sonin.mn

“Эцэг эхийн хуралд суухад анги танхимын тохижилт хүүхдэд зориулагдаагүй юм шиг санагдсан. Модон сандалтай, ширээний хоёр талд цүнхээ өлгөхөөр газар шүргэж байна. Хүүхдэд илүү тохилог, биеийн онцлогт нь тохирсон ширээ, сандал хэрэгтэй. Энэ жил нэгдүгээр ангид орсон ач маань биеэр том учраас ширээндээ багтахгүй харагдсан” хэмээн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Цэрэнлхам ярив.


Тэрээр хүүхдүүдийн суралцах орчинд стандартын шаардлага хангасан ширээ, сандал чухал байгааг онцолсон юм. Хүүхдүүд ч мөн цүнхээ өлгөхөөр газарт хүрдэг, сандал чийхарч дуугардаг болохоор тохилог ширээ сандалтай болохыг хүсэж байгаагаа хэлж байв.


Сурагчдын ширээ, сандал хүүхдийн нас, биеийн өндөрт тохирсон байх ёстой. Гэвч өнөөдөр сургуулиудын анги танхимд хүүхдийн хэрэгцээнд нийцсэн ширээ, сандал хэр хүрэлцээтэй байна вэ. Тэдгээрийг шинэчлэхэд ямар хэмжээний төсөв шаардлагатай, улсын төсвийн хөрөнгөөр жил бүр хэрхэн шийдвэрлэж байна вэ. “Зууны мэдээ” сонин 2026 оны аравдугаар сарын 15-ны дугаарын “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ “Арван жил цаасан дээр хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья” нийтлэлийг хүргэсэн. Энэ удаа бид сурагчийн ширээ, сандлын шинэчлэлд шаардлагатай төсөв, санхүүжилтийн асуудлыг хөндөж байна.


Сургуулийн ширээ, сандлын стандартыг яагаад анхаарах ёстой вэ. Нэг хичээл 40 минут үргэлжилдэг. Сурагч өдөрт дунджаар дөрвөн хичээл, долоо хоногт таван өдөр, жилд 35 долоо хоног суралцдаг гэж тооцвол нэг жилийн хугацаанд хичээлийн танхимд суух хугацаа нь 19 хоногтой тэнцэнэ.


Харин 12 жилийн хугацаанд бараг найман сар болно. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургуулийн ширээ, сандалд олон цаг сууж хичээлээ хийдэг учраас тав тухгүй байдлаас гадна эрүүл мэндэд ч сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй юм. Тиймээс хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан ширээ, сандлаар хангах нь зайлшгүй чухал байна.


195 сургууль ширээ, сандлын хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна


Хөгжлийн суурь болсон манай улсын боловсролын салбарт ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль зэрэг 2400 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, 1.2 сая хүүхэд, залуус суралцаж байна. Энэ бол боловсролын салбарын цар хүрээ, нийгэмд эзлэх байр суурийг илтгэх тоо. Тиймээс боловсролын төсвийг нэг салбарын санхүүжилт гэж харах боломжгүй. Энэ нь өнөөдрийн хүүхэд, залуусын суралцах орчин, маргаашийн улс орны хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. "Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлгийн үеэр судалгаанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын 62 хувь нь шинэ байр барих, өргөтгөл хийх хэрэгцээтэй байгааг дурджээ.


Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй анги танхимтай 154, спорт заал, цайны газрын хэрэгцээтэй 126, нэг ангид ногдох хүүхдийн тоо 35-аас давсан 87 сургууль байна.


Сургуулиудаас ирүүлсэн хэрэгцээний саналд спорт заалны асуудал хамгийн өндөр буюу 239 сургуульд тулгамдаж байгааг дурджээ. Мөн 165 сургууль дугуйлан, секц хичээллэх зориулалтын танхим шаардлагатай гэж хариулсан байна. Санал асуулгад оролцсон ерөнхий боловсролын сургуулиудын 50 хувь нь цайны газаргүй бөгөөд сурагчид анги танхимдаа хооллодог гэсэн дүн гарчээ.


Сургуулийн захирлуудын саналд 269 сургууль шинэ байр барих, 195 сургууль ширээ, сандлын хангалтыг нэмэгдүүлэх, 136 сургууль анги дүүргэлтийг 35-аас доош болгох шаардлагатай гэж үзсэн байна.


Сургууль, цэцэрлэгийн барилга барих нь сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал. Гэхдээ хүүхдүүдийн суралцах орчныг бүрдүүлэхэд сургалтын тоног төхөөрөмж, ширээ, сандлын хангалт мөн адил анхаарал шаарддаг. “Боловсролын салбарын төсөв” хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан “Сургалтын тоног төхөөрөмжийн хангамж” сэдэвт санал асуулгаар хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 77 хувь нь сургалтын тоног төхөөрөмж багш, сурагчдад хүртээмжгүй гэж хариулжээ. Харин сургуулиудын 19.6 хувь нь ширээ, сандлаар бүрэн хангагдсан, 80.4 хувь нь бүрэн хангагдаагүй гэсэн судалгаа гарсан байна.


Гурван жилд 22.2 тэрбум төгрөгөөр ширээ, сандал худалдан авчээ


Боловсролын салбарт жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоног төхөөрөмж, ширээ, сандлын хангалтыг сайжруулж иржээ. Улсын хэмжээнд жил бүр 80 гаруй боловсролын байгууллагын барилга байгууламж шинээр ашиглалтад ордог тул эхний ээлжид эдгээр байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, төсвийн боломжийн хүрээнд бусад байгууллагад нөхөн хангалт хийдэг байна.


Тодруулбал, 2024 онд боловсролын салбарын тоног төхөөрөмжийн худалдан авалтад 30 тэрбум төгрөг зарцуулснаас 3.5 тэрбум төгрөгөөр 9300 ширээ, 14.600 сандал худалдан авчээ.


Харин 2025 онд тоног төхөөрөмжийн худалдан авалтад 67.2 тэрбум төгрөг зарцуулснаас 8.2 тэрбум төгрөгөөр 20.500 ширээ, 32.120 сандал, 2026 онд 74.5 тэрбум төгрөгөөс 10.5 тэрбум төгрөгөөр 30.952 ширээ, 43.125 сандал тус тус худалдан авсан байна.Ингэснээр сүүлийн гурван жилд нийт 22.2 тэрбум төгрөгөөр 60.752 ширээ, 89.845 сандал худалдан авч, жилд дунджаар 7.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулиудын хэдэн хувь нь стандартын шаардлага хангасан ширээ, сандалтай вэ. Энэ талаар БЕГ-ын дарга Х.Тамираас тодруулахад “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын нас, биеийн онцлог, эрүүл ахуй, сургалтын орчны шаардлагад нийцсэн стандартын ширээ, сандлаар хангаж ирсэн. Гэхдээ ширээ, сандал өдөр тутам ашиглагддаг учраас цаг хугацааны явцад элэгдэж, хуучрах, эвдрэх зэргээр шинэчлэх хэрэгцээ тогтмол үүсдэг. Иймээс өнөөдрийн байдлаар стандартын шаардлага хангаж байгаа ширээ, сандлын эзлэх хувийг сургуулиудын ашиглалт, элэгдэл, тооллого, стандартын нийцлийн мэдээлэлд үндэслэн нарийвчлан тогтоох шаардлагатай.


Ширээ, сандлын шинэчлэлийн хэрэгцээ нь сургууль бүрийн ашиглалтын хугацаа, элэгдэл, эвдрэл, сурагчдын тоо, анги танхимын зохион байгуулалтаас хамааран харилцан адилгүй байна.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орж буй сургуулиудыг эхний ээлжид бүрэн тоноглож, үлдсэн төсөв, тоног төхөөрөмжийн нөөцөөр ашиглагдаж байгаа сургуулиудад нөхөн хангалт хийж байна. Мөн аймаг, нийслэл, орон нутгийн удирдлага өөрсдийн төсвийн боломжийн хүрээнд орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийн ширээ, сандлын шинэчлэлийг шийдвэрлэдэг. Одоогоор улсын хэмжээнд шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын баталгаажсан нэгдсэн хувь байхгүй. Тиймээс бодит хэрэгцээг сургуулиудын тооллого, судалгаанд үндэслэн тодорхойлж, нөхөн хангалтыг үе шаттай хэрэгжүүлж байна” гэлээ. Ширээ, сандлын хангамжийг сайжруулах хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад оруулж буй сургууль, цэцэрлэгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахыг тэргүүлэх чиглэл болгожээ. Үүний зэрэгцээ төсвийн боломжийн хүрээнд зарим сургуулийн хуучирсан ширээ, сандлыг нөхөн шинэчилж байгаа аж.


Мөн 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан сурагчид багаар ажиллах, хамтран суралцах, анги танхимын зохион байгуулалтыг өөрчлөх боломжтой ширээ, сандлаар улсын хэмжээнд хангах ажлыг төлөвлөсөн байна.


Энэ нь хүүхэд төвтэй сургалт, сурагчдын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг дэмжих сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэж байгааг БЕГ-ын дарга онцоллоо. Цаашид шинээр ашиглалтад орж буй сургуулиудын тоног төхөөрөмжийн анхан шатны хангалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ ашиглагдаж байгаа сургуулиудын ширээ, сандлын элэгдэл, шинэчлэлийн хэрэгцээг бодитой тодорхойлж, улсын болон орон нутгийн төсвийн боломжид тулгуурлан нөхөн хангалтыг үе шаттай үргэлжлүүлэх шаардлагатай байна.

 

Ширээ, сандлын тоо хангалттай ч чанар, насжилтын асуудал хэвээр байна


2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сандлын тоо 480 мянгад хүрч, өмнөх хичээлийн жилээс 6.79 хувиар нэмэгджээ. Гэвч ширээ, сандлын тоо өссөн нь сургууль бүрийн хэрэгцээ бүрэн хангагдсан гэсэн үг биш юм. Өмнө дурдсан судалгаанд сургуулиудын 80.4 хувь нь ширээ, сандлаар бүрэн хангагдаагүй гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүд ширээ, сандалгүй хичээллэж байгаа гэсэн үг биш. Харин одоо ашиглаж буй ширээ, сандлын чанар, насжилт, стандартын нийцэл, шинэчлэх хэрэгцээг нарийвчлан тогтоох шаардлагатайг харуулж байна.


Цаашид ширээ, сандлын стандартын хэрэгжилтийг бодитоор үнэлж, сургуулиудын хангалт, эвдрэл, элэгдлийг бүртгэдэг нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй.


Ингэхдээ сурагчдын нас, биеийн онцлогт тохирсон хэмжээ, ширээ, сандлын ашиглалтын хугацаа, эвдрэл, элэгдэл, анги танхимын ачаалал, ээлжийн зохион байгуулалтыг хамтад нь тооцох шаардлагатай байна. Энэ талаар Ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн захирал Б.Зээрээ “Сурагчдын ашиглаж байгаа ширээ сандал өдөрт 7-8 цаг суугаад хичээл хийхэд тохиромжгүй, стандартын шаардлага хангадаггүй. Мөн тухайн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийдэг газрууд хүргэлт хийдэг хувилбарт орох зөв гэж харсан. Нөхөн хангалтын зардал гэж ярьдаг ч сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулиудад энэ зардал тавигдаагүй. Уг зардлаар сургуулиуд өөрсдөд нь дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, ширээ, сандал болон бусад хэрэгцээт зүйлээ авах боломжтой байдаг. Тиймээс цаашид энэ зардлыг төсөвт суулгаж өгөхийг хүсэж байна” гэлээ.


Тоног төхөөрөмжийг тогтмол хангах төрийн бодлого хэрэгтэй байна


Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн захирал Гантогоо “Сургуулийн орчин бол элэгдэл, хорогдол их гардаг, хамгийн их хөдөлгөөнд ордог шинэчлэл шаардлагатай салбар. Тиймээс энэ салбарын тоног төхөөрөмжийг жил бүр шинэчлэх зайлшгүй хэрэгтэй. Нэг удаа хөрөнгө оруулаад орхих биш тоног төхөөрөмжийг тогтмол хангах төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ширээ сандлын тоо бол хангалттай байгаа. Сургууль бүрд илүүдэл ширээ сандал бий. Харамсалтай нь, тэр нь хэрэгцээ шаардлага хангахгүй, дахин гагнаж засах боломжгүй байдаг.


Нэг ширээ сандал нэг хүүхэд суух ёстой бол манай сургуульд өнгөрсөн жил гурван ээлжээр хичээллэсэн учраас гурван хүүхэд сууж байсан. Ингэхээр хурдан эвдэрчихдэг. Эвдэрсэн ширээ сандлаа агуулах талбай байхгүй.


Би боловсролын салбарт 32 жил ажиллаж байгаа. Анх багшаар ажиллаж байхдаа эцэг эхчүүдийн дэмжлэгээр ширээ сандлын асуудлыг шийдчихдэг байсан бол одоо тийм юм байхгүй. Тиймээс манай багш нар шинэ ширээ сандалд оочирлож байна. Ирж байгаа ширээ сандал нь чанарын шаардлага хангахгүй, дахин ашиглах боломжгүй, цахим дэлгүүрийнх нь сонголт муу байдаг” гэлээ. Харин ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн нягтлан бодогч Н.Алтанцэцэг “Ерөнхий боловсролын сургуулиудын материаллаг орчин сайжирч байгаа хэдий ч сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, ширээ, сандал, лабораторийн хэрэгсэл бүрэн хангагдаагүй. Цаашид бодит хэрэгцээнд тулгуурлан төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарах шаардлагатай. Сурагч бүрд аюулгүй, хүртээмжтэй, чанартай сургалтын орчин бүрдүүлэх нь чухал.


Нийслэлийн хүн амын төвлөрлөөс шалтгаалан зарим ангид 35-45, түүнээс дээш хүүхэд суралцаж байна. Энэ нь ширээ, сандлын хоорондын зай, анги танхимын зохион байгуулалтад хүндрэл учруулдаг.


Ширээ, сандал байгаа ч ашиглалтын хугацаа нь дууссан, актлах шаардлагатай болсныг нэгийг нөгөөгөөр нөхөж, хоёр ширээг сэлбээд акталж ч чадахгүй подвалдоо хураагаад ашиглаж байна.


Тиймээс 2027 оны төсөвтөө нөхөн хангалтын зардлыг суулгаад өгвөл байгууллагын сургалтын тоног төхөөрөмжөө тодорхой хэмжээнд хангах боломж бүрдэнэ” гэдгийг онцолсон юм. Нөхөн хангалтын зардал тавигдаагүйгээс ширээ, сандал зэрэг сургалтын орчны асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна гэдгийг мөн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал Тунгалаг хэлж байлаа. Тэрээр “Нөхөн хангалтын зардлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн Tender.mn буюу цахим худалдан авалтын асуудлыг эргэн харах шаардлагатай байна.


Зарим тоног төхөөрөмж, ширээ, сандал үнэтэй, зарим хэрэгцээтэй бүтээгдэхүүн сонголтод байдаггүй зэрэг хүндрэл гардаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Тиймээс Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед сурагчдын нас, биеийн онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан ширээ, сандлын шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвт тусгах хэрэгтэй байна. Ингэхдээ сургуулиудын бодит хэрэгцээ, ашиглаж буй ширээ, сандлын тоо, чанар, элэгдлийг харгалзан нөхөн хангалтын зардлыг төлөвлөх нь чухал юм. Мөн сургуулиудын бодит хэрэгцээг нарийвчлан тогтоож, хөрөнгө оруулалтыг түүнд нийцүүлэн хуваарилах шаардлага тулгарч байгаа нь харагдаж байна.

 


Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин