sonin.mn
Ахмадын сургааль алт гэж Монголчууд ярьдаг.
Тэгвэл амьдралын элдэв хатуу хүтүүг туулж, ард түмэндээ хүндлэгдсэн амжилт бүтээлийн эзэд болох буянтай буурлуудын маань үг сургааль алт алтнаас үнэтэй шижир алт гэж хэлж болох биз ээ.
Ийм л шижир эрдэнийн тунгаамал болсон ухаант буурлуудынхаа сургаалийг "Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг: Ухаарлын ном -1" ном эмхэтгэжээ.
 
 
Уг номонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Монгол Улсын Гавьяат багш, академич О.Шагдарсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн Шагналт, Ардын Уран Зохиолч Д.Пүрэвдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн Шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Эмч, Төрийн Шагналт, анагаах ухааны доктор, профессор Ж.Хайрулла, Монгол Улсын Ардын Жүжигчин, профессор Д.Жаргалсайхан, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Шагналт, зохиолч Д.Гармаа, Төрийн Шагналт, Зохиолч Д.Батбаяр,  Төрийн Шагналт, яруу найрагч До.Нямаа, Нэрт улс төрч, Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Ц.Лоохууз зэрэг зарим нь өдгөө бурханы оронд одсон хүмүүсийн сургаалийг хүртэл амжиж ярилцан багтаасан байх юм.
 
 
 
Хэлбэрийн хувьд тухайн алдартнуудын "Онч үгс", мөн "Хүн бэрхшээлийг яаж даван туулах вэ? " , "Та мөнгийг юу гэж үзэж, хэрхэн үнэлдэг вэ?", "Таныг амжилт гаргахад ач тусаа өгсөн ямар зан чанар танд байдаг вэ? ", "Хүн зовлоо гэдэг, жаргалаа гэдэг. Шалтгаан нь юунд байдаг бол?", "Монголынхоо ямар ёс заншлыг хадгалж үлдээсэй гэж та боддог вэ?", "Хүн яаж амьдарсныг зөв амьдарсан гэх вэ?", "Хүний амьдралын утга учир юу вэ? ", "Таны амьдралаас олж авсан ухаарал юу вэ?", "Монголчуудаа юугаараа бахархах ёстой вэ? ", "Та аав ээжийнхээ ямар захиасыг биелүүлж явдаг вэ? " гэсэн асуултуудад хэрхэн хариулж буйг бүлэг болгон оруулжээ.
Бүлэг бүрийн ард тухайн сэдэвтэй холбоотой "Таны хувилбар", "Таны онч үгс" гэсэн өөрийн сэтгэгдлээ бичих боломжийг олгосон нь мөн онцлог.
"Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг" ном айл бүрт байх, аав ээж нь үр хүүхэддээ өвлүүлж өгөхүйц үнэ цэнэтэй бүтээл болжээ.
 
М.Гал