Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөлөө. Одоо Улсын Их Хурал дахь намын бүлгийн хуралдаан болж байна.
Энэ тухай МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар: "Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Ардын Нам 31 дүгээр их хурлаа зохион байгуулж, намын даргаа сонгон, шинэ дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ дүрмийн дагуу Улсын Их Хурал дахь намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг хэрхэн тодруулах талаар мэдээлэл хийлээ. Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдсан. Ер нь аль ч улсын парламентад олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүдийг парламентын даргаар сонгох нь нийтлэг жишиг байдаг.
Энэ жишгийн дагуу Монгол Ардын Намаас парламентад олон удаа сонгогдсон гишүүдтэй намын дарга уулзаж, санал бодлыг нь сонссон. Ингээд хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр болсон нь С.Бямбацогт гишүүн болон С.Амарсайхан гишүүн байлаа.
Харин С.Амарсайхан гишүүн нэрээ татаж, нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд нэг нэр дэвшигч болох С.Бямбацогт гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр боллоо. Ер нь парламент олонх, цөөнхийн зарчмаар ажилладаг бөгөөд аль ч улсад парламентын даргыг олонхын бүлгээс сонгодог жишигтэй. Өнөөгийн Улсын Их Хуралд Монгол Ардын Нам олонхийг бүрдүүлж байгаа тул намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулна.
Мэдээж намын даргатай уулзахдаа улс төрийн нөхцөл байдал, төрийн ажил, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн. Миний хувьд С.Бямбацогт гишүүнийг дэмжиж ажиллана гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн дагуу намын бүлэг хуралдаж, үүний дараа нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанаар энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Үүний дараа Засгийн газрын асуудал яригдаж, Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гарган ажиллах ёстой." гэв.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
За засрахгүй юм байна даа. Засаг, Их хурлын дарга 2 дахиад удахгүй юм байна.