sonin.mn

Toп модель Ч.Ундрах 13 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд "фронт"-д нь үүрэг хүлээсэн цэрэг мэт зүтгэжээ. Учир нь түүнд өнөөг хүртэл загвараа өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчны алба давхар оногдож ирсэн.

 

Монголын дизайнеруудын холбооны идэвхтэй, итгэлт моделийн хувьд хамт олон нь ямар ч үед түүнд найдахдаа огтоос ч эргэлздэггүй. Багын л урлагийн хүн болохоор заяагдсан мэт тайз руу хүндэтгэлтэйеэ ширтдэг байсан Ч.Ундрах дуртай ажлаа хийж байгаадаа өөрийгөө азтайд тооцдог. Ид өрсөлдөөний талбарт ялагчдын нэг түүнийг “Оддын нэг өдвр" буландаа зочноор урилаа.

 

-"Toп модель" цол ямар үнэ цэнээр ирсэн тухайгаас яриагаа эхэлье? Энэ шагнал таньд гардаж байх тэр агшнаасаа хойш яг юу авчрав? Товчоор таныг бас эргэн тойрны хандлагыг өөрчилсөн үү?

-Toп модель цол надад маш их үнэ цэнээр ирсэн. Би ямар ч ажилд үргэлж чин сэтгэлээсээ хандаж, түүнийхээ үр дүнг үзэхийг хичээдэг. "Toп модель" цол бол 12 жилийн өмнө загварт хөл тавьсан үеэс л миний мөрөөдөж ирсэн зэрэг зиндаа гэж болно. Мэдээж энэ зам дардан байгаагүй.

 

Надаас их тэвчээр, өөртөө тавьсан зорилго, бусдын өмнө биеэ авч явах соёл гээд олон талын чадвар шаардсан. Эргэж бодоход тэр бүх бэрхшээлийг би бүгдийг нь туулсан. Яагаад ч юм миний дотоод сэтгэл, хэзээнээс урлагийн хүн байх ёстой юм шиг санагдсаар ирсэн.

 

Би тайзандаа маш их хайртай. Тайзаа орхихгүй гэсээр өнөөг хүрч байна. Цаашдаа ч орхихгүй. Бүгдийг    амжуулаад хажуугаар нь дуртай зүйлээ хийгээд явах нь" хүний амьдрапын том кайф, аз жаргал.



-Загвар өмсөөгүй байсан бол гэж өөрийгөө төсөөлж байв уу?

-Модель болоогүй байсан бол балетчин болох багынхаа мөрөөдлийг биелүүлэх байсан байх. Тэгэхээр бас л тайзтай холбогдож таарна. Эсвэл уран зураач болно гэсэн хүсэл ч байсан. Энэ маань явсаар загвар луу намайг хөтөлсөн байж болох юм. Цолмон багшийнхаа шавь нь болж, сууриа зөв тавьж авсандаа би их олзуурхдаг.

 

Урьд нь моделиуд гэхээр хоосон толгойтой, дэл сул явдалтай гэж үзэх хандлага их байсан. Одоо бол мэдлэг боловсролын хувьд анхаарч дотоод гадаад гоо сайхнаа хослуулах болсон нь хумүүст  анзаарагдаж байгаа байх. Шагнал авснаар хүмүүсийн хандлага тэгтлээ өөрчлөгдөөгүй. Би ч урьдын Ундрах хэвээрээ байгаа.

 

Харин энд тэнд явж байхад хүмүүс өмнөхөөс илүү ажиглаж хараад байгаа юм шиг санагддаг болсон. Би өмнө нь шагнал авч байсан ч "Toп модель" шиг том өргөмжлөл бол анхных. 2007 онд "Гоёл" наадмаас дэд байрын шагнал хүртэж байсан. 2005 онд МДХ-ны нэгдүгээр зэрэглэлийн моделиор шалгарч гэрээгээр өнөөг хүртэл ажиллаж байгаа.



-Toп моделийн зэрэглэл зиндаа гэж манайд ямар давуу үнэлэмж, эрхтэй байдаг юм бэ?

-Мэдээж нэр хүнд өргөн боломж, том орон зай учраас үүний төлөө жил бүр моделиуд өрсөлддөг. Үнэлэмж маань илүү өндөр болно. Зар сурталчилгааны салбарт ажиллахад топ модель ямар үнэ ханшаар ажиллах зэргийг МДХ-ноос тогтоосон байдаг. Тиймээс энэ өрсөлдөөн утга учиртай.



-МДХ-ны ерөнхийлөгч Ч.Энхтайван "Toп модель"-ийн шалгуурт мэргэжпийн туршлага, ур чадвараас гадна хувь хүний хүмүүжил, ёс зүй, биеэ авч явах байдал, товчоор энэ шагналыг дааж явж чадах төлөвшлийг хардаг гэж ярьж байсан юм байна?

-Энэ бол үнэн. Холбооны удирдлагууд энэ шалгуурыг өндөрт авч үздэг. Жишээлбэл дэлхийн мисст ч юм уу, сарын турш олон орны бүсгүйчүүдийг хамтад нь байлгаж, хооронд нь танилцуулж, зан байдал, биеэ авч явах соёл, төлөвшлийг нь хамтад нь шалгаж сорьж байдаг шүү дээ.

 

Үүний адилаар МДХ загвар өмсөгчдөө янз бүрийн арга хэмжээнд оролцуулж, сахилга бат, хувийн зохион байгуулалт, үүрэг оролцоо идэвх зэргийг нь гадаад дотоодгүй анзаарч ажиглаж явсаар гарын 10 хуруу шигээ зан авирыг нь мэддэг болчихдог. Энэ шагналыг хүртэх хүн нэр нүүрийг нь даахгүй, хүндлэл хүлээж, итгэл даахааргүй, урьд өмнө нь авч байсан хүмүүсийн зиндааг гутаахаар байх нь мэдээж зохисгүй.

 

Намайг энэ шагналд тодруулахад 9 шүүгч бүгд санал нэгдсэн гэдгийг сүүлд сонсоход таатай байсан. МДХ-ны ажил, гадаад дотоод арга хэмжээнд идэвхтэй, цагийн цагт явж ирснээрээ бас үнэлэгдсэн байх гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа.



-Таныг дунд үеийн гэх ангилалд багтах модель гэж ойлгож байна. Өрсөлдөөн ид шижигнэсэн топ модель Алимаа, Ундраа, Австралид байгаа Одноо та нар тайз өнгөлж байсан санагдана. Харин та бууриа тууштай сахисан байна шүү?

-Хууччуул гэх утгаараа Д.Болормаа, Э.Одгэрэл, топ Цолмон гээд Монголын гайхамшигтай сайхан бүсгүйчүүдийн гаргасан зам мөрөөр бид явж байгаа. Миний хувьд бууриа сахиад зөвхөн Монголдоо үлдэнэ. Тайзаа орхихгүй. Эрүүл энх байгаа цагтаа тайзныхаа ард ч, урд ч явах болно.

 

Бүгд найз нөхөд ч гэлээ тайзан дээр өөр өөрсдийн дүр төрхтэй, имижтэй, өрсөлдөгчид болж хувирдаг. Миний багын найз бол топ модель Х.Ундраа. Одоогоор АНУ-д амьдарч байгаа. Тун удахгүй маамуулна. Бид байнга бие биетэйгээ харилцаатай байдаг.



-Загвар бол ирийсэн олон нүдэн дунд цойлж гайхуулж байхыг, эзнээсээ цаг тутам ялалт шаардаж байдаг нэг бодлын харгис гэмээр урлаг. Таниас тэсвэр тэвчээр, ухаалаг байдал, хор шар, атаархал гээд эмэгтэй хүний хувьд сэтгэл зүйн олон хувирал илрүүлж байсан байх?

-Өдөржин өндөр туфль өмсөөд хүйтэн тайзны ард хоол сойгоод, дүртайгаасаа татгалзаад тэвчээр бүхнийг ялна гээд зүтгэдэг. Ядарч байхад шоу Монголд цагтаа эхлэнэ гэж байхгүй. Маш тэвчээртэй хүн энэ тайзанд шигшигдэж үлддэг. Урлагийн тайз эзнээсээ ихийг шаарддаг. Тайз хүнээ голно уу гэхээс хүн нь тайзаа хэзээ ч голж болохгүй.

 

Ямар ч нөхцөлд олны анхаарлыг татах гээд бусдаасаа онцгойрох гээд байх нь аливаа зүйлийн утгыг алдуулдаг гэмтэй. Бүгд адил туфль, үс засалт, нүүр будалттай байхад илүүг өөртөө наах гээд байх нь харин ч илүү тотгор саадыг дагуулдаг. Атаач зан, илүү дутуу маягийг би үргэлж ойр дотныхондоо захиж сургаж байдаг.



-Э.Одгэрэлийн хөдөлгөөн, Д.Пүрэвсүрэнгийн жүжиглэлт, Урнаагийн алхаа гээд моделиуд өөрсдийн ялгарах имиджтэй. Таны хувьд?

-Хүн болгон л давтагдашгүй. Бүгд л үйл хөдлөлөөрөө эмоцио гаргадаг. Миний хувьд дизайнерын хувцсыг хүмүүст эхлээд хүргэхийг боддог. Стандарт алхаагаа баримталдаг. Намайг өөртөө итгэлтэй, пээдгэр алхаатай гэж хүмүүс хэлдэг. Тэр болгон тайзны урьд фоз бариад байхгүй 3,6 секунд бариад л орчихдог болохоор зураг маань ч бусадтай харьцуулахад төдийлөн их байдаггүй.



-Загвар зохион бүтээгчээсээ зөрөх хэт задгай хувцаслалтаас татгапзах үе байсан уу?

-Загвар зохион бүтээгчийнхээ өгсөн хувцсыг л өмссөөр ирсэн. Зарим шинэ охид, харин сольж, холиод байгаа харагддаг. Шуудай ч угласан модель амилуулж байх ёстой. Үүрэг хүлээсэн цэрэг ч гэж болох юм. Мэдээж дизайнертайгаа зөвлөлдөөд, энэ нь илүү харагдах юм бишүү гэсэн санаа оноогоор хандах үе байна л даа.



-Олонхи загвар өмсөгчид тайзан дээр гараад мэдэрдэг тэр агшныг янз бүрээр илэрхийлдэг. Харин таны хувьд?

-Танхим дүүрэн үзэгчдийн харааг булааж, энергийг нь мэдэрсэн алга ташилт бол үгээр илэрхийлшгүй мэдрэмж. Энэ агшны төлөө сандралаа дарж, хөгжмөө сонсоод, орчноо мэдэрч алхах нь илүү тайвшрал догдлол мэдрүүлдэг. Нэг талаар жүжигчний авьяас юм даа. Хүмүүст бол их л амархан ажил харагддаг байх.

 

Заримыг нь бидний оронд олны өмнө алхуулж үзүүлэх юм бол өвдөг нь чичирнэ дээ. Бид бол сэтгэл зүйн тулаанд бас орж, тэр хооронд тайзны өмч болдог. Дизайнерын зураглал, төсөөллийг л бид хууль мэт дагах ёстой.



-Дэлхийн загварын чиг хандлага улам залуужиж, Синди Кроуфордын 12-той охиныг гэхэд л Vercase сонгож байна. Манайд бол тэтгэвэртээ гарч өгдөггүй гэж шүүмжлүүлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ямар нэг мэргэжлийг бүрэн эзэмшчихээд хэн нэгнийг зайгаа тавь гэсний зоргоор яваад өгөх нь утгагүй. Э.Одгэрэл эгч одоо ч тайзан дээр ялгарахуйц    алхаж чаддаг. Нас бол заавал хязгаар биш гэдгийг харуулж чадаж байгаа гэж би боддог. Зарим нь атаархаад цаг нь болсон, нас нь ирсэн гээд л ярьдаг байх.



-Олны анхааралд өртөх нь таны гэр бүлд хэр нөлөөлж байна?

-Ер нь олны танил болохын гай, гавьяа хоёрыг хамтад нь эдэлж эхэлж байгаа. Ажилтай болохоор тэр бүр хандсан хэвлэлд ярилцлага өгч амжихгүй байна. Үүний төлөө бас хааяа ялимгүй заналхийлэл бүдүүлэг хандлага ч сонсч амжсан.

 

Миний амьдрал бүрэн бүтэн байгаа, үр хүүхэд маань энх тунх өсч бойжиж, найз нөхдийн хүрээлэл хэвээрээ байгаа. Миний тухай ташаа олон мэдээлэл гарсан. Өт хүртэл биед нь хүрэхээр өрвөлздөг гэдэг. Хэнд ч таатай санагдахгүй байх. Илүү гэгээлэг, үнэн зөв мэдээлэл бичвэл сэтгүүлчдэд өөрсдөд нь ч урамтай баймаар.



-Таныг гоо сайханч нүүр хувиргагч байсан гэдэг. Тэгэхээр та өөрийнхөө зүгээс энэ тал дээр бусад шиг хүний царай харах зовлонгүй байх?

-2007 онд би "Монголжингоо" дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжпээр төгссөн. Миний мэргэжил бол загвар өмсөгч, make up artist. Нүүр будаг чиглэлээрээ ямар нэг тэмцээнд орж байгаагүй ч өөрийн авьяас сонирхлоороо бусдад гоо сайхныг, сэтгэл хангалуун байдлыг    мэдрүүлэх, юмсан гэсэн үүднээс цөөхөн тооны байнгын үйлчүүлэгчтэй. Хувийн бизнес, гоо сайхны салон бол байхгүй ээ.



-Эмэгтэй хүн хогоо асгахаар гэрээсээ цухуйхдаа хүртэл сайхан харагдах боломжийг алдах ёсгүй гэдэг. Та өөртөө хэр хангалттай цаг, мөнгө зарж чаддаг вэ?

-Өөртөө байнга цаг гаргаад топ модель гээд дандаа тогос шиг гоё явъя гэхээр би үнэндээ амждаггүй. Гэр бүл, үр хүүхэд, ажил алба гээд эмэгтэй хүн бүгдийг амжуулах болдог учраас ойлгогдох байх. Үнэхээр хүндэтгэлтэй apra хэмжээ, ёслолд бол өөр л дөө. Бусад үед би аль болох биед эвтэй, чөлөөтэй хувцаслахыг хүсдэг.

 

Гадагшаа явахдаа хувцсаа авдаг ч ихэнхдээ би захиалж хийлгэж өмсөхийг илүүд үздэг. Давтагдашгүй загвар, биедээ сууж өгсөн хувцас, үндэсний үйлдвэрлэл гэх утгаар нь дизайнер найз нараараа хийлгэх нь амар байдаг.



-Та жингээ яаж тогтмол барьдаг вэ? Залуу ээжүүдэд амаргүй шүү дээ?

-Манай бүсгүйчүүд зөв сэтгэхүйгээр зөв жингээ хасах эрүүл мэндийн боловсролтой байгаасай гэж уриалмаар байна. Янз бүрийн тураах бэлдмэл хэрэглэж байгаад хавдар зэргийн өвчнүүдэд нэрвэгдэх аюултай. Үүний оронд хөлсөө гаргаад, бүжгээр, спортоор хичээллэж турах нь үр дүнтэй стресстэй, утаатай ийм үед дуртай спортоороо хичээллэхэд л хангалттай.

 

Би Хонгорзул багш дээр балетаар хичээллэдэг. Төв бассейн хамгийн стандарттай гэж үздэг учраас сэлдэг. Миний хувьд хоолоор бол идсэнээрээ жин нэмчих гээд байдаг учраас өглөө оройдоо гэдэсний дасгал байнга хийдэг. 10 гаруй жил жингээ хэвийн бариад ирэхээр ходоод хүртэл хэмжээндээ цаддаг болчихдог учраас санаа зоволтгүй.

 

Би 2010 онд ээж болсон. Нөхөр маань гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид менежер хийдэг. Залуучууд учраас бид одоо амьдралын төлөө зүтгэж байна. Цаг гарвал охин руугаа яардаг. Гэр бүл маань тайван амгалан үр хүүхдийнхээ инээд хөөрт умбаад бүрэн бүтэн байгаа.



-Гоо сайхны өөрчлөлтөнд та яаж ханддаг вэ? Өөрөөсөө өө хайвал эмчид хандах тухай бодож байв уу?

-Миний ганц хүлээн зөвшөөрдөггүй юм бол пластик мэс засал. Эхээс төрсөн биеэ эвдэж, мэс хүргэх нь дэмий. Үсчин, make up гэж бэлэн хүмүүс байхад өөгөө эвтэйхэн дарж болно. Эх болох хүн хөхөөрөө оролдож яах юм. Би тийм хүнд өвдөлтийг мэдэрч эд эрхтэнээ өөрчлөх тухай бодож байгаагүй. Надад нэг ч засвар байхгүй.

 

Эцэг эхээс заяасан бие галбир төрхөндөе сэтгэл хангалуун байдаг. Шинэ охидуудад битгий давхраа хийлгээрэй, хөхөөрөө оролдох хэрэггүй гэмээр байна Царай муутай гэгддэг нь илүү хувирдаг гэдгийг би make up хийдгийн хувьд мэднэ.


Эх сурвалж: “Монголын нэг өдөр”