sonin.mn
М.Энхсайханыг өмөөрөх нь
 
Эхлээд унш, дараа нь шүүмжил
 
2005 оны хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтэд эрхэм хүндтэй, нэр төртэй олон хүмүүс уригдав.
Нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуай амьд сэрүүн байсан сайхан цаг байж.  Микрофон авч үг хэллээ.
“Ойрын давхил сайтай ч холдоо цуцаатай гоё ганган дүүхэлзсэн морьд олон байдаг. Гарааны зурхайгаас эргээд омголон сайхан морьд хэсэг тасардаг. Ойрын зайд хурд муутай ч холын зайд эцэж цуцдаггүй хүчээ нөөж хуваарилан давхиж түрүүлдэг тагжгар хээр монгол адуу байдаг. М.Энхсайханаа би тагжгар хээр монгол морьтойгоо зүйрлэнэ.  Энхсайханыг төрснөөс нь хойш мэддэг, эцэг эхтэй нь ойр байсан,  удам судраар нь андахгүй хүний хувьд би энэ үгийг хэлж байна” гэж билээ.  
Д.Пүрэвдорж гуайг энэ үгийг хэлж байх цаг дор МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн штабт боловсруулан М.Энхсайханд хайрласан эрлийз, хурлийз гэх хоосон гүтгэлгээр гутааж, үзэн ядуулах ажлыг системтэй хийж, түүнийг муухай мангас болгож харагдуулдаг соошл орчны замбараагүй тархи угаалт, хийрхэл дундуур энэ хүний тухай бодит үнэлт дүгнэлт гаргахад өнөөдөр хэцүү болж ирж байна. Эрх барьж буй хэсгийн зүгээс хуулийн байгууллагуудыг тоглоом болгон М.Энхсайхан луу довтолж байгаа нөхцөлд бүүр ч хэцүү ярвигтай байгаа нь анзаарагдаж байна. 
 
 
 
М.Энхсайхан сайн хүний үр сүүт гүүний унага. Аав Мэндсайхан нь Дорнод аймгийн хүн, багш мэргэжилтэй, Гэгээрлийн яамны орлогч сайд хүртэл хийж явсан, Ээж нь Сүхбаатар аймгийн, хүүхдийн их эмч, насаараа л үр хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж өөрт оногдсон ажлаа чармайн хийцгээсэн  социализмын үеийн жирийн сэхээтэн айл байж.  Монгол эцэг эхээс төрсөн Монгол хүн. 
 
 
 
Бид бүгдээрээ энэ хүнийг тийм сайн мэдэх бил үү. Ардчилал гэдэг тоглоомоор тоглосон 1990 оноос өнөөдрийг хүртэлх 30 жил гэдэг хувь хүний хувьд их урт хугацаа боловч  улс орны түүхийн хувьд бол багахан зурвас цаг болно..
Түүнийг мэдэх нэгэн байхад мэддэггүй нь дийлэнх олонхи болчихсон юм уу даа гэх сэтгэгдэл энэ нийтлэлийг бичиж байхад төрж байлаа. М.Энхсайханыг улс төрд орсон 1990 онд төрж байсан хүүхдүүд 3О настай идэрхэн залуус болж хүн амын маань  нилээдгүй хувийг эзэлдэг болж гэхэд л арга ч үгүй байх.
Мэндсайханы Энхсайханд бодит үнэлт өгөхийн тулд, түүнийг дэмжиж байдгийн хувьд  амьдрал, улс төрийн намтар, үзэл бодол, үйл хэргийг нь хураангуйлан судлаж, түүний талаарх хүмүүсийн дүгнэлтийг хуваалцах хэрэгтэй юм.
М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйл буюу "Хорлон сүйтгэх" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлсэн талаар тэрбээр өөрөө цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Прокуророос дуудлаа, очлоо, сонслоо..ТТ төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж...(Хашилтанд Яллах дүгнэлтийн томьёолол) "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд "ЭХ 19.6-1-ээр зүйлчилж..анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй. Элбэгдорж, Сайханбилэгийг хамт яллах гэсэн боловч байхгүй тул хэргийг тусгаарласан бололтой. Ихэд яарч байна даа. Дээрээс хэн захиалаад байгаа нь ойлгомжтойдоо" гэжээ.
 
19.6 дугаар зүйл буюу Хорлон сүйтгэх
 
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээг хальт уншихад Сири, Афганистан хавьцааны дайн байлдаантай газар л сонсогдох үйл явдал болсон юм уу, аль эсвэл  нэг бүлэг дээрэмчин, алуурчин, терросистуудын толгойлогчийг барьж авсан юм шиг л сонсогдож, бодогдох.
Лавтайяа 1990 оны ардчилсан хувьсгалын үеэс эхлэн энэ хүн улс төрд ороод 30 жилийнхээ  ойн босгон дээрээ дээрхи сүртэй нэртэй хорлон сүйтгэх хэрэгт орооцолдсон ялтан гэж Монгол Улсын прокуророор цоллуулан Монгол Улсын шүүхэд хавтаст хэрэг гэх цаас тэврэн иржээ.  
Идсэн уусан, авилга авсан өгсөн, тагнасан чагнасан гэх элдэв мэдээллүүд, яриа дүрсний бичлэг, барьсан хорьсон, мөрдсөн шалгасан, сулласан, шүүхэд очсон, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хэрэгсэхгүй болгосон зэрэг улс төрийн хүрээнд өдөр бүр шахуу гарч, сошиалаар хэсэг шуугиад хоёр хонохгүй шахуу хуучирч мартагдах тийшээ ханддаг, тэгсэн мөртөө хариуцлага энэ тэр гэх юм  байдаггүй шахуу  өнөөгийн сенсацитай нийгэмд амьдарч байна.
Бид М.Энхсайханд холбогдуулсан улс төрийн энэ жүжгийг бид ямар байдлаар үзэж харах ёстой юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.  
 
Мэндсайханы Энхсайхан гэж хэн бэ?
 
Wikipedia.org сайтад бичсэнээр бол “М.Энхсайхан 1955 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1973 онд Нийслэлийн 1-р дунд сургууль, 1978 онд Киев хотын Улсын Их сургууль, АНУ, Япон, Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх курс тус тус төгссөн, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны доктор цолтой. 10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан” гэжээ.
 
Ажлын дадлага, туршлага нь: 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч,  эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, УБХ-ын Эдийн засгийн Байнгын Хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993-1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2002 онд Премьер интернейшнл” компаний захирал, Монгол Таймс сонины эрхлэгч, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 он УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2006-2008 онд Монгол Улсын Шадар сайд, 2012-2013 онд Монголын төмөр зам ТӨХК-ны захирал, 2013-2014 онд       “Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдагч, 2014-2016 онд Монгол Улсын сайд, 2017-2018 онд Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдаар тус тус ажиллажээ.
 
Намын сонгуульт ажлын тухайд 1991-1992 онд Монголын Ардчилсан Намын дарга, 2003-2005 ондмөн Ардчилсан намын дарга, 1992-2000 онд МҮАН-ын Ерөнхий Зөвлөлийн гишүүн, 2000-2006 онд  Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,  2006-2007 онд ҮШН-ын дарга, 2006-2011 онд ҮШН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2011-2016 онд МҮАН-ын дарга
 
Сонгууль удирдсан байдал:1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МҮАН-МСДН-ын эвслээс нэр дэвшигч П.Очирбатын Ерөнхий  менежер, 1996 оны  УИХ-ын сонгуулиар МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн ерөнхий менежер, 2004 оны УИХ-ын сонгуулиар АН-Эх орон МАШСН, ИЗН-ын “Эх орон-Ардчилал” эвслийн ерөнхий менежер, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ерөнхий менежерээр тус бүр ажиллажээ.
 
Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат эдийн засагч, МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”, Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”, Монголын Менежментийн холбооны улс төрийн шилдэг менежер өргөмжлөл шагналтай, уулын спортын мастер ажээ.
Дээрхи товчхон намтар болон холбогдох бичиг баримтууд, хувь хүмүүсийн дурсамжууд, өөрийнх нь сонгуулийн үеэр гаргаж байсан сэтгүүл сонин, хамгийн сүүлд гаргасан “Социализмаас капитализм руу” номноос нь харахад түүний өнгөрсөн хугацааны ажил үйлс, амьдралын замнал, үзэл бодол хандлага, хувь хүний хувьд хэн бэ гэдэгт дараахь зураг тодрох аж.
 
 
 
Цэдэнбал даргатай мэтгэлцсэн зөрүүд Энхсайхан
 
Багш аав, эмч ээжийн гэрт төрсөн Энхсайхан тэр үеийнхний жишгээр цэцэрлэгээр дамжин дунд сургуулиа  төгсчээ.
МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1-р сургууль дээр боловсролын салбарын ажил байдалтай танилцахаар ирэхэд захирал нь хамгийн тэргүүний сурагч болох олон улсын математикийн олимпиадад оролцож  өндөр амжилт үзүүлж улс орны нэрийг цууриатуулсан гавьяатай, сурлага, сахилга сайтай гэж сургуулийнхаа нүүрийг тахладаг М:Энхсайханыг уулзуулжээ.   
Сурагч Энхсайхантай Цэдэнбал дарга яриа өрнүүлж “цаашдаа математикийн чиглэлээрээ суралц, энэ хүүхдийг анхаараарай захирлаа энэ тэр”  гэж зөвлөсөн байна.  Гэтэл Энхсайхан “би математикаар суралцахгүй ээ, сонирхож хүсэж байгаа олон улсын эдийн засаг гэдэг мэргэжлээр сурахаар аль хэдийн төлөвлөчихсөн” гэж социалист улсынхаа хамгийн том даргын өөдөөс зөрж өөрийн бодлоо аймшиггүйгээр хэлж орхисон гэдэг. Захирал, багш нар нь үүнээс болж эвгүйцсэн ч айж эмээлгүйгээр өөрийн бодлоо илэрхийлсэн Энхсайхан хүүгийн энэ үйлдэл нам, төрийн тэргүүний сэтгэлд ихэд нийцэж “За одоо яахав, өөрийнхөө санаа бодлыг ингэж ний нуугүй, тууштай хэлдэг нь сайн байна” гэж хэлж санааг нь амраасан гэдэг.
 
 
 
Социализмын ид хатуу тахин шүтэлтийн үед, том  дарга нарт зориулж цээжилсэн үгийг цовоо дуугаар хэлдэг байсан пионер, эвлэлийн гишүүдийн нийтлэг төрхийг эвдсэн энэ түүхээс харахад Монгол Улсын Ерөнхий сайд асан Энхсайханы хэнээс  ч айж, хэнд ч дарамтлуулдаггүй хүчтэй лидерийн шинж, зарчмын асуудал дээр хатуу байдаг боловч эелдгээр түүнийгээ илэрхийлэн татгалзаж чаддаг улс төрийн өндөр соёл, өөрийн зөв гэж үзвэл санаа бодлоо тууштай хамгаалдаг чадвар зэрэг нь тодхон илэрдэг, бүүр хүүхэд байхад л энэ чанар нь төлөвшсөн  гэж дүгнэсэн байх нь тааралдана.
 
 
 
1996 онд Ерөнхий сайд болсноосоо хойш Энхсайхан “зөрүүд” хочтой болов. Ерөнхий сайдаар ажиллаж байсан богинохон хугацаандааЗасгийн газраас хийж хэрэгжүүлсэн үнэ чөлөөлөх, банкуудын дампуурал, төрийн өмчийн хувьчлал зэрэг реформын шинжтэй олон чухал асуудлуудыг шийдэхэд санал бодлоо яаралтай өгөхийг хүсэж олонхи, цөөнхийн намын бүлгүүд, УИХ-ыг шавдуулж, санал бодол нийлж, зөрөлдөж байсан ч цаг хугацаа алдалгүйгээр шуурхай шийдвэрлэж байсан нь түүнд  “зөрүүд” гэх алдрыг хүртээсэн аж.  Эхлээд сонс, дараа нь шийд, гарсан шийдвэрээ цаг алдахгүйгээр хурдан, тууштай хэрэгжүүл гэдэг энэ чанар, зарчим нь шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэн цаг алдаж, гарсан хойно нь ч араас нь эргэлзэж, эргэж буцаж байдаг улс төрчдөөс Энхсайханыг тод ялган харуулдаг юм гэж түүний Засгийн газарт ажиллаж байсан нэгэн зөвлөх нь бичжээ. 
 
 
 
Монгол Төрийн ажилд нухлагдсан 42 жилийн түүхийн эхлэл, залуу насны он жилүүд, Гадаад худалааны яамны тэрслүү дарга, шилмэл лидер
 
Энхсайхан оюутан насны талаарх мэдээлэл тэр бүр тааралдахгүй бөгөөд ямар ч гэсэн өндөг төмсөө шарж идээд, хичээлдээ гүйгээд л сургуулиа төгссөн дөө гэсэн өөрийнх нь нэг л үг байх. Киевийн их сургууль нь Москва хавиар төвлөрч байсан Зөвлөт Холбоот улсын  бусад их дээд сургуулиудтай харьцуулвал бодвол хичээлийн агуулга нь арай л чөлөөтэй, барууны ном сурах бичиг мэр сэр заадаг үздэг байсан, Энхсайхан сурлага хичээлдээ төвлөрөхөөс биш нэг их олон нийтийн ажил, оюутны зөвлөл энэ тэр гэж гүйдэггүй байсан, гэхдээ зайлшгүй юмандаа оролцдог л байсан шүү гэж тэр үеийн нэгэн оюутан хуучлав. 
1978 онд Их сургуулиа төгсөж ирээд Энхсайхан Гадаад худалдааны яаманд 6 жил ажиллаад 1984-1987 онд ЗХУ-ын Москва хотод суралцаж ШУА-д нь “БНМАУ-ын Эдийн засгийн гадаад харилцааны удирдлагыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан байна.
“Социализмаас капитализм руу” номондоо бичсэнээр бол Москвад сурахаар шалгалт өгөх гэж байхад нь хотын намын хороон дээр дуудаж МАХН-д элсүүлэхээр болж Лениний нэгэн номыг асуухад нь уншаагүй гэдгээ хэлж бас тэднийг эгдүүцүүлжээ. МАХН-д  түүнийг элсүүлээгүй учир шалтгаан нь энэ гэнэ. Намд элсэж байж явах дүрэмтэй ч яалт ч үгүй эрдэм чадалтай гэж тухайн үеийнхээ Гадаад худалдааны системд хүлээн зөвшөөрөгдсөн учраас л түүнийг Москва явуулсан хэрэг болжээ.   
Монголын гадаад худалдаа олон улсын жишгээс хоцрогдсон тогтолцоогоор явж ирсэн, ЗХУ-тай байгуулсан манай  улсын худалдааны бодлого, гэрээ хэлцлүүд буруу явж ирсэн зэргийг шүүмжилж засах арга замын замын талаар өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй М.Энхсайхан яамныхаа газрын даргын хувьд  дуугүй сууж чадсангүй, хэл ам хийгээд эхэлсэн гэдэг. Тэнд ажилласан 10 гаруй жилдээ удаан жилээр хэвшин тогтсон ажлын арга барил, хандлагыг өөрчилж,  шинэ зүйлийг сэдэн санаачлагатай ажилласан, үнэхээр онцгой толгой байсан гэж тэр үеийн гадаад худалдааны яаманд багагүй алба хашиж байсан нэгэн буурай дурсжээ.
 
Яамны сайд П.Очирбатад энэ байдал нь анзаарагдаж Энхсайханы хийж буй өөрчлөлтийг битүүхэн дэмжиж урам өгч эхэлсэн гэдэг. Энэ 2 хүн үзэл бодол, ажлын арга барил, үнэт зүйлийнхээ хувьд ойролцоо байж, санаа нэгтэй ажиллаж байсан нь Монголын гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх бодлогод ихээхэн үр дүн авчирчээ гэсэн 40 хэдэн жилийн өмнөх дүгнэлттэй тааралдана.
 
Социализмын нэг сайн тал нь төрд ажиллах боловсон хүчнийг сонгон ажиллуулах асар өндөр шалгууртай байсан. Ажлын чадвар, эрдэм мэдлэг, гүйцэтгэл, ёс суртахуун зэргээр хир зэргийн нэг дундаж хүнд төрийн удирдах том албан тушаал хашна гэдэг боломжгүй зүйл байсан. Социалист Монголын дараагийн Ерөнхий сайд, удирдагч болох хүмүүсийн нэрний эхэнд нь М.Энхсайханы нэр зоолттой байсан гэдгийг Улс төрийн товчооны гишүүн байсан нэгэн эрхэм хэлж байсан. М.Энхсайхан социализмд ч, капитализмд ч үйл ажлаараа хангалттай хүлээн зөвшөөрөгдсөн, яахын ч аргагүй Монголын шинэ түүхийн стратегич лидер мөн юм.  Тэрээр 1990 оноос өмнөх хойнох аль ч нийгэмд Монгол төрийн чухал хариуцлагатай албуудыг гуйж, царайчилж биш “гуядаж” авсан түүхтэй юм.
 
 
 
15 эрдэмтний захидал, Цагаан морин жил, Ардчилсан хувьсгал, Анхны сонгууль, Улсын бага хурал
 
ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт, зүүн Европод болж байгаа социализмын нуралтаас тухайн үеийн төр засгийн эрхийг дангаар эзэгнэгч МАХН санаа авч олигтой өөрчлөлт хийх чадваргүй болж, шинэ хуучин хоёрын зааг дээр гацсан нь 1990 оны соцалист БНМАУ-ын нийгмийн өнгө төрх байлаа:
Эрх баригчдын энэ аймхай  үлбэгэр,  үлгэн салган байдалд эгдүүцсэн  М.Энхсайхан эрдэм боловсрол, ажлын туршлага, олон улсын хэмжээний өндөр мэдээлэлтэй байсан зэрэгтээ тулгуурласан санаа бодол нэгдсэн 15 эрдэмтний хамтаар  багагүй хугацаа зарцуулан байж социализм болохоо байж эхэллээ гэдгийг зарлаж, нийгмийн иж бүрэн шинэчлэлтийг тусгаж, асуудлыг цэгцтэй томьёолсон саналаа 1989 оны 10-р сард МАХН-ын төв хороонд өргөн барьж, хэвлэл сонинд нийтлүүлж, олон нийтэд сонордуулсан нь цагаан морин жилийн Монголын ардчилсан өөрчлөлтийн галыг нь асаах цахиурын нэг нь болсон гэж дүгнэсэн байх нь тааралдана.
15 эрдэмтний нэг нь боловч нам бус байсан Энхсайхан тэр үеийн гайгүй алба хашиж байсан дийлэнх хүмүүсийн адилаар юмыг яаж мэдэх вэ, хуучин намаа бараадаж байсан нь дээр биз дээ гэх хандлагыг сөрж шинэ тулгар Ардчилсан намыг эргэлзэж тээнэгэлзэлгүй сонгосон гэдэг. “Энэ бол нийгмээ шинэчлэх, хуучирсантай зууралдахгүй  гэдэг миний хувийн итгэл үнэмшлээр хийсэн сонголт байсан юм.” гэж нэгэн ярилцлагандаа товчхон хариулжээ.
 
Жагсаал цуглааныг оройлон удирдах үүрэг ноогдоогүй ч оролцон дэмжиж, 15 эрдэмтний хамтаар санал боловсруулж эрх баригчдад өргөн барьж сэхээтний хүрээнд дуулиан тарьж байсан гэдгээрээ 1990-ээд оны Монголын Ардчилсан намын дүр төрхийг чимсэн цөөн чадварлаг сэхээтний нэг нь М.Энхсайхан байсан шүү гэж МоАХ-ын нэгэн партизан дурсчээ. .
 
1990 оны 7-р сард АИХ-ыг сонгох анхны ардчилсан сонгууль болж Улаанбаатарт олон хүн нэр дэвшиж чихцэлдсэн ширүүн өрсөлдөөний дундаас  М.Энхсайхан Монголын Ардчилсан намаас нэр дэвшиж илт давуу саналаар АИХ-ын депутатаар сонгогджээ. Улсын бага хуралд ноогдсон цөөхөн суудлын нэгд Ардчилсан нам чадвартай гэж үзсэн хүмүүсээ илгээсний нэгд М.Энхсайхан багтсан байна. 
Эд бараа, мөнгөөр тасалдаггүй байсан ЗХУ нь хямарч юун Монголыг  ивээн тэтгэх мантай,  өөрийгөө яая гэх байдалтай болчихсон, хүнс, бараа хомсдсон, ажилгүйдэл ихэссэн, улсын төсөв хоосорч, ерөнхийдөө л улс орны галыг унтраачихгүй байхын хажуугаар шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг үй түмэн зовлон бэрхшээлийг шийдэх үүрэг сонгуулиар бүрдсэн УБХ, Засгийн газарт ноогджээ.
Энхсайхан УБХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдож 2 жил ажиллав. Бараг бүх хуулиудыг шинэ нийгэмд зохицуулан өөрчлөх, Засгийн газрын эдийн засгийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг зохицуулан удирдах үүргийг Ардчилсан намыг төлөөлөн өөртөө авсан Энхсайхан түүртэлгүй ажилласан түүхтэй аж.
 
 
Ардчилсан холбоо эвслийн хамгийн сайн ажилласан Ерөнхий сайд, огцролт, Энхсайханы дараахь бүтэлгүйтлүүд
 
1996 онд Ерөнхий сайдаар томилогдоод тэр тэс өөр арга барилаар ажиллаж эхлэв. Өмнө нь байсан 14 яамыг 9 болтол нь цөөрүүлэн, Шадар сайд болон дэд сайдуудын орон тоог цомхотгож хэрхэн бага хүчээр Засгийн газар ажиллаж болдогийг харуулав. .
Нэг жил есөн сар Ерөнхий сайдаар ажиллахдаа Дэлхийн худалдааны байгуулагад улсаа элсүүлж, өмнөх эрх баригчдын шийдэж чадахгүй байснаас шалтгаалан өрийн сүлжээнд орчихоод байсан дотоодын эрчим хүч, дулааны суурь үнийг чөлөөлж, цомхон бүтэцтэй Төрийн өмчийн хороог байгуулж, ил далдаар “идэх” хэлбэрт ороод байсан өмч хувьчлалыг дуудлага худалдаа зонхилсон ойлгомжтой, шударга байдлаар шуурхайлан явуулж, төрийн өмчийг анх удаа тоолон хаана ямар өмч байгаа нь тодорхойгүй, яам тамгынхны гараар орж дуусдаг байдлыг эцэслэн нэгдсэн бүртгэл, удирдлагад оруулж, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилж, долоо хоногийг ажлын таван өдөрт шилжүүлсэн, тэтгэвэр, татварын тогтолцоог өөрчилсөн гээд Ерөнхий сайдын хувиар түүхэнд үлдээсэн эдийн засаг, нийгмийн шийдэмгий өөрчлөлтүүдийг хийсэн нь гадаадын эдийн засгийн сурах бичгүүдэд орсон гэдэг.
 
Олон нийт ч түүнд ам сайтай байсан.  Гэвч улс төрийн нөхцөл байдал олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж түүний Засгийн газрын толгой дээр хар үүл хуралдаж эхлэв. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг хэрхэн огцруулсан тухай Германы Конрад-Аденауэрын сангийн суурин төлөөлөгчөөр Монголд ажиллаж байсан Вернер, М.Прооль нар 1999 онд хэвлүүлсэн “Чингис хаан мишээж байна” номондоо доор өгүүлснээр бичжээ.
 
“М.Энхсайхан өөрийнхөө тухай бус, харин өөрийн хийж буй ажил үйлсийн тухай ярих дуртай хүн байв. Энхсайханы зүрх чухамдаа Монгол Улсын эдийн засгийг шинээр хөгжүүлэхийн төлөө цохилж байв.... Мэндсайханы Энхсайханыг гүйцэд ч бодож амжаагүй бас болгоомжилж завдаагүй байтал шунахай ховдог сэтгэл, сайдын суудлын төлөөх амиа бодсон арчаагүй жижиг тэмцэл өрнөжээ. 1998 оны 4-р сарын 1...-ны өдөр эвсэл байгуулагч 2 нам болох МҮАН, МСДН тусгайлан хуралдаж Мэндсайханы Энхсайханыг Ерөнхий сайдаас огцруулжээ.”
Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэг үгээр халхавчилсан албан тушаалын шуналын золиос болж Ерөнхий сайдын албан тушаалаас буугаад элдэв гомдол тавьж гоншгонолгүй, хэл үггүйгээр тэрээр мөрөө хөөж явсан. Түүний Засгийн газрын сайдууд нь УИХ-аас томилогдооогүй, гаднаас мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн сүүлийн 30 жилийн түүхийн хамгийн эхний бөгөөд сүүлчийн Засгийн газар байсан нь түүхэнд үлджээ.
Энхсайханыг унагаагаад л Ардчилсан холбоо эвслийн ажил үйлс бүтэлгүйтэж эхлэв. М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал гэсэн 3 Засгийн газрын нүүрийг үзэж, казиногийн хэргээр 3 гишүүнээ шоронд явуулж, УИХ-д 50 суудалтай байсан Ардчилсан холбоо эвсэл ингэж бүтэлгүйтсэнийхээ шанд 2000 оны сонгуулиар амжилтгүй оролцож Ж.Наранцацралт л Дундговиос төрсөн анхны Ерөнхий сайдын хувьд ганцхан суудал авчирч нүүр тахлав.
2010 онд буюу Энхсайханы засгийн газрыг огцруулснаас нь хойш 12 жилийн дараа Бат-Үүл М.Энхсайханыг ингэж дүгнэсэн байх юм.  М.Энхсайхан даргын орон зай АН-д үгүйлэгддэг үү? гэсэн сурвалжлагчийн асуултанд: “М.Энхсайханы тухайд хувийн бодлоо хэлэхэд үнэхээр үгүйлэгддэг. М.Энхсайханыг хүмүүс буруугаар ойлгодог. ..... М.Энхсайханы сайн чанарууд манай намд үнэндээ үгүйлэгддэг. Тэр бол сайн хэлэгдэх Ерөнхий сайдын нэг. Хожим нь бодоход тухайн үед түүний хүсээд байсныг ойлгоогүй явсан үе бий. М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа нам төртэй биш, төр төвтэй улстөрийн тогтолцоог бий болгохын тулд зүтгэсэн. Өөрөөр хэлбэл намууд төрийг удирддаг биш, төр нь нийгмээ удирдаж, намууд нь зөвхөн боловсон хүчинг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг зарчим үнэхээр зөв байсан. Тэгээд ч М.Энхсайханд хийж чаддаг зүйл зөндөө бий.” гэжээ
 
 
Нураахыг бусад нь нурааж босгохыг нь Энхсайхан босгодог, Сонгуулийн гарамгай удирдагч, эвсүүлэгч
 
 
 
М.Энхсайхан 1991-92 он, 2003-2005 онуудад Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж намыг сонгуульд амжилттай оролцох зорилгыг хангалттай биелүүлж ирсэн байдаг түүхтэй хүн юм.
 
 
 
Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Монголын ардчилал буруу тийшээ эргэх хандлагатай болсон тэр хүнд цаг үе бүхэнд ардчиллынхан Энхсайханыг л эргэлзэлгүй удирдагчаараа сонгож, итгэл хүлээлгэж ирсэн байдаг. 1993 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан эвслээс нэр дэвшсэн П.Очирбатын сонгуулийг М.Энхсайхан удирдаж ялалтыг авчирсан. 1996 оны Ардчилсан холбоо эвсэл, 2004 оны Эх орон ардчилал эвслийг ч мөнөөх л муу нэртэй Энхсайхан гардан хариуцаж гялалзтал удирдаж ялуулсантай хэн ч маргаж чадахгүй.
Ардчилагчид Энхсайхангүйгээр сонгуулиар дорвитой амжилт үзүүлж чаддаггүй нь ч бас хангалттай нотлогддог. Нураахыг бусад нь нурааж босгохыг нь Энхсайхан босгодог байсан.  Юу үнэн, тэр үнэн нь их ойрхон цагийн түүхэн баримттайгаа үлдэж дээ.
2012 оны сонгуулийн үеэр  “Шударга ёс” эвслийг бас л М.Энхсайхан удирдан оролцож гуравдагч хүчний орон зайг Монголын түүхэнд анх удаагаа мэдрүүлж МАН, АН-ын хайрын холбоо буюу МАНАН-г задалсан билээ. 
 
Тэрээр 1996, 2004, 2012 гэсэн 8 жилийн давтамжтай 3 удаагийн УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон бөгөөд үүнийхээ гол үндсийг эвсэл юм гэж тодорхойлжээ.
“Эвсэл л Монголын улс төрийг өөрчилдэг. Эвсэл л түүхэн цаг үед Монгол Улсын өмнө түүхэн шинэ боломжийг, шинэ уур амьсгалыг, шинэ бодлогыг гаргаж ирдэг. Энэ удаагийн сонгуульд Шударга ёс эвсэл МАНАН-г задлах амжилттай суудал хангалттай авна”  гэж 2012 оны сонгуулийн өмнөхөн тэрээр амлаж хэлж байж. Амласнаа ч амжилттай биелүүлжээ.
 
Монголын улс төрийн намууд Энхсайханы зохион байгуулсан,  удирдуулсан эвслээр л сонгуульд амжилттай оролцож тухайн үеийн улс төрийн хүчний харьцааг хангалттай хэмжээгээр өөрчилж, шинэ боломжуудыг гаргаж ирдэг.
“Энхсайхан бол намын ч номтой, номын ч номтой хүн” гэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын Их хурлын нэгэн төлөөлөгч түүнийг дэмжиж хэлжээ. Намын номтой гэдэг нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг бэлдэж боловсруулж, намаа удирддаг, сонгуулийг амжилттай зохион байгуулж чаддагийг нь, номын номтой гэдэг нь сонгуульд ялсныхаа дараагаар төрийг удирдах мэдлэг боловсрол, чадвартайг нь хэлдэг,  энэ 2 чадварыг ардчилсан намын лидерүүд дундаас Энхсайхан л ганцаараа эзэмшсэн хүн гэж тэр хүн дэлгэрүүлэн тодорхойлжээ.
 
Хүүхдийн мөнгө, МАХН-АН-ын бүдүүн бүлэг, намаас хөөв
 
Ардчилагчид төр барих ухаан дутаж намаа дампууруулсаны дараахь 4 жил буюу 2000-2004 онд Ардчилсан намынхан Энхсайханд л итгэл өгч, тэрээр сайн муугаараа дуудуулан Эх орон Ардчилалв эвслийг ялуулав. Аанай л Л.Түдэв гуай “Энхсайхан морио халаагаад яг сайхан хатируулж эхэлмэгц нөхөд нь хажуугаар нь дайран орж цулбуурыг нь булааж авдаг” гэж 2001 онд бичиж байсны дагуу үйл явдал өрнөж намынхан нь түүнийг Засаглалын гадна үлдээв. Тун удалгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгдээр шахам тухайн үеийн МАХН-д бөөнөөрөө очиж өргөдлөө өгөн УИХ дахь бүлэгт нь гишүүнээр элсэцгээлээ.  Р.Гончигдорж АН-ын дарга бөгөөд УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд даргын ажлыг хавсран хийх болов
М.Энхсайханыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэн боловч үндсэндээ намынхан нь түүний эсрэг ажиллаж, сонгуульд амжилт үзүүлсэнгүй. Сонгуулийн дараахан нийтлэгдсэн Баабарын “Ардчилсан нам өөд боллоо” гэдэг өгүүллэгт энэ талаар тодорхой дурдсан байдаг юм. Энэ явдлаас хойш 7 сарын дараа Ц.Элбэгдоржтой хамтран ажиллаж байсан сайд нарын дийлэнх нь  огцрох өргөдлөө УИХ-д өгсөн тул Үндсэн хуулийн дагуу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.Нэгэнт засгийн газар огцорсон тул ахиад байгуулагдах шинэ засгийн газарт орж ажиллахыг МАХН-аас Ардчилсан намд хүссэн боловч тэд орж ажиллахгүй гэж мэдэгдэв. Сонгогчдод амласан Хүүхдийн итгэлийн мөнгийг олгох эрх ашгийнхаа үүднээс Засгийн газарт нь орж ажиллахыг М.Энхсайхан нар намын удирдлагаас хүссэн ч бас татгалзжээ.
 
Хүүхэд бүрт итгэлийн мөнгө олгох сонгуулийн гол амлалтаа биелүүлэхийн тулд М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар Засгийн газарт орж ажиллахыг зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр 2006 оны 3-р сард тэр хоёрыг Ардчилсан намаас хөөсөн тухай тушаал гаргажээ.
 
Өөрсдөө болохоор сайд даргын ажлыг дуртай хийнэ, тэр ч байтугай хоёр намын гишүүн зэрэг байж бүдүүн бүлэг байгуулж болно,  гэтэл намаа, сонгуулиа удирдаж ялуулсан Энхсайхан болохоор Засгийн газарт орж болохгүй, орвол хөөнө гэсэн Ардчилсан намын энэ шийдвэр оновчтой биш байсан.
Ардчилсан холбоо эвслийн хамгийн өндөр нэр хүндтэй Ерөнхий сайдууд болох М.Энхсайхан, Ж.Наранцацралт хоёрыг төрөлх нам нь ийнхүү нэгэнт хөөсөн тул тэд өөрийн намыг байгуулахаар сэтгэл шулуудаж журмын нөхөдтэйгээ хамтран МҮАН /ҮШН/-ыг байгуулан Үндэсний үзлийг олон нийтэд түгээн сурталчлах болжээ.
 
 
Хөрөнгө мөнгө босгоход тан шиг чадвартай олон улсад нэр нөлөөтэй хүн хэрэгтэй байна, Та л ажиллаж чадна.  Хорлон сүйтгэхийг завдсан этгээд болж хувирав
 
2012 оны сонгуулиар Шударга ёс эвсэл сонгуульд амжилттай оролцож Ардчилсан намтай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж эхлэв.
2012-16 онд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрууд М.Энхсайханыг төр засгийн чухал ажлуудад томилохдоо түний боловсрол мэдлэг, ажил зохион байгуулах чадвар, гадаад нэр нөлөөнд нь итгэж байсан тухай тэр “Социализмаас капитализм руу” номондоо бичжээ
Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар “Хөрөнгө мөнгө босгоход тан шиг чадвартай, олон улсад нэр нөлөөтэй хүн хэрэгтэй байна. Та л ажиллаж чадна” гэсний дагуу Төмөр зам, тавантолгойн цахилгаан станц, том төсөл хариуцсан сайдаар тус тус ажилласан. Тэр ажлуудаас татгалзаж байсан боловч “хүн итгэж найдаж гуйж байхад өөрийгөө үнэд оруулж байгаа юм шиг байгаад байх нь зохимжгүй юм шиг санагдсан учраас эх орны эрх ашгийн үүднээс даалгасан ажлыг нь чанартайхан шиг хийгээд үзье л гэсэн” гэжээ.
 
Монголын төмөр замын  даргаар томилогдсон ч санал зөрөлдсөн тул гуравхан сарын дараа ажлаас нь чөлөөлөв. Тавантолгой цахилгаан станцын төслийн удирдагч хийж хийх ёстой ажлаа жин тан болгосон ч бас л улс төрөөс болж бүтсэнгүй. 
 
Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлтээр том төслүүд хариуцсан сайдын албыг М.Энхсайхан хашив. Япон, Монгол, Хятадын хамтарсан консорциумтэй хэлэлцээ хийж нүүрс угаах үйлдвэр, төмөр зам бүхий Тавантолгойг иж бүрнээр ашиглах хэлэлцээр хийж төслөө Засгийн газарт хүлээлгэн өгснөөр ажил нь дуусав.  Түүнээс хойш юу болж ямар хэрүүл дэгдсэнийг бид сайн мэдэж байгаа.
Сонгуулийн дараа М.Энхсайханыг Швед улсад суух Элчин сайдаар томилсон ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эргүүлэн татав. Шведэд ажиллаж байсан богинохон хугацаандаа Элчин сайд хүн эх орноо төлөөлөн чухам яаж ажиллах ёстойг М.Энхсайхан жинхэнэ ёсоор үлгэрлэн харуулсан гэж тэнд амьдарч ажилладаг Монголчууд үнэлдэг юм билээ. 
Социалист, капиталист Монгол төрийн төлөө 40 илүү жил зүтгэсэн, одоо 65 насны өндөрлөгт хүрээд байгаа М.Энхсайханы улс төрийн амьдралын  замналын товчлол ийм байна.
М.Энхсайханыг цаг зуурын шуурганаас өмөөрөх, хамгаалах  үүрэг өнөөдөр Ардчилсан намынханд ирээд байна.
Улс төрийн тавцан дээр тэргүүлэх байр суурин дээр гарч ирсэн хугацаа нь М.Энхсайханы хувьд 1996-1998 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан он жилүүд юм. Өөрт ноогдсон богинохон цаг хугацааг тэрээр гайхалтай чадмаг ашиглаж Ардчилсан намын хамгийн их реформ хийсэн, хамгийн нэр хүндтэй Ерөнхий сайд нь болж түүхэнд үлдсэн. Энэ л эрчээрээ тэр улс төр дэхь өөрийн арилшгүй нөлөөгөө  тогтоож чаджээ.
Өнөөдрийн өндөрлөгөөс дүгнэх бодит үнэн бол М.Энхсайхан эдийн засгийн эрх ашгаар сүлбэлдсэн хүний өөрийнгүй улс төрчдийн эрх ашгийг үргэлж хөндсөөр ирж, тэдний  хоорондын элдэв бохир панз, эдийн засгийн сонирхолтой наймаанд оролцдоггүй, үргэлж улс орны эрх ашгийн үүднээс тэмцэлдсээр иржээ.
Тэр шударга бус байж тохиролцоо хийгээд явдаг бол улс төрчийнх нь амьдрал их сайхан санаа амар явж байж болох. Тэр элдэв бохиртой эвлэрэх биш тэмцэлдэх замыг сонгосон учраас түүнийг 1998 онд Ерөнхий сайдаас нь буулгаснаас хойш хүний өөрийнгүй балбаж унагааж, занаж зүхэж, өөдийн бараа үзүүүлсэнгүй, улс төрчийн хувьд өөрийн хүсэж мөрөөдддөг зүйлээ бүрэн хэрэгжүүлэх, өөрийгөө бүрэн илэрхийлэх  боломжийг олгоогүй билээ.  Юу үнэн тэр үнэн.
М.Энхсайханыг 1996-2000 онд Ерөнхий сайдаар нь бүрэн ажиллуулчихсан бол, түүнийг 2001 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох түүхэн боломжтой байх үед нь Ардчилсан нам доторх сунгаанаас амиа бодсон харалган жижигхэн луйвраар унагаагаагүй бол тэр хичнээн их зүйлийг амжуулчихсан байх бол гэх харуусал төрдөг юм.
Тэр сайн удамтай эцэг эхийн хүүхэд, өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүн. Энхсайхан бол аливаа асуудлын хамгийн ерөнхий шинжийг нь олж харсны үндсэн дээр цаашдын үйл ажиллагааныхаа дараалллыг тогтоож ажил хэргийг амжилттай удирдан явуулдаг стратегич гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
 
Олигтой юм хийдэггүй мөртөө улиг болж зай бөглөсөн, хулгайлж болох бүхнийг нэг сиймхийгээр нь авчихдаг, мөнгөний нүдээр улс төрийг хардаг  ойрын зайны улстөрчидтэй түүнийг зүйрлэх аргагүй юм. Хэдхэн халтар төгрөгний төлөө гэсэн муу намтар М.Энхсайханд үнэндээ байдаггүй юм билээ гэх утгатай үгийг хахир муухай ааштайгаараа алдартай Ц.Нямдорж саяхан хэлсэн байна лээ.   Монгол жижигхэн орон учраас хэн хулгай хийсэн, хийгээгүй нь тун амархан харагддаг даа.
Жижигхэн бодолтой, жижигхэн улсаасаа жижиг, том гололгүй иддэг муу намтартай улс төрчидтэй М.Энхсайханыг яав ч эгнүүлэн зэрэгцүүлж үнэлэх хүн  биш.  Хүний амьдралд мөнгө чухал биш гэдгийг би аль эрт ойлгочихсон гэж тэр нэгэн ярилцлагандаа хэлсэн байсан.
 
Он цагийн явцад муудалцаж салсны шарх эдгэрч, богино зайн хонзон тайлагдаж өөрсдийнхөө хутгасан бүтэлгүйтлээ цаг хугацааны явцад ойлгож ухамсарладаг процесс одоо Ардчилсан намд  явагдаж байна гэж харагдаж байна. Мөргөж унагааж байсан алдаагаа ухаарч Энхсайхан л энэ төмөр зам, тавантолгой зэрэг ярвигтай, хэл амтай ажлыг хийж чадна, гарц гаргалгаа гаргаж өгч таарна гэж дургүйцсээр байтал нь итгэл найдвараа өгч даалгасан ажлыг улс орны эрх ашгийн өнцгөөр  харж хийснийхээ төлөө тэр өнөөдөр яллагдагч гэх алдрыг зүүх учиргүй юм.
1990 оноос Ардчилсан намын түүхийг бичилцэж, сүүлийн 30 жилийн улс төрийн хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулан явж ирсэн, Ардчилсан намын олон удаагийн сонгуулийг удирдаж ялалтын тугийг намируулан ирж байсан түүний гавьяаг цаг зуурын шуурганаас өмөөрөх, хамгаалах  үүрэг өнөөдөр Ардчилсан намынханд ирээд байна.
Ардчилал 100 хувь алдаагүй ажиллалдаг супер удирдагчийг ард түмэнд бэлэглэж чаддаггүй. Тийм тохиодол ч хүн төрөлхтний ардчилын 200-аад жилийн түүхэнд байхгүй байх. Энэ утгаараа М.Энхсайхан алдаагүй мундаг удирдагч байсан гэж хэн ч хэлэхгүй нь мэдээж. Гэхдээ л түүнийг арай ч хүн амын амьдралыг бусниулан сүйтгэсэн гэдэг гэмт хэргийн заалтаар яллаад шүүх рүү оруулчихаж болохгүй.
Эрүүгийн хэрэг мөн үү биш үү, ингэж яллуулах дүгнэлт хийлгээд шүүхийн хааалгаар орох хүн мөн үү гэдэг асуултын хариулт дэндүү ойлгомжтой зүйл. Болгоомжгүй, харгис ч гэж хэлж болох ийм аргаар Энхсайханд ингэж хандах нь байгаа олоогүй цагаа олоогүй харалган үйлдэл юм.
 
 
 
Улс төрд унаж босч явахдаа нөхөдтэйгээ муудаж, сайндаж явсан  олон нөхөрлөлийг Энхсайхан үзэж дийлэнхдээ л ар нуруу руугаа хутгалуулан муу муухай бүхний үүр шиг цоллуулан явдаг ч асар их тэсвэр тэвчээр гаргаж, чимээгүйхэн хал балгүй яваа түүнийг хувь хүнийх нь хувьд тамлах энэ тоглоом хэмээс хэтэрч байна.
 
 
 
Аливаа сайн муу юманд хэм хэмжээ, зааг хязгаар гэж бий.
Төрийн өндөр алба хашиж тамга барихдаа дандаа асуудал үүсгэсэн байдаг МАНАН гэж нэрлэдэг тэр бүлэглэлд М.Энхсайханыг хүчээр оруулан яллаж  хонзонгоо авах гэсэн энэ үйлдэл бол оновчтой биш бөгөөд захилсан эздээ цагийн уртад маш эвгүй байдалд оруулна. 
Барьдаг жинхэнэ хулгайч дээрэмчнээ олж барь, байгаа онохгүй байна гэж хэлье. Олигтой юм олдохгүй болохоор “Хорлон сүйтгэгч” гэсэн зүйл ангиар ялласан АТГ, прокурорын байгууллагууд хавтаст хэрэг гэх юмыг салахын түүс болсон байдлаар  шүүх рүү шидэж байгаа дүр зургийг бид харсан.
М.Энхсайханы хорлон сүйтгэсэн  гэх хэргийг шүүх яаж шийдэх вэ?
Тэр шийдвэрээс  Монголын шүүхийн үнэн нүүр царайг бид тольдох болно. Шүүхэд итгэх итгэл, ноён нурууг харах болно.
Шүүх хурлыг баримт, нотолгоон дээр суурилан нээлттэй хийе.
 
 
Ардчилсан Намын ахмад гишүүн  В.Цэмбэл