sonin.mn
Улс төрийн шинжлэх ухааны онолд харилцааны клиентелизмээс гадна сонгогчдын саналыг татахад чиглэсэн сонгуулийн клиентелизм гэх ухагдахуун бий. Үүнийг өөрөөр бас сонгуулийн авилга гэдэг. Улс төр судлаачид Abuse of State Recourse /ASR/ буюу Төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг сонгуулийн авилгад тооцдог аж. Эрх барих үедээ сонгогчдыг үзэл баримтлал, бодлогоор бус эд хөрөнгө тараах, элдэв үйлчилгээ үзүүлэх замаар татахыг оролддог намуудыг  клиентелист авилгач намууд (улс төрийн машинууд) гэж хэлдэг аж. Уг тодорхойлолтоор бол одоогийн эрх баригч нам арга байхгүй авилгач, клиентелист нам юм.
Төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглах нь манайхтай ижил хуучны соц орнууд, тэр дундаа ОХУ-д элбэг байж таараа. Тиймээс ч ОХУ-ын улс төр судлаач Ю.А.Нисневичийн  судалгаандаа  ашигласан “Трансперенси Интернэшнл Р”-ийн  ангилал, хэлбэрүүдийг дурдъя. Үүнд: 1.Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг ашиглах  /улс төрийн өрсөлдөгчөө айлгах, мохоох, барьж хорих/, 2.Төрийн захиргааны байгууллагын хүч, нөөц /лиценз зөвшөөрөл олгохгүй боох, улс төрийн нам, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, хасах/, 3.Хууль тогтоох байгууллагын хүч, нөөц /парламентад олонх болсон нам өөрт ашигтай хууль батлах/, 4.Байгууллагын хүч, нөөц /унаа тэрэг, техник төхөөрөмж, хүний нөөц/, 5.Санхүүгийн хүч, нөөц / улс, бүс, орон нутгийн төсөв, төрийн төсвөөс гадуурх нөөц/ ,6.Мэдээлэл, харилцаа холбооны хүч, нөөц /төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл/, 7.Албан тушаалын хүч, нөөц/ улс төрийн албан тушаалтан, Ерөнхийлөгч, сайд, парламентын гишүүд/ орно. 2007 оны Төрийн Думын сонгуульд нэр нөлөө бүхий улс төрийн албан тушаалтнууд намын жагсаалтын эхэнд бичигдэж сонгогдсоныхоо дараа мандатаасаа татгалзан, орондоо ардаа байсан хэн ч мэдэхгүй хүмүүсийг оруулжээ. Ийнхүү хууль бус биш боловч луйврын аргаар Думын бараг 25% бүрдэж байсан гэдэг. 
 
 
 
Монголд төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг хуулиар хориглодог ухаантай ч санаатай, санамсаргүйгээр нарийн тодорхой заадаггүй. Төрийн байгууллагын унаа мал, техник хэрэгсэл, хүн хүч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийг тултал ашигладаг нь хэнд ч ойлгомжтой. Энэ удаад харин коронагийн ачаар төрийн албан хаагчдыг ашиглаж байгаа нь маск, нүдний шилний ард нуугдаад таатай байгаа сурагтай.
 
 
 
Сонгууль эхлэхээс өмнө бол Засаг даргынхаа ажлыг хийгээд байна уу сонгуулийн ажлаа хийгээд байна уу гэдгийг тогтоох ч аргагүй. Тиймээс ялгаж салгаж бичих ч эцэс алга. Иймд энэ удаад хамгийн ноцтойд тооцогддог Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг урвуугаар ашиглах явдлыг нь дэлгэрүүлье. Ер нь бол энэ ангилалд хяналт шалгалтын болон хууль шүүхийн байгууллагууд тусгай зорилгоор хэн нэгнийг шалгах, байцаахаас эхлээд үйл ажиллагаанд нь саад болох, айлган сүрдүүлэх, мөрдөж мөшгөх, элдэв дарамт шахалт үзүүлэх, сонгуулийн үеэр улс төрийн өрсөлдөгч, тааламжгүй этгээдийг барьж хорих, бүр устгах зэрэг ажиллагаанууд хамаардаг. Хувь хүний улс төр, иргэн, эдийн засгийн болон бусад эрх, эрх чөлөөг маш бүдүүлгээр зөрчиж, шууд хязгаарладагтай холбоотой тул хамгийн ноцтойд тооцогддог аж. Үүний дагуу Монголд эрх баригчид төрийн хүч, нөөцийг ашиглан зөвхөн нэр дэвшигчдийн улс төрийн буюу сонгогдох эрхэнд хэрхэн халдаж байгааг авч үзье. 
 
АН-ын Л.Гүндалай, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын Ц.Анандбазар болон багагүй тооны Засаг дарга нарыг сонгуулийн өмнө хорьчихоод заримыг нь дараа нь суллаж байсан явдал бол хамгийн эхэн үеийнх.  
 
2003 оны үед АН-ын дарга, Эх орон Ардчилал эвслийн Тэргүүн М.Энхсайханыг “Зоригийн хэрэг”-т холбогдуулах зорилгоор Францаас нэгэн залууг улс дамнуулан хулгайлж авч ирээд тамласаар цааш харуулсан эрх баригчдын түүх тэгтлээ хуучраагүй байна. “Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэсэн зуунги үг эндээс эхлэлтэй. Он гарсаар АН-ын аппаратын удирдах ажилтнууд болон Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-ялалтыг тус тус цагдан хорьж байгаад гаргасан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татахыг завдсан зэрэг үйлдлүүд энэ удаагийн буухиаг эхлүүлэв. Үргэлжлээд Ардчиллын удирдагчдын нэг М.Энхсайханыг “Сошиалын постууд нь шүүхэд нөлөөлөх гээд байна” гэж барьж хорин, улс орныг хорлон сүйтгэхийг завдсан Ц.Элбэгдоржийн үйлдлийг дэмжсэн үйлдэлд нь ял өгөхөөр шүүсэн. Гэвч нотлогдоогүй тул эцэст нь “яамнаас төсөвлөснөөс бага үнээр машин авсан” гэх хэрэг тохон 4.6 жилийн ял өгөв. Төсөвлөснөөс доогуур авсныг нь шийтгэж байгаа тохиолдолд дээгүүр авсныг нь шалгаж, шийтгэвэл манай улс даргагүй болж мэднэ. Эдийн засагч Л.Наранбаатарыг нэгэн намаас нэр дэвшихээр өргөдөл, анкетаа өгсөн ч өөр нэг намын нэр дэвшигчдийн жагсаалтад нэр нь байсан гэдэг “зүйл ангиар” бүртгээгүй буюу сонгуульд оруулаагүй. Сонгууль эхэлснээс хойш Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Ганбууш буюу Н.Ган-Одыг “Нэр дэвшигч П.Анужинг амлан авлаа” гэж хэлснийх нь төлөө цагдаад, Баянголд нэр дэвшигч П.Галиндэвийг яасных нь төлөөг мэдээгүй ч бас л тагнуул дээр дуудаад сурталчилгаа хийлгэхгүй байна гэх гомдлууд энд тэндгүй. Эрх баригч нам бие даан нэр дэвшигч 31.041сонгогчийн гарын үсэг цуглуулсан гэх Н.Номтойбаярыгаа өөрсдийнхөө саналыг хуваана хэмээн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыгаа УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон халдашгүй дархан эрхийг нь үл тоон тус тус хорьсноор их баривчилгааг нам доторх “сөрөг хүчин”-ээсээ эхлүүлсэн. Сонгуулийн сурталчилгааны ид үеэр Д.Эрдэнэбатын шүүх хурал болж хойшлов. Дараагийн удаад нь харин жинхэнэ сөрөг хүчин болох АН-ын Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нараас шүүхийн практикт байгаагүй гэх их хэмжээний 2-10 тэрбум төгрөгийг барьцаанд өгөхийг шаардаж, үл биелүүлснийх нь төлөө, “Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслийн дарга Х.Бат-ялалтыг гадаа нь байсаар атал шүүхэд ирээгүй хэмээн тус тус сонгуулийн дүн гарахад хэдхэн хоног дутуу байхад бөөндөн баривчиллаа. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчлахыг хорьдог Сонгуулийн тухай хууль ч бүр лөөлөө болов бололтой. Урьдын баривчилгаанууд сурталчилгаа эхлэхээс нэлээд өмнө хийгддэг байсан бол энэ удаагийнх ид дундуур хийгдэж байгаа нь Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг урвуугаар ашиглаж байгаагаа олон улсад улам баталгаажуулж, тэр хэрээр ардчилал улам алсарч байгаа юм биш байгаа гэх айдас дагуулж байна. 
Гэх мэтээр хууль зөрчин барьж хорьсон асуудлууд байгаа ч дээрх хүмүүсийн зөв, буруу, гэмт хэрэг үйлдсэн эсэх тухай мэтгэлцэхээсээ илүү Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг урвуугаар ашиглах сонгуулийн технологийн сонгодог жишээнүүд гэдгээр нь авч үзэв. Дэрээ нь гол төлөв МАН-ын засаглалын үед ашиглагддаг нь их хэлмэгдүүлэлтийг хийж байсан хуучны улбаатай нь холбоотой юм биш байгаа гэх хар дагуулж буйг нуух юун.
 
 
 
Нэгэнт баталсан хууль тогтоомжоо ягштал мөрдөж, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхээс гадна Улс төрийн намын удирдлагыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсанаас бусад тохиолдолд сонгууль болохоос 6 сарын өмнөөс баривчлахыг хориглох зэргээр сөрөг хүчнүүдийнхээ сонгуульд орох эрхийг улам баталгаатай болгомоор байна.
 
 
 
Эцэст нь сонгуулийн клиентелизм нь албан тушаалтан, улс төрчдийн хувьд баталгаагүй, эрсдэл өндөртэйд тооцогддог тул элдэв арга сэдэн, бөөний баривчилгаа хийхийн оронд 100 нас хүрэх гэж буй эрх баригчид маань жаахан зангараг заан, бодлого, хөтөлбөрөөрөө уралдмаар байна. Өрсөлдөгч муу байх тусам сайн гэдэг шиг энэ бүх үйлдэл нь эрх баригчдад эргээд сөрөг болох бий дээ! Сонгогчид тэнэг биш!
 
 
 
ЖУДАГИЙН БАЯРМАА   
 
2020.06.19