sonin.mn

Энэ өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилов.


С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.


Тэрбээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн.


Тэрээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажиллаж, үүнээс 7 жилийн хугацаанд удирдах албан тушаал амжилттай хашиж банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлага чиглэлээр өргөн туршлага хуримтлуулсан төдийгүй олон улсын банк санхүүгийн салбарын талаар туршлага мэдлэг хуримтлуулсан. 


Монгол Улсын Хөгжлийн банкны банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай гэж үзсэн тул С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилов.