sonin.mn
70 гарсан хойноо шүлэг тэрлэж, ном бичсэн эмээ
 
Насан өндөр болсон хойноо үзэг цаас нийлүүлж, шүлэг бичиж эхэлсэн нэгэн эмээгийн тухай өгүүлэх гэсэн юм. Эмээ маань нэртэй яруу найрагч эсвэл шинээр урган гарч байгаа авъяаслаг яруу найрагч нар шиг уран нарийн дүрслэлтэй, адуун сүрэг дотроо усан тэлмэн жороо, хатираа, алхаа морьд шиг биш ч гэлээ хэн ч гэсэн унаж болох хонины номхон морь шиг  эгэл энгийн шүлэг бичжээ.
 
 80 настай буурай маань нэг хуруу зузаан тооны дэвтэрт өөрийн 50 гаруй шүлгээ цэгцэлж, сурагч охин шиг их л хичээнгүйлэн цэвэрхнээр шүлэгнүүдээ нямбай гэгч нь өрж хайрцаглаж бичсэн нь өхөөрдөм бас хүндэтгэл төрүүлмээр...
 
70 нас гараад гэрийнхээ хоол унд цай, цэвэрлэгээ гэх мэтийн ажлын хажуугаар өөрийн бодол санаагаа холбож, толгой холбон түүнийгээ тэмдэглэж улмаар шүлэг болгон бичиж эхэлсэн байна. Бага ангийн боловсрол эзэмшээд хөдөө мал дээр гарсан боловч өөрөө бие даан нягтлан бодох мэргэжлийг эзэмшиж, их дээд сургууль төгссөн мэргэжилтэнгүүдтэй эн зэрэгцэн ажиллаж, 10 сайхан үр хүүхэд өсгөн бойжуулж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн бөгөөд тэтгэвэрт гарсны дараа зүгээр суухыг эрхэмлэлгүй, төрж өссөн уул ус, газар нутаг болон өөрийн удам судар, өвөг дээдсийн талаар судалж, хүн амьтнаас асууж сураглаж, улс аймгийн архивийн материалыг ухаж төнхөж, өөрийн ах дүү нарын талаар эрэн сурвалжилж, тэр бүхнээ нэгтгэн 73 насандаа “Төгрөг Хайрханынхан”( Улаанбаатар2013) гэсэн номоо үр хүүхдийнхээ дэмжлэгтэй гаргажээ.
“Өвөг эмэг, аав ээжүүд, үр хүүхдүүд, ач зээ нар гээд 5 үеийнхний товч намтар, тэдний гэр бүл, ах дүү хамаатан садангийн 80 гэр бүлийн 280 хүний талаар өөрийн мэдэх зүйл, хүмүүсийн дурсамж ярианаас буулган зурагтай нь номондоо орууллаа.”(х5) гэж номынхоо өмнөх үгэндээ цохжээ. 
 
 
 
“Анх номоо эхлүүлж, шүлэг бичээд эхлэхдээ идэр залуу насандаа гарынхаа үсгийг зурж, үзэг цаас нийлүүлж бичихээс хэтрээгүй хүн чинь гэнэт ураг төрөл болон удам судрын үүх түүхээ судлаад эхлэхээр өөрөө өөртөө инээд ч хүрэх шиг Зэнэмядар таны ухаан санаа чинь орж, гарч байгаа юм биш үү? гэж өөрөө өөрөөсөө асууж ч байх шиг...Гэхдээ би хүүхдүүддээ ярьж, бичихгүй юм бол хэндээ ч ярих билээ дээ” гээд зориглосон ажээ, эмээ маань.
 
 
 
Яагаад ном бичих болсон тухайгаа “Энэ хорвоод эхээс төрөөгүй хүн, үндэсгүй ургасан мод гэж байдаггүй. Өдгөө насан өндөр болж, ажил амьдралынхаа дал давсан он жилүүдээ эргэцүүлэн бодож, өвөг дээдсээс эхлэн нутагласан газар орон, тээж төрүүлсэн ээж аав болон өргөж авч, хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийнхээ тухай,  үзэж сонссон үнэн амьдралынхаа сургамж, зөвлөгөөг үр хүүхэд, ач зээдээ уламжлан хэлэх нь зүйтэй юм” гэж ухаарч,
“Зайлуул ах дүү, хамаатан садан байхгүй ядруухан амьтан гэж хүн амьтны амны зугаа болж байсан ээж нь сайхан ах, эгч, дүүтэй...хэнээс ч царай алдаж явалгүй үр хүүхдээ ханийнхаа хамт  өсгөж, өндийлгөсэн, цусан ясан төрлийн удам угшлаа аав ээж, өвөө эмээгээсээ цааш мэдэлгүй байх вий, ах дүү хамаатан садны хүүхдүүд нэг нэгнээ мэдэж байх хэрэгтэй” хэмээн бодон, бодон бичжээ.
Жич танилцуулга, эмээ маань айлд өргүүлж, айлын ганц охин нь болсон бөгөөд хожуу өөрийн ах, эгч, дүүсийнхээ сургийг гаргаж, уулзцгаан элэг бүтэн болсон байна.  
Одоо 80 насны сүүдэр давсан эмээгийн нэрийг Зэнэмядар гэдэг бөгөөд хуучныхаар, Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны Харчин өртөө одоогийнхоор, Дундговь аймгийн Сайхан овоо сумын Төгрөг бригадын нутаг Өндөр бутны өвөлжөөнд 1940 онд төржээ. 
Бага сургуулийн 4-р ангиа төгсөөд, Дэлгэрцогт сумын 7 жилийн сургуульд явахаар болтол өргөж авсан ээж нь “Хонгорхон жаахан охиноо явуулж чадахгүй нь...” гэж уйлсаар сургуулиас нь гаргажээ.
1956 онд өөрийн хань Н.Чулуунтай гэр бүл болж 10 хүүхдийн эцэг эх болсон юм. 
1959 онд гэр бүлээрээ Эрдэнэдалай сум руу шилжиж очоод анх удаа Худалдаа Бэлтгэлийн Ангид худалдагч хийж, улмаар өөрийгөө дайчлан хичээж, тоо бүртгэгч, нярав улмаар Эрдэнэдалай сумынхаа банкны тооцооны кассанд нягтлан бодогч болтол дэвшин ажиллажээ.
Сайхан -Овоо, Эрдэнэдалай сум нь урьд нь ЦогтЧандмань гэж Өмнөговь аймгийн сум байсныг 1962 оны засаг захиргааны шинэ хувиарлалтаар Дундговь аймагт хоёр сум болгон нийлүүлжээ. 
 
 
 
Улсад 30 жил ажилласан эмээ маань хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Засгийн газрын Хүндэт Жуух Бичиг” хоёр удаа, “Монгол банкны тэргүүний ажилтан” цол, 5,6,7-р таван жилийн гавшгайч тэмдэг, Ардын Хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Монгол банк байгуулагдсаны 90 жилийн ойн медаль, Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн Хүндэт медаль болон Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонгоор энгэрээ мялаасан байна.
 
 
 
Шүлгээс нь хөдөөний хөгшний бусдыг хүндэтгэх эгэлгүй сэтгэл, ээж хүний энэрэнгүй цагаан бодрол, үр хүүхдэдээ захиж сануулсан бодол, сургаалаа аман зохиолын арга хэлбэрээр бичсэн нь мэдрэгдэнэ. 
Жишээ нь, эмээ маань тэтгэвэртээ гарч хөдөөнөөс үр хүүхдээ бараадан хотод ирсэн байна. Тэгээд гадаалж байхдаа байрныхаа орцны жижүүрийн ажилдаа үнэнч, хөдөлмөрч чанарыг нь үнэлэн, хүндэтгэж, “Орцны цэвэрлэгч” шүлэг зохиожээ.  
 
Үүрийн туяа татахаас эхлээд
Үдийн бүрий унатал
Үргэлж ажиллах энэ хүмүүстээ
Үнэнч сэтгэлийг нь үнэлж , урам хайрла олон түмэн минь
Эргэх 4 улирлын халуун хүйтэнд
Эцэх цуцахыг үл мэдэх
Эгэлгүй үнэнч энэ хүмүүстээ
Элэг зүрхийг нь баясгасан үг хэлж , урам хайрла олон түмэн минь
Алаг хорвоод амьдрах л гэж ирсэн
Ажилдаа үнэнч энэ хүмүүсийн 
Ажил хөдөлмөрийг нь бүү гол 
Алив энэ тэнд хаясан хогоо ч болов авцгааж , урам хайрла олон түмэн минь.
Гэсэн бол хотын ач гуч зээдээ зориулан “Улаанбаатарын охид хөвгүүддээ” шүлэгтээ өөрийн сургамжаа..
Улаанбаатарын охид хөвгүүд минь ээ
Ууж идэхийн сайхныг шилж амтлахаас илүү
Уудам энэ хорвоогийн учир начрыг ойлгож
Ухаан зарж хөдөлмөрлөж сурах нь илүү
 
Хайрга чулуу шиг хатуутай тулахад
Халамж анхаарал нэхэхээс илүү
Хайр гэрэлтсэн сэтгэлийн цагаанаар
Хамаг бүхнийг даван туулах нь илүү
 
Уянга дуу шиг эгшиглэх энэ орчлонд
Уян булбарай биеэ арчиж тордохоос илүү
Урин цагаан сэтгэлээр
Уучилж бүхнийг нь хайрлах нь илүү
 
2011 он
 
Зэнэмядар гуай анх хөлд орсон бага наснаасаа эхлэн хурдны морь унаж уралдан, айраг түрүү авч байснаа дурсан, хурдны морины хүүхдүүдэд зориулсан “Хурдан морины унаач хүүхдүүдэд” шүлэгтээ
Хөх гүн огторгуйд аа
Хүүхдийн гийнгоо жингэнэн цууртахуй аа
Хөг нийлүүлэх мэт цэнхэр салхи нь хөндийдөө сэвэлзсээр
Хүүхэд насны дурсамж зурагдан орж ирэх нь сайхаан
 
Зүггүй дүрсгүйдээ дийлдэн номхорч унтах
Зүүд нойрондоо түрүүлж дийлж байна гэх
Зөн билгийн совин зүүд нойрны тайлал нь
Зөндөө олон удаа түрүүлгэж, айрагдуулж байсаан 
 
Сэтгэл зүрхээ өгсөн хүсэл болгон
Сэрж босож биелдэг юм шүү, хүүхдүүд минь
Бодол бэлчээж чармайж хичээвэл
Болж бүтдэг юм шүү хүүхдүүд минь
 
Хурдан морины унаач хүүхэд байлаа эмээ нь
Хурдан буяны нуруунд дарцаглан давхиж байлаа эмээ нь
 
2014 он
 
Бичсэн шүлгүүд нь өөрийн нутаг ус, нэгдэл, албан байгууллагын тухай болон үр хүүхэд, залуучууддаа зориулсан захиас бодрол байх юм. 
Мөн нутаг уснаасаа төрсөн алдартан, гавъяатан сумынхаа үнэнч шударга шаргуу хөдөлмөрлөж байгаа хамт олон, гэр бүл, хувь хүмүүст зориулж сайн сайхныг хүссэн ардын ерөөл, магтаалын хэлбэрээр бичсэн шүлгэн цацлууд нь сэтгэлд дулаан илч өгнө.
Жишээлбэл, Төгрөг Хайрхан Баян Хангай минь, Манай Эрдэнэ далайхан, Анхны Хөгжил нэгдэл, Чулууны Ганцогтод, МУ-ын ШУ-ны гавъяат зүтгэлтэн Норжмаагийн Тогтох түүний ээж Норжмаа гуайд, Хүний гавъяат эмч Цэвээн-Ойдовын Бархас, Хайнзангийн Чимид, Шаравын Готов нартаа, Монгол бөхийн тайлбарлагч Цэдэвийн Батнасанд, Ихэр хоёр начиндаа, Гавъяат жүжигчин Гомбын Золбоот, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Раднабазарын Раш, МУ-ын хөдөлмөрийн баатар Намхайн Ичинхорлоо гуайд...гэх мэтээр үргэлжилнэ.
Гэхдээ өөрсдөд нь зориулж ийм шүлэг зохиосныг эзэд нь өөрсдөө мэдэхгүй.
 
 
 
Зөвхөн тэдний хөдөлмөрийн амжилт, бусдад үлгэрлэсэн гавъяаг нь үнэн сэтгэлээсээ бахдаж, тэдний эцэг эхийг нь мэддэг нутгийн хөгшний хувьд тэдний ажил үйлс нь улам дэлгэрч, арвижихийн ерөөлийг талбисан эмээгийн сэтгэлийн сүүн цацлууд юм. 
 
 
 
Өөрийнхөө тухай бичсэн шүлгээс нь тухайн үеийн түүхэн амьдрал харагддаг нь сонирхолтой. Зэнэмядар гуай эгэл даруу амьдралаа элдэв чимэггүй үнэнээр нь ардын аман зохиолын толгой холболт,  үг хоршилтын аргаар бүтээжээ. Тухайлбал,
“Зэнэмядар би”...шүлгээс нь зарим жишээ татахад...
Дэлгэр сайхан нутгийнхаа
Дэлгээтэй үүдээр нь үлгэр урсаж байдаг
Дэнжийн чимэг болсон цагаан гэрт
Эгэл бор амьдралтай
Энгийн даруу зантай ээж минь
Араг түшин, дүлж, дээлээ цусдан төрөхөд
Аргамжаа болсон хүйг минь эмээ Гүнсэн хайчилж
Аргадаж тасалсан эсгийн тасархайд тосож авсан
Ариун сангийг минь Дашдооров лам уншиж
Алдар нэрийг минь Зэнэмядар гэж өгсөн
Айлын адуу мал хариулж
Аян жин тээж
Амьдралаа авч явдаг аав минь
Аргадаж уйлуулахгүй гэж хайчилсан 
Эсгий үнэгийг ширтэн сатаарч 
Энэрэлт ээжээ хүлээдэг байсан гэсэн
Аргал түүж ирсэн ээжийнхээ
Ангир уураг сүүгийг нь 
Амтлан шимж хөхөж
Алив хаана байна гэхэд
Амаа ангайн инээх гэж дэрвэгэнэх үед нь
Айл байсан айлын хоёр 
Аав ээж хоёроос минь
Ам унаган гуйгаад байхаар нь
Ав даа, ав гээд өргүүлсэн гэнэлээ
Аз жаргалын охинтой боллоо гэж
Айраг шуугиж, сэнгэнэсэн гэртээ
Авч өргөсөн аав ээж хоёр минь
Амьд Бурхан мэт тахин шүтэж
Арай дэндүү эрхлүүлж өсгөсөөн, намайг
Тээж төрүүлсэн аав ээж минь
Тэнхрүүлж хүн болгосон аав ээж минь
Ачит дөрвөн аав ээжүүдийнхээ
Ачийг хариулж чадалгүй
Ахмад дээдэс та нарынхаа 
Алт шиг шижир сургаалыг нь
Авч хэрэгжүүлж чадаагүй
Эргэж олдошгүй аав ээжийнхээ
Энэрэл хайрыг бахархаж
Эргэн санаж, эргэцүүлэн бодож байхад
Тэнгэрлэг залуу насандаа
Тэртээх алсаа харах ухаангүй
Тэнэг мунхаг явж ирсэнээ
Тээр сүүлд нь ухаарч
Тэтгэвэрт гарсан хойноо
Тэгдэг байж, ингэдэг байж гэж
Тогтож бодох, хийх үеэ өнгөрөөсөн хойно
Толгойдоо шинжилж, дотроо бодож сууна даа
 
2017 он
 
Эмээгийн энэ шүлэгт 1940 оны гэрийн нөхцөлд Монголчууд хүүхдээ төрүүлж байсан хэв заншлыг  говийн нэгэн айлд тодорхой дүрсэлсэн. Энд өнөөгийн боловсон эмнэлгийн үйлчилгээ байхгүй агаад ээж нь дээлээ нөмгөн нөмөрч арга түшин төрөхөд, эмээ нь даавуу материал олдоггүй учраас монгол гэрийнхээ эсгийний тасархай дээр эх барин авч байна. Харин эцэг эх нь нэр өгөхөөсөө илүү лам залж, ариусган сан тавиулан, нэр хайрлуулж байна. Нялх үрээ саатуулж,сатааруулах тоглоом нь эсгийгээр үнэг хайчилж, дээр нь дүүжилж өгдөг амьдралын хэвшил байсныг дүрсэлжээ.
Зэнэмядар гуай малчин айл Тогтоолын дөрөв дөх хүүхэд болж төрөхөд аав ээжтэй нь айл байсан үр хүүхэдгүй хос тэднээс охиныг нь дахин дахин гуйж, үрчилж аваад, баяр баясгалантай болж, дээдлэн өсгөжээ.  
 
Төрүүлсэн, өсгөсөн аав ээжүүдийнхээ ачыг нь хариулж чадаагүй, үг сургаалыг нь өтөл болсон хойноо ухаарч, өсөх залуу насны алдаа эндлээ эргэцүүлэн бодож байгаа өөрийн амьдралын нэгэн мөчлөгөөрөө үр хүүхдэдээ хэлэх үгээ өөрөөрөө  жишин ёгт утгаар илэрхийлсэн нь монгол ардын уламжлалт сургаал шүлгийн хэлбэрийг хадгалжээ.
 
Монголд үр хүүхдийн мөрөөсөл болж байсан тухай дэлгэрүүлэхэд тухайн үед үр хүүхэд эрдэнэ мэт ховор байв. Учир нь Монголчуудын дунд тэмбүү өвчин өргөн тархаж, үргүйдэл газар авсан байв. 
Энэ нь социализм байгуулах туршилтанд орох Монголчуудын хүн амын тоо хангалтгүй болох тул Зөвлөлт оросууд цаг тухайд нь хариу арга хэмжээ авч, ирээдүйн социалист монгол хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээг хурдан авах шаардлага үүсэж, эмч нарын баг илгээв.
1926-1928 онд Зөвлөлтийн эмч нарын шинжилгээний дүнгээр 18-35 насны эмэгтэйчүүдийн 31% нь үр тогтоох чадваргүй, цэрэгт татагдсан залуучуудын 48.6% нь тэмбүүтэй байв. Оросын эмч П.Шастины тооцоолсноор хүн амын 50% нь буюу 2 хүний 1 нь энэ өвчинд нэрвэгдсэн гэж байв.
Өвчин үүсгэсэн гадаад шалтгаан нь Монголд олноор ирж суурьшсан хятад худалдаачид, дотоод шалтгаан нь сүм хийдийн лам банди нар, бадарчингууд байсан байна.
Үр хүүхэдгүй болгож бас хүний зөөлөн эдийг гэмтээн устгаж,тахир дутуу болгодог нийгмийн халдварт тахал болсон энэ өвчнийг дарахын тулд 1926-1960 онд Зөвлөлт Оросоос 5 удаа эмчилгээний экспедиц зохион байгуулсан. Бүх нийтийг хамарсан энэ эмчилгээний дүнд зөөлөн яр өвчнийг оргүй устгасан. Энэ үеийг “Улаан тарианы үе” гэж нэрлэж байв. 
Хэлмэгдүүлэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалан хүн амын өсөлт зогсонги болж үндэстэн мөхөх хэмжээнд хүрсэн. Өргөн уудам Монгол нутаг хагас сая хүрэхгүй шахуу хүнтэй байлаа.
Үрийн мөрөөсөл болсон айл гэр хэдэн мянгаараа байв. Хүн амын бодлого нь улс орон оршин тогтнохын үндэс суурь тул хүн ам хөгжлийн бодлого чухлаар тавигдав.
1960-1970 онд айл бүрийг олон хүүхэдтэй болгохыг дэмжиж эхэлсэн. Энэ нь “Алдарт эх” 1,2-р одон бий болгов. 5 хүүхэд төрүүлбэл 2-р одон, 8 хүүхэд төрүүлбэл 1-р одон олгож байсан бөгөөд хүүхдээ өсгөхөд зориулан мөнгөн тэтгэмж олгож байсан бол цаг үе, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан 2010 оноос эхэлж 4 хүүхэд төрүүлбэл “Эхийн алдар 2” одон, 6 хүүхэд төрүүлбэл “Эхийн алдар 1” одон болгож болзлыг зөөллөсөн байна.
Үүний дүнд, 
1 дэх сая иргэнээ 1962 оны 2-р сард хүлээн авч Монгол даяар баяр хөөр болжээ.
2 дахь сая иргэнээ 1988.07.11  энэ өдөр төрсөн 25 хүүхдүүддээ байр бэлэглэсэн.
3 дахь сая иргэнээ 2015.01.28 энэ өдөр 200 хүүхэд төрсөн бөгөөд Монголын Үндэсний Статистикийн батламж гардуулсан байна.
Мөн Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь хүн амын өсөлтөнд нөлөөлсөн.1922-1940 оны хооронд нийгмийн бүх давхаргыг хамарч 100000 хүнийг хэлмэгдүүлэн устгасан байна.
800 орчим сүм хийдийг устгаж, 18000 лам нар, алтан ургийн ноёд, тайж нар мөн эх орноо гэсэн сэтгэлтэй шинэ үеийн сэхээтнүүдийг И.Сталиний шахалтан дор бөөн бөөнөөр нь яргаллан устгасан.
Түүнчлэн Монголд тогтож эхэлсэн коммунист үзлээс 45000 иргэн урд зүг Өвөрмонголын ахан дүүсээ түшин хил даван дүрвэсэн байна.
Энэ хэлмэгдэл Монгол айл болгонд их бага хэмжээгээр туссан бөгөөд Зэнэмядар гуайн хүүхэд насанд нь сүүдрээ унагасныг “Хэлмэгдүүлэлт” шүлэгтээ,
Хэнд ч гэм хэрэг хийгээгүй
Хэн ч бай Бурханы ном айлдсан
Эрдэмтэн мэргэн лам нарыг
Эсэргүү дайсан болгон баривчлахад
Хагацаж хоцорсон ах дүү, хамаатан садан нь
Харууслын нулимсандаа живсэн
Шар шувталж хар болох боломж байсан ч
Шажин номондоо үнэнч лам нараа
Өмөөрч тэмцэх эрх ч байхгүй
Өеөдөж сөхөрсөөн, олон түмэн минь
Төр улсынхаа тэнэг шийдвэрийг
Тэрсэлж эсэргүүцэх хүчгүй байсаан
Дэндүү худал хэрэгт унасан хэлмэгдсэдийнхээ хойноос
Дээлтэйгээ хатаж, голоо тасартал гомдож хоцорсоон, нутгийнхан минь
Ардчилсан хувьсгал ялж, ард олны эрх чөлөө тавирхад
Алдаж сураггүй болсон ахан дүүсээ хайж
Архивын материалыг ухаж төнхөн
Амьдадаа хэлмэгдэн буруудатгасаныг нь
Арилгаж цагаатган амиржуулах гэтэл
Алгын чинээ цаасан дээр 
Алдар нэрийг нь ч үлдээсэнгүй 
Нүгэлгүй энгийн хүнийг
Нэргүй гэмтэн болгож устгасан
Хэлмэгдүүлэлтийн муухай жилүүд
Хэзээ ч дахин бүү тохиолдог
 
2007 он
 
Энэ их хэлмэгдүүлэлт нь Монголын оюуны давхаргыг юу ч үлдээлгүй устгаж, харин шинээр хирнээс өөр өмчгүй ядуу ардыг коммунист аргаар хүмүүжүүлэх, өөрсдийн дуулгавартай албат байлгах бодлого байлаа. Иймээс бидний Монголчууд өвөг дээдсээ 2-3 үеэс цааш нэрлэж чадахгүй болсон. Энэ бол манай үндэсний эмгэнэл. 
Эртний соёлт улс, ард түмэн бүхэн өөрсдийн элэнц хуланц, өвөг дээдсийн овгоор өөрсдийн удам угсааны хүнээ таньдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн эцгийн нэрнээс гадна тус удмыг үүсгэсэн элэнц хуланц эцэг өвөөгийн нэр буюу овгоо өөрийн нэртэйгээ хадаж явдаг.Энэ нь өөрсдийн удмын сангаа цэвэр ариун байлгах, цус ойртолтоос сэргийлэх, эцэг эх, ах дүүсээ хүндлэх, холдож хөндийрч, холбоо харилцаа тасарсан байлаа ч өөрийн цусан болон ясан төрлөө овгоороо мэдэж, бахархах, туслах дэмжих хүслийг  сэдрээж байдагт оршино.
Гэтэл Оросууд өөрсдийн овог удмын нэршлээ устгаагүй юм. Яагаад Оросууд өөрсдийн овог удмын сангаа үлдээж, харин Монголчуудыг болохоор зөвхөн төрсөн эцгээр нь овоглуулж, удам судраа мэдэх аргагүй болгосон бэ...Энэ бол их гүрний дээрэнгүй үзэл бодол Монголын хүн амд хийсэн хүн амын геноци байсан.
Эмээ маань өөрийн төрөл төрөгсөдөө судалсан хэмжээндээ өөрсдийн гэрийн ургийн бичгийн суурийг тавьснаар барахгүй өв уламжилж ирсэн нутаг ус,түүндээ зориулсан магтаал шүлэг, өвөг дээдсийн талаарх түүх, болсон болон сургаал, захиасаа “Төгрөг Хайрханыхан” Уб 2013 номондоо бичин гаргажээ.
80 насны сүүдэр давж байгаа эмээдээ улам олон сайхан сүүн цацал шиг шүлгээ тэрлэж , үр хүүхэд ач гучдаа үнэт сургамжаа айлдаж яваарай гэж ерөөе.
 
2020 он. Лондон.
 
80 настай буурай маань нэг хуруу зузаан тооны дэвтэрт өөрийн 50 гаруй шүлгээ цэгцэлж, сурагч охин шиг их л хичээнгүйлэн цэвэрхнээр шүлэгнүүдээ нямбай гэгч нь өрж хайрцаглаж бичсэн нь өхөөрдөм бас хүндэтгэл төрүүлмээр...
 
Цэл залуухан Зэнэмядар гуай
 
Төр засгаасаа ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн Зэнэмядар гуай
 
 
З.Ганболд