sonin.mn

Монгол нутагт арслан байдаггүй. Гэтэл ардын аман зохиол, үлгэр домогт арслангийн тухай өгүүлсэн нь тун арвин. Тэр ч байтугай эрт дээр цагаас уран барилгын чимэглэл, ардын тоглоом наадгайд арслангийн дүрсийг хэрэглэж ирсэн баримт олон бий. Миний бие араатны хаан арслантай холбоотой монгол баримтуудыг олон жил цуглуулж ирлээ. Та бүхэн Арслан хэмээх амьтны тухай дуулж мэдсэн, уншсан харсанаа харамгүй хуваалцаж цуглуулгад минь нэмэрлэвэл гүнээ талархах байна.


Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас луу, хангарьд, арслан, бар зэргийг ертөнцийн дөрвөн хүчтэн гэж нэрлэж ирсэн бөгөөд арсланг оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, хулгай болон бусад муу муухай зүйлээс ангижруулахын бэлгэдэл хэмээн үзэж иржээ.


Нэгэн зүйл. Ховд аймгийн Хойт Цэнхэрийн агуйгаас олдсон хадны сүг зурагт арслан зурсан нь бий.


Нэгэн зүйл. Монголын хаад сургуультай арслангаар зэрлэг гахай, буга, хулан, гөрөөс бариулж цэнгээнт үзмэр болгодог байсан тухай Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" номдоо дурьдсан буй.


Нэгэн зүйл. XIII зууны үед эгшиглэж байсан хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан хуур нэртэй хөгжим байсан тухай мэдээ байна.


Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас Цейлон улсыг "Арслан тив" гэж нэрлэж ирсэн уламжлалтай.


Нэгэн зүйл. Сэлэнгэ мөрний Байбалыгийн балгасаас олдсон, одоо Байгалийн түүхийн музейд байгаа хүрмэн чулуугаар хийсэн хоёр арслан уламжлалт дүрсээс өөр, цэвэр төв азийн хэлбэртэйгээрээ онцлог гэнэ.


Нэгэн зүйл. Арслангаас айсан бух Арван жил гэдэс өвдөнө.

-Цаст уулын цагаан арслан Цагаа болоход шоргоолжинд баригдана

-Аргатай хүн арслан унана /Зүйр үг/


Нэгэн зүйл. Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Сэцэнхэн аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Тогтохтөр "Лам өгүүлэхийн арслан Манзушри эгшигт эхэд мөргөж монголын зуун хорин гурван цагаан толгой үсгийг туурвисан оюун билгийн соёрхол" хэмээх зохиолоо Бүрэн засагчийн 2 дугаар онд/1864/ туурвисан ажээ,


Нэгэн зүйл. Ар цаст ууланд төрсөн барсын үсэн чимэгтэй

Агаар тэнгэрт цэнгэлдэгч лууны биеийн янзтай

Алсыг товчлох гарьдын жигүүр мэт хөлтэй

Ачаа даах нь арслангийн нуруу мэт хүчтэй хэмээн тэмээг дорно дахины улс түмний дунд дөрвөн хүчтэн хэмээн тооцдог луу, гарьд, бар, арслантай зүйрлэсэн байдаг.


Нэгэн зүйл. Аймаг ба улсын наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол олгодог.


Нэгэн зүйл. "Цогт тайж" киноны Арслан тайж, Говийн зэрэглээ" киноны Арслан зэрэг дүрүүдээс харахад монгол хүний нэрийн санд хүндтэй байр эзэлдэг нэр ажээ.


Нэгэн зүйл. Монгол зурхайн ухаанд тэнгэрийн 12 ордын нэгийг арслангийн гэр хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь 7 сарыг эрхшээдэг ажээ.


Нэгэн зүйл. Монголчууд жирийн эсгийн бүрээст монгол гэрээс гадна түүхэндээ олон янзын гэр хэрэглэж ирсний нэг нь арслангийн бүрээст арслан гэр юм.


Эх сурвалж: “Бизнес таймс”