sonin.mn
  Агаарын бохирдолт
 
         ( Цаг агаар сонирхогчийн эргэцүүлэл нийтлэл)
 
Монголын хамгийн том нуур болох Увс нуурын хотгор ба нийслэл Улаанбаатар хотын цаг уурын төрх байдал нэн төстэй. Хойд туйл ба Сибир нутагт бүрэлдэн тогтсон эсрэг циклоны хүйтэн цөм аажмаар нүүдэллэн ирж Увс нуурын хотгорт ирж тогтоншдог бол Улаанбаатар хот орших “газар зүйн тогоонд” эсрэг циклоны хүйтэн цөм ба утаанаас үүсэлтэй агаарын бохирдол холимогжин тунардаг. Монгол орны цаг уурын жилийн онцлогоос хамаарч энэ тунаралтууд 11 - р сарын сүүлчээс 2-р сарын сүүлч хүртэл үргэлжлэнэ.
Увс нуурын хотгорын хоймор талд баруун ба зүүн Тагнын  өндөр уулс, өмнө ба зүүн урд талд Булнайн ба Хан хөхийн нурууд бүтэн тойрог үүсгэн оршино. Увс нуур ба түүнийг тойрон байх хотгор газар далайн төвшнөөс 780 - 850 метрт орших бөгөөд хотгорыг хүрээлсэн уулсын хяруудын өндөр 2000 - 3000 метрт хүрнэ. Тундр ба Сибирь нутагт бий болсон хүйтэн агаарын цүлс (эсрэг циклоны тархалт) зонхилох чиглэлийн кориолус салхины  урсгалын дагуу Тагнын ба баруун Саяны нурууг давж Увс нуурын хотгорт шурган ирж Булнайн ба Хан хөхийн нурууны уулсад хаагдан их даралтын орныг үүсгэнэ.
 
Байгаль цаг уурын ерөнхий зүй тогтлоор жилийн 11-р сарын сүүлчээс 2-р сарын сүүлч хүртэл салхины хүч нэн тогтуун байх тул хүйтэн агаарын тунаралт баттай тогтмолждог. Үүний үр дүнд энэ бүс нутагт өргөргийн нэгэн адил бүслүүрт багтах зэргэлдээх газар нутгуудаас хасах 10-15 хэмийн илүү хүйтрэлт удаан хугацааны турш хадгалагдан үлддэг. Түүнчлэн зуны ид халуунд ч температурын хэмжээ зэргэлдээх бүс нутгуудаас илүү халуун болдог байна.
 
Бидний цаг агаарын мэдэллээр өдөр тутам сонсож байдаг Монгол орны хамгийн хүйтэн цэг буюу их даралтын орон ийнхүү бий болно. Түүнчлэн нуурын мандал ба ядмаг ургамалжилттай их нуурын хотгорын цас мөсөн хучлагаас ойх нарны цацрагийн сариналтын хэмжээ 70 - 80 % хүрдэг нь дулааны энергийн үүсэлтийг багасгаж их хүйтрэлтийн хэмжээг үл сулруулдаг байна. Түүнчлэн цаг агаарын хүйтний хэмжээ хасах 15 - 20 хэм хүрсэн үед бий болдог температурын инверсийн урвуу үзэгдэл энэхүү хүйтний тунаралтыг баттай түгжиж байдаг. Увс нуурын хотгорын цаг уурын бичил нөхцөл нь; ГАЗАР ЗҮЙН РЕЛЬЕФИЙН ОНЦЛОГ, САЛХИНЫ ТОГТУУН БАЙДАЛ, НАРНЫ ЦАЦРАГИЙН АЛЬБЕДОГИЙН ОЙЛТЫН ХЭМЖЭЭ, ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСИЙН УРВУУ ҮЙЛЧЛЭЛ зэрэг олон хүчин зүйлүүдийн харилцан уялдаанаас шалтгаалдаг байна. Улаанбаатар хот орших газар нутгийн бичил цаг уурын нөхцөл үүнтэй нэн төстэй. Зүүн Сибирт үүссэн эсрэг циклоны хүйтэн урсгал Улаанбаатар хот орших дөрвөн уулын дундах хотгорт (газар зүйн тогоонд) аажмаар шилжин ирж хотын агаар мандалд хаягдах нүүрс түлэлтээс үүсэлтэй  агаарын бохирдолтой холимогжин их тунралыг үүсгэнэ. Үүнийг салхины хамгийн тогтуун байдалтай холбоотой газар зүйн нам өндрийг хамарсан ( 100 - 600 м өндөр) “ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС” баттай түгжиж байдаг. Агаарын бохирдлын давхрага ба түүнийг  таглаж буй температурын инверсийн судлыг зөвхөн энэ өндрийг хамарсан нэгэн чиглэлд үйлчлэх 5 м/с - ээс дээш хурдтай  салхины урсгал л задлан хөөж чаддаг байна.
 
Монгол оронд хаврын улирал болоход (48-р өргөргөөс өмнө зүгийн нутагт нарны гэрэл илүү илч дулаан түгээж эхлэхэд) нарны гэрлийн цацрагийн “альбедогийн”шингээлт ба саринуулалтын эрс ялгаврын үр дүнд салхины хурд хүч нэмэгдэж их нууруудын хотгорын их даралтын орон ба Улаанбаатар хотын агаар мандлын бохирдлын тунралтад саринуулалт явагддаг.
 
Уул хөндий хосолсон газрын орны “уул хөндийн салхи” нь өндөрлөгөөс нам дор газар руу чиглэлтэй байдаг тул энэ бүс нутагуудад ч мөн адил Тэс, Туул голуудын урсгалын дагуу чиглэлүүдэд явагддаг. Харин зонхилох салхины ерөнхий орчил урсгал баруун хойноос зүүн урагш  буюу голуудын урсгалын эсрэг чиглэлд байна. Үүний үр дүнд хүйтэн ба бохирдолт агаарын тунаралт нэг чиглэлийн салхиар үл хөөгдөж агаарын солилцоо зөвхөн өөр хоорондоо сэлгээгдэх хэмжээнд  явагдана. Газар зүйн байршлын төстэй байдал, орон нутгийн “уул хөндийн” болон “ерөнхий орчил урсгалын” салхины чиглэлүүдийн сөрөг төлөв байдал нь Увс нуурын хотгор ба Улаанбаатар хотын “газар зүйн тогооны” цаг агаарын нөхцөл байдлыг нэн төстэй болгодог байна. Жирийн сонирхогчийн энэхүү харьцуулалт сэтгэгдлийн эцэст орчин үеийн шинжлэх ухааны физик, цаг уурын салбарын ажилтнуудад байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг мухар сүсгийн гэмээр ойлголтоосоо татгалзаж орон нутгийн бичил цаг агаарыг байгалийн өөрийн зүй тогтлыг ашиглан өөрчлөх боломж бий гэдгийг сануулмаар байна.
 
( Зурагт байгаа улаан шугамууд нь эргэн тойрон байгаа уулсын хяр болно)
 
                                Л.Лхагва