүцсэн. Тоо нэмээд, нэг хоёр нам нэмээд нэмэргүй. Та бүхэн ахиад алдаа гаргах гээд байна, битгий ингээч ээ, УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ гээд ард түмний бухимдлыг төрүүлэхээс өөр ямар ч ашиг гарахгүй гэж хэлсэн. Хэлээд хэлээд нэмэр болоогүй алдсан.
Саяхан УИХ-ын дарга Н.Учрал өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээж авч уулзаж, санаа бодлоо хуваалцсан. Тэр уулзалтан дээр би та бүхэн маань хоёр гуравхан өөрчлөлт хийж битгий алдаа гаргаач ээ. Одоогийн Үндсэн хууль тухайн үедээ үүргээ үнэхээр сайн гүйцэтгэсэн. Цагийн юм цагтаа л байдаг юм байна. Энэ Үндсэн хууль маань одоо харин хөгжлийн тушаа болсон, хүний эрхийг бүрэн хамгаалж чадахгүй хууль болсон, харамсалтай нь. Тийм учраас та бүхэн минь цогцоор нь өөрчлөөч ээ, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг, эрдэмтдийг дайчлаач ээ. Шинэ цаг үеийг Монголдоо эхлүүлээч ээ гэсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч байсан, АНУ-ын Үндсэн хуулийг бичилцсэн хүмүүсийн нэг болох Томас Жефферсон гэж хүн “Үндсэн хууль бол хадагдаж мөнхлөгдөж болохгүй. Хөшөө дурсгал болж болохгүй шүү. Үндсэн хууль амьд байх ёстой. Тийм учраас 19 жилд нэг удаа өөрчилж байгаарай” гэж хэлсэн байдаг юм билээ.
Нийгэм, амьдрал өөрчлөгдөж байна. Цоо шинэ нийгмийн харилцаа үүсэж байна. Манай Үндсэн хууль 32 жил болчихлоо. Тийм учраас Үндсэн хуулиа яаралтай цогцоор нь өөрчлөх ажлыг хийх ёстой юм байна гэж бид бодож байгаа. Үйл явдал тодорхой эзэнтэй болох ёстой гэдэг утгаар нэг хоёр хүний нэрийг хэллээ. Тэр бол нэг хоёр хүнийг буруутгаад, Монголд болохгүй байгаа зүйлс тэр хүмүүсээс л болсон гэж хэлмээргүй байна. Гэхдээ бололцоогоо алдаж байгаа нь маш харамсалтай байгаа.
Таны хэвлэлийн бага хурал хийх үеийг би санаж байна. Тухайн үед таны Лордын танхимтай төстэй дээд танхим байгуулна гэсэн яриаг Ц.Оюунгэрэлийн шүүмжилж Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүс орж ирж болохгүй гэж ярьж, үүнийг сонссон ард иргэд бүхэлдээ дургүйцэж, таны хэлсэн нийгмийн шаардлагаар өөрчлөх ёстой, Үндсэн хууль бол хөшөө дурсгал шиг байж болохгүй гэдэг зарчим алдагдаад, Үндсэн хуулийг битгий оролдоод бай гэдэг нийгмийн давалгаа үүссэн байхгүй юу.
Үгүй, тэгээгүй. Одоо ч та нар сайн тайлбарлаад өгөх юм бол ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөхөд бэлэн байгаа шүү. Сэтгүүлчид өөрсдөө жижиг сажиг юм хөөцөлдөөд байхаар бид түүнд нь хөтлөгдөөд тэр маргаан нь сэтгүүлч Н.Энхбаяр хоёрын хоорондын маргаан болоод завсардаад байгаа юм.
Би өөрийгөө Монголын ард түмэнд өртэй гэж боддог учраас Үндсэн хуулиа засах ажилд оролцъё гэсэн. Би албан тушаалд очих юм байхгүй. Англи болон бусад улс оронд Лордын танхим гэж байдаг учраас мэддэг зүйлээ ярьж байгаа юм. Манай шинэ Үндсэн хуулийн төсөл дээр Улсын Үндэсний Их хурал гэж байна. Тэр нь хоёр хуваагдана.
Нэг нь бага хурал, нөгөөх нь их хурал. Их хуралд нь 90 хүн байна. Түүний 75-ыг нь ард түмэн шууд сонгоно. 15 хүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар, УИХ-ын даргаар, Дээд шүүхийн даргаар болон гишүүнээр, ХЭҮК-д ажиллаж байсан бол, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, ШУА-ын төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөлөл, соёл спортын алдартнууд, нэртэй зүтгэлтнүүд гээд хэдэн мянган хүний дундаас Засгийн газар болон ХЭҮК-ын санал болгосноор, тодорхой хугацаагаар УИХ-н гишүүнээр ажиллуулахаар санал болговол түүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм.
Түүн дотор нь Ц.Элбэгдорж гэсэн нэр ерөөсөө байхгүй. Н.Энхбаяр гэсэн нэр ерөөсөө байхгүй. Гэтэл өөрийнхөө хардалтыг энэ хуулинд бичсэн юм шиг гаргаж ирээд байж болохгүй. Тэгээд би Ц.Оюунгэрэлд тайлбарлах гэж оролдсон. Ц.Оюунгэрэлийн хоёр дахь шүүмжлэл нь Бүгд Найрамдах Улс гэж бичсэн байна энэ юу гэсэн үг юм бэ? гэдэг байсан. Одоогийн Үндсэн хуульд Бүгд Найрамдах улс гээд биччихсэн байгаа. Бүгд Найрамдах улс гэдэг бол ард түмэн өөрөө захирах тогтолцоо шүү дээ. Хуучин ард гэдэг үг байсан.
Ц.Оюунгэрэл үүнтэй андуураад Бүгд Найрамдах ард улс байгуулах гэж байна гээд бас хардаад, үүнийг нь тайлбарласан ч бидний үгийг сонсохгүйгээр шүүмжилсэн. Үүнд би харамсаад, хүмүүсийн дотор нэг буруу ойлголт төрөөд түүнийгээ бодоод яваад байдаг юм байна, төслийг маань уншаасай гэж бодсон.
Би Д.Амарбаясгалан даргад ч хэлж байсан, хэвлэл мэдээллээр ч ярьж байсан. 126 гишүүн бүтэхгүй, үүнийгээ хоёр хуваагаад, нэг нь Улсын Их хурал, нөгөө нь Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай болоосой гэсэн саналыг л бид хэлж байсан юм. Яагаад хоёр танхимтай болох ёстой вэ гэхээр АНУ-ын Үндсэн хуулийг бичсэн том судлаачид, улстөрийн зүтгэлтнүүд парламентыг хянахад хэцүү шүү, яаж хянах вэ гэхээр хоёр хуваагаад нэгийг нь нөгөөгөөр нь хянуулдаг юм. Энэ бол хамгийн сайн арга гэж хэлсэн байдаг.
АНУ-ын сенатыг төлөөлөгчдийн танхим нь хянаж байна. Төлөөлөгчдийн танхимаа сенат нь хянаж байна. Англид бас тэгж хянаж байна. Лордын танхим нь доод танхимаа, доод танхим нь Лордын танхимаа хянадаг. Ингэж парламент хоёр танхим болж нэг нь нөгөөгөө хянадаг хамгийн сайн сонгодог аргаар хийгээч ээ гэсэн. Сүүлд нь Д.Амарбаясгалан дарга надтай уулзах сонирхолгүй болсон байж магадгүй. Утсаа авахгүй цаг хугацаа алдсан. Цаг хугацаандаа байдаг юм чинь бид яаж ч чадахгүй, тайлбарлаад тайлбарлаад явж чадаагүй. Т.Доржханд дарга талбай дээр гарын үсэг цуглуулж арга хэмжээ зохион байгуулаад, тэр нь бодитой олон мянган хүний гарын үсэг цуглуулсан юм байхгүй, зүгээр хэлбэр төдий юм хийгээд, их сайхан шийдвэр гарсан юм шиг ярьдаг.
Одоо ч Т.Доржханд дарга бид маш зөв юм хийсэн.126 гишүүнтэй болсон, олон нам орсон шүү, бодлогоор хийсэн шүү гээд буруу яриад байгаа юм. Би бол хүний тоо нэмэх биш хяналтын тогтолцоогоо сайжруулах ёстой, ард түмэн улсын эзэн болох ёстой, тэгээд төрийн залгамж чанар гэж байх ёстой.
Харьцангуй залуу хүмүүс тэр 75 гишүүн дотор орж ирж магадгүй. Тэгвэл нөгөө 15 гишүүн дотор ийм ийм ажил хийж байсан ч юм уу, эсвэл нэр төрөөрөө олон түмэндээ хүндлэгдсэн хүмүүс дундаас тухайн үеийн ХЭҮК, Засгийн газар санал оруулбал Ерөнхийлөгч нэмж, 90 гишүүнтэй бүрэн бүтэн танхим байгуулах бололцоог бусад орны жишигт нийцүүлж хийсэн юм. 126 гишүүнтэй болохыг би маш тодорхой эсэргүүцэж, тайлбарлаж байсан.
Харамсалтай нь тэр үед эрх баригчдын гэх юм уу, албан тушаалтай хүмүүсийн явуулж байсан мэдээллийн кампанит ажил нэлээн хүчтэй байсан учраас мань мэтийн дуу хоолой сонсогдоогүй байж магадгүй. Бид үүний төлөө уйгагүй явж байгаа учраас дахин дахин Үндсэн хуулийн өдөр болох бүрт л гарч ирдэг. Бүгдээрээ үүнийгээ харья. Одоогийн Үндсэн хуулиас хамаагүй илүү төсөл бэлэн болсон шүү. Дарга нарт өгсөөр байгаад, дарга нар маань өдөр тутмын ажилдаа дарагдаад завгүй байдаг. Тэгэхээр бид нар сэтгүүлчидтэй уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлээд, сэтгүүлчид үүнийг уншаад шүүмжилбэл шүүмжлээд, дэмжвэл дэмжээд ард түмэнд ойлгуулж өгөөч, ойлгуулах ажлыг хамт хийе. Үүний дараа Монгол Улсын суурь хууль нь зөв болчихвол бидний яриад шүүмжлээд байгаа алдаанууд гарахаа болино гэж үзэж байгаа юм.
Тэмдэглэсэн М.Чойжал
Мягмар - 01 сарын 20,
2026

Сэтгэгдэл2
Хөгшин азарга жороо сурахгүй гэдэг ш дээ, энэ мэт дүлзэнгүүд одоо болиосой доо ! Хууль эрх зүйн системтэй мэдлэггүй болохоороо ингэж муйхарлаад байгаа л доо, хөөрхий. Батшугар гэж шаал өвөрмонгол нэртэй юм чи эцэгтээ хэлж энэ хэнхэглэлийг нь болиулаач !!!
lord-iin tamxind manaixan shig xumuus daanch bugd xulgaich