sonin.mn
Одоо бид ковидтой зэрэгцэж ажиллаж амьдрах боллоо. Ковидгүй үед бүх бизнесийг хааж, хүмүүсийг ядууруулж туйлдуулсан болохоор ковид тархаж буй ид өвлийн хүйтэнд гэр гэртээ нам суух нөөц хэнд ч үлдсэнгүй. Хоолгүй болохын хэрээр ажлын байраа нээх дарамт улам ихсэж буйг Засгийн Газар сая л олж харав бололтой. Бас тархалтыг хумьж барих бүх оролдлогууд нь талаар болов. Үүнд очер үүсгэх, автобусанд бөөгнөрүүлэх, очерийн урдуур авилгадах, тусгаарлалтыг хэт удаан хугацаагаар зохион байгуулах гээд олон алдаанууд нь нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ өнөөдөр амьдралын шинэ горимд орохгүйгээр аюулгүй ажиллаж, сурч, орлого олох боломжгүй болсноос л хойш ямар горимд шилжихийгээ дор дороо ярилцах цаг болжээ.
Дотроо халдвар эрт алдсан ч амжилттай даван туулж чадсан хоёр орон өнөөдөр дэлхийн сайн туршлага болж яригдаж байна. Тайвань ба Израйль.
Тайваны хувьд хилээ хаах арга хэмжээг эрт авсан. Түүгээрээ манайхтай төстэй. Гэхдээ Тайвань гадаадын иргэдэд хилээ хааж, дотоодын иргэдээ чөлөөтэй нэвтрүүлсээр байв. Гадаадаас ирсэн иргэдээ болон халдвар авсан иргэдээ 14 хоног тусгаарласан байна. Тэд шинжлэх ухааны баримт мэдээлэлд тулгуурлаж 14 хоног гэдэг тоог яс баримталжээ. Хамгийн сонирхолтой нь тэнд сургуулиа хаагаагүй. Хүүхдүүдийн халууныг тогтмол хэмжиж, амны хаалт зүүлгэж, гарыг нь тогтсон цагт угаалгаж байсан байна. Ганц Тайвань гэхгүй өөр улсуудад байдал хяналтаас гарч хүндрэх хүртэл боловсролын байгууллагыг хаах нь буруу гэж үзсэн. Үүнийг  тэд хоёр үндэслэлээр тайлбарлаж байв. Нэгдүгээрт, хоёр гурван жилийн дараа өвчин дарагдана, харин амьдрал үргэлжилнэ. Тэр үед боловсролтой хүмүүс хэрэг болно. Хоёрдугаарт, ерөнхий боловсролын сургууль дээр хүүхдүүдийн халуун үзэх, амны хаалт зүүлгэх, гараа угаах зэрэг нь нийтийн эрүүл мэндийн маш сайн сургалт болох тул ирээдүйд учрах аюулаас хамгаална хэмээн үзсэн.
 
Тайваньчууд бизнесийг хаасангүй. Харин үйлчлүүлэх хүмүүсийн тоо, ажиллах цагийн хуваарь, эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм зэргийг нарийн зааж өгсөн ба зөрчсөн нь тогтоогдвол торгуулийн арга хэмжээ авсан. Торгууль нь их өндөр. Нэг сая тайвань доллар буюу 35 мянган америк долларын хэмжээтэй асар өндөр торгууль хүлээлгэсэн. Энэ нь монгол төгрөгөөр 100 сая төгрөгийн торгууль гэсэн үг юм. Иргэдийн хувьд ч хөл хорионд байх журмыг зөрчсөн бол дээрхи үнийн дүнтэй торгуулийг мөн төлөхөөр журам гаргасан.  
 
Тайваньчууд хоол унд, орлого, боловсролоороо тасалдахгүй амьдрангаа хариуцлагын өндөр торгуулиас сэрэмжилж байсан тул сахилга хариуцлага чангарч, тархалтыг хамгийн бага байлгаж чадсан орон болж дэлхийд ялгарч чадав.
Харин Израйль улс хөл хорио зэрэг түр зуурын арга хэмжээг бусад улсын адил зохион байгуулсан боловч хамгийн гол гарц нь вакцин хэмээн үзэж вакциныг гарган авах магадлалтай олон үйлдвэрт зэрэг хөрөнгө оруулсан байна. Өвчин гармагц бүх том эм үйлдвэрлэгчид, вакцин үйлдвэрлэх боломжтой газруудыг судлан хандаж, анхны вакцин бэлэн болмогц нь худалдан авах захиалгуудыг өгч, аль нэг нь түрүүлж үйлдвэрлэмэгц бүх иргэдээ вакцинжуулах бэлтгэлийг хангаж ирсэн байдаг. Энэ ажил нь үр дүнгээ өгч Израйль улс дэлхийд хамгийн түрүүнд вакцин худалдаж авч, 2021 оны 01-р сарын 01-ний байдлаар хүн амыхаа 10-аас дээш хувийг вакцинжуулаад байна. Одоо Израйлчууд 2-р сарын сүүл гэхэд бүх нийтээр вакцинд хамрагдах төлөвлөгөөтэй байна. Энэхүү ажлыг Ерөнхий сайд нь шууд өөрийн мэдлийн хүрээнд удирдаж ажилласан байна. 
Бусад улс орнууд баян хөгжилтэйгээс хамааралгүйгээр анх удаа ковид-19-тэй нүүр тулж байгаагаас болж ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа боловч нэг зүйл дээр бүгд ижил байгаа. Сургууль болон жижиг бизнесүүдийг эцсийн мөч буюу байдал асар хүндрэх хүртэл боломжийн бүх түвшинд нээлттэй байлгаж байгаа. Үүний тулд ажлын горимыг өөрчилж шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна. Одоо дэлхийн хаана ч “бид шинэ горимд орсон” гэдэг яриа энгийн яриа болж байна. 
Монголд хүн бүр вакцинд хамрагдаж дуусахад хэдий хугацаа шаардлагатай байгаа, төдийчинээ хугацааны дотор бид шинэ горимд ажиллах хэрэгтэй боллоо. Шинэ горим тогтоохгүйгээр бизнесээ үргэлжлүүлэх, боловсролоо авч үлдэх боломжгүй байна.  
Ингээд ажил олгогч нартаа хандаж шинэ цагийн ажлын байрны хамгийн наад захын шаардлагын талаар сануулья. Мэдээж та бүхэн өөр өөрийн чиглэлдээ ажлын горимоо яаж өөрчлөх талаар судалгаа хийж байгаа буй заа. Гэхдээ гарын дор шийдэж болохуйц урьчилан сэргийлэх доорх ажлуудыг шинэ горимдоо оруулахыг зөвлөж байна.
 
1. АГААРЖУУЛАГЧГҮЙ ӨРӨӨНД ХҮН БҮҮ АЖИЛЛУУЛ. 
 
Ажлын байрыг агааржуулах нь халдварыг агаараас хөөж зайлуулахад нэн чухал байна. Халдварын вирус ямар нэг гадаргуу дээр унахаасаа өмнө агаарт дэгдэж байх бөгөөд 15-20 минут тутамд салхивчаа нээх, эсвэл өрөөний агааржуулагчийг ажиллуулах замаар халдвартай агаарыг өрөөнөөс хөөн зайлуулах хэрэгтэй болно. Харин агааржуулагчгүй өрөө бол халдварын голомт болох нигууртай юм. Иймээс хэрэв танай компаний аль нэг өрөө салхивчгүй, агааржуулагчгүй бол тэр өрөөнд хүн бүү ажиллуул. Ажилтны ажлын байрыг агааржуулагчтай өрөө рүү нүүлгэх хэрэгтэй.  
 
2. МАСК ЗҮҮЛГЭ
 
Бүх ажилтандаа маск зүүхийг шаард. Бүх үйлчлүүлэгчийгээ масктай үйлчлүүл. Хоолны газарт бол яг хоол идэхээс бусад үед маскаа зүүнэ үү гэсэн бичгийг энд тэндгүй сануулж бичиж наа. Маск бол бидний хамгийн найдвартай туслах. Гаднаас цантсан макстай хүн орж ирэхэд хуурай маск-ийг авч зүүх боломжтой байлга. Маскаа авч солихдоо хаана яаж хаях талаар зааварчилгаа байлга, хэрэглэсэн маскийг аюулгүй хаях хогийн сав байлга. Хогийн савыг цэвэрлэх хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах бээлий, уут байлга. Хүнд ойр ажилладаг үсчин, гоо сайхан, маникюр, педикюр зэрэг үйлчилгээний газарт ажиллаж буй хүмүүст маскаа ойр ойрхон солих боломжтой байлгах хэрэгтэй. Маск нь сул нэхээстэй даавуугаар хийсэн байж болохгүй. Нарийн чигж даавуугаар давхарлаж хийсэн байх буюу эсхүл эмнэлгийн стандартын нэг удаагийн маск байх нь зохимжтой. Нэг давхар даавуу, эргүүлдэг оролттой маск, нэхмэл маск нь хамгаалалт болохгүй. Маскгүйгээр нүүрний хаалт хийж ажиллаж болохгүй. Нүүрний хаалт нь зөвхөн нүдийг хамгаалж байгаа тул заавал маск зүүх шаардлагатай. Хэлгүй, дүлий хүнд үйлчилж байгаа тохиолдолд тунгалаг маск хэрэглэж болно, эсвэл бүрэн тусгаарлагдсан шилэн цонхны цаанаас үйлчилж болохоор зохион байгуулна.
 
 
3. ГАРАА САВАНДАЖ УГААХ БОЛОМЖГҮЙ ОРЧИНД ХҮН БҮҮ АЖИЛЛУУЛ.
 
Ажилтан болон үйлчлүүлэгч гараа ойр ойрхон угаах шаардлагатай. Вирус агаарт дамжиж хэсэг хөвж байгаад хөнгөн ч болов жингээрээ газрын татах хүчинд татагдан гадаргуу дээр унаж тогтож байгааг анхаар. Тэр нь ширээний тавцан, аяга халбаганаас авахуулаад гар утсанд ч хамаарна. Тэр гадаргуунд хүрч байгаа л бол халдвар авах магадлалтай байгаа. Иймд хүмүүс гараараа нүүрээ янзлах, ам хамартаа хүрэхийн өмнө заавал гараа савандаж угаах шаардлагатай. Гар савандаж угаах усгүй, савангүй газарт хүн ажиллуулж болохгүй. Ажлын байр нь дэд бүтцэд холбогдоогүй байсан ч гар угаах цэгийг бий болгох хэрэгтэй.  Ажилтан ажлынхаа өрөөнд гарын тостой байх хэрэгтэй. Гарын тос түрхэж арьсны хагаралаас хамгаалах хэрэгтэй.
 
4. ХОЁР МЕТРИЙН ЗАЙ БАРИХ ДЭГ ТОГТОО.
 
Хэрэв танай байгууллага, аж ахуйн нэгжид ажилтнууд хэт ойрхон байрлаж суудаг бол суудал алгасуулж ажлын байрыг зохион байгуулах буюу эсвэл зарим ширээ сандал, төхөөрөмжийг зайтай болгож хөдөлгө. Хэн ч хэзээ ч ажлын байрандаа байхад хоорондоо халдвар тараахгүйгээр байрлалыг ажлын байрандаа зохион байгуул. Үүнд дэлхийн бүх л судлаачид янз бүрээр судалж үзээд 2 метрийн зайг аюулгүй зай гэж үзсэн байна. Энэ нь маск зүүсэн хоёр хүн хоёр метрийн зайнаас бие биедээ халдвар тараахгүй гэсэн үг юм. Ресторан, хоолны газрын ширээ хол хол зайтай байрлах хэрэгтэй, өдөртөө үйлчилдэг хүчин чадлаасаа зааландаа бага хэмжээгээр үйлчлэх хэрэгтэй болно. Харин зайны үйлчилгээгээ нэмж, үдийн хоол хүргэлтийг зохион байгуулж болно. Хэрэв сургууль ажиллуулж байгаа бол сурагч, оюутны ширээний зайг 2 метрээр тогтоож, нэг ширээнд нэг хүүхэд суулгана. Боловсролын байгууллагын бусад горимыг ард нэмж тайлбарлах болно.
 
5. СУУРЬ ӨВЧТЭЙ АЖИЛТНАА ГЭРЭЭС НЬ АЖИЛЛУУЛ.
 
Сахарын диабет, зүрх судасны өвчин, уушигны архаг бронхит зэрэг суурь өвчтэй ажилтнуудыг ажлын байранд ирүүлэхгүйгээр ажлыг нь гэрээр нь хуваарилж зохион байгуулах нь дээр байна. Учир нь ийм суурь өвчтэй хүмүүст халдвар хүндээр тусч үхлийн аюул занал шууд ирж байгаа нь дэлхий даяар харагдаж байна. Суурь өвчтэй хүмүүсийг ажлын байранд заавал авчрах хэрэг гарвал бусад хүмүүстэй гар барих, хэт ойртох боломжгүйгээр зохион байгуулж, эсвэл тийм боломжгүй ажлын байр байгаа бол тухайн хүнийг халдвараас урьдчилан сэргийлэх бүрэн хувцас хэрэглэлээр хангаж ажиллуулах хэрэгтэй. Үүнд: олон удаа сольж болох хангалттай тооны маск, бээлий, нүүрний хамгаалалт, нэг удаагийн малгай, аюулгүй халад, гутлын уут зэрэг болно. Бусад хүмүүсийн хөнгөн ханиад шиг тусаад өнгөрөх өвчин эдгээр хүмүүст амь насаараа дэнчин тавих түвшинд нөлөөлөх тул ийнхүү онцгой анхаарал тавих ёстой.
 
6. ГАДАРГУУД АРИУТГАЛ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ
 
Шал, ширээ, ажлын багаж зэрэг гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэх шаардлагатай. Спирттэй уусмалаар компьютерийн товч, хаалганы бариулыг арчих, хүмүүсийн хамгийн их хүрдэг товчлуур, бариулыг онцгойлон цэвэрлэдэг байх хэрэгтэй. Ариутгалын журам зааврыг УОК-оос явуулж буй мэдээлэл, Эрүүл мэндийн яамны веб хуудас, фейсбүүк пейжээс авч ном журмын дагуу хийхэд үр дүнтэй. 
 
7. ОЛОН ХҮНИЙ ГАР ДАМЖИХ ЗҮЙЛСИЙГ ХАЛЖ СОЛЬ
 
Хэн нэгэн хүн вирустэй гадаргуунд гараараа хүрч гэж бодьё. Тэрбээр гараа угааж амжаагүй байхдаа дараагийн зүйлийг барьж авлаа гэж бодьё. Ингээд олон хүний гар дамждаг ямар нэгэн зүйлд уг халдвар наалдаж үлджээ гэж бодьё. Тэгвэл тэр зүйлийг угааж цэвэрлэх боломжгүй байж болох юм. Жишээлбэл мөнгөн дэвсгэрт, эсвэл рестораны меню. Ийм олон хүний гар дамждаг, ариутган цэвэрлэх боломжгүй зүйлсийг багасгах, болж өгвөл халж солих хэрэгтэй болж байна. Гадаад орнууд рестораны менюг гар утас руу явуулж байна, апп дээр байрлуулж байна, эсвэл том хуудсан дээр хэвлүүлээд ширээний шилэн тавцан дор тавих, хананд хадах зэргээр толилуулж байна. Хамгийн гол нь меню гэдэг цаасыг олон гар дамжуулж бариулахгүй л гэж тэр. Түүнтэй адилаар олон ажилтан нэг багажийг дамжуулж ашиглах нь бас аюултай гэж үзэж байна. Ажилтан зөвхөн өөрөө хэрэглэх багажны багцтай байх нь эрүүл ахуйн шаардлага хангах болсон байна. 
 
8. БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХЭЭС СЭРГИЙЛ
 
Бизнесийн байгууллагын үйлчилгээ удааширч, бөөгнөрөл үүсэхээс бүх талаар сэргийлэх хэрэгтэй юм байна. Үүний тулд хамгийн эрэлттэй үйлчилгээний цонхны тоог нэмэгдүүлэх, очер бага байлгахад анхаарах ёстой аж. Бас зайлшгүй урт дараалал үүсэх бол хүмүүсийг хол хол зайтай хүлээлгэх сандал байрлуулах, дарааллын тууз байрлуулах буюу дугаарын машинаар дугаар өгөх гээд олон аргаар бөөгнөрлөөс сэргийлж болно. Гэхдээ хамгийн гол арга хэмжээ бол бөөгнөрөл үүсгэхгүйгээр бага багаар жигд үйлчлэх үйлчилгээ юм. Ингэхийн тулд хүчин чадлаа зарлах хэрэгтэй. “үдээс өмнө 2 цагт багтаж 10 хүнд үйлчлэх хүчин чадалтай” гэх мэт мэдээллийг ил байлгавал хүмүүс цагаа дэмий үрж олноороо очерлохгүй болно. Бөөгнөрөл үүсгэдэг, замбараагүй байдал бий болгодог “дайсан” бол авилга, арын хаалга юм. Хүмүүсийн цагаа тооцоолоод байж байгаа дугаарлалтыг хэн нэгэн “тусгай” үйлчилгээний арын хаалга эвдэх тохиолдолд хүмүүс бухимдаж зайгаа авахаа мартан шавааралдаж бөөгнөрөл үүсдэг. Иймээс шударга ажиллах нь эрүүл мэндийг хамгаалах нэг том хамгаалалт юм. 
 
9. ХАРИЛЦААГАА НЭМЭГДҮҮЛ
 
Ковидын үед аюулаас урьдчилан сэргийлэх нэг цоо шинэ шаардлага бол харилцааны ур чадварын шаардлага байна. Байгууллага, компаний удирдлага ажилтнуудтайгаа, ажилтнууд нь үйлчлүүлэгч нартайгаа яаж харилцана, тэнд аюул их бага байх нь түүнээс шалтгаална. Харилцаа нээлттэй, эелдэг, харилцан асуудлаа бүрэн ярилцаж чадахуйц байх хэрэгтэй. Хэн нэгэн нь сүрдүүлж, сүрдэж харилцааны хомсдол үүсгэвэл амин чухал мэдээлэл хүрэх эзэндээ хүрч чадахгүй болж халдварыг алдах аюултай юм. Иймээс хаана юу дутагдаж байгаа, яавал халдваргүй орчин бий болгохов, яавал халдвар авсан хүнээ хурдан тусгаарлаж ажлаа алдагдуулахгүйгээр үргэлжлүүлэхэв гэх мэт алхам тутамд илэн далангүй зөв мэдээлэлтэй байх ёстой болж байна. Мөн тухайн байгууллага, аж ахуйн нэгж хаалга, хана, цонх, ширээ гээд хаана л хүн харж болох орон зай байна, тэр бүхэнд ажлынхаа горим, журам, анхааруулгыг хүнд харагдахуйцаар бичиж, зурж, үзүүлж харилцаатай байх хэрэгтэй. 
 
10. ГАДААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМ, ГЭХДЭЭ ДУЛААН БАЙЛГА
 
Сонирхолтой нь, ковидын халдвар гадаа түгэх нь бага, дотор орчинд их байгаа.  Иймд гадаа ганцаараа алхаж яваа хүн маск зүүх ч шаардлагүй гэж үзэж байгаа. Гадаах байдлын ийм аюул багатай нөхцөл нь машин засвар, дугуй засвар зэрэг гадаа болон хагас гадаа хийгддэг ажилд таатай мэдээ юм. Олон оронд ресторан зэрэг дотор үйл ажиллагаа явуулдаг бизнесийнхэн сандал ширээнийхээ тоог хасч дотор олдог орлого нь буурч байгаагаа гадаах үйлчилгээгээ нэмэгдүүлэх замаар нөхөж байна. Хоолыг машинаасаа буулгүйгээр захиалж авдаг бизнес илүү дэлгэрч байна. Үүнтэй адилаар боломжтой бүхий л аргаар бизнесийнхээ тодорхой хэсгийг  гадаа гаргах талаар анхаарч болно.  
 
Гадаа ажиллаж буй ажилтнаа дулаан байлгах талаар анхаар. Хөл гар дулаацуулагч, дулаан хувцас зэргээр хангаж болно. Эсвэл гадаа байх цагийг багасгаж ээлжийг хурдан сольж болно. Мөн дотор ажилладаг ч маш хүйтэн өрөөнд байгаа ажилтны дархлаа унах аюултай тул дотор өмсдөг дулаан хувцсаар хангах, эсхүл өрөөг нэмж дулаацуулах арга хэмжээ авах хэрэгтэй.
 
11. ОНЛАЙН АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛ
Интернет, харилцаа холбооны технологийн буянаар бичгийн ажлууд, оффисын олон ажлын байр гэрээсээ ажилладаг хэлбэрт шилжлээ. Магадгүй ковидоос үлдэх ганц эерэг ололт нь энэхүү дижитал шилжилт байж мэднэ. Энэ хэв маягийг улам өргөжүүлэх хэрэгтэй байна. Онлайн ажлын байрыг нэмэгдүүлж, онлайн төлбөр тооцоог энгийн зүйл болгох нь дараа дараагийн олон хямралыг давах гарц болно. Онлайн ажлын байр нэмэгдэхийн хэрээр оффисын түрээс багасах ач холбогдолтой бөгөөд, харин онлайнаар ажиллаж буй ажилтанд компьютер зэрэг ажлын багаж хэрэгслийг хангах, утас, интернэтийн төлбөрийг төлөх, хэрэв ажилтан хувийн төхөөрөмжөө ажилдаа ашиглаж байгаа бол хувийн төхөөрөмжийн элэгдлийн төлбөрийг төлөх зэрэг өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэлдээ тусгах хэрэгтэй юм.
 
12. АРИУН ЦЭВЭР, ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН ХАНГАЛТЫГ САЙН БАЙЛГА
 
Дээрх бүх зүйлийг тооцож ажиллаад ч “материал хэрэгслийн хангалт” гэдэг зүйлийг мартвал бүх зүйл ач холбогдолгүй, үр дүнгүй болно. Өдөр бүр ажлын байранд хангалттай их нөөцтэйгээр байх ёстой зүйлсийг жагсааж, хангалтыг тасралтгүй хийх шаардлагатай болно. Үүнд: маск, саван, ус, ариутгах шингэн, халуун хэмжигч, белизна заавал байх ёстой юм. Жорлонд цаас заавал байх ёстойн адил эдгээр зүйлс ажлын байран дээр заавал байх ёстой болж байна. Мөн хамар хоолойд халдвар эхлээд үүрлэж байгаа тул хүн ажлынхаа байран дээр хоолой зайлж болох зүйлс байх хэрэгтэй. Үүнд хүнсний сода байхад болно. Ажлын байранд хүн бүр өөрийн аягатай байж хамар хоолойн ариун цэврийг зөвхөн өөрийн аягаар дамжуулж сахих хэрэгтэй.
Ажлын байранд байх ёстой бас нэг хангалт бол витамин, дархлаа дэмжих ундаа жүүс зэрэг юм. Хүмүүсийг хөгжилтэй, дархлаа сайтай байлгах нь амин чухал болоод байна. Үдийн хоолонд явах завгүй, хоолны газар хол, хоолгүй ажиллах магадлал бий болоод байгаа газарт ажилтнуудыг хоолтой байлгах хангалтыг хийх хэрэгтэй. Хоол хүнсгүй, эмгүй, ариун цэврийн хангалтгүй орчин халдварын голомт болох аюултай юм.
Наад захын эдгээр шаардлага нь таны бизнест хэт их дарамт учруулахгүйгээр шийдэж болох гарц юм. Мэдээж бүх ажилтнаа өдөр бүр шинжилгээнд хамруулах, сөрөг, эерэгээр нь ялгаж тусгаарлан ажиллуулах, эерэг гарсан ажилтаныг 14 хоног гэрээр болон тусгай өрөөнд захиалж тусгаарлах, эмнэлэгийн тусламж үйлчилгээнд оруулах зэрэг бол илүү их хөрөнгө мөнгө шаардах сайн арга билээ.  
Хамгийн гол нь одоо бид өвчнөөс хий дэмий айх биш, өвчин байгаа орчинд шинжлэх ухааны үндэстэй зөв менежмэнт хийж ажиллаж амьдрах нь илүү чухал байна. 
 
Ц.Оюунгэрэл
 
2021-01-10