Бүсний ороо давсан өтгөн буурал үсээ гурваар сүлжиж, цэнхэр торгон дээлийнхээ энгэрийг "Алдарт эхийн I,II" одонгоор чимэглэсэн өнөр бүлийн хатан ижий манай сонины редакцид зочилсон юм.
 
 
13 хүүхэд төрүүлэн өсгөсөн төдийгүй Нисэхийн 49 дүгээр цэцэрлэг, Төмөр замын нэгдүгээр цэцэрлэгт нийт 26 жил ажилласан энэ буурайг үнэхээр л хүүхдийн төлөө ажиллаж, амьдрахаар энэ хорвоод ирсэн үү гэмээр.
 
 
Ямар сайндаа л төрөөд cap ч болоогүй байхдаа бусдын хүүхдэд санаа зовоод ажил руугаа явчихаж байх вэ дээ. Хүүхэд гэдэг энэ орчлонгийн хамгийн гэгээн цагаан сэтгэлтнүүд.
 
 
Тийм ч болохоор тэдэнтэй насаараа ажиллаж, эрдэм сурах их үйлсэд нь хөтлөн оруулсан Ш.Сосор гуай эдүгээ 78 насны босгыг алхаж байгаа ч ийм ануухнаараа яваа биз.
 
 
Түүнээс тэр олон хүүхдийг яаж өсгөж, бойжуулсан тухай нь асуухад "Манай хүүхдүүдийг хадам ээж маань л өсгөж, бойжуулсан даа. Нөхөр маань 04.00 цаг гээд л нислэгтээ явчихна. Би ч 08.00 цаг дөхүүлж, нялх хүүхдээ хөхүүлчихээд л ажил руугаа гарна.
 
 
Ард үлдсэн хэдийг ээж маань л асарч хүмүүжүүлдэг байсан. Хүүхдүүд маань дэрсхээн. Түрүүчийн нь 2,3 настай байхад л төрж байсан юм чинь аргагүй шүү дээ. Гэр хүйтэн болохоор орой ирэхэд зарим нь ханиад хүрээд, халуурчихсан л байж байна.
 
 
Дараа орой нь ирэхэд ханиад нь эдгэчихсэн л байдагсан. Ээж маань эм өглөө л гэдэгсэн. Тэр үед эм ч ховор. Гэдэсний эм, ханиадны эм гээд л тоотой хэдхэн эмтэй. Хүүхдүүд хоорондоо хувцсаа угаалцаж, үс гэзгээ янзлаад л сургууль соёлдоо явдаг байсан.
 
 
Том охин маань нэгдүгээр ангид орохдоо өөрөө үсээ сөөсийтөл самначихаад явж байж билээ Сүүлд бодоход охиныхоо үсийг самнаад ч өгчихгүй яасан юм. Ер нь, тэр үеийн хүмүүжил тийм байсан юм болов уу. Гадны хүн байхад тавгын идээнээс авна гэж байхгүй.
 
 
Хүн орж ирэхээр нэг нэгээрээ гэрийнхээ булан руу суучихна. Манай хүүхдүүд дотор чанга уйлдаг хүүхэд нэг ч байгаагүй юм шүү дээ. Уйлахдаа нулимс нь урсаад л чимээгүй мэгшиж харагдах хэмээн өхөөрдөв. 
 
 
Би хүүхдийн цэцэрлэгт манаачаас бусад ажлыг хийж үзсэн дээ хэмээн яриагаа үргэлжлүүллээ. Ихэвчлэн хичээл заадаг байв. Тэр үед ямар тоглоом наадам гэж байх биш. Хичээлийнхээ үзүүлэнг өөрсдөө гараар хайчилж, наадаг байлаа.
 
 
Одоогийнх шиг хүүхдийн тоглоом элбэг биш, ховор байсан болохоор хуванцар тоглоомуудаас баримлын шавраар хэв аваад л баавгай, туулай хийнэ. Хайчилбараар онгоц, машин хийнэ. Хүүхдийн баяр болохоор л цэцэрлэгийн хүүхдүүдээ дагуулаад гадуур гарч юм үзүүлнэ.
 
 
Үзүүлэх зүйл ч тийм олон биш. Багш нар бэлдсэн концертоо тоглоно. Ер нь, миний үеийн сурган хүмүүжүүлэх арга барил одоогийнхоос тэс өөр байсан юм. Одоо ч бүх юм нь бэлхэн амар болж дээ" хэмээн хуучиллаа. Харин гэртээ эмээтэйгээ хамт үлдсэн хүүхдүүд яаж хүмүүждэг байсан талаар түүний тав дахь охин М.Байгалмаа;
 
 
-"Манай ээж төрөөд 40 гаруй хоноод л ажилдаа ордог байлаа. Бидний арай том нь багыгаа анхаарна. Дүү нараа хувцаслаад л хичээл сургууль, цэцэрлэг рүүгээ хөтлөөд явна. Бүүр жаахныг нь эмээ маань асарна. Угаасаа л олон хүүхэд тэгж бие биеэ өсгөдөг юм билээ.
 
 
Тэр үеийн амьдрал нь тийм л байсан болохоор ээж аав ажилдаа яваад дүү нартайгаа гэртээ үлдэх нь хүндрэлд тооцогдохгүй шүү дээ. Байдаг л зүйл мэт дасан зохицчихсон байлаа хэмээн дурсав.
 
 
Аав ээж, хоёр нь цагт баригдан ажилладаг байсан болохоор ч тэр үү хүүхдүүдээ ер загнадаггүй байж. Загнуулж, зэмлүүлэх зүйл ч гаргадаг байсан бололтой. Зөвхөн өөрсдийнхөө хүмүүжлээр шүү дээ. Нэг охин нь аравдугаар ангид байхдаа үсээ тайруулчихаад ирэхэд аав нь загнаж л дээ.
 
 
Тэгсэн охин нь "Та миний аав биш" гээд л уйлсан гэдэг. Дараа нь "Миний охин өөрийнхөө аавыг дагуулаад ир дээ. Ямар хүн байдгийг нь харъя" гээд л дооглож билээ. Ширүүхэн загнасан үе тэр л байсан юм шиг хэмээгээд сүүрс алдав. Аав нь зун амралтаа аваад л хүүхдүүдээ суулгаад самар, жимс гээд л аялал зугаалгаар явна. Тэр мөчийг л том багагүй тэсч ядан хүлээдэг байсныг М.Байгалмаа ярив.
 
 
Ш.Осор гуайн хань Гавьяат нисгэгч агсан Б.Магсар анх 1958 онд ЗХУ-д (хучин нэрээр) нисэхийн сургууль төгсөөд, "ИЛ14" хэмээх 20 гаруй хүний суудалтай цагаан онгоцонд радистаар ирснээс хойш Монголын нисэхийн салбарт насаараа ажиллажээ.
 
 
Одоо тэдний хоёр ч хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж хоёулаа гавьяат нисгэгч болсон байна. Ш.Осор гуай айлд анх бэр болж очиж байсан тухайгаа "Тэр үед айлын бэр болно гэдэг амаргүй. Шинэ бэр гэрт байгаа ахмад настай хүн бүрт мөргөнө.
 
 
Ганц удаа ч биш алгаа хавсарч, хормойгоо дэвсч байгаад бүр гурван удаа мөргөнө шүү дээ. Одоогийн хүүхдүүд инээд нь хүрэх байх даа гээд инээлээ. Одоо Ш.Осор гуайн ач, гучыг оролцуулаад тоолбол, 100 хол давсан ч хамгийн бага хүүдээ хэнээс ч илүү хайртайгаа ийнхүү ярьсан юм.
 
 
"Би 14 дэх хүү болох өргөж авсан бандидаа амь юм шүү дээ. Одоо тэр маань 25 настай, нисэхэд ажилладаг сайхан залуу бий. Нэг өдөр манай хоёр банди орж ирээд л "Ээжээ хүүхэд авах уу? Их хөөрхөн юм" гэж байна. Тэгэхэд манай хамгийн бага хүүхэд хоёр настай байсан юмдаг.
 
 
"Юу ярьж байгаа юм. Та нарын том чинь өөрийгөө авч явах хэмжээнд хүрч чадаагүй шахуу байхад өөр хүүхэд авна гэж юу гэсэн юм. Аавдаа хэл" гээд л би эхэндээ дургүйцлээ. Тэр хоёр маань аавдаа хэлэх гээд л гал тогоо руу гүйгээд л орлоо.
 
 
Аав нь харин "Та нар нохойн гөлөг авчраад л тэжээгээд байдаг шүү дээ. Хүний үрийг ээж аав нь зөвшөөрч байгаа юм бол аваад л ирэхгүй юу" гэж байна. Яг Октябрын баярын өглөө юмдаг. Нөхөр маань орж ирээд "Хоёр хүү гарахдаа "Та хоёр идээ бэлтгэж байгаарай" гэж хэллээ дэлгүүр явж юм авдаг юм уу" гэж байна.
 
 
"Дэмий ярьж байх юм. Тэр хоёрт хэн л хүүхдээ өгөв гэж" гэлээ. Удалгүй хоёр хүү маань орны бүтээлгэнд боодолтой юм тэвэрчихсэн "Орох уу, ээжээ" гээд зогсож байна. Тэгж л хүүг минь авчирсан юм шүү дээ. Хүү минь зургаан cap гаруйтай байхдаа л манайд ирсэн. Би чинь одоо хүртэл хүүгээ хазгай хэлүүлэх дургүй.
 
 
Төмөр замын маань эмнэлэг ч сайхан. Надад жилийн чөлөө өгөөд л...Би хүүгээ бойжуулж байлаа... гээд хоолой нь зангирлаа. Хүү минь том болсон хойноо "Ээжээ та намайг яагаад ийм хар болгочихсон юм бэ" гэж байна. "Харин ээж нь хүүгээ наранд шарсаар байгаад ийм бор болгочихгүй юу даа" л гэсэн.
 
 
Одоо ч нас биед хүрсэн хүн аливааг ойлгож байгаа байлгүй" хэмээгээд ууган охин маань төмөр замд насаараа ажилласан хүн. Одоо 60 настай. Түүний доод талын хүү Санхүү эдийн засгийн сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байна. Гуравдугаар хүү маань гавьяат нисгэгч болсон.
 
 
Ер нь хүүхдүүд маань төмөр зам, нисэх гэхчилэн байгууллагад ажиллаж, амьдарч байгаа. Эрдэнэт хотод ч зарим нь бий. Есөн банди, таван охин маань ийм сайхан яваад ээж нь баярлалгүй л яахав хэмээн яриагаа өндөрлөлөө.
 
 
Чухамдаа л өнөр бүл гэж энэ айлыг хэлэх байх. Тэр дундаа Монгол эцэг, эхийн уужуу ухаанаар хүмүүжсэн үр хүүхдүүд нь дуулгах нэр, дуудуулах алдартай явна гэдэг юутай сайхан. Хүн эцэг эхийнхээ хайр халамжийг хэзээ ч хариулж дуусдаггүй.
 
 
Харин эцэг эх маань зон олныхоо дунд сайн нэртэй л явж байвал та нарын минь бидэнд үзүүлж байгаа ачлал юм гэдэг шүү дээ" гэлцдэг. Монголын минь мянга мянган гэр бүл ийм л байгаасай.
 
 
Б.Дэлгэрхишиг
 
Эх сурвалж: "Ганзам" сонин