Энэ дугаарын зочноор “Positive Mongolia” контентыг үүсгэн байгуулагч Э.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр энэхүү контентоороо хүмүүст зөв үлгэр дуурайлал өгч, хосуудын амьдрал ийм байдаг шүү гэдгийг харуулахыг зорьдог ажээ.
 
Та яагаад Швед улсад ажиллахаар очсон юм бэ?
 
-Манай ээж Швед улсад 11 жил амьдарсан ба том эгч минь арван настайгаасаа очоод өдийг хүртэл ажиллаж, амьдарч байна. Мөн манай үеэлүүд ч байдаг болохоор Швед рүү явсан. Ойр дотнын хүмүүс их байдаг болохоор ч тэр юм уу, Швед рүү л явчих юм бол бүх зүйл сайхан болох шиг санагддаг байлаа.
 
Яг хэзээ явъя гэсэн шийдвэрт хүрсэн бэ?
 
-Нөхөртэйгөө танилцаад хамтын амьдралаа эхлүүлэх гэтэл орон сууц, унах унаа гээд бүх зүйл хэрэгтэй болсон учраас бид хоёр ярилцаад Швед рүү явах шийдвэрийг гаргасан. Мөн ханийн маань ээж өвчтэй байсан учраас тэнд эмчлүүлье гэсэн шийдвэрт хүрсэн.
 
Хэлний бэрхшээлтэй хэр их тулгарч байсан бэ?
 
-Мэдээж, тулгаралгүй яах вэ. Би амьдралдаа швед хэлийг сонсож байгаагүй. Тийм болохоор сурахад анхандаа маш хэцүү санагдаж байсан.
 
Хэл сурсан дурсамжаасаа сонирхуулбал ...
 
-Анх очоод “Улаан загалмайн нийгэмлэг"-ийн хэлний сургалтад суусан. Сайн дурын ажил байсан учраас орон орны хүмүүс ирж суралцдаг юм билээ. Багш нар нь хүнд ойлгуулахын төлөө, сургахын төлөө чин сэтгэлээсээ хичээлээ заадаг. Тэндээ ойр зуурын хэрэгцээний үгсийг уншиж бас ярьж сураад хэлний бэлтгэлд шалгалт өгч тэнцсэн. Ингээд ахисан шатны буюу хоёрдугаар түвшний сургалтад хамрагдаж швед хэлний дөртэй болсон доо.
 
Шведэд байхдаа тус улсын туршлагаас эх орондоо хэрэгжүүлж болох ямар санааг авсан бэ?
 
 
-Өөр газар, өөр орчинд хүн анх очихоороо бүх зүйл нь сонин содон санагддаг юм байна лээ. Харин яваандаа дасаад ирэхээр нөгөө их гайхаж байсан зүйлс нь өдөр тутмын байдаг л зүйлс шиг санагддаг. Миний бодлоор манай улсад хамгийн их хэрэгтэй зүйл нь нийтийн тээврийн асуудал. Шведэд энэ асуудлыг маш нарийн зохицуулалтаар шийдэж чадсан ба трамбай, метро, автобус зэрэг нийтийн тээврийн төрөл олонтой. Мөн хүмүүс нь үнэхээр соёлтой. Жишээ нь, автобус ирэх цагаасаа хоцрох юм бол жолооч нь "Хоцорсонд уучлаарай" гэж хүндэтгэлтэйгээр хэлдэг. Хүмүүс нь хүртэл шаардлага тавиад сурчихсан. Тиймээс манай оронд нэвтрүүлэх чухал туршлага нь нийтийн тээврийн зохицуулалтын асуудал бас хариуцлага юм. 
 
 
 
Зам нь түгжрэлтэй юу?
 
-Бараг л үгүй. Хотын төв рүү ороход зам ашигласны төлбөр гэж хураамж авдаг бас зогсоол олддоггүй, олдсон нь өндөр төлбөртэй байдаг. Хувийн хэвшлийн машин гэдэг ойлголт бага. Тийм болохоор түгжрэл бараг л байхгүй.
 
-Таны “Vlog”-ийг үзэхэд хосуудын амьдралын мөн чанар, үнэ цэн, бие биеэ хайрлан халамжлах гээд олон сайхан зан чанарыг хүмүүст уриалсан байдаг. Хамгийн анхны дугаараа хаанаас санаа авч хийсэн бэ?
 
-Би зурагт үзэх дуртай. Зурагтаар гадаадын сонирхолтой олон нэвтрүүлгүүд гардаг. Бүгд "Vlog" маягаар хийгддэг. Эндээс л санаагаа авсан гэхэд болно. Тухайн үед Монголд "Mongolian family" гэж "Vlog" хийгдэж байсан. Тэр үеэс хойш гадаадын "Vlog"- чдыг харж, судалж байгаад энэхүү контентыг эхлүүлсэн.
 
Хамгийн анхны дугаараа цацахад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Яг үнэндээ хамгийн анхны ”Vlog"-ийг маань хүмүүс ерөөсөө үзээгүй. Яагаад үзэхгүй байгаа талаар бодож үзсэн л дээ. Ерөнхийдөө урьдчилан бэлтгэж, тавилттай байдлаар хийгээд хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин бэлдсэн зүйлгүйгээр өөрийнхөөрөө хийгээд үзье гэж бодсон. Тэгж хийсний дараагаар "Vlog"-ийг маань үзэх хүмүүс олширч, санал хүсэлт, магтаал, шүүмжлэл ч нэлээд ирэх болсон.
 
Эсрэг, сөрөг сэтгэгдлүүдэд ямар хариу үйлдэл үзүүлдэг байв?
 
-Ганц сөрөг хандлагатай коммент ирэхэд л тэр өдөржингөө бодогдоод хямрах үе гардаг байсан. Тэр үед нөхөр маань тусалж дэмждэг байсан. Магадгүй тэр маань байгаагүй бол шантраад замын дундаас буцчих байсан даа гэж боддог. Сүүлдээ нэг их хүндээр хүлээж авахаа больсон. Гэхдээ байнга сэтгэгдлээ шалгадаг хэвээрээ. Яагаад гэвэл хүмүүсийн санал хүсэлтийг харж, санаа авч дараа дараагийнхаа уран бүтээл, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлдэг.
 
Та “Хосын жор” хэмээх ном гаргасан. Номоо бичиж байхдаа тулгарч байсан асуудлуудын талаар...
 
-Яг өөрийнхөө амьдралаас тулгуурлан бичсэн. Номоо эцсийн байдлаар бичиж дуусгаад хэвлүүлэхийн өмнө гурван хүнээс зөвшөөрөл авсан. Хамгийн эхний хүн нь миний ээж. Дараа нь нөхрөөсөө, тэр минь надад “Татгалзах зүйл байхгүй. Би зөвшөөрсөн юм чинь бусад хүмүүс юу гэж бодох нь нэг их хамаагүй” гэж хэлсэн. Сүүлд нь хүүгээсээ зөвшөөрөл авсан. Хүү маань ээжээ, энэ таны л туулсан амьдрал юм чинь та хэвлүүлэх үгүйгээ өөрөө мэд гэж хэлсэн. Товчхондоо ийм.
 
Таны хувьд эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ?
 
 
 
-Анх эх оронч хүн гэхээр дайн, байлдаанд оролцож тэмцэж байсан, газар нутгаа өөриймшүүлсэн хүмүүсийн талаар боддог байлаа. Харин одоо эх оронч хүний үйлдэл жижигхэн зүйлээс ч харагддаг болсон.
 
 
 
Миний хийж байгаа ганцхан зүйл л эх орныхоо төлөө гэсэн сонголт мөн үү, үгүй юу гэж бодох болсон. Жишээ нь, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нь эх орныхоо төлөө хийж байгаа миний хөрөнгө оруулалт юм байна гэж бодож байна.
 
Зэвсэгт хүчний талаар юу гэж боддог вэ?
 
-Нөхөр бид хоёрыг Шведэд байхад нэг террорист үйл ажиллагаа болсон юм. Хотын төвөөр нэг хүн тэсрэх бөмбөг тавьсан гэж мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэхүү үймээн самууны үеэр биднийг Зэвсэгт хүчнийхэн л хамгаалж байсан. Маргааш нь Шведийн олон иргэн тэрхүү үймээн гарсан талбайд цугларан “Бид та нараас айхгүй байна” хэмээх уриа, лоозон барин нэгдэж, жагссан. Ингэхдээ Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэцэг өгөн талархсанаа илэрхийлж тэвэрч байсан нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн шүү. Биднийг ямагт амар тайван байх нөхцөлийг хангадаг бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчнийхэн юм. Тиймээс бид тэднээр ямагт бахархах учиртай.
 
 
Оюутан Г.НАНДИНТУЯА
Эх сурвалж: "Соёмбо" сонин