sonin.mn
ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Т.Цогтжаргалыг энэ удаагийн “Ярилцах цаг”-т урилаа.
 
-Ярилцлагын урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Таньтай уулзаж ярилцлага авах юмсан гэж багагүй хугацаанд бодож явлаа?
 
-Баярлалаа. Зэвсэгт хүчний журмын нөхдийнхөө тухай сайхан ярилцлага, сурвалжлагыг танай сониноос уншдгаа хэлье. Цаашдаа та бүхэн хугацаат цэргийн алба, хөдөөний анги, салбаруудын тухай сурвалжлага бэлтгэх хэрэгтэй.
 
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж танаас асуухгүй өнгөрч болохгүй асуулт бол номын тухай. Ном их уншина. Багш байсан хүний хувьд ч аргагүй мэт. Таны номын санд ямар ном зонхилж байна. Бас англи хэл дээр унших уу?
 
-Номонд дурлах, ном уншихын амтыг ааваасаа өвөлсөн. Миний номын нэг хэсэг аавын маань ном байгаа юм. Хуучны ховор сайхан номууд бий. Сүүлийн үед түүхийн, танин мэдэхүйн, дэлхийн улс орнуудын тухай номоор түлхүү баяжуулж байна. Ялангуяа, түүх, хүн төрөлхтний хөгжил, олон улсын асуудлын тухай сэдэв рүү нэлээд орох болсон. Урд нь цэрэг, арми, алдарт жанждийн тухай шунан дурлаж, дотор нь орчихдог байлаа. Хүүхэд байхдаа бол уран зохиолын номын “донтон” ч явлаа. Харин одоо нас ахихийн хэрээр дэлхийн асуудал рүү “сарвалзаад” биеэ тоож байгаа юм болов уу. Хол ойр явахдаа очсон газрынхаа номыг заавал худалдаж авдаг бичигдээгүй дүрэмтэй. Би биш юмаа гэхэд хүүхдүүд маань дэлхийн оюуны их далайд нэвтрэхэд хэрэг болно. Чихэр авбал идээд дуусна. Хувцас авбал урагдаад дуусна. Эцсийн эцэст ном л үлдэнэ. Сүүлийн хэдэн жил англи, орос хэл дээр нэлээд ном авсан. Ажлын ачааллаас үүдээд уншиж шалихгүй ч гарчиглаж л байна. Ер нь англи хэлнээс юм олж авахгүй бол бид маш өчүүхэн мэдээлэл дунд эргэлдэнэ. Аз болоход, олон сайхан ном орчуулагдан гарч байна. Нийгэм хөгжихийн хэрээр сошиал эрчимтэй тархаж байгаа ч цаасан хэвлэлийн үнэ цэнэ хэзээ ч буурахгүй. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэгтэй нэгэн адил.
 
-Номтой нөхөрлөсөн хүн асуудлыг өргөн хүрээнд харж чаддаг гэдэг. Ач холбогдлын хувьд асар их юм?
 
-Хүн үзсэн, мэдсэнийхээ хэмжээнд сэтгэдэг гэдэг дээ. Асуудлыг хэдий олон эх үүсвэрээс ухаж ойлгоно тэр хүрээнд сэтгэнэ. Энэ хоёр шууд хамааралтай. Зарим хүнийг тулга тойрсон юм ярилаа гэж манайхан шүүжлэх нь бий л дээ. Хүний оюуны цар хүрээ мэдлэгт дурлан уншихаас шууд хамаарна. Харин шар мэдээ уншсанаа уншиж байна гэж ойлговол буруу. Мэдээллийн эрин үед хүн болгон гар утсаараа ч юм уу мэдээллийг хамгийн хялбараар хүлээж авдаг болсон. Тэр хязгааргүй их мэдээлэл дотроос хэрэгтэйг нь авч унших нь хамгийн чухал. Хэрэггүй мэдээлэлд цаг, заваа үрвэл оюун санаа бохирдоно. Хэрэггүй.
 
- Таны адил Зэвсэгт хүчинд ном их уншдаг олон хүн бий биз?
 
-Олон бий. Миний сайн мэдэх нь хошууч Л.Баясгалан. Англи хэлнээс голдуу уншина. Би Канадаас хайж байгаад Эйзанхауар генералын нэг ном олж ирснийг Баясаа л уншсан. Зарим хүн нэг их хэрэг болгоод уншина гээд хэдэн ном авна. Уншихгүй тэгсэн атлаа бас буцааж өгөхгүй талдаа шүү. Тийм хүмүүс номын үнэ цэнийг мэдэхгүй учраас ач холбогдол өгдөггүй юм болов уу гэж бодох юм. Ном уншдаг хүнд номоо өгчихөөд дараа нь ярилцах сайхан байдаг юм. Дайны тухай бодит түүхээс сэдэвлэн уран сайхны аргаар бичсэн К.Симоновын гурвалсан романыг хүүхэд байхдаа уншиж байсан нь санаанаас огт гардаггүй. Фронтын амьдралыг нүдэнд харагдтал бичсэн, сайн ч орчуулгатай ном.
 
- Хүн сэтгэхүйн хувьд уншиж мэдэх тусмаа даруу болдог. “Би”-гээ ч дардаг гэлцдэг. Энэ тодорхойлолт яг танд тохирчээ гэж хардаг юм?
 
-Яах вэ, залуу байхдаа онгироо дэврүүн байлаа. Хэдэн хуудас эргүүлж харчихаад мэдэмхийрнэ. Харин номтой нөхөрлөх тусам өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэж бодох талдаа шүү. Номын сэтгэхүйгээр харах тусам хүн өөрийгөө голдог юм байна лээ. Саяхан нэг их бичгийн хүн “Хүн унших тусам чимээгүй болдог” гэсэн байсан. Би бол мэдэхгүйгээ л мэддэг юм. Мэдэхгүй хүн чимээгүй л сууна шүү дээ. Барууны ертөнцтэй харьцуулахад бид маш бага мэдээлэл дунд байна. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд сайн хөгжиж байгаагийн хүчинд манай залуучууд их өөр болж байгаа сайн хэрэг. Хувьдаа сэтгэл хангалуун байдаг шүү. Энэ бол маш сайн хөрөнгө оруулалт. Таны хэлсэнчлэн ном уншихын хэрээр даруу болдог гэж үнэн. Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй гэж залуустаа захимаар байна. Ялангуяа ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил юм. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. Яах вэ, даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй л бий. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн. Их эрдэмтэн А.Энштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж яриа бий.
 
-Номын хорхойтой хурандаа маань сонсогч үеэ дурсахгүй юу. Миний мэдэхийн танай үеийн сонсогч нар нэгэн жигд гарч ирсэн хурандаа нар байдаг. Одоо ч гэсэн нөхөрлөж байгаа харагддаг?
 
-Цэргийн сургуулийн сонсогч болж тангараг өргөснөөр хойш 30 гаруй жил болж. Цэргийн сургуулиас эхэлсэн сайхан нөхөрлөлийн үргэлжлэл олон байна аа. Та О.Нямчулуун, Ж.Болдбаатар бид гурвыг хэлээд байх шиг байна. Тэр бол 31 жилийн үл харагдах шижмээр холбогдсон түүх. Цэргийн сургууль хүнд нэг амин чухал зүйлийг өгдөг. Тэр нь зөв төлөвшил, ачаа даах чадвар. Залуу байхад эрч хүчээр жигүүрлэнэ. Юу ч бодож санасан юмгүй шууд дайраад л цаана нь гарна. Жаахан туршлага суугаад ирэхээр онолын мэдлэг үр дүн болж ажил, амьдралын хөрсөнд соёолж эхэлдэг шиг байна.
 
-Энэ нөхдийнхөө зан чанарыг тодорхойлвол?
 
-Хэн нэгнийг онцлож ярих гэхээр танай сонины зай хүрэлцэхгүй байлгүй дээ. Надад цэргийн олон сайхан нөхөрлөл, олон сайхан дарга, олон сайн цэргүүд бий. Хэн нэгнийг нь онцолж яривал бусад нь бөөн гомдол болно. Түвэг, түвэг.
 
-Түүнээс хойш аль анги, байгууллагад ажиллав. Анги, байгууллага бүр өөрийн гэсэн дурсамж түүх үлдээсэн байдаг?
 
-Миний цэргийн амьдралын замнал дөрвөн салбарыг дайрч өнгөрсөн байна. Эхнийх нь хугацаат албаны цэргүүдтэй анги, салбарт ажиллаж байсан үе. Сэлэм эргүүлсэн улаан цэргийн дарга байсан үе /инээв/. Хоёр дахь нь мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон байгуулагдахад тулгын чулууг тавилцаж явлаа. Хээрийн дарга болж мэргэшиж байсан үе. Дараа нь ҮБХИС-д ажиллаж байсан он жилүүд. Багш болохоор оролдож, боловсролын байгууллагын тогоонд эрдмийн ажлын захаас ойлгохыг хичээж явсан үе. Тэгээд БХЯ-нд ажиллаж, төрийн захиргааны байгууллагын онцлогийг мэдэрсэн үе байна. Одоо бол цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад ажиллаж байна. Хийж чадвал бодсноо хэрэгжүүлж, бүтээлээ үлдээх үе.
 
-Тэр дундаас багш байх үеийг онцлон ярилцъя. Багш гэдэг амаргүй ажил. Таны заах арга барил ямар байв. Мөр зэрэгцэн алба хааж байсан өвгөн багш нараа дурсахгүй юу?
 
-Багш болохоор нэг хариуцлага ирдэг. Чи олон түмэнд юм заах гэж байгаа бол өөрөө түүнийгээ бүрэн мэдсэн байх ёстой. Хагас дутуу мэдчихээд заана гэвэл багш болохгүй л дээ. Албан тушаалын нэр нь багш байдаг гэтэл өөрөө багш гэж үнэлэгдэхгүй бол багш гэж хэлүүлэхэд хэцүү. Намайг багш болгосон хүн Готов (Д.Доржготов) багш маань шүү дээ. Анх академи төгсөөд багш болохгүй гэж бодож явсан юм. Гэсэн ч аав маань багш хүн байсан болохоор энэ салбарт надад дэндүү дотно, ойрхон байсан л даа. Одоо олон сайхан залуучуудаас эхлээд ангийн захирагч нар хүртэл “Багш аа” гэж дуудаад л. Би гэдэг хүн дүрдээ итгээд сайхан л явна.
 
-Эрдмийн хүний хувиар, алба хашиж яваа офицерын хувиар Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаарх таны бодол?
 
-Монгол Улс хөгжиж байна. Зэвсэгт хүчин хөгжиж байна. Хүрээгүй, хийж амжаагүй зүйл их байгаа ч бид хөгжиж байна. Ургашаа хараад байхаар мэдэрдэггүй юм. Өнгөрснөө эргээд харахаар бид их хол явсан байна. Цаг хугацаа, орон зайн том хэмжээсээр харахаар бид хол явсан, цаашид ч сайхан ирээдүй байгаа. Батлан хамгаалах салбар, цэрэг, арми бол олон улсын харилцааны нэг чухал гарц. Энэ гарцаар дамжиж зарим улс төрийн бодлого хэрэгждэг. Зэвсэгт хүчин том, жижиг байх нь чухал биш, хоёр талын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа гэсэн гарцаар дамжин улс орнуудын гадаад хамтын ажиллагаа хөгжиж, тэр нь эдийн засгийн харилцаанд ч нөлөөлдөг тийм л ач холбогдолтой. Манай Зэвсэгт хүчний хөгжил нь үндсэн үүргийн чадамжаас илүүтэй Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын арга замаар хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хардаг.
 
-Таны санаа зовоож явдаг зүйл, мөн Зэвсэгт хүчний хамгийн түрүүнд засч сайжруулах ямар ажил байна гэж хардаг вэ. Мэдээж одоо хариуцлагатай алба хашиж байна. Гэхдээ сэтгэлийн үзүүрт гэдэг шиг?
 
-Таны асуулт мэргэжлийн асуудал руу орж байна даа. Би товч хариулья. Дэлхий нийт уламжлалт бус дайны аюулд өдөр тутамдаа өртөх болсон. Энэ нь буу бариад алж устгаад, цэргийн хүчээр эзэлж авах ажиллагаа биш, системээр нь, институцээр нь тогтолцоог нь устгаж, өөрийн эрхшээлд оруулах ажиллагаа. Гэтэл бид үүнийг бага мэдэж, бага судалж, бага анхаарч байна. Үүнд цаашид анхаарах ёстой. Харин сэтгэл хангалуун явдаг нэг зүйл нь Зэвсэгт хүчний залуу үе өнгөтэй байна. Залууст, тэр дундаа манай салбарын залууст дэлхийн дайд гарч юм сурах сайхан боломж нээгдсэн. Энэ бол үнэхээр сайхан хэрэг. Олон хэл сураад дэлхийн олон орны хүмүүстэй, дэлхийн асуудлыг ярилцана гэдэг Монголоосоо гараад дэлхийн хүн болж байгаагийн илэрхийлэл. Би саяхан нэг өдөр “Аз хур” номын дэлгүүрийн хямдралд очлоо. Дараалал нь байшингаасаа гараад хашаандаа багтахгүй бүр гудамжинд гарсан байна билээ. Дараалал багасахыг хүлээж, хэд хэд очсон ч орж чадаагүй. Тэвэр тэвэр, хайрцаг хайрцаг ном авах залуучууд, залуу гэр бүлүүдийг хараад ирээдүйгээрээ бахархсан шүү.
 
-Таны ар тал болон яваа гэр бүлээ танилцуулахгүй юу. Таны хүү Японд цэргийн сургуульд амжилттай суралцаж яваа гэж сонссон?
 
-Миний аав, ээж Завхан нутгийнх. Би тэр сайхан нутагт төрж өссөн. Хутагтуудын нутаг учраас би ч гэсэн хутагтын удамтай юм шиг байгаа юм. Заримдаа далдыг хараад байгаа. Удахгүй нэг хувилгаан тодорч гэж дуулдана шүү. Энэ зүйлийг тоглоом болгож хэлж байгаа нь хүмүүс шашин шүтэх, мухар шүтлэг хоёроо ялгаж ойлгоорой гэсэн санаа. Аавдаа залуу хүн байж юм уншсангүй гэж загнуулж явснаа ер мартдаггүй юм. 
 
Эхнэр маань эрүүл мэндийн салбарт ажилладаг, манай гэрийн эрүүл мэндийн сайд, би боловсролын сайд гэсэн томилгоотой. Охин маань ОХУ-ын Уралын их сургуулийг төгссөн. Ном унших их дуртай, улс төр, эдийн засаг, хүн төрөлхтний хөгжлийн учир жанцан гээд олон асуудлаар аав, охин хоёр ярилцана аа бас. Ээж нь “Хөгшин залуу хоёр дуусах болоогүй юу” гэж ирээд зэмлэх хүртэл ярина шүү дээ. Хүүгийн маань талаар та хэлчихлээ. Хүүгээ арван жилээ төгсөөд мэргэжлээ сонгох болоход нь манай гэрийнхэн ч ёстой нэг цэц булаацалдсан даа. Хүү өөрөө комьпютерийн чиглэлээр сурах хүсэлтэй байдаг, ээж нь эмч болгох сонирхолтой. Би болохоор цэргийн хүн болгоно гэдэг. Гэтэл миний хүү хэсэг чимээгүй сууснаа “Би аавынхаа замаар явна аа. Арми их сайхан харагддаг” гээд цэргийн сургуульд шалгалт өгөөд орсон. Одоо миний хүү аавынхаа заасан замаар явж байгаа алзахгүй биз дээ. Сургуулиа 2019 онд төгсөнө. Намайг залгамжлана л гэж бодож байна. Сайхаан сайхан.
 
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин