sonin.mn
"Өглөөний сонин Монголын анхны олон, нийтийн цахим телевиз болох Control  TV-ийн "КОММЕНТАТОР" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг буулган уншигч танаа хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, хөтлөгч Ц.Энхбат УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнөөгийн боловсролын нөхцөл байдал,  түүний шинэчлэлийн бодлогын талаар хөөрөлдсөн байна.
 
-Олон жилийн тэртээгээс л таныг мэдэх юм. Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч гээд ТББ болон төрийн байгууллагыг та удирдаж ирлээ. Үндсэндээ таныг төр нийгэм, олон нийтийн зүтгэлтэн гэж хардаг. Гэтэл таныг багшийн мэргэжил эзэмшсэн, багшаараа ажиллаж байсныг ярилцлага хийхээсээ өмнөхөн л олж мэдлээ.
 
-Ховд аймгийн хоёрдугаар арван жилийг төгссөн жилээ л одоогийн ОХУ, тэр үеийн ЗСБНХУ-ын Эрхүү хотын Багшийн Дээд Сургуулийн түүхийн багшийн ангид элссэн. Хичээлдээ суутал "История Россия", История КПСС" зэрэг хичээл ороод эхэлсэн. Оросын түүх, Оросын коммунист намын түүхийн хичээл л дээ. Энд сурснаасаа зөвхөн цөөн цагаар Монголын сурагчдад заана. Ийм мэргэжил эзэмшчихээр Монголдоо очоод юу хийх болж байна даа гэж айх, түгших үе төрдөг байлаа. Гэхдээ тус Багшийн дээд сургуульд сурч, төгссөндөө баярладаг. Оросын тэр өндөр боловсролын системд дээд боловсрол эзэмшсэнээрээ бахархдаг. 
Төрсөн нутгаасаа, Ховд аймгийн Багшийн Дээд Сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Оюутны ширээний араас багшийн ширээний ард зогсож, эргээд л үе тэнгийн шахуу оюутнууддаа хичээл заасан. Хожим Таны хичээл ордоггүй ангийн оюутнууд ч хүртэл Цогзолмаа багшийн хичээлд суучхаж болох болов уу гэж сонирхож асууж, зарим нь нууцаар суудаг байсан " гэж хэлэхийг сонсоход сэтгэл өег байсан. Оюутнуудын оролцоог хангадаг, тэднийг сонсдог, харилцан ярилцдаг сургалтын арга хэлбэр их л шинэлэг байсан юм шиг билээ.
Өөрөөр хэлбэл, заах арга нь өөр, өвөрмөц байсан учир оюутнуудын сонирхлыг их татсан гэж бодогдох юм, эргэн санахад. Тодорхой сэдвээр хичээл заалаа гэхэд, оюутнуудын оролцоог идэвхжүүлэх, өөрөө өөрсдийгөө нээх, олох, бие даасан үзэл бодолтой байх зэргийг төлөвшүүлж өгч байсныг тэр үеийн оюутнууд маань өнөө ч хүртэл олзуурхан ярьдаг. Тэр бүр би эзэмшсэн багшийн мэргэжлээрээ л давхар бахархдаг.
 
-Та Оросод сурсан. Тантай адил мянга мянган оюутан хилийн дээс алхаж дээд боловсрол эзэмшсэн. Зардал мөнгийг нь төрөөс хариуцдаг байсан. Боловсролын хөгжлийн энэ бодлого сүүлийн жилүүдэд гээгдсэн. Үүнийг сэргээх бодлогын алхам өнөөгийн төрд байна уу?
 
-Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд элссэн монгол оюутнуудыг дэмжих тэтгэлэг бий. Бүх зардлыг нь биш ч гэсэн сургалтын төсвийн тодорхой хэсгийг нь яамнаас олгодог. Мэдээж шалгууртай. Тухайн оюутан ТОEFL-ooc өгсүүлээд, элсэлтийн шалгалтдаа тэнцээд, дээр дурдсан дэлхийн 100 шилдэг их, дээд сургуулиас суралцах урилгаа авсан байх учиртай. Энэ тохиолдолд яамнаас тодорхой тэтгэлэг олгож буй. Тухайн хүүхдэд олдсон тэр боломжийг нь дэмжих нь зөв. Энэ бол энгийн үгээр хэлбэл, боломжоо бий болгосон оюутныг дэмжих л хөтөлбөр. Яам бол бодлого л хэрэгжүүлэх учиртай.
Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнээ нийцүүлэх, мэргэжлийн чиг баримжаатай боловсрол, хүнээ дэмжих бодлогыг л хөгжүүлэх ёстой. Гажуудал бол системд үүссэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд онгоцны нисгэгчээс өгсүүлээд төмөр зам, геологи, уул уурхай, технологи зэрэг андар төлбөр шаарддаг, нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдээ бэлдэхээ больсон дүр зураг байна. Яамтай маань холбогдох боловсролын салбар гэхэд л нарийн мэргэжлийн багш нараа ч орхигдуулжээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш нарыг нэрлэж болно. Социализмын үед л бэлдсэн хэдхэн багш хараагүй, сонсголгүй хүүхдүүдтэй ажиллаж, салбарын энэ хэсгийг торгоож байна. 
Хэл засалч, дохионы хэл, хөдөлгөөний засал зэрэг хараагүй, сонсголгүй хүүхдүүдтэй ажилладаг нарийн мэргэжлийн багш нарын сүүлчийг нь 1994, 1995 онд Орост бэлтгэсэн судалгаа байна. Одоо тэдгээр багш нар тэтгэврийн насандаа тулчихсан, дунд нь залгамж бэлтгэгдээгүй орхигдсон байх жишээтэй. Монголын төр боловсролд анхаарч, түүндээ зориулж хөрөнгөө ч төсөвлөх, бодлогоо ч хөгжүүлэх, гадаадын шалгарсан, шилдэг “ноу хау"-г өвлөж, хэрэгжүүлэх цаг нь ирсэн.
Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшүүлэх шаардлага үүссэн. Өндөр хөгжилтэй оронд оюутан залуусаа төрийн бодлогоор сургах хэрэгтэй. Эхлэлийг нь энэ намраас тавина Ирэх есдүгээр сард, ОХУ-ын Эрхүү хотын Их Сургуульд арван оюутныг төрөөс бүх зардлыг дааж сургана. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах нарийн мэргэжлийн багш болж ирэх юм. Нарийн мэргэжлийн таван ангид арван оюутныг бакалаврын зэргээр сургах гэрээг байгуулсан. Одоо багш болох хүүхдүүдээ олох, судлах ажлыг мэргэжилтнүүд маань хийж байна.
 
-Боловсролын салбар бол зүйрлэвэл далай юм. Эцэс төгсгөлгүй. Таны удирдаж буй яамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын гэж нэрлэдэг боловч эхлэл бөгөөд, эцсийн цэг нь боловсрол дээр уулздаг. Монголын 500-600 мянган өрхийг хамардаг. Улс орныг бүхэлд нь хамардаг. Маш чухал салбар. Энэ салбарыг авч явах амаргүй. Олон ч Засгийн газар, олон ч сайд ажиллалаа. Боловсролын салбар унасан, гажсан гэх шүүмжлэл газар авсан. Таны хувьд энэ салбарыг удирдах болоод бас жил орчим хугацаа өнгөрлөө. Дотроос нь, бас удирдлагын залуур дээр сууж буй хуний хувьд та салбараа хэрхэн дүгнэх вэ?
 
-Сайдаар нь ирчхээд салбартаа ямар их шүүмжлэлтэй ханддаг юм бэ гэж хүмүүс эмзэглэх бий. Үүнд тайлбар хийх нь зөв гэж бодож байна. Оросын их найрагч Р.Гамзатов "Бүргэдийг л бүргэд гэе" гэж нийтлэл бичсэн нь өөрчлөн байгуулалтын үед нийгэмд шуугиан дэгдээсэн. Энэ бол мэдсээр байж, бие биеэ хуурч, худал амьдрахаа больё гэсэн санааг дэвшүүлсэн. Боловсролын салбарт ч бодит байдлыг байгаагаар нь хэлж, шударга үнэнтэй нүүр тулах цаг болсон. Ингэж чадаж гэмээнэ бид ажилдаа ахиц гаргаж, салбартаа шинэчлэлт өөрчлөлт хийнэ. Удирдлагын тогтворгүй байдал нийгэмд ч, манай салбарт ч байна.
Хоёрхон жилийн хугацаанд гурван ч сайд солигдчихсон. Төрийн нарийн бичгийн дарга нь хоёр солигдсон. Бүгд л шүүхэд уулздаг. Нэг ийм гаж нөхцөл байдал нийгмийн хөгжлийг сааруулж байна. “-Боловсролын салбарт дорвитой өөрчлөлт хийнэ. Чадваргүй төрийн албан хаагчдыг зоригтой хална" гэдгээ ч сайдаар томилогдохоос өмнө нуулгүй хэлсэн. Хэлснээрээ яаманд ирэнгүүтээ халаа, солио хийхийг зорилгоо болгоогүй. Төрийн албан хаагчдадаа боломж олгосон. Гэхдээ яам асуудалтай туЛгарч байна, Яам асуудалтай тулгарч байхад салбар өөдлөхгүй. Тиймээс өөрчлөлтийг яамнаас эхлэх ёстой.
Ажлын чадваргүй, хийх хүсэлгүй, мэргэжлийн ур чадвар, сэтгэл буруу, зүтгэл дутуу хүмүүс салбарын хүнд ачаанаас үүрэлцэж, таталцахгүй байна. Ийм дүгнэлтийг хөндлөнгийн аудит ч гаргасан. Аудитын 2017 оны дүгнэлтээр Боловсролын яам хязгаарлалттай гэсэн дүгнэлт авсан. Энэ бол яаманд бүхэлд нь өгсөн тааруу үнэлгээний дүн. Энэ хариуцлагаас яамны хэн ч бултаж, зайлсхийх боломжгүй. Мөн 2017 онд 16 яам, 21 аймгийн ажлын нэгдсэн тайлан дүн гарсан. Харамсалтай нь, манай яам сүүл мушгисан. Энэ бол хариуцлага тооц гэсэн дохио, сануулга.
Гэхдээ хоосон шүүмжлээд байх нь миний хүсэл, зорилго биш. Төрийн сайдын хувьд салбараа алдаатай, оноотой нь хүлээн авсан. Өмнөх сайдын, яамны алдаа байсан гээд нүдээ аниад явах боломжгүй. Алдааг нь засаж залруулах, оноог нь хөгжүүлэх үүрэг надад оногдсон. Хариуцлага тооц гэсэн даалгавар. Мэргэжилтнүүдээ удирдлагаар хангаж чаддаггүй, хариуцлага алдсан зарим нэг газрын даргыг ажлаас чөлөөлсөн. Хүн чөлөөлөх хүсэл алга. Гар, сэтгэл нийлэх газрын дарга, мэргэжилтнүүдтэй нэг баг болоод урагшилмаар байдаг. Гэвч асуудал байна. Яам дүлий байж болохгүй.
Асуудлыг шийддэггүй, салбараа сонсдоггүй байж болохгүй тэр тусмаа, Сайн засаглалын гол шинж тэмдэг нь иргэнээ сонсох, хариу өгөх. Энэ талын шинж тэмдэг яаманд алга. Гадны хүний хүсэлтэд хариу өгөхгүйгээс гадна өөрийн харьяа сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд, хамаарал бүхий байгууллагатай харьцдаггүй гэсэн гомдол голлож байна. Үүнийг нэг мөр цэгцэлж, шат дамжлагыг цөөлж, хяналтын механизмыг нэвтрүүлсэн. Энэ бол гадагшаа харьцах харьцааг сайжруулсан менежмент. Нөгөө талаас яамны дотоод удирдлагын ажлыг эрчимжүүлсэн. 14 хонолоо тогтмол, шаардлага гарвал долоо хоногтоо газрын дарга нарынхаа шуурхайг сайд миний бие өөрөө удирддаг.
Сард нэг удаа салбарын хэмжээний шуурхайг хийдэг. Асуудлыг шийдэх, урагшлахын тулд яамны аппарат тэр чигтээ хөдөлж байна гэж ойлгож болно. Газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд шахуу төлөвлөгөөтэй, түүнийгээ тайлагнадаг, хариуцлага тооцдог хэлбэр лүү шилжсэн Энэ бол удирдлагын дэвшил, ажил урагшлах нэг механизм гэж харж байна.
 
-Сайд, дарга хүн бол асуудал шийдэхийн тулд л байдаг шүү дээ. Нэг сайд ирлээ нэг, хоёр, гурван асуудал гээд шийдээд ажлыг урагшлуулж явах ёстой байдаг.
 
-Хөгжлийн нууц нь концепцийг оновчтой зөв тодорхойлох гэж би үздэг. Боловсролын салбар шилжилтийн он жилүүдэд урсгалаараа явсан шинж тэмдэг илэрдэг. Тодорхой төсөөлөл, мөрөөдөл, чиглэлгүйгээр урсгалаараа явна гэдэг аль ч салбарт маш их хохиролтой. Ийм л дүр зураг Боловсролын салбарыг нөмөрсөн гэж хэлэхэд хол зөрөхгүй гэж бодно. Боловсролоо урсгалаар нь орхино гэдэг бол улсын хөгжлийн ирээдүй болсон үр хүүхдүүдээ зөнд нь, урсгалд нь хаясантай ижил.
Үүнийг зогсоох үүднээс жил хүрэхгүй хугацаанд үндэсний хэмжээний дөрвөн том зөвлөгөөн хийлээ. Багш нараа сонслоо. Боловсролын салбарын ачааны хүндийг тэд л сайн, муу хэлүүлэн үүрдэг. Цэцэрлэгийн нэг мянга, ЕБС-ийн гурван мянга, Их Дээд сургуулийн нэг мянган багштай нүүр тулан уулзаж, жаргал, зовлон, асуудал, дэвшлийн аль алиныг хэлэлцлээ. Монгол Улс 35 мянган багштай гэхээр 20 хувьтай нь нүүр тулан уулзаж, хамтарсан "Зөвлөмж" гаргалаа. 
Зөвлөмжид заасан зүйлээ ажлын төлөвлөгөөнд оруулж, үр дүнгийн гэрээнд тусгасан. Улсын хэмжээгээр. Ингэж байж зөвлөмж маань бодит ажил болон хэрэгжсэн. Ажлын үр бүтээлийг дээшлүүлэх чухал. Түүнээс ч чухал зүйл бол багш нарын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх юм. Судалж үзэхэд, олон хандивлагч Монголын боловсролын салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ. Үр дүн нь хаана байна гээд нэхэхээр гарт баригдах бодит зүйл алга. Тэгэхээр олон улсын хандивлагч байгууллагуудтайгаа уулзаж, ажлын шинэ хамтын ажиллагааг бий болгохоор чармайж байна.
Яамнаас томилогдсон мэргэжлийн баг хамт олны боловсруулсан суурь судалгаа бүхий томоохон төсөл хөтөлбөрт шаардагдах хөрөнгө санхүүг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ хүрээнд Монголын боловсролын мастер төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлагыг 10, 15 жилийн хандлагатайгаа уяж явах нь зөв гэдэг бодлого гаргасан. Томилогдсон сайд бүрийн үзэл бодлыг дагаж, дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөх төсөл, хөтөлбөрийг үр хүүхэд дээрээ туршдаг гашуун туршлагыг таслан зогсоож байна. Таны асууснаар, цэцэрлэг, дунд сургууль, дээд боловсрол дээр Цогзолмаа гэдэг хүн сайдын хувьд юу хийх вэ гэдгээ мэргэжлийн багийн хамт тодорхойлж байна.
Боловсролд бага наснаас нь анхаарна. Ирээдүйд хэн болох вэ гэдэг нь зургаа хүртэлх насандаа бүрэлдэн тогтоно гэдгийг шинжлэх ухаан нэгэнт баталчихсан. Бодоод үз дээ. Хүүхдийн 2-6 нас хүртэлх үе хаана өнгөрч байна гэдгийг. Ихэнхдээ цэцэрлэгт. Зарим нь гэртээ. Ийм учраас цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, цэцэрлэгийн багш бол манай боловсролын системийн амин сүнс байх ёстой. Тийм ч учраас ийшээгээ хөрөнгө, хүчээ хаяна.
Хүүхдээ цэцэрлэгт өглөө бүр 07.00 цагт хүргэж өгөөд, орой 19.00 цагт авдаг байсан шүү дзэ. Одоо ч бараг ижил. Цэцэрлэгийн багш нарын энэ бүтэн 12 цагийн ажлыг тэгээд хэрхэн яаж үнэлэх юм бэ? Хамгийн бага цалинг тэд авч байгаа шүү дээ, ердөө 420-450 мянган төгрөг. Энэ хүмүүсийнхээ ажлын үнэлэмжийг дээшлүүлнэ. Үнэлгээний журмыг боловсруулж, Сангийн яаманд асуудлаа тавьж, 2019 оноос цэцэрлэгийн багш нарынхаа ажлыг сүлжээгээр цалинжуулдгийг өөрчлөхийг зорьж байна.
Хийж буй бодит ажил, үр дүнгээр нь үнэлдэг олон улсын жишигт нийцүүлэх тухай ярьж байгаа. Энэ бол багшийн хөдөлмөр хөлсний асуудал. Нөгөө талаас хүүхдийг бас орхигдуулаагүй. Хүүхдийн эрүүл мэнд, хооллолтын асуудлыг шийдвэрлэнэ. Цэцэрлэгт өнжих хүүхдүүдийг өдөрт таван удаа хооллодог. Гурван удаагийн халуун хоол, хоёр удаа хөнгөн цай. Үүний төсөв нь 1,650 төгрөг.
 
-Тун хангалтгүй.
 
-Тийм. Энэ бол наанаа мөнгөний тоо ч, цаанаа хүүхдийн эрүүл мэндийн асуудал гэж ойлгож болно. Хоол сайн бол хүүхэд эрүүл чийрэг торнино. Тиймээс цэцэрлэгийн хоолны төсөв мөнгийг нэмэх шаардлагатай. Тооцоо судалгаа гарсан. Засгийн газарт танилцуулсан. Асуудал нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Гуравдугаарт, цэцэрлэгийн багшийнхаа цалинг нэмэхийн зэрэгцээ, мэргэжил арга зүй, хүүхэдтэй ажиллах арга барилыг сайжруулах хэрэгтэй. Яаж гэдэг асуудал үүснэ.
Яагаад гэвэл тэдэн шиг зав чөлөөгүй хүн байхгүй. Ням гарагт л тэд амардаг. Тиймээс ажлын байранд нь багшийг хөгжүүлэх ямар ямар боломж байна вэ? гэдгийг манай мэргэжилтнүүд судалж байгаа. Улсын баяр наадмын дараа сургалтаа эхэлж, ирэх хичээлийн жилд багш нар маань шинэ арга барилаар хүүхдүүдтэй ажиллах болно. Энэ бүгд цэцэрлэг дээр шийдэгдэж байгаа асуудлууд юм.
 
-Сургууль гэснээс 6 насны хүүхдийн боловсролын систем гэдэг нийгэмд асуудал дагуулсан, ялангуяа хөдөө орон нутагт.
 
-Энэ үнэхээр гамшиг. Хөдөө орон нутагт гэр бүл салах нь ихэссэн. Аав нь малаа маллаад намаржаа, өвөлжөө, хаваржаандаа үлддэг. Ээж нь бага насны үр хүүхдээ дагаад сум барааддаг болсон. Гэр бүлд маш хортой нөлөөлж байна. Ийм бодитой асуудал нүүрлэсэн учраас малчдын хүүхдүүдэд сонголт үлдээхээс өөр аргагүй болсон. Магадгүй, малчин өрхөд өсөж өндийсөн хүүхдүүд боловсрол эзэмшээд, хожим нь уламжлалаа дагаад өрх гэрийнхээ мал аж ахуйг авч яаж болох шүү дээ. Авч явах ч учиртай, зарим нь.
Тэгэхээр бид малчдынхаа хүүхдүүдийн сургуульд элсэх насыг нь зайлшгүй эргэж харах шаардлага тулгарсан. 6 насны боловсролын систем бол Монголын амьдралаас хол тасархай байна гэдгийг амьдрал харууллаа. Тэгэхээр өөрчлөх шаардлагатай. Малчдын хүүхдүүдийн хувьд, хэрэглээ, цаг үе, үйл явдлын онцлогт тохируулж ( Цагаан cap, мал төллөлт ) сургалтын программаа гаргах бол, хотын хүүхдүүдийг ид утааны үеэр амраана гэдэг ч юм уу зохицуулалтыг хийж өгөхийг цаг үе нэхэж байна.
Зургаан настнуудын хажуугаар 12 дугаар анги төгсөгчдийн асуудал ч мөн бий. Систем нь нэвтэрсэн боловч, энэ олон жил 12 дугаар анги төгсөгчдийн сурах бичгийг боловсруулж дуусалгүй өнөөдөртэй золголоо Үүнийг системийн алдаа гэхээс өөр үг олдохгүй байна. Боловсролын шилжилт нь хүүхдийг туршилтын талбар болгох ёсгүй. Энэ бүгдэд дүгнэлт хийж, ажлын хэсгүүдийг томилсон.
 
-Мөн сурах бичиг гэдэг том асуудал байна. 
 
-Дунд сургуулийн хамгийн том асуудлын нэг бол угаасаа сурах бичиг. Агуулга нь ч. Дээр нь үйл ажиллагаагаа эрхэлдэг хэвлэлийн хэдэн компанийн хэрүүлийн бай талбар болдог. Тэдгээр хэвлэлийн компанийн үйл ажиллагааг үгүйсгэх нэгээхэн ч бодол алга. Гэхдээ Боловсролын салбар сурах бичгийн хувьд өөрийн гэсэн бодлого баримтлах ёстой. Өндөр үнэ өртгөөр сурах бичгээ эдгээр хувийн компаниар хэвлүүлээд байх уу.
Өөрөө хэвлэх үйлдвэртэй болох уу гэдэг бол бодлогын хүрээнд шийдэх асуудал. Сурах бичгийн хүртээмж хангалтгүй байгаа нь сургалтын чанарт ч нөлөөлж байгаа нь бодит нөхцөл. Сурагчдын 30 хувь нь сурах бичгээ худалдан авахад хүрч байна. Энэ нь тэгш бус байдлыг бий болгож байна. Тиймээс салбар өөрийн зориулалтын хэвлэх үйлдвэртэй болох, бүх сурагчид сурах бичгийг ялгалгүй хүртээх асуудлыг ярьж байгаа. 2019 оны төлөвлөгөө, төсөвтөө иймэрхүү сайн гэсэн ажлуудаа тусгана. Нэг жил л тэр хувийн компанид өгдөг мөнгөөр л хэвлэх үйлдвэрээ босгоно.
 
-Социалист системийн үед ийм хэвлэх үйлдвэр байсан. Үр дүн, өгөөж ч сайн байсан санагдана. Батлагдсан үнэн шүү.
 
-Зөв бөгөөд сайн гэдэг нь батлагдсан зүйлийг эргэлзэхгүй сэргээх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Туршлагаас ярихад, би гэхэд таван дүүтэй. Миний сурах бичгийн хавтас ч муудаагүй, хуудас нь ч урагдаагүй дүү нарт дамжсан. Тэгээд л доош доош нь дамжуулан хэрэглээд болж байсан. Тэр хуучин үеийнх шиг яам өөрөө хэвлэх үйлдвэртэй болж, сурах бичгээ хэвлэнэ.
Харин дээд боловсролын багш нартайгаа уулзахад ЭЕШ-ын чанар гэж юм байхаа болилоо гэдгийг дуу нэгтэй хэлсэн. Одоо манайд 96 дээд сургууль байна. Би 6 дээд сургуулийн лицензийг цуцалсан. Шаардлага хангахгүй, сургалтын хөтөлбөр байхгүй, 60 оюутантай сургууль ч байсан.
 
-Дээд сургууль бас асуудал дагуулах болсон. Ард иргэдийг шулж мөлжсөн Хадгаламж Зээлийн Хоршооны шинэ хэлбэр ч гэж тэднийг зүйрлэн үзэх нэгэн байна. Дээд боловсрол, диплом олгож буй нэрийн дор ард иргэдийн мөнгийг халаасалдаг гэх шүүмжлэл нийгэмд давамгайлсан. Мөнгө ашиг хөөцөлдсөн эдгээр их, дээд сургуулийн тоог цөөлөхөд мэдээж эсэргүүцэл тулгарч байгаа байх. Тэглээ гээд зогсохгүй, цаашид эрчимтэй цөөлөх юм биш үү, эдгээр сургуулиудыг ?
 
-Нэгдүгээрт, цөөлнө гэдгээр хаалгыг нь шууд хаагаад явахгүй байгаа. Боломжуудыг нь олгож, шаардлагаа өндөрсгөсөн. Энэ 96 дээд сургууль дотроос гуч гаруй нь статусаа өсгөөд бүр Их сургууль болчихсон. Их сургуулийн статус гэдэг ямар байх ёстой вэ. Байшин нэмж барьж, барилгаа өргөтгөснийг Их сургууль болчихлоо гэж эндүүрч болохгүй. Сургалтын агуулга, мэргэжлийн багш нарын баг чухал. Монголоор дүүрэн дээд боловсролын дипломтой ажилгүйчүүд байна гэдэгт хэн дүгнэлт хийх ёстой вэ. Төгссөн оюутнуудын 65 хувь нь ажилгүй гэдэг статистик тоо үнэн шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж буй хүн ч алга.
Дээд мэргэжилтэй үсчин, гоо сайханч л дүүрлээ. Таны хэлдгээр зарим нэг шийдвэр эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь үнэн. Г эхдээ нэг ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж байна. Ямар ч гэсэн Их, Дээд сургуулийн элсэлтийн босго оноог өндөрсгөсөн, Дээд оноо 800, ядаж 400 оноо авч байж дээд сургуульд элсэнэ Төрийн өмчийн их сургуулиудад 480 гэдэг босго оноог тавьсан. Хувийн дээд сургуулиуд босго оноонд эсэргүүцэлтэй хандаж, хувийн дээд сургуулиудын консорциум саналаа ирүүлсэн.
Тэр саналыг нь харгалзан босго оноон дээр нь тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийж өгсөн. Гэхдээ нэг зүйлийг анхааруулсан. Оюутнууд бол төлбөр төлөгч биш. Тэд Монголыг нийгмийг ирээдүйд чирч, хөгжүүлж явах сэхээтнүүд. Тиймээс төлбөрөө төлөөд элссэн оюутнуудад чанартай боловсрол олгох, төгсөөд ажлын байранд ажиллах чадвартай болгож өгөх шаардлагыг л тавьж буй.
Дээд боловсролоо чанаржуулах, босго оноог өндөрсгөх энэ ажлыг оюутны сургалтын зээлтэй бас уялдуулсан. Түүхэндээ анх удаа, Монголын төр, энэ Засгийн газар, Боловсролын яам ямар ч арилжааны банкнаас хамааралгүйгээр оюутныхаа төлбөрийн зээл олгодог болсон. Яамнаас тухайн сургууль РУУ нь шууд шилжүүлдэг болсон.
 
-Энэ дэмжлэгийг хэдийнээс эхлэв. Буцааж төлөх үү. Нөхцөл юу юм бэ?
 
-Өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Ямар ч хүү тооцохгүй. Хүүгийн дарамтгүй. Ажлын байранд очоод, цалин авч эхэлсэн цагаас 6-8 жилийн дотор зээлээ төлж барагдуулах гэрээ байгуулж буй. Барьцаа, хамтран зээлдэгч нэхэхгүй, банкин дээр очих шаардлагагүй. Зээл олголтоо сургалтын чанартай уясан. Муу сурч байгаа оюутан энэ зээлийн эзэн болж чадахгүй. 2.8 голч дүнтэй бакалавр, 3.1 голчтой магистр, доктор дэмжлэгт хамрагдах боломжтой. Ийм нэгэн сурлага сайтай оюутанд ээл егөх буянтай ажлыг эхлүүлсэн. 
 
-Боловсролын салбарыг ярихаар хуримтлагдсан олон асуудал байна. Гол нь багшийн асуудал. Гэтэл үүнийг ярихаар нэг талаас багш нар шаардлага тавьж байна. Бид ажилтай ядуучууд болчхоод байна, цалингаа нэмүүлье гэдэг. Цалинг нь нэмье гэхээр манай Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж байгаа учраас шууд цалин нэмэх боломж хязгаарлагдмал байна гэдэг. Харин нөгөө талаас эцэг эхчүүд сайн багшаар хичээл заалгамаар байна гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Тэгэхээр та бол энэ хоёр шаардлагын уулзвар зааг дээр байна.
 
-Энэ бол бодитой асуудал, бас том асуудал, зөрчилтэй ч асуудал. Багш нар минь авч байгаа цалинтайгаа харьцуулбал маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Эдийн засаг сэргээд, эдийн засгийн нөхцөл сайжраад Валютын сангийн хөтөлбөрөөс гарсан тохиолдолд нийгмийн үйлчилгээний салбар багш, эмч нарын цалинг нэмнэ гэдэг Засгийн газрынхаа байр суурийг багш нартаа тайлбарлаад, цаг хугацааны хувьд тодорхой хүлээлттэйг хэлээд байгаа.
Багш нар маань бас хүлээцтэй хандаж буйд нь талархалтай байна. Нөгөө талдаа түрүүчийн хэлснээр бага анги, цэцэрлэгийн багшийн цалинг нэмж байгаатай адилхан ер нь нийт багш нарынхаа хийж байгаа ажилтай нь дүйцсэн хэмжээний цалин олгодог үнэлгээний журмыг өнөөдөр яалт ч үгүй Монголын төр хийх ёстой. Боловсрол өөрөө тэргүүлэх салбар. 
Иргэнд яг өдөр тутмын үйлчилгээг хүргэж байгаа тэргүүлэх салбар бол багш, эмч нарын ажиллаж байгаа салбар. Гэтэл төрийн үйлчилгээ гэдэг нэг нэрэн дор баахан шаталсан сүлжээтэй цалин олгож байна. Ийм тооцоо гарсан шүү дээ, сая. Шинэ ирж байгаа багш 540,000 төгрөгийн цалинтай, тэгтэл 40 жил ажилласан багш цалингийн нэмэгдэл гэж ердөө 20,000 төгрөг л нэмэгдсэн байсан.
 
-Зөрүү гэж бараг байхгүй...?
 
-Зөрүү байхгүй. Тэгэхээр сайн ажиллаж байгаа багш нар сайн цалин авъя л гэнэ. Таны асуусанчлан эцэг эхчүүд сайн багш нэхээд байгаа нь бодит нөхцөл. Цалингаа нэмэхийг шаардаж байгаа багш нараа буруутгахгүй. Цалин нэмж чадахгүй ч багш нараа хөгжүүлэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нь хэлбэрэлтгүй дээшлүүлэх учиртай. Энэ бол зогсолтгүй хийх ажил.
Ямар ч гэсэн багш сайн байх ёстой, мөн хөгжиж байх учиртай. Цалин нэмэх боломж хязгаарлагдмал ч, сайн багш бол үндсэн цалингийнхаа 60 хүртэлх хувийн нэмэгдэл урамшуулал авч болно. Дунджаар 600,000 төгрөгийн цалинтай багш сайн ажиллавал цалингаа хоёр нугалан өсгөх бололцоог нээж өгсөн, журмаараа. Сайн багшдаа сайн цалинг нь өгөх биш, бүхэлд нь хавтгайруулан олгодог урамшууллын механизм яваад байгааг анзаарсан. Урамшууллын механизмыг улам боловсронгуй болгоно.
Багш нарын асуудалтай хамт, нийгэмд нэг зүйлийн боловсролын захиалга бий болсныг ухамсарлах цаг үетэй багш нар маань золгожээ. Зөвхөн мэдлэг олгох хүрээнд багшийнхаа ажлыг хязгаарлах биш, сурагчдаа зөв сайн хүн болж хүмүүжихэд анхаарах цаг иржээ. Дөчин минут математикийн хичээл заагаад, сүүлийн тавхан минутанд хүүхдийн ухамсарт нөлөөлөх сахилга бат, хүмүүжил, ёс зүй, биеэ авч явах ухаан, эрүүл мэндээ сахих зэрэг амьдралд нь тустай зөвлөгөө өгөөсэй гэж багш нараасаа хүсэж байна.
Энд тусгайлсан журам гаргах хэрэггүй гэж би бодож байна. Японы сонин жишээг хуваалцъя. Тэр өдрийн хамгийн сүүлчийн цагийн хичээл заасан багш "Зам хөндлөн яаж гарах вэ" гэдгийг хүүхдүүддээ сүүлийн 5 минутад зөвлөсөн байх жишээтэй.
 
-Нийгмийн хариуцлага юм даа. Ухамсар, ухаан суулгах хичээл ч гэж нэрлэж болох юм.
 
-Нийгмийн хариуцлага , багшийн хариуцлага. Тэр сурагчийг хүн болгож төлөвшүүлж байна. Зам хөндлөн гарахад зааж, тусалсан том хүнд юу гэж хэлэх ёстой билээ. Баярлалаа гэж. Гэхчлэн багш нар нь хүүхдүүддээ зааж зааварлана. Гэтэл манай салбар төдийгүй, нийгэмд, жинхэнэ утгаараа хүнийг хүн болгож байгаа “хүмүүжил" гэдэг үгийг сүүлийн хорин хэдэн"жил үгсийн сангаасаа хасчихаж. Нэг л их хөгжил гэж ярьсан хүмүүс. Түүнийг нь юугаар ч хэмжих юм бэ. Тэгээд.
 
-Ардын багш Ш.Чоймаа нэгэн ярилцлагадаа, -"Дөнгөж гарсан нялх хүүхдийг монголчууд нялцгай амьтан гэдэг. Түүнийг чинь хүмүүжүүлж байж хүн болгодог шүү дээ" гэж хэлсэн байдаг.
 
-Үнэн. Ардын хүүхдэд ялгаваргүйгээр хандах ёстой. Биднийг сурагч байхад аль сурлага муутайгаа халамжид авч, өргөдөг байсан. Хүмүүжлийн доголдолтойг нь ч бас давхар анхаардаг сайхан уламжлал байсан. Явж явж тэр нь хамгийн сайн арга байж гэдгийг нийгэм маань одоо эргээд нэхэж байна. Сая таны онцолсон "хүнийг хүн болгох ” гэдэг асуудлыг бид анхаарсан. Наймдугаар сарыг эцэг эхтэйгээ ойлголцох, саналыг нь авах cap болгож ажиллахаар төлөвлөсөн байгаа.
 
-Нийгэмд уул уурхай л улсыг хөгжүүлэх тухай ойлголт дэлгэрсэн. Хамгийн чухал яам Уул уурхайн яам ч юм шиг. Гэтэл мэдлэг, чадвартай монгол хүн л улс орныг хөгжүүлнэ. Тиймээс Боловсролын яам илүү чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс боловсролын салбарт уул уурхайгаас илүү анхаарал тавих ёстой юм биш үү?
 
-Хүнээ хөгжүүлсэн улс орон л хөгжиж байна. Зарим хүн хэлээд байгаа, Оюутолгой биш оюунлаг толгой Монголыг хөгжүүлнэ гэж. Хатуу ч гэсэн үнэн үг. Иргэн болгоноо эрүүл байлгах, иргэн болгоноо боловсролтой байлгах энэ бодлого бол Монголын төрийн төвд байх учиртай. Тэр тусмаа өнөөдөр. Японы бас нэг жишээг иш татъя. Япон улсын бага ангийн багш бусад багшаас хамгийн өндөр цалин авдаг. Хариулт нь маш тодорхой. Япон хүнийг төлөвшүүлдэг учраас. Сая Сингапурт ажлын айлчлалаар яваад ирлээ. Тэнд зөвхөн бага ангийн багшид л мэргэжлийн шаардлага тавьдаг гэнэ.
Магистраас дээш зэрэгтэй багш нар бага ангид багшилна гэдэг хатуу бөгөөд өндөр шаардлага. Үүнийгээ өндер цалинтай бас уясан. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр боловсролын систем бодлоготой, шалгууртай, хүн рүүгээ чиглэсэн байна гэдгийг тодорхойлчхож байна. Бага ангид магистр зэрэгтэй хүн багшилна гэдэг нь бакалавраасаа илүү цалин авнаа л гэсэн үг, маш энгийнээр. Ингээд үзэхээр манай боловсролын яам ийм сайн зүйлүүдийг зорилготойгоор, цаг алдахгүй хийх ёстой. Үүний цаана бас нэг асуудал давхар хөндөгдөж байгаа юм. Түрүүн ярьсан 96 дээд сургууль ямар ангид хамгийн их оюутнууд элсэж байна гэдгийг судлаад 42 сургууль нь багш бэлтгэж эхэлсэн байна.
 
-Өмнөх системийн үед багш бэлддэг хоёрхон л дээд сургууль байсан. Улсын багшийн дээд сургууль, Ховдын багшийн дээд сургууль. Энэ хоёрт л багш бэлддэг байсан.
 
-Одоо тэгвэл 40 гаруй сургууль бэлдэж байна. Ажлын хэсэг байгуулагдаад энэ сургуулиудын багш бэлтгэж байгаа хөтөлбөр ижил байна уу, үгүй юу. Ямар сурах бичгээр, ямар профессорын баг зааж буйг судалж байгаа. Ер нь бид жаахан цэгцлэх гээд үзье л гэж бодож байна. Эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ ирээдүйн төлөө миний муу хэлүүлэх, муухай харагдах үнэндээ сонин биш.
 
-Та бидний ярилцах цаг өндөрлөх дөхөж байна. Боловсролын талаар та бид цухас ярилаа. Цаг хүрэлцэхгүй байна. Үүнээс гадна соёлын салбар бий. Шинжлэх ухаан л гэхэд маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Мөн спорт гэх мэтчилэн тус бүрд нь ярихад цаг их орох байх. Гэхдээ та энэ бүх салбарыг хариуцаж буй сайдын хувьд багцлаад нэг дүгнэлт хэлэх хэрэгтэй болов уу.
 
-Тийм. Та туршлагатай нийгмийн зүтгэлтэн хүний хувьд үүнийг олж харж асууж байна. Би ярилцлагад орох бүрдээ нөгөө л боловсролын асуудлаа ярьсаар байгаад нэг мэдэхэд цаг дуусчихсан байдаг. Үзэгчид дунд ингээд л соёлоо ярьдаггүй, спортоо ярьдаггүй, шинжлэх ухаанаа орхидог гэх хүн гарч л байдаг байх. Тэгэхээр бүтцийн хувьд ч манай яам хэр зэрэг шинжлэх ухаанч зөв шийдэлтэй байна вэ гэдэг зүйл давхар сөхөгдөнө. Ажил авснаасаа хойш соёлын сайдуудын уулзалтад оролцсон (Болгар улсад). Улс орон бүр тус тусдаа соёлын сайдтай байв.
Улс орон бүр өөрийн соёл, зан заншил, өв уламжлал, үнэт зүйл, түүхээ хадгалж хамгаалж, түүнийгээ аялал жуулчлалтайгаа холбосон бүтцээ зөв гэж үзэж байна. Спортын сайдын уулзалтад (Солонгост ) өвлийн олимпын үеэр оролцсон. Улс бүр л спортын сайдтай юм билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрынхаа шинэ бүтцийг зурахдаа Боловсролынхоо яамыг Гэгээрлийн яам болгосон. Мөн Дээд боловсрол, Шинжлэх ухааны яамыг шинээр Гэгээрлийн яамнаас тусдаа байгуулсан. Үүний цаана В.Путины Засгийн газрын бодлого уншигдаж байгаа юм.
Яг энэ шилжилтийн үеийг туулсан ард түмнээ гэгээрүүлэх ёстой юм байна. Хүн болгож хүмүүжүүлэх, гэгээрүүлэх ёстой юм байна, төлөвшүүлэх ёстой юм байна гэдэг бүтэц нь уншигдаж байгаа юм. Нөгөө талдаа улс эх орныхоо ирээдүйг шинжлэх ухаанчаар харъя гэж бодож байгаа бол чанартай дээд боловсрол, шинжлэх ухаанч дээд боловсрол хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна. Манай хувьд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортыг нэг дор нэгтгэсэн онцлогтой. Тиймээс бүгдэд нь ижил тэгш хандана. Төсөв мөнгө бага хэдий ч, бүтэцдээ нийцүүлэн аль ч салбараа орхилгүйгээр яам, газар, хэрэгжүүлэгч агентлагуудтайгаа зохих түвшинд ажиллана гэдгээ энэ дашрамд дуулгая.
 
-Цаг заваа гарган студид хүрэлцэн ирж, боловсролын салбарын өнөөгийн тулгамдсан асуудлаар ярилцсанд гүнээ талархал илэрхийлье. Хийхээр төлөвлөсөн, зорьсон, шинэчлэл агуулсан шинжлэх ухаанч шийдвэрүүдээ амжилттай хэрэгжүүлэхийг хүсье.
 
-Баярлалаа, Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"