Хэн нэгэнд ямар нэгэн шалтгаанаар дургүй минь хүрэхэд түүний тухай эгдүүцлээ ѳѳр нэгэнд яримаар санагддаг. Тэгээд л дотны найздаа “Тэр муу… “гэж эхлээд “Новшийн амьтан!” гэж яриагаа тѳгсгѳнѳ. Яг үнэндээ ѳѳрийн сэтгэл дэх давчхан сэтгэгдэлээ түүнд тулгаж байгаа болохоос, муулан ярьж байгаа түүнд ямар сэтгэгдэл тѳрүүлж буйгаа би анзаардаггүй. Баахан муучилсан ярианыхаа тѳгсгѳлд “Харин тийм ээ тэр үнэхээр новшийн амьтан…” гэж дэмжиж хэлэхийг л хүлээдэг. Дотно найз минь миний яриаг ѳгдѳѳж “Тэр бас намайг…” гэж эхлээд бүр ч илүү муучилбал хачин ихээр баярлан сэтгэл ханаж, духанд минь таашаалын хѳлс дааварлахыг мэдрэх шиг жаргал үгүй. Түүнийг хэн нэгэнд муучилснаар би түүнийг ялсан мэт мэдрэмжиндээ ѳѳртѳѳ сэтгэл хангалуун. Хорсол минь бусдын хорсолтой хослох бүрт сэтгэл ханаж, дургүйг минь хүргэсэн хэн нэгний тухай бусдад муучлан ярьж байж санаа амардаг муу дуршилд автдаг. Эс тэгвэл хэзээ ч санаа амардаггүй гаж дон…
 
Миний дотно найздаа хов болгож ярьсан яриа нилээд хугацааны дараа “Чи ингэсэн гэнэ…” гэдэг гомдолтой бас нилээд нэмүү хачиртай миний чихэнд эргэн сонсогдоход би сэтгэлдээ зогтусна. Хэдийгээр би тайвширч, энэ тухай мартсан хэдий ч тэр л хов яриа бусдын ам дамжсаар надад эргэн ирэхдээ сэтгэлийн гүн дэх шархан дээр даран хѳндүүрлүүлэх мэт.
 
Би ѳвдсѳндѳѳ эгээтэй л ёолсонгүй. Ойлгоогүйдээ гомдсондоо, ойлгуулж чадаагүйдээ хорссондоо, ойлголцож чадаагүйдээ бухимдсандаа бусдад муучилах нь ямар тэнэг, ичгүүртэй болохыг би жинхэнээр нь мэдэрнэ. Хагарсан шаазанг эвлүүлж наахыг оролдохын оронд зүгээр л газар хаяад дэвсэлж орхисонтой ер ялгаагүй. Шаазангийн хагархайд хѳл минь зүсэгдэн цус гарч би түүнийгээ боож тогтоож чадахгүй дэмий л ёолох мэт тийм мэдрэмж. Яг үнэндээ хэн нэгнийг бусдад муучлан ярих нь, тэр хүмүүс намайг муучлан ярих шалтаг нь болгож буйг бид ѳѳрсдѳѳ огт анзаардаггүй юм билээ. Хэдийгээр тухайн мѳчид би түүнд таагүй хандах гэвч, энэ нь бусад хүмүүс түүнд надтай адилхан таагүй хандах шалтаг нь огт биш гэдгийг бид ухаарч санамаар.
 
Хэрвээ хэн нэгэнтэй санал зѳрѳлдѳж муудалцах аваас түүнтэй эвлэрэх зайг сэтгэлдээ заавал үлдээж бай. Тайтгарч чадах аваас хүний сэтгэл гэдэг ямар уужим багтаамжтай болохыг ѳѳрѳѳ л анзаарах болно.
 
Хэн нэгэнтэй муудалцахад энэ ертѳнц хѳмрѳѳд, галав юүлдэггүй гэдгийг сайтар санаж бай. Хэн нэгэнд хов болгон муучилж буй яриа болгон элдвээр баяжаад нэгэн цагт чиний чихэнд эргэж сонсогддог нь ороомог маягийн хѳгжлийн жишээ. Хэрэв гомдол хорслоо бусдад түгээн дэлгэрүүлэлгүйгээр дотроо хадгалж чадах аваас энэ нь хожим чиний сэтгэлийн амар амгалангийн баталгаа болно. Усны мандал дээр хѳвж хоносон манан аажим аажмаар дэгдэн үүлсийн чанадад хѳѳрѳн тогтох мэт амар амгалан. Сэтгэл тань тайвширч бүх зүйлсийг сайнаар тѳсѳѳлѳх мѳчид, сайн найзаа уучлан нүүрэндээ мишээл тодруулан инээмсэглэх мѳчид, ѳчүүхэн хорслоо манан мэт хѳѳн сарниулах мѳчид чиний сэтгэл амар амгаланг жинхэнээр нь мэдэрдэг. “Бурхан минь би ѳчигдѳр хорсолдоо яаж тэнэгтээгүй юм бэ?” гэж ѳѳртѳѳ талархaна. Нэг тийм гоё мэдрэмж…
Монголчууд бидний сэтгэлгээний хямралын нэгэн шалтгаан нь энэ. Бид бие биенээ хайрлаж чадахгүй, үзэн ядацгааж байгаагийн нэгэн шалтгаан нь энэ. Бид хийрхэлдээ шатан мунхаглаж байгаагийн нэгэн шалтгаан энэ. Ѳѳр ѳѳрийн тавилангаа үүрч ирсэн хүн болгон бие биенээ давтахгүй ѳвѳрмѳц бодьгал. Бид заавал бие биендээ таалагдах албагүйн адил, заавал үзэн ядагдах шалтгаан үгүй. 
 
Хэрвээ ойр тойронд байгаа хүн бүхнийг байгаагаар нь ойлгон хүлээж авч чаддаг бол, бас ѳѳрийгѳѳ байгаагаар нь ойлгуулж чаддаг бол ийм хорсол дэгдэхгүй дээ. Зүгээр л ѳѳрийн ѳчүүхэн орон зайдаа бусдыг хашин түгжих гэж хүсэхдээ л бид  бусдыг дарамталдаг, бас “доош” хийдэг.
 
Ѳѳрийгѳѳ бусдаас илүү гэж нотлох хүсэлдээ бусдыг үгүйсгэн доромжилдог сэтгэхүйд би дургүй. Хэрвээ нүцгэлээд харах ахул бид бүгдээрээ адил даа. Материаллаг шунал, мунхаг хүсэл тачаалдаа автан жүжиглээд байгаа болохоос. Тэгэхээр бид ѳѳрийнхѳѳрѳѳ байх хүсэлдээ, бусдын ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг зѳвшѳѳрч чаддаг бол бүх зүйл амар болно доо. Хэрвээ чи хэн нэгнийг бусдад муучлан ярих аваас хэн нэгэн чамайг бусдад муучлан ярьж л таараа. Тэгэхээр ѳѳрийнхѳѳрѳѳ байхаас ѳѳр сонголт үгүй ажээ.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах