Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багт орших 21 дүгээр зөрлөгт өнгөрсөн сарын 15- нд ачааны вагонд хоёр хүн нүүрсэнд дарагдсан байсныг Чойр техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин Ж.Гансүх илрүүлж, амийг нь аварчээ.

Тухайн үед уурхайн ачилтаас гарсан 26 вагон 11.00 цагийн үед 21 дүгээр зөрлөг дээр ирэхэд ээлжинд гарсан Ж.Гансүх үзлэг хийжээ. Энэ үед нүүрс ачсан вагон дотроос “Амь авар” хэмээн хэн нэгэн тусламж дуудахыг сонссон гэнэ. Улмаар станцаар холбогдох албаны хүмүүс рүү хэлж, Онцгой байдал, түргэн тусламж ч дууджээ.

Ингээд цаг алдалгүй тэнд байсан хүмүүстэй хамтран вагоны нүүрсийг асгаж дарагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Энэ тухайд Ж.Гансүх “Би сондгой чиглэлийн явуулчихаад 26 вагоноо үзэж эхэлсэн.

Сүүлээс нь буюу Сайншандын талаас үзээд явж байтал найм дахь вагоны харалдаа хүний ёолох бөглүү дуу гарсан. Тухайн үед ойлгоогүй учраас вагон доогуур хүн чирэгдээд ороод ирчихсэн байна гэж бодсон. Тэгээд вагон доогуур харсан юу ч байгаагүй.

Гайхаад сайн сонссон чинь “Үхлээ” гээд ёолоод байсан. “Хэн бэ" гэсэн чинь “Хүн байна аа, амь авраач" гэсэн. Надтай хамт найруулагч ч явж байсан учраас түүнийг “Миний дүү дээшээ авираад хар даа” гэсэн чинь харчихаад “Юу ч алга" гэсэн. Сонсоод байсан яах аргагүй вагон дотор дуугарч байсан.

Ингээд станцаар жижүүр рүү “Цагдаа, эмнэлэг, онцгой байдал дуудаарай. Нүүрсэнд хүн дарагдсан байна” гэж хэлсэн. Яг тэр үед сэлгээ хийж байсан машинч хажууд зогсоод түлхүүр багаж гаргаж өгсөн. Бид хэд нийлээд люкээ онгойлгож хоёр хүнийг гаргаж авсан. Тэр хоёр их азтай. Яг люкэн дээр хэвтэж таарсан.

Хоёр люкний голд нь байсан бол аль нэгийг нь онгойлгоход нүүрс дээрээс асгараад хүнд гэмтэх эрсдэлтэй байсан.Зургаа, долдугаар люкийг онгойлгоход нүүрстэй хамт унаад ирсэн” хэмээн ярьжээ. Нүүрсэнд дарагдсан хоёр иргэнийг Б.Ихбаяр, Ц.Батболд гэдэг бөгөөд хоёул Чойрын харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байжээ. Тэд хучих зүйлс бэлдэн ачааны вагонд хулгайгаар орсныг харахад Улаанбаатарт ирэхээр төлөвлөсөн бололтой.

Гэсэн ч тэд хоосон вагонд архидан согтуурч, унтсан тул ийнхүү нүүрсэнд даруулсан байна. Нэг вагонд 65 тонн нүүрс ачдаг гээд бодохоор мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар тэр хоёр эзэлхүүнээрээ дөрвөн тонн орчим нүүрсэнд дарагдсан гэнэ. Хэрэв жаахан л цаг алдсан бол вагонд ачсан нүүрсний нягтаршил нэмэгдэж тэр хоёр амьд гарах аргагүй болох байж.

Цаашлаад уг нүүрсийг ачсан вагон дулааны станцид хүрвэл тухайн иргэд нүүрсэн дундаас ялгагдахгүй , уурын зуух руу орох эрсдэл ч тулгарах байсан гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлав.

 

Б.Хишиг