sonin.mn
Олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ эрчээ авч байсан цаг дор буюу 1989 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш 40 жилийн хугацаа өнгөрчээ. Дипломат яриа хэлэлцээ 1988 оны сүүлчээс Лондонд эхэлж, Бээжин хотноо үргэлжиж, ийнхүү бодит биеллээ олсон. Монголыг хоёр аварга зааны дунд давхиж буй pony буюу одой морьхон хэмээн зүйрлэх нь тун ч хангалтгүй бөгөөд харин ч аварга баавгай, аварга лууны дунд жороолж буй galloper буюу Азийн шандаст хүлэг хэмээн зүйрлэх нь зүйд нийцнэ. 2011 оны “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “АНУ, Япон, Европын Холбоо… зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр анх удаа бодлогын хэмжээнд заажээ.
 
Далайд гарцгүй Монгол Улсын сул талыг өөрийнх нь байгалийн баялаг, үсрэнгүй хөгжиж буй Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ, хоёрын хөршийн иж бүрэн стратегийн түншлэл, хоёр их гүрний дунд орших геополитикийн байршил харьцангуй давуу тал  болгосоор байна.
 
2017 оны хоёрдугаар сарын 15-нд “Европын холбоо, гишүүн орнууд, Монгол Улсын хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг дүгнэж Европын Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн Европын Парламент тогтоолын төслийг баталсан юм. Түүнд: Монгол Улс Европийн Холбооны хувьд Ази дахь “үнэ цэнэтэй түнш” мөн бөгөөд геополитикийн давтагдашгүй байршилтай хэмээн тогтоолд онцлон тэмдэглэв. Мөн “Европийн холбоо, АНУ, Япон, БНСУ, Энэтхэг улсыг оролцуулсан Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, Орос, Хятадтай тогтоосон стратегийн түншлэл, Монгол, Орос, Хятад болон Монгол, Япон, АНУ-ын хооронд гурван талт байнгын өндөр түвшний уулзалтыг анхааралдаа авч…”, тогтоолын “Бүс нутаг, дэлхий нийтийн сорилт ба хамтын ажиллагаа” гэсэн хэсгийн 50 дугаар зүйлд: “Европын холбоог оролцуулсан Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын үзэл баримтлал, нөлөө бүхий стратегийн түнш, шууд хөрш Орос, Хятадтай тогтоосон бүтээлч, үр дүнтэй тэнцвэртэй харилцааг онцлон тэмдэглэж байна” гэжээ. Мөн  тогтоолд, Монгол Улсын цаазын ялыг халсныг сайшаажээ.
 
Европын холбооны Зөвлөл 2017 оны аравдугаар сарын 9-ний өдрийн Сайд нарын түвшний уулзалтаараа Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэрийг гаргажээ.  Ийнхүү хэлэлцээр 2017 оны  арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.
 
Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан есөн бүлэг, 65 зүйл бүхий “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан. 2009 оны хоёрдугаар сарын 1-нд “Европын Холбооны гэрээ” буюу Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болж, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлого, Гадаад харилцааны алба шинээр байгуулагдсан хийгээд шинэ нөхцөл байдалд Европын Холбооны зүгээс гишүүн бус оронтой хийж буй анхны томоохон хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээр нь гишүүн бус хэдий ч харилцаа, хамтын ажиллагааны хувьд нэн чухалд тооцогддог орнуудтай байгуулдаг, харилцааны бүхий л салбарыг хамардaгаараа онцлогтой, иж бүрэн түншлэлийн агуулгатай юм.
Монгол Улс, Европын Холбооны хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болох “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” нь түншлэлийн цар хүрээг өргөжүүлж, хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг, хөгжлийн тусламж, ХАА, орон нутгийн хөгжил, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, судалгаа шинжилгээ, инновац, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, норм, стандарт зэрэг олон салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрхзүйн үндэс бүрдэж байна.
 
Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ салбаруудад өрнүүлэх эрхзүйн орчин бүрдэж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж нээгдэв. Тус хэлэлцээр Европын Холбооны  гишүүн орнуудад тэгш үйлчлэх тул Монгол Улс, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хоёр талын харилцаанд ч шинэ түлхэц үзүүлж байна.
 
Европын Холбоо Монгол Улсад байнгын дипломат төлөөлөгчийн газар нээх шийдвэрийг 2017 оны долдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 гаруй оронд байнгын дипломат төлөөлөлтэй болж байгаа ажээ.
Еврокомиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ гурван удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ. Евро комиссын дэд ерөнхийлөгч, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Фередрика Могерини “Монгол Улс давтагдашгүй геостратегийн  байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй. Манай Суурин төлөөлөгчийн газар нь Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх, ард түмнийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт болно. Европын холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгоно. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдэв. Монгол Улсад Дипломат байгуулах шийдвэр нь улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулж, түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм гэжээ.
 
2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд “Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний хамтын нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Улаанбаатарт гарын үсэг зурав.
2006 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо хуралдсан Монгол Улс, Европын холбооны хамтарсан болон дэд хорооны ээлжит IX хуралдаан болж гол үр дүн нь Европын Комиссын Техникийн хамтын ажиллагааны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад анх нээсэн явдал байв.
 
МУИС-ийн монгол судлалын ангийг дүүргэсэн монгол судлаач  Трайан Лаурентий Христеаг Монгол Улсад суурин суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилсон нь энэ чиглэлд ач холбогдол өгч  буйн тод илрэл болсон юм. Тэрээр 2018 оны тавдугаар сарын 29-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
 
Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар ноён Невен Мимица 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Европын холбооны Суурин Төлөөлөгчийн газрын албан ёсны нээлтэд оролцсон юм. Тэрээр айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад Харилцаа, Сан, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд нартай ажил хэргийн уулзалт хийв. 2019 онд олгохоор төлөвлөж буй төсвийн дэмжлэгийн талаар санал солилцсон байна. Н.Мимица Европын холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэн шинэ шатанд гаргахыг зорьж буйг тэмдэглээд “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын төсвийн бодлогын шинэчлэлд дэмжлэг болгон 50 сая еврогийн тусламж олгох болсныг мэдэгдсэн юм.
Европын холбооны Зөвлөл 2013 оны дараах GSP+ схемд хамрагдах орны тоог бараг хоёр дахин багасгасан боловч Монгол Улс нэмэлт хөнгөлөлтийн шинэ схемд 2020 он хүртэл хамрагдах болсон нь Европын холбоо тус улсыг тууштай дэмжиж буй тодорхой илрэл гэж үзэж болно. 7200 төрлийн барааны хөнгөлөлтөөс Монгол Улсын 80 гаруй төрлийн тухайлбал, оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос, ноолуур, ундаа, архи, модон эдлэл, электрон бараа, гутал, хивс, зэс, зэсэн бүтээгдэхүүн, төмөр, төмөр бүтээгдэхүүн зэрэг Монгол Улсын хувьд  экспортын нэн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүн хамрагдаж, Европын зах зээлд татваргүй нийлүүлэх, экспортыг 13 хувиар нэмэгдүүлсэн үр дүн гарчээ. Европын холбооны “GSP+” хөнгөлөлт нь Монгол Улсын бизнесийн салбарт тодорхой үр ашиг үзүүлж байгаа боловч энэхүү давуу тал, боломжийг бүрэн дүүрэн ашиглах, тухайлбал  ЕХ-ны гишүүн орнуудтай “GSP+” хөнгөлөлтөд хамрагддаг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хамтарсан үйлдвэр байгуулах замаар  шинэ техник, технологи, know how нэвтрүүлэх, Европын зах зээлд өрсөлдөх чадвартай, олон улсын стандарт, хэм хэмжээ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай.Дурдсан хөнгөлөлт нь Монгол Улсын экспортыг дэмжээд зогсохгүй, мөн хөрөнгө оруулалтыг ч нэгэн адил дэмжиж байгаа юм. Жишээ нь, ОХУ Европын холбооны эдийн засгийн хоригт байгаа нөхцөлд оросын бизнес эрхлэгчид Сибирийн модны нөөцийг Монгол руу татаж, Өмнөд Солонгосын санхүү, технологитой хослуулан төрөл бүрийн модон тавилга, паркет шал үйлдвэрлэж Монголын хөнгөлөлтийг ашиглан Европын холбооны зах зээлд гаргах боломжтой. Энэ нь ОХУ, Монгол, БНСУ-ын хамтарсан интеграцийг хэрэгжүүлэх боломжийн тухай ярьж байгаа юм.
2017 оны байдлаар Европын холбооны 800 гаруй компани 3,8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж байна. Монгол Улс, ЕХ-ны хоорондын хоорондын худалдаа 2018 онд 500 сая евро болсон нь, Монгол Улсын гадаад худалдааны найман хувьтай тэнцэж, үүнээс экспорт 100 сая евро, импорт 400 сая евро байгаа юм. Европын холбооны таван  сая еврогийн санхүүжилтээр 2018-2020 онд “Монголын худалдааг дэмжих” (EU-TРАМ) төслийн хүрээнд гадаад худалдааг төрөлжүүлэх замаар Монголын бараа бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд амжилттай гарахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
 
Хөгжлийн туслалцаа нь Европын холбоо-Монгол Улсын хоорондох харилцааны чухал тулгуур бөгөөд тогтвортой хөгжлийг бэхжүүлэн, Мянганы хөгжлийн зорилтыг хангаж ядуурлыг бууруулах туйлын зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, Монголын иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг.
 
Европын холбоо ба Монгол Улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг багтаасан хоёр талын харилцаа нь Еврокомисс-Монгол Улсын хамтын ажиллагааны 1996 оны хэлэлцээрээр үндэс сууриа тавьсан юм. Европын холбоо, Монгол Улсад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2014-2020 онд хэрэгжүүлэх Үндэсний Ерөнхий Хөтөлбөрт 65 сая евро (190 тэрбум төгрөг)-гийн санхүүжилт олгохоор болсон нь өмнөх хөтөлбөртэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд Монгол Улс 2021 он гэхэд дунд орлоготой орон (MIC) болохоор тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд ардчилaлын тогтолцоогоо улам төгөлдөршүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх, үүний зэрэгцээ ЕХ-ны норм, стандартыг нутагшуулахад нь туслахыг зорьж байгаа юм. 2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдсан хоёр талын Хамтарсан Хорооны 19-р хуралдаан чухал үе шат болов.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсыг зээлжих эрх бүхий гишүүн орон болгох талаарх шийдвэрийг тус банкны хувь эзэмшигч гишүүн орнууд батламжилснаар үйл ажиллагааныхаа цар хүрээг анх удаа дорно зүгт тэлэх алхам хийсэн юм. Тус банк нь Улаанбаатар хотноо Монголтой хамтран ажиллах сангийн төлөөлөгчийн газрыг ажиллуулж байсан ба 2006 оны есдүгээр сард бүрэн хэмжээний Суурин төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо нээв. Тэд жижиг, дунд үйлдвэрүүдийн санхүүжилтэд түлхүү анхааран ажилладаг бөгөөд Монголоос бусад орнуудын энэ салбарт анх байгуулагдсан цагаасаа хойш 10 тэрбум еврогийн зээлийг олгоод буй ажээ. Тус банкны Монгол Улсад явуулах цаашдын чиглэл нь хүний нөөц, ХАА, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний болон уул уурхайн салбар болох юм. 2006-2017 оны хооронд 1.3 тэрбум еврогийн зээл олгожээ.
 
Европын Хөрөнгө Оруулалтын Банк 2006 оны долдугаар сард зээл олгодог орнуудынхаа жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Монгол Улс, Европын Холбооны IX хуралдааны Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ: Монголд байгуулагдах хоёр усан цахилгаан станцын 56 сая еврогийн өртөгийн 75 хувийг Европын Хөрөнгө Оруулалтын Банк хөнгөлөлтэй зээлээр санхүүжүүлэх боломжтой гэсэн байна.
 
Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх төсөл 2014-2017 онд амжилттай хэрэгжив. Төслийн ерөнхий зорилт нь Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллахад оршиж байв. Төслийг Европын холбоо Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (INSC) шугамаар санхүүжүүлсэн байна. Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн тохируулагч байгууллагууд болон цөмийн байгууламжийн операторуудад дэмжлэг үзүүлж, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх, боловсруулах, цуглуулах, ашиглалтаас гаргах стратеги боловсруулах ба цацрагийн үр дагавар бүхий ослоос сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмждэг байна.
2017 оны хоёрдугаар сарын 15-нд гаргасан Европын Парламентаас Монголын асуудлаар гаргасан тогтоолд “2012 оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг хүлээн зөвшөөрснийг анхааралдаа авснаа” нотолсон юм.
 
Монгол Улсаас Европын холбоотой хамтран ажиллах чухаг  суваг болсон АСЕМ нь Ази-Европын тив дамнасан олон талт хамтын ажиллагааны бодит үйл явц мөн. 2016 оны долдугаар сард АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт Улаанбаатар хотноо анх удаагаа “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн дор зохион байгуулагдаж, энэхүү дээд уулзалтад ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Еврокомиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, Еврокомиссын Дэд Ерөнхийлөгч, Аюулгүй байдал, гадаад бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини нар оролцсон юм.
Энэ удаагийн Улаанбаатарын дээд уулзалт нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн хэлснээр 100 жилд ганц тохиох алтан боломж байв. Гэхдээ боломжийг дүүрэн ашиглаж чадаагүйг тэмдэглэх хэрэгтэй.
Европын холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг 2017 оны арванхоёр дугаар сарын 5-нд зарлаж, дурдсан хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан боловч ГХЯ, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг дэс дараатай арга хэмжээ авсны үр дүнд2018 оны нэгдүгээр сарын 23-нд Брюссель хотноо болсон ЕХ-ны Сангийн сайд нарын Зөвлөлийн уулзалт ЕХ-той татварын асуудлаар хамтран ажиллахаа амласан найман улс орныг “татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт”-аас хассан юм. Монгол, Өмнөд Солонгос, АНЭУ, Барбадос, Панам, Гренада, Макао болон Тунис зэрэг улсууд нь тодорхой хяналт шалгалт дор байх шаардлагатай улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт” руу  шилжсэн юм.
 
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлогын логик үргэлжлэл юм. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангахаас гадна эдийн засгийн аргаар хангах чиглэлд хөгжингүй, ардчилсан орнуудын нэгд, мөнгө санхүү, хоёрт, техник-технологи, гуравт, хүний нөөц, дөрөвт, менежмент, тавд, маркетинг нэн чухал болно.  Хамтран ажиллаж, хамтаар хожих (win-win), хамтдаа ашиг хүртэх зарчим нь үйл ажиллагааны үндэс юм. Үүнийг “зөөлөн тэнцвэржүүлэхүй” хэмээн  тэмдэглэж болно. Монгол Улсын эдийн засаг олон талаас хамааралтай байх, хоёр хөрш гүрэнтэй  харилцах худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны зохистой тэнцвэрийг хангахад  Европын холбоо, түүний нөлөө бүхий гишүүн орнууд тодорхой үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж болохоор байна.
 
 
ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д.УЛАМБАЯР