sonin.mn

Асуулт: Би эмэгтэйчүүдийн дунд цэвэршилт явагддаг гэж сонсож байсан. Тэтэл саяхан найз маань “Эрчүүд бас цэвэршдэг юм гэнэ. Гэвч тэр нь эрэгтэй хүн бүрт адилгүй илэрдэг. Бас хүнд байдаг бололтой" гэж ярихыг сонсоод санаа зовж эхэллээ. Өнөөдөр дөч хол давсан миний хувьд цэвэршилт эхлэх бол хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгнө үү? Энэ нь мииий насны бүх эрчүүдэд хэрэгтэй болно гэж бодож байна.


Үнэхээр дөч гарсан эрчүүдийн хувьд мэдэж байвал зохих асуудал бол эмэгтэйчүүдийн нэгэн адил эрчүүдийн цэвэршилт юм. Хэрвээ цэвэршилт эхэлж буйн шинж мэдрэгдвэл эрэгтэй хүний байдал маш их өөрчлөгддөг. Учир нь эр бэлгийн гормоны дутагдал бий болно. Эрэгтэй хүн цэвэршилтийн үедээ маш ядрамтгай болж, шөнөдөө хэд хэдэн удаа шээх буюу бэлгийн сулралд автах явдал эхэлдэг. Энэ үед нэн түрүүнд зүрх судасны өвчин үүсэх, гормоны дутагдлаас үүдэн өвчин хүндрэх нөхцөл бүрдэж болох тул эмчид үзүүлэх нь чухал. Дөч гарсан эрчүүд даралт ихсэх, цус харвах, зүрхний шигдээс өвчнийг даамжруулах аюултай.



Асуулт: Би суугаа ажилтай бөгөөд хүнд юм өргөөд байдаггүй ч миний бөөр хааяа өвддөг. Гэтэл олон удаа ойр ойрхон шээгээд байвал түрүү булчирхай өвчилж байгаагийн эхлэл гэх юм. Энэ үнэн үү?


Та хэдэн настай вэ гэдгээс шалтгаална. Шөнөдөө олон удаа шээгээд байгаа нь олон шалтгаанаас хамааралтай. Энэ нь түрүү булчирхайн үрэвсэл байж болно. Мөн түрүү булчирхайн хавдар байж болно. Үрэвслээр гол төлөв залуучууд өвчилдөг. Харин 50-60-аас дээш насныхны дунд түрүү булчирхайн хавдар өвчлөл элбэг байдаг. Мөн энэ хоёр өвчнөөр хавсарсан байж болно. Гэхдээ ахимаг насны эрэгтэй хүн шөнөдөө шээх явдал их байдаг. Зарим үедээ эрэгтэйчүүдийн цэвэршилттэй холбоотойгоо ийм зовиур ихсэх тал бий.

 


Асуулт: Би одоо АНУ-д байдаг. Миний бэлэг эрхтэний толгойн угаар бэржгэр юм гарсан байна. Уг нь би дөрвөн жилийн өмнө өвчин авсан ч эмчлүүлсэн юм. Эмчлүүлснийхээ дараа шинжилгээ өгөхөд зүгээр гэж гарсан. Гэтэл ийм юм гарчихлаа. Энд шинжилгээ өгч эмчлүүлэхэд үнэ нь дийлэхгүй. Одоо би яавал дээр вэ?


Та шинжилгээ өгөөд эдгэрсэн гэдэг нь тогтоогдсон, түүнээс хойш дахин халдвар авах боломжгүй байсан гэж үзэж байгаа бол сандрах хэрэггүй. Бэлэг эрхтэний толгойн угаар гарсан зүйл цагаан өнгөтэй, жижигхэн бэржгэр байхаас гадна тээрхийн арьс улайсан, нимгэн өнгөөр хучигдсан, өнгөрийг арилгахад түлэгдсэн мэт арьс цоохортсон, тээрхий орчим хорсож өвдөх зэрэг шинжүүд илэрч байвал мөөгөнцөрийн гаралтай үрэвсэл байж болно. Энэ нь биеийн эсэргүүцэл суларсан, доорхи дэглэмийг баримтлахад зүгээр болно. Жишээ:

-Бэлэг эрхтэнийг өдөр бүр угаах

-Ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах

-Ямар нэг антибиотик, дааврын гаралтай эм хэрэглэж байгаа бол эмчийн зөвлөгөө авч тохируулах

-Дэглэмийн хугацаанд бэлгийн харыдаанд орж болохгүй



Асуулт:Манай эхнэр жирэмсэн, одоо дөрвөн сартай. Бэлгийн харьцаанд орж болох уу? Мөн хэдэн сартай болтол нь бэлгийн харьцаанд орж болохгүй вэ?


Таны эхнэрийн жирэмслэлтийн хувийн явцад сөргөөр нөлөөлөх нөлөөнүүд байхгүй, гэргий тань өөрөө зөвшөөрч байгаа бол түүнд тохиромжтой байрлалыг сонгон бэлгийн харилцаанд орж болно. Харин өмнөх жирэмслэлтийн явцад зулбах, дутуу төрөх, эхэс нь буруу байрлалтай зэрэг эх барихын хүндрэлүүд гарч байсан, үр хөндүүлж байсан бол заавал мэргэжпийн эмчтэй зөвлөж ярилцах хэрэгтэй.



Асуулт; Би саяхан бэлгийн харьцаанд орсон. Үтрээний гадна таваад эргээд хийсэн. Ийм тохиолдолд хүүхэдтэй болох уу? Тестийг хэр хугацааны дараа хэрэглэвэл баталгаатай хариу гарах вэ?


Гадуур тавих нь уламжлалт аргын нэг. Гэвч жирэмслэх магадлал байдаг. Эрэгтэйн дур хүслийн үед бэлэг эрхтний толгойд чийгтэй юм ялгардаг бөгөөд бэлгийн хавьталд орох эхний үед буюу тавихаас өмнө бэлэг эрхтэнд эр бэлгийн эс агуулагдаж байдаг. Мөн тавьсны дараа дахин бэлгийн хавьталд ороход жирэмслэх магадлал бий. Тестийг 10-14 хоногийн дараа хэрэглэдэг. Мөн цусанд шинжилгээ хийж цусанд жирэмслэлтийн гармон байгаа эсэхийг тодруулж болдог. 3 долоо хоногийн дараа ЭХО-д ургийн цэгийг харж болно.



Асуулт: Би 17 насандаа бэлгийн замын овчин авсан. Тэгээд гэрийнхнээсээ нуугаад ямар нэгэн эмчилгээ хийлгүй эдгээсэн юм. Дараа нь архи уух ч юмуу, халууцахад биен дээр загатнуулсан юм гардаг болсон. Бас бэлгийн харилцаанд ороход бэлэг эрхтэн дээр эхлээд шүүстэй маш их загатнуулсан юм гардаг байж байгаад сүүлдээ жижиг ургацаг шиг юм болсон байна. Тэрнийг оролдохоор цус гардаг, Одоо би 25 настай, эхнэртэй. Минийн эхнэр хүүхдэд энэ өвчин халдах болов уу гэж маш их санаа зовж байна.


Бэлгийн замын халдварыг авсан үед зөв эмчилгээг хийлгээгүй л бол өөрөө аяндаа эдгэрнэ гэж байхгүй. Харин анх илэрч байсан шинж тэмдэг бүдгэрэхийн зэрэгцээ үе үе сэдэрдэг онцлогтой. Танд илэрч буй зовиур халдвар авсныг итгэж байгаа учир цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Тэнд таны нууцыг хадгалахын зэрэгцээ найдвартай үйлчилгээг үзүүлнэ. Хэрвээ шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдвар авсан нь батлагдвал та эхнэрээ зайлшгүй үзүүлэх ёстойг санаарай. Учир нь бэлгийн хосууд хоёулаа эрүүл болсноор халдвар дамжих зам таслагдана. Эцэг эхтэйгээ хамт унтдаг бага насны хүүхэд ялангуяа охид ахуйн замаар халдварыг авчихсан байх нь тохиолддог тул хүүхдээ бас үзүүлээрэй.



Асуулт: Би дөнгөж 40 гарч яваа. Энхэр бид хоёр 3 хүүхэдтэй. Дахиж хүүхэдтэй болох бодолгүй байгаа. Энхэр маань бие муутай болсон болохоор жирэмслэхээс хамгаалж уудаг эм тариа тохирохгүй юм шиг байна. Тэгэхээр би урийн сувгаа боолгохоор шийдсэн. Монголд ийм эмнэлэг байдаг уу? Тухайн хүнийхээ биед ямар нэг сөрөг нөлө үзүүлэх үү?


Үрийн суваг боох аргыг Ионсей эмнэлэг хийж байгаа. Монголд үрийн суваг боохыг хориглосон эсвэл зөвшөөрсөн ямар нэг хуулийн заалт байдаггүй. Ер нь жирэмслэхээс хамгаалах олон арга байдаг. Тэр аргуудтай харьцуулбал үрийн сувгаа боолгох нь хамгийн найдвартай арга. Мөн хүний биед ойрын болоод ирээдүйд үзүүлэх сөрөг нөлөөгүй. Үрийн сувгаа боолгочихоор бэлгийн сулралтай болчих болов уу гэж эрчүүд боддог. Үнэндээ үүнд ч санаа зовохгүй байж болно.



Асуулт: Миний давсагны тэнд бондгор хатуу юм арьсны цаана тэмтрэгддэг. Энэ туруу булчирхайн хатуурал мөн үү? Яагаад ийм өвчин үүсдэг юм бол?


Түрүү булчирхай томрох өвчний үед түрүү булчирхайн шээсний сүвний хэсэг, давсагны амны салст бүрхүүл хоёрын хоорондуур орших усан үзэмний мөчир мэт хэлбэртэй олон булчирхай томордог. Харин түрүү булчирхайн хавдрын үед булчирхайн гадаргуу нь мод шиг хатуу байдаг. Харин давсагны орчим бондгор хатуу юм тэмтрэгдэж байгаа бол эвэрхий эсвэл өөр зүйл байж болох юм. Түрүү булчирхайн томролт хатуурал нь зөвхөн эмч анусаар үзлэг хийхэд л мэдэгдэх болохоос арьсан дор тэр тусмаа давсагны орчимд гаднаас шууд тэмтрэгдэж мэдрэгдэхгүй.



Асуулт: Хоёр төмсөгний хэмжээ нь яг адилхан биш байж болно  гэж дуулсан. Том жижиг төмсөгтэй бол эр хүний эрүүл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлдөг үү? Эсвэл хүүхэдтэй болоход ч юмуу? Хүүхэд байхдаа зодолдож байгаад төмсөг рүүгээ модоор цохиулсан юм. Үүнээс болоод төмсөгний хэмжээ өөрчлөгдөнө гэж бий юy?


Хүний төмсөгний хэмжээ нь адилхан байдаг. Харин нэг нь нөгөөгөө бодвол ялимгүй дор унжсан байрлалд байна. Том жижиг төмсөгнөөс шалтгаалан эр хүний эрүүл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлөхгүй. Мөн хүүхэдтэй болох буюу үр тогтоох чадавхи нь төмсөгний ажиллагаанаас шалтгаалахаас түүний том жижиг хэмжээнээс огт хамаарахгүй. Гадны бэртэл гэмтлээс болж төмсөг бяцрах, няцрах зэрэг өөрчлөлт орсноос томорсон мэт болдог. Үүнийг хэмжээ өөрчлөгдөхтэй холбон ойлгож болохгүй.


Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд"