ОХУ ба АНУ-ын хооронд ээлжит удаагаа хоригдол солилцох боломжийг хэлэлцсэн тухай Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев өчигдөр Америкийн Axios мэдээний цахим хуудсанд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Нэрээ нууцалсан АНУ-ын нэгэн албан тушаалтан энэхүү мэдэгдлийг баталсан бөгөөд хоригдол солилцоход Америкийн тал бэлэн байгаа боловч одоогоор ямар ч тохиролцоонд хүрээгүй гэдгийг дурдлаа.
“Миний бие Америкийн хэд хэдэн албаны хүмүүс болон Трампын багийн гишүүдтэй уулзаж, хоригдол солилцох гэх мэт хүмүүнлэгийн асуудлуудаар ярилцсан” гэж Дмитриев хэлсэн байна. Тэрбээр Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой уулзжээ. Axios-ийн мэдээллээр, Оросын шоронгуудад хамгийн цөөндөө гэхэд АНУ-ын 8 иргэн хоригдож байгаа бол Оросын хэдэн иргэн АНУ-д хоригдож байгаа нь тодорхойгүй байна. Тус цахим хуудасны эх сурвалжийн ярьснаар, дахин хоригдол солилцох нь хоёр улсын хооронд итгэлцлийг бэхжүүлнэ хэмээн Оросын тал үзэж байгаа ажээ.
Axios Орост хоригдож буй 8 иргэний нэрийг дурдсаны дотор, хулгай хийж, хүний амийг хөнөөхөөр заналхийлсэн цэргийн албан хаагч Гордон Блэк, Украинд олзлогдож, “хөлсөөр алба хаасан” гэх зүйл ангиар шийтгүүлсэн, 73 настай Стивен Жеймс Хаббард нар байна.
Өмнө нь, хоёрдугаар сарын 11 ба дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд ОХУ ба АНУ-ын хооронд хоригдол солилцох ажиллагаанууд болжээ. Сүүлчийн солилцооны явцад, хоригоос бултахад нь Оросын талд тусалсан хэмээн ял эдэлж байсан Артур Петров ОХУ-д буцаж ирсэн бол Украины нэгэн санд 51,8 долларын хандив өргөсөн гэх шалтгаанаар 12 жилийн хорих ял сонссон АНУ-ын иргэн Ксения Карелина нар Оросын шоронгоос суллагдсан байна.
Б.Адъяахүү
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл0