sonin.mn
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 6 сарын 24-нд болж, Монголын ард түмэн Үндсэн Хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонголтоо хийсэн билээ.
СЕХ-ы дарга Ч.Содномцэрэнгийн өгүүлсэнчилэн: "Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон.  Сонгуулийн дүнгээр МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс (МАХН-ИЗНН-МҮАН) 1, “Зөв хүн электорат” эвслээс  1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоныг онцоллоо.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулиар 32 гишүүн сонгогчдын итгэл хүлээж анх удаа сонгогдсон бол өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан 6 хүн дахин сонгогдсон. Харин 2016-2020 оны Улсын Их Хурлын гишүүдээс 38 нь улиран сонгогдоод байна. 
 
 
 
Улсын Их Хурлын нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14  нь буюу 18.42 хувь нь хуульч, эрх зүйч, 21 нь буюу 27.63 хувь нь эдийн засагч, 12  нь буюу 15.79 хувь нь инженер, агрономич, 14 нь буюу 18.42 хувь нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 нь буюу 11.84 хувь нь эмч, багш, 6 нь буюу 7.89 хувь нь бусад мэргэжлийн хүн" байсан юм. 
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган 6 сарын 30-нд 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийн, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар албан ёсоор шинэ УИХ бүрдсэн билээ. УИХ-ын сонгуулийн санал хураалтаас хойш нэг сар гарангийн хугацаа өнгөрөөд буй ч сонгогчдын харамсал, хамгийн гол нь эргэлзээ, гайхшралыг төрүүлсэн хэд хэдэн тойрог, нэр дэвшигчидтэй холбоотой асуудал нээлттэй хэвээр байна.
 
 
 
Тодруулж онцолбол УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл"-ээс нэр дэвшигч эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшич, "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд, УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт ХҮНам, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшигч ХҮНамын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч П.Наранбаяр нарыг дурьдаж болно.
 
 
 
П.Наранбаяр тойргийнхоо сонгогчдын 28.7 хувь буюу нийт 23 479 санал авсан бол Т.Баярхүү, Т.Ганболд нар бүх төрлийн судалгаагаар илт давуу байсан ч одоо ч мухарлагдаагүй байгаа саналын тоо гэнэт өөрчлөгдсөн гэх мэт учир үл ойлгогдох шалтгаанаар УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй.
Гэтэл Т.Ганболдын эр зориг, шударга дайчин чанар, Т.Баярхүүгийн мөнгө санхүүгийн болон олон улсын харилцааны талаарх гүн мэдлэг, П.Наранбаярын дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол, өндөр ёс зүй, хүмүүжил нь сонгогчдын дэмжлэгийг хүлээгээд зогсохгүй өрсөлдөгчдийнх нь ч хүндэтгэлийг хүлээж байсан нь үнэн юм.
Тэр бүү хэл Т.Баярхүүг, Т.Ганболдыг дэмждэг, үзэл бодлоос нь суралцдаг бараг шавь шахуу хүмүүс УИХ-ын шинэ гишүүд дунд бий гэлцэх юм билээ.
Хойтон жилийн наадам хол байна даа хол байна гэдэг үг бий.
Тэгвэл дараагийн сонгууль түүнээс ч алс хол байна даа.
Юутай ч сонгогчдын хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж чадаагүй хамгийн харамсалтай гурван нэр дэвшигч бол Т.Ганболд, Т.Баярхүү, П.Наранбаяр гурав болж таарч байна.
 
 
М.Чой