/Нөхөрсөг шоглол/

Зохиолчдын дунд нөхдөө шоолж даваадуулах нь хэвийн явдал. Бүүр уламжлал гэхнээ ч болно. Нөхдөө амар байлгадаггүй Дэндэвийн Пүрэвдорж, Сормууниршийн Дашдооровоос эхлээд бэрх амьтад байсан. Одоо бол П.Бадарч, Б.Лхагвасүрэн, З.Ядамаа гээд хэл ам нь цухалзсан амаргүй хүмүүс тэдний буурийг сахиж суугаа гэх. Мэдээж тэдний нэг нь Дөнгөтийн Цоодол ах.

Саяхан би түүнтэй уулзаж “Та зохиолч нөхдөө элэглэн шоолсон баахан шүлэг бичжээ. Араажав, зурагтаас мэдлээ” гэсэнд “Бичээд байсан юм байхгүй. Нөхдийнхөө ярьсан юмыг л хүнд яриад тэр нь надтай холбогдчихгүй юу” гэж золигтов.

Танай яруу найрагчид малчин байвал ямаршуу хүмүүс байх бол? Та бичиж өгөөч гэвэл найрагч айхтар цааргалсан ч би салахгүй утасдсаар овоо хэдэн нөхөрсөг шоглолтой болж авсандаа баяртай байна. “Бөх” сониныхоо уншигчдад олзоо сонирхуулъя. Яруу найрагч-малчдын тухай тэр ингэж бичсэн байна.

 

Д.Данзан

 

Ш.СҮРЭНЖАВ
Шамбалаар ч солихгүй гэдэг нутгаадаа
Шаравын Сүрэнжав шар хэдгэнэ шиг нисэв
Баян сумандаа очтол үг солих тухгүй
Бамбар эрдэнэ хувилгааны хойт дүрээр залав.
“Сайн уу, Сүүеэ!” нэг ангийн Цэцгээ мэндлэв
Сайварлаж очоод Сүрэнжав гарыг нь удаахан атгаснаа адис өгөв
Шар тосон боов шиг сайхан шар лам
Шамдамхай урьхнаар аврал номоо айлдав
Шавь нар нь бүчиж эргэл мөргөл болов
Тахилга ид дундын үргэлжилж байтал
Танхай нэг өвгөн архи нэхсэн нь Пунцагийн Бадарч.
Бас нэг авгай оросоор ярьж, мөр алгадсан нь
Багын найз хүрээний улаан Дулмаа.
Хуучин нөхдөө хараад уншлага нь сарниж
Хувилгааны сэтгэл хөдлөн аврал гүрмээ мартав
Их хүрээнд яаж гуларч явсан
Ичинноров, Цэндээ ямар охид байсан
Хөдөөнөө Сүрэнжав яаж малжих
Хөлөөс нь ч адис авдаг хэдэн шавьтай яаж болох...
Ярьсаар байтал ардууд тарж гүйцэв.
“Явцгаа зэвхийнүүд” гэж хувилгаан наад хоёртоо уурлав

Т.ГАЛСАН
Загийн голын долгио сонсогдох газар
Зам бараадаж бууна
Загал толгойлсон өвгөдтэй улс төр ярина
Залуучуудтай хонины бэлчээрт нүх сахина
Чавганц нарт эрхи, хүүхнүүдэд оймс, бохь
Чанцалмаад дээлийн торго, охинд нь хөхөвч бэлэглэнэ
Чалхаа гайхуулж, нүдний нь өмнө эмнэг үрээ сургана
Тэнд эндхийн төлөөлөгчдийг үгээр утаж
“Тэмээ хариулаад биегүй болсон” гэж тунина
Арван хоёр жил нар зөв гороолсон
Алатан бүсний арал давсган дээр нь
Гучин хоёр угалзтай наамал, жинс өмссөн хөлд нь
Гурван чоноор зүйсэн дах мөрөн дээр нь
Загийн голын Галсан жаажааг
Заларч ирэхэд нохой хүртэл эрхэлнэ
“Аа, алтаар урс” гэсээр хоймор дүүрнэ
Айлын улс “Сумъяа ноён”-той андуурна.

П.БАДАРЧ
Мал хувьчлах сургаар хөдөө гарна
Майжгий “Эксел”-ээ хот хониор зарна
Торгон өмд өдрийн нэгийг сольдог
Тогоо нэрсэн айлд уйлж, дуулж өнждөг
Том хуван эрхтэй, өвөртөө даалуутай
Тархигүй шар өвгөн гурван сумаар тэнэнэ
Сонгуулийн үеэр онгод нь орно
Сожидмаагийнд үе үе буудгаа ч мартана
Социализм, капитализм хоёрыг адилхан магтана
“Амьтны үрс ялгаагүй” гэж нэр дэвшигчдийг өрөвдөнө
“Ах нь дүүдээ хайртай” гээд толгой нь бөнжигнөнө
 Гадаах хэдээсээ хандив өргөнө
“Гарчихаад мартав аа, чи” гээд үнсэнэ
Өнөөдүүл нь цөмөөрөө мартана, гэхдээ гомдохгүй ээ
Өвгөн Бадарч наргиж ханхалзаж яваад зөнөнө өө.

Д.НЯМАА
Галба шанхын говьд шинээр айл буув
Гадуураа чулуун гортиг татаж шохой асгав
Шинэ малчны сургаар хүмүүс бууна
Шилээ зүүж хараад мэнд мэднэ.    ,
Ширдэгнүүд нь түмэннасан хээтэй
Ширээ, авдар дээрээ нэг нэг барометртэй
Шилрэхээ магадгүй ингэнүүд нь гурван давхар ногттой
Шилдэг тэргүүний хашир малчин байна.
Үүдэндээ бөмбөн шээзгий хөмөрч
Үргэлж дээр нь суун айлууд руу дурандана
“Жин үдэд утаа гозойх нь нэрж байгаагийнх
 Жийгүүлээд буучихъя” гээд уяа руугаа явна
“Хөөрхөн өвгөн юмсан, гэм нь даанч даахгүй юм” гэж
Хөл нүцгэн хүрэн хүүхнүүд, уначихлаар нь хөхрөлдөнө Д.Урианхай
Соён гийгүүлэгч Урианхай малчин болохоор шийдэв
Сонин, араажав, зурагт шаазгай шиг шахтнав
“Ноос ачсан тэмээ” гэж зарим нь харж
“Номч Урианхай дүрээрээ” гэж зарим нь шаагилдав
 “Амьд гэгээнтэн” гэж айлын авгай итгэв
“Алмас л байна даг” гаж түүний нөхөр зүтгэв.
Хорхой хараад мэндэлж, заримыг нь өрөвдөн уйлж
Хогийн ургамал, шарилж, луулийг ч тойрч гишгэж
Хотныхоо эмгэдэд Кантын философи заах
Хонхорынхоо охидод кантрийн бүжиг заах
Хоргой торгоноос хөм адсагаа илүүд үзэх
Өглөө хоньтойгоо гараад өдөржин ном унших
Өөр айлын хонь туусаар орой нь ирэх
“Ялгаагүй шүү дээ хүүхээд, адилхан л хонь” гэж
Ядарчихсан, бор гэртээ тараг ууж суух
Алс нь мандаж манай хүн баатар болох
Алтан соёмбо гардуулахаар хүрээнд дуудах
“Гуйлгачин тарьдаг төрөөс одон авахгүй ээ” гэж адрах
Гурил будаахан аваад нутгаа буцах
Гэрийнхэн нь хүрээг нүүлгээд ирсэн шиг баярлах
Гэрэлт тэнгэрийн дор тийм нэг бурханых шиг айл байх..

З.ЯДМАА
Гуулин элс нүүсэн намхан толгод дунд
Гучин жилийн утаа, архины...........................
Гурав хонож байж, Ядам тээр орой
Гуйлгуулахын наагуур гэртээ залрав
Хивсэн гөлөм, уужим суудалт эмээлтэй
Хилэн шаргал мориноос айлынхан сугадаж буулгав
“Хэдэн юмтай нийлж Хятад орж гулраад
Хэтрүүлчихлээ” гэж Ядам шилээ шөргөөв
Галаа үлээх хань нь янз муутай ч
Гархилах нүдийг нь хараад өвчүү үйнэ
Хөдөө суманд нь нэл чихэр, еэвэн ч
“Хөх хотын идээ” гэж Ядам тамшина
Хөлд бууц бургиж, гадуур нь мал налайж
“Хөгшин Ядам баячуудыг гуйхгүй” гэж ярвайна.

Д.ТӨРБАТ
Хар сахал нь ширвээ, мухар толгойтой эр
Харчины отог гэж гурван гэрээ зарлана
“Хасарын үр би” гэж дээш хүртэж
“Хааны дүр би” гэж дээгүүр залрана
Хурмастаар нэл пуужин, наадах чинь хэрэггүй гэхэд
“Худпаа байлгүй” гээд цахиур буугаа зүлгэнэ
“Нэгээс илүү эхнэр авч болдоггүй юм” гэхэд
“Нээрэн үү хүүхээ” гэж сумын даргыг мохооно
“Мандах төрийн хууль хатуу билээ” гэхэд
“Миний харчины хууль тусдаа" гэж зөрүүдлэнэ.
Харанхуйд тэд тэмээгээ хомноод хөдлөв
Халх дөрөв, шавь тавд бараа нь тасрав
Нүүгээд тэд холдолгүй Харчины улсаа байгуулав
НҮБ-д гишүүн болохоор арилж өгсөн дуулдав.

Б.ИЧИНХОРЛОО
Хөлс алдаж гунхалзсан улаан хүүхэн
Хөхүүртэй айраг бүлснээ хутгуураараа хөнтөрнө
Бор торгон хөнжлөөс даахьтай хэдэн жаал
Босч ирээд хормойноос нь зууралдана
“Манай нөгөө хар хатах хавраар
Мал туугаад гарсан одоо болтол байдагүй ээ
Хөхүүл байхад юун амархан юм бэ
“Хөл хүнд... яршиг...” гэсээр галаа ноцооно.
Галаан асмагц өглөөн саалиа хөөрүүлж
“Гарцгаа”, “Хонь бэлчээ” гэж хүүхдүүдээ зандарч
Олон бор тагшинд өрөм хийж ярайлгана
“Орж цайгаа уу” гэж зан засрана.
Цоровтой үрээ уяан дээр хойшилдоотой
Цовхчоод амраахгүй санаагий нь зовооно.
Цоодол, Самдан энэ тэрээр сургуулах гэтэл
Цочмог ааш нь хөдөлж өөрөө мордохоор шийднэ.
Жирэмсэн хүн яршиг ч юм уу гэснээ
Жишим ч үгүй булгиулж эцээчихээд ирнэ
Жижиг хүүхэд нь аав ирсэн гэсээр тосоход
“Жил тэнэхдээ яахав...” гэж гомдсоноо
 “Жигүүнээ эсгэж дээл хийж өгье
Жинхэнэ хань даа” гэж уярсаар орно.

Г.МӨНХЦЭЦЭГ
Сайншандаас урагш хадтай толгойн өвөрт
Сахал шиг дэрсэн дотор хоёр гэр
Сумын зааных зарцынхтайгаа байгаа нь тэр
Суниагаад зогсож байгаа зааны салтаагаар
Суурь тэмээ, аймгийн төв бүтнээрээ харагдана
Эрт сэрсэн Мөөжиг торгон хөнжилдөө
“Эрийн хуйх шүү, манай энэ” гэж бахдаж хэвтэнэ
Гурван говийн харчуудаас би энэ майгын
“Гурил чамайг” юунд нь болов оо гэхээс инээд нь хүрнэ
“Зарц хэдэн малтайгаа алзах юм биш
Зааныг эрэл явмагц сум оръё
Үнэтэйхэн торгоор дээл оёулъя
Үнэртэй усны үнэрээр муусайн сумынхныг утъя
Үе мултарсан ч яадаг юм дадлагын оюутантай
Үдэшлэгт орж ганц сайхан танцлая
Мөнгөтэй бөхийн дураараа эхнэр яадгийг
Мөөжиг үзүүлээд өгвөл ч өгье”.

Эх сурвалж: "Бөх" сонин