sonin.mn
Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны түвшинг тогтоох, ядуурлын дүр төрхийг тодорхойлох 2018 оны дэлгэрэнгүй судалгааны дүнг гаргажээ. Энэ талаар тус хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч М.ОЮУНЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.
 
-Улс орны хэмжээнд явуулдаг энэ судалгааны гол зорилго нь юу байдаг юм бэ. Судалгааг ямар хугацаанд хийдэг талаар эхлээд танилцуулна уу?
 
-Энэ судалгааг анх 1966 онд хийсэн байдаг. “Өрхийн орлого, зарлагын судалгаа”-г явуулахын зэрэгцээ 2002-2003 онд “Амьжиргааны түвшний судалгаа"-г хийж эхэлсэн нь ядуурлын дүр төрхийг гаргахад чиглэгдэх болсон. Улмаар 2008 оноос дээрх хоёр судалгааг нэгтгэж, “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа” болгосон ч ядуурлын үзүүлэлтийг хоёр жил тутам тооцдог юм. Сондгой тоотой жилүүдэд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хураангуй байдлаар хийдэг бол тэгш тоотой онд дэлгэрэнгүйгээр нь судалдаг онцлогтой. Ядуурлын судалгааг 2014 оноос нэг суурьтай болгосон нь өмнөх жилүүдтэй харьцуулах боломж олгосон юм.
 
-Хамгийн сүүлийн буюу 2018 оны судалгаагаар Монгол Улсад ядуурлын түвшин ямар хэмжээнд байна вэ? 
 
-Судалгааны дүнгээс харахад нийт хүн амын 28.4 хувь нь ядуурлын түвшинд байна. Энэ нь хүн амын гуравны нэгээс арай бага мэт харагдавч ядуурлын шугамд маш ойрхон хэсэг их байгаа юм. Бид энэ шугамыг 25 хувиар дээшлүүлж үзэхэд дахиад 475 мянган хүн ядуу түвшинд орж ирэхэрр байгаа нь харагдсан.
 
-Ядуурлын суурь түвшин нь ямар байдаг юм бол?
 
 
 
-Нэг хүнд ногдох сарын хэрэглээ 166 мянга байхаар тооцдог. Үүнийг 25 хувиар өсгөхөд 208 мянган төгрөг болж байгаа юм. Ийм шугамаар тооцоод харахаар 1.4 сая хүн ядуурлын түвшинд хүрч, нийт хүн амын 44.3 хувь нь ядуурлын хамааралтай болох магадлал байна.
 
 
 
Энэ нь ядуурлын шугамд ойрхон хүн амын бөөгнөрөл их байгааг харуулж байгаа хэрэг юм.
 
 -Судалгааны дүнг өмнөхтэй харьцуулахад ядуурлын түвшин буурч байгаа юу, эсвэл нэмэгдэж байна уу?
 
-Бид 2010 оноос хойших судалгаатай харьцуулж харах боломжтой. Тухайн онд нийт хүн амын 38.8 хувь нь ядуу байсан бол сүүлийн судалгагаар 28.4 хувьтай гарсныг дээр хэлсэн. Найман жилийн хугацаанд ядуурлын хамаарал 10 пунктээр буурсан нь хангалттай сайн үзүүлэлт биш гэж үздэг. 2010-2014 он эдийн засгийн үр өгөөж сайтай жилүүд байсан бөгөөд ядуурал 21.6 хүртэл хувиар буурсан байлаа. Түүнээс хоёр жилийн дараа дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал болсонтой холбогдон 29.6 хувь болж өссөн. Одоо бага зэрэг буурсан ч ерөнхийдөө тогтвортой байна гэж хэлж болохоор байгаа юм.
 
-Ядууралд нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн талаар судалгаанд тусгадаг уу?
 
-Өмнө нь ийм хүчин зүйлийн талаар судалж байгаагүй. Харин сүүлийн судалгааг арай өөр арга зүйгээр явуулж, үр дүн, шинжилгээг шинэ аргачлалаар хийсэн. Тухайлбал, ядууралд ДНБ-ий өсөлт яаж нөлөөлж байгааг судаллаа. Үүнд 2010-2014 онд нэг хүнд ногдох ДНБ 46.8 хувийн өсөлттэй байснаар ядуурлын түвшин огцом буурсан байдаг. Тэгэхээр ДНБ болон ядуурлын түвшний харилцан хамаарал их байна гэж хэлж болно. Үүнээс гадна нэг хүнд ногдох хэрэглээ ганцхан хувиар өсөхөд ядуурал 1.6 хувиар буурч байгаа дүр зураг харагдсан.
 
-Ядуурлын түвшний хот, хөдөөгийн ялгаа ямар байна вэ?
 
-Нийслэл болон томоохон суурин газрын хүн амын ядуурлын хамаарал 27.2, хөдөөгийнх 30.8 хувьтай байгаа юм. Гэхдээ хөдөөд ядуу хүний тоо бага, хот суурин газарт олон байгаа нь хүн амын тооноос хамаарч байх талтай.
 
 
 
Ядуурлын түвшинд байгаа 904.9 мянган хүний 378 мянга нь хотод амьдарч байна. Бүр тодруулбал, нийслэлийн таван хүн тутмын хоёр нь ядуурлын түвшинд хамрагджээ. 
 
 
 
-Хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын дүр төрхийг тодорхойлох судалгаа хийхийн ач холбогдол нь юу байдаг юм бэ. Ер нь ядуухан байгаад янз бүрийн тэтгэлэг, тусламж аваад сууж байх сонирхолтой хэсэг бүлэг ч байдаг юм биш үү?
 
-Аливаа Засгийн газар хүн амын дунд байгаа ядуу хэсэг, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн бодлого боловсруулахдаа тоон мэдээлэлд үндэслэх шаардлагатай. Шинжлэх ухаанд тулгуурлаж, судалгаанд үндэслэсэн, аргачлал нь тодорхой, үр дүн нь найдвартай тоон мэдээллийг бид судалгаагаар гаргаж тавихыг эрмэлздэг. Үүнийг төр, засгийн байгууллага, холбогдох газрууд, хэвлэл мэдээллийнхэн авч ашиглаж байна. Төсөл, хөтөлбөр боловсруулах болон санхүүжүүлэх олон улсын байгууллагууд ч энэ статистик мэдээлэлд тулгуурлаж, тактикаа хэрэгжүүлдэг.
 
-Иргэд ядуу байгаа нь улс орны эдийн засаг, мөнгө санхүүгийн чадамжаас гадна өөрсдийнх нь мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар зэрэг олон зүйлээс хамааралтай байдаг байх.Энэ талаар та статистикч хүний хувьд юу хэлэх вэ? 
 
-Ядуурлын хамааралтай иргэн, айл өрхийн хувьд нийтлэг зарим дүр төрх байна гэж хардаг. Судалгаанаас харахад 15 хүртэлх насны хүүхдүүд ядууралд өртөмтгий байна. Учир нь, ядуу түвшний айл олон хүүхэдтэй байдаг. Дээрх насны хүүхдийн 42.0 хувь нь, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхийн тал хувь нь ядуу амьдарч байна. Үүнээс харахад олон хүүхэдтэй айл өрхийг зорилтот бүлэгт хамааруулж, тэдэнд чиглэсэн тусгайлсан бодлого боловсруулах шаардлага байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнээс гадна ядуу айл өрхийн хөдөлмөр эрхлэгчдийн боловсролын түвшин бага, үүнийгээ дагаад үйлчилгээний голдуу, цалин хөлс багатай ажил хийж байна. Ядууралд өртсөн гурван хүн тутмын хоёр нь бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой байгаа юм. Бас хөдөлмөрийн насны, ажил хийх чадвартай боловч эдийн засгийн идэвхгүй хүмүүс ядуу амьдарч байна. Тэдгээр хүнийг ажил орлоготой болгох, эдийн засгийн идэвхийг нь сэргээх бодлого чухал байна гэж боддог.
 
-Танай хорооноос энэ судалгааг хийхдээ төсөл, хөтөлбөр маягаар явуулдаг уу, эсвэл гаднаас санхүүжилт авдаг уу?
 
-"Өрхийн орлого, зарлагын судалгаа”-г улсын төсвөөс жил бүр санхүүжүүлж, бид өөрсдийн хүчээр хийдэг. Үндсэндээ манай ажпын нэг хэсэг нь юм. Харин Дэлхийн банкнаас судалгаа, арга зүйн зөвлөгөө, техникийн тусламж үзүүлдэг.
 
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин