sonin.mn
АН-ын дарга С.Эрдэнийн нэр хүндийг, сандал ширээтэй нь хамт ганхуулсан 100 саяын хэрэг дуусаагүй байгаа. Оны өмнө 100 саяар эхэлж, сонгууль ойртох тусам 300-400 сая болж ханш нь тултлаа өссөн мандатын наймаагаа С.Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт задаллаа. Гурав, дөрвөн зуун сая төгрөг тушаагсдынх нь гуравны нэг нь л нэр дэвшиж, гурван хүний хоёр нь гомдол, харуусал, өш хорсол тээн үлдэв. Зарим залуу гишүүд нь тэсэлгүй бархирч, хашгирч, лайвдаж, нулимс унагах дөхөж байгаа харагдана лээ. Хүн байхгүй юмаа хамгийн их ярьдаг гэдэг шиг ардчилал гэж хамгийн их ярьдаг ч ардчиллын үнэр ч үгүй болсон энэ намын залуусын хувьд С.Эрдэнэ даргынх нь сонголт, шалгуур, сонгуулийн нэр дэвшүүлэлт үнэхээр уйлахад ч багадахаар, увайгүй, ёс зүйгүй болж өнгөрчээ.
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр мөнгөө тушаасан ч нэр дэвшиж чадаагүй гомдогсод нь олон шалтаг, шалтгаан хэлж байгаа ч тэдний ярианаас нэг л юм ойлгогдоно. Товчхондоо бол АН-ын энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлт тус нам дахь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн шалгуураар, их хэмжээний мөнгөний босгоор л шийдэгджээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагад ямар ч үнээр хамаагүй сонгогдож, бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчлэх хүмүүсийг АН нэр дэвшүүлжээ гэж хэлж болно.
 
 
 
Нэг үгээр хэлбэл, АН өмнө нь олон ашиг сонирхолтой фракцуудынхаа хөлд үрэгдэх шахдаг байсан бол энэ удаа улс төр, бизнесийн бүлэглэлүүдийнхээ гарт базуулж, сонгуулийн тойргуудаа тэдний шууд нөлөөгөөр “зуржээ”.
 
 
 
Энэхүү мандат хуваарилалтыг уг нь дүрэм журмынхаа дагуу АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, АН-ын даргын зөвлөх З.Энхболд нар ярилцан шийдэж, хүмүүсээ тойргуудад зоочихоод байсан аж. Гэтэл энэ сарын 15 буюу нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулахын өмнөх өдөр гэнэт Нэр дэвшүүлэх комисс гэгчийг байгуулж, нэгэнт тодруулчихаад байсан 76 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг задалжээ.
Онц бүрэн эрхтэй Нэр дэвшүүлэх комисс гэдэгт нь АН-ын дээр дурдсан гурван дарга дээр нэмж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар багтжээ. Ингээд уг комисс АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг бүлэглэл, бүлэглэлдээ багцалж хувааж хайрцагласан юм байна. Үүнийг дор тодруулъя. 
 
Улстөрчдийн бүлэглэл
 
АН-ын нэр дэвшигчид улс төрийн гурван бүлэглэлд харьяалагдаж байгаа ажээ. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын бүлэглэл, АН-ын дарга С.Эрдэнэ, түүний зөвлөхөөр хэдхэн сарын өмнө ажилд орсон З.Энхболд нарын бүлэглэл, эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэл юм байна. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын нөлөөгөөр нэр дэвшсэн хүмүүс нь АН-ын генсек Ц.Баатархүү, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Говь-Алтайн Засаг дарга асан О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, О.Баасанхүү, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Д.Ганболд, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр, АПУ-гийн П.Батчимэг, Улсын баатар Э.Бат-Үүл, хуульч О.Алтангэрэл, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Авто тээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцаг, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга асан С.Эрдэнэболд, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, АПУ-гийн гэх тодотголтой Б.Түвшин нарын 20 хүн байгаа ажээ. 
 
Харин С.Эрдэнэ, З.Энхболд нар НДЕГ-ын Д.Золжаргал, “Нэт капитал”-ын зөвлөх Д.Алтангэрэл, сэтгүүлч О.Батханд, З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан, одоо Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, АМГТХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа, АН-ын генсек асан Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа, генерал М.Энх-Амар, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Т.Энхсайхан, Д.Эрдэнэсувд  зэрэг 14 нэр дэвшигчийг багцалжээ. 
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөх А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, Р.Булгамаа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга нарыгаа нэр дэвшүүлснээс гадна УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат болон П.Нүрзэд, С.Гал-Эрдэнэ, Н.Ганибал, У.Бейсен нарын 12 хүнийг сойгоод байгаа гэнэ. Эндээс харахад олон удаа УИХ-ын сонгуульд дэвшин унасаар ирсэн гандан буурдаггүй бизнесмэнүүд, УИХ-д сонгогдож байсан ч өнгөрсөн сонгуулиар олны итгэлийг хүлээлгүй завсарлага авсан ганц нэг экс гишүүд, хэл аманд орооцолдож асан агентлагийн дарга, Засаг дарга нар АН-ын нөлөө бүхий бүлэглэлүүдээр дамжин нэр дэвшээд байгаа ажээ. 
 
Бизнесийн бүлэглэл
 
Том том компани, арилжааны банкныхан АН-ын нэр дэвшигчдийг зураглахад улс төрийн бүлэглэлээс дутахгүй нөлөөлжээ. Мэдээж хамгийн хүчтэй нь Худалдаа хөгжлийн банкныхан. Нэр дэвшигчид дунд тоймтойгоос нь гэвэл Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Долгион нарыг ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн нэрлэжээ. Энэ эрхмүүдийг улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэлийн санхүүгийн гол эх үүсвэр Худалдаа хөгжлийн банкны лоббигоор нэр дэвшсэн гэж хардах бүрэн үндэстэй. Худалдаа хөгжлийн банкны охин компани “Монголын зэс” корпорац “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан асуудал хууль, шүүхийн байгууллагад шалгагдаж буйг сануулахад илүүдэхгүй. 
АН-ын дарга С.Эрдэнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой гэдгийг олон нийт мэдэх болсон. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан юм. Тэд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын бөгөөд хулгай дээрмийн үйлдлийг зөвтгөн хамгаалсаар байгаа нь сэжиг төрүүлдэг.
 
 
 
Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн оны эхээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг сөхөж, “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоон шалгалт явуулахад АН-ын дарга С.Эрдэнэ бачимдан сандарч, 49 хувийн эсрэг 51 хувийн асуудлыг сөхөн гаргаж, өөрийн мэдлийн хэвлэлээрээ өдөр шөнөгүй бичүүлсэн байдаг. Айсан хүнд аргал хөдөлдөг. С.Эрдэнэ даргад аргал байтугай хөдлөхөөр айдас бий гэдгийг Эрдэнэтийн 49 хувийн хэрэг харуулсан юм.
 
 
 
Түүнчлэн АН-ын бүхий л бодлого, шийдвэр, үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк болон цөөн олигархуудын захиалгаар хийгддэг болсон гэдэг. Үүгээрээ АН МАНАН мафийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болж хувирсан гэдгийг тус намын Шинэчлэлтийн хөдөлгөөнийхөн гаргаж тавьсаар иржээ. Үүнийг хэдхэн баримтаар тодруулахад Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Ардчилсан намын Сүхбаатар дүүргийн дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн бол Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Үүгээр зогсохгүй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн эхнэр И.Мэндбаяр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Мөн Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийн хүн гэгддэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Д.Батжавхлан Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн ажээ. Эндээс харахад Ардчилсан намын бодлого, шийдвэрт Худалдаа хөгжлийн банк шууд оролцдог болсон нь харагдана. АН нэг ёсондоо тус банкны нэг салбар нэгж шиг болжээ.Энэ нь ч УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлтээс харагдаж байгаа юм.
АН-ын нэр дэвшигчдийн дунд жин дарах дараагийн бизнес бүлэглэл нь АПУ-гийнхан. АПУ-гийн П.Батчимэг Дорнодод нэр дэвшсэн бол, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангайд, АПУ-гийн гэх тодотголтой Б.Түвшин Хан-Уул дүүрэгт, УИХ-ын хэвлэлийн албаны дарга асан Д.Энхтуяа Дархан-Уулд нэр дэвшээд байгаа ажээ. Түүнчлэн “Бурхан Халдун” групп, “М-ойл” групп зэрэг томоохон компани, группийн эзэд АН-аас нэр дэвшээд байна. 
Дээр дурдсан улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд харьяалагдаагүй, тэдэнтэй үзэл, бодол нийлээгүй бүх горилогчдоо АН-ын удирдлагууд тоглоомын гадна үлдээжээ. Боловсролтой, мэдлэг, туршлагатай гишүүд нь ийнхүү энэ удаагийн сонгуулийг үзэгчийн суудлаас сонирхохоор болов. 
 
Г.Хангарди