sonin.mn
УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа.
 
-Раш гэдэг хүн улстөрд, төмөр замд өөрийн гэсэн орон зай, мөрөө үлдээчихсэн. Танд  мөрөөдлөө биелүүлжээ гэсэн бодол төрдөг үү?
 
-Нас хэвийж яваа хүний хувьд эргээд харахад дажгүй алхаад ирсэн юм уу даа гэж боддог. Нэг их мөрөөдөж зүтгээд явсан гэхэд хаашаа юм. Тавдугаар анги хүртлээ малчин болно гэж боддог байлаа. Суналзсан уураг бариад зах нь үзэгдэхгүй адуун сүрэг тууж давхиж явахсан гэсэн бодолд хөтлөгдөж явсан юм. Тавдугаар ангиасаа хойш аав, ээж, багшийн зөвлөгөө нөлөөлөө биз, сургуулийн мөр хөөх нь дээр гэж бодсон доо.  Сайхан хүмүүсийн дэмжлэг буянаар байнд нь биш гэхэд  банзанд нь байсан юмуу даа.
 
-Аав, ээжийн хэр сайн хүү вэ?
 
-Би аавыгаа нэг их өргөж чадаагүй гэж боддог. 1984 онд бурхан болсон юм. Тэр үед би хойд хөршид Нийгмийн ухааны академид сурч байсан. Ээж маань хожим 2001 онд өөд болсон. Дамбийжаа “Энэ миний мандаж явсан үе” гэж хэлээд зургаа үзүүлдэг дээ. Миний хувьд тийм үе байсан л даа. Төмөр замын даргаар ажиллаж байлаа. Том том шагналууд хүртэж явсан. Ээж минь хүүгээрээ бахархсан байх. Ээжийгээ амьд сэрүүн байхад нутаг орон руугаа очих сайхан байжээ. Жуужаадаа аргал түүж өгчиж явлаа.  Намайг арагүүрээд  савар бариад явахаар дүү нар болиулах гэнэ. Тэгэхээр нь би “Та нарт биш ээждээ аргал түүж өгч байгаа юм аа” л гэдэг байв. Үр хүүхэд нь овоо явах шиг том баяр эх хүнд байдаггүй байхаа.
 
-Таныг ээжээс олуулаа гэж сонссон...?
 
-Уг нь арван дөрвүүлээ гэдэг юм. Дөрвийг нь би мэдэхгүй. Надаас өмнө байхгүй болцгоосон. Арван хар толгой байж байгаад одоо тав үлджээ. Эдэн дотроосоо   ганц эрэгтэй нь би. Нэг эгчтэй. Бусад нь дүү нар. Хөдөө мал маллаж  амьдарцгаадаг юм.
 
-Эгч, дүүдээ хэр дэм болж байна?
 
-Олигтой чадахгүй байна. Тэднийхээ гарыг харах тал руу. Хоолны мах, цагаан идээгээр таслахгүй. Би моринд хорхойтой монгол хүн. Цөөхөн адуутай.
 
-Олуулаа байх ч сайхан шүү...?
 
-Сайхаан сайхан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул хөдөлмөрийн баатар Банзрагч гуайн тухай сайхан нэвтрүүлэг үзсэн. Өнөр өтгөн айл юм аа. Үр хүүхэд, ач гуч, хүргэн бэр нийлж буй нь багын хурал болох дайны харагдаж байна лээ.  Олуулаа байхын нэг зовлон бий. Хүн мөнх биш авс тэвэрч явна гэдэг хэцүү. Миний аав морин дэл дээр төрийн алба хашиж явсан хүн. Аль 1931 онд Төв аймаг  Лүн толгой өвөрт байхад тэнд ажиллаж байсан  12 настайгаасаа Дэлгэрхангай уулын хошууны тамгын  тал  бичээчээс ажлаа эхэлсэн түүхтэй. Аавын минь хэрэглэж явсан бийр, янтай нь надад бий. Аав, ээжийн хүмүүжил, чиглүүлж өгсөн сургаал л олдошгүй оюу эрдэнэ юм даа.
 
-Бийр янтай гэснээс ээж, ааваас үлдсэн нандин өвөөсөө сонирхуулаач?
 
-Эдэлж хэрэглэж ирсэн хөөрөг, гаанснаас эхлээд олон зүйл надад  бий. Ээжийн минь өмсч явсан дээл, дэрлэж байсан дэр, айргийн сөнгийн хувин алийг тэр гэхэв.
 
-Та хэр сайн аав, хэр түшигтай хань вэ?
 
-Хоёр охин маань, эхнэр минь  л хэлэх байх даа. Багыг нь Ундармаа гэдэг юм. Бээжинд сурдаг. Тэр охин маань “Аав гэртээ ном уншаад сүйд болохгүй хэрнээ мэдэхгүй юмгүй хүн шүү” гэж байсан удаатай. Тэгж хэлэхэд нь эгч нь “Хөдөлмөрийн баатар хүнийг ингэж хэлж яаж болох юм бэ” гэсэн гэдэг.  Хань гэдэг удах тусмаа улам ижилсдэг юм байна аа. Би чи гэх зүйл гаралгүй л яахав.
 
-Амьдралдаа энэ шугамаас л хазайхгүй юмсан гэсэн зарчим, үнэт зүйл хүн бүрд байдаг. Таны хувьд...?
 
-Нэг их баян тарган явдаггүй юм гэхэд хоёр идэхгүй, хоосон хонохгүй, сэтгэл хангалуун, эрүүл саруул байвал болоо доо. Бухимдах юм ажил албан дээр гарнаа. Өссөн хүмүүжил шиг байгаа юм, илүү дутуу юманд шохоорхоод байдаггүй. Бордуу талдаа амьдралаар болоод явж ирсэн. Олонтой явах шиг сайхан юм байхгүй. Эд хөрөнгө гэж гайхуулаад байх юм надад байхгүй. Манайхан нутаг усандаа олон хүн бууж мордсон нэр хүндтэй айлууд явсаан. Хүний муу хүнд тустай гэж ээж маань ярьдагсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг  шиг тэр үнэт зүйл нь үр хүүхэд бидэнд жаахан туссан байж мэднэ. Гэхдээ би өөрийгөө мундаг, хүнлэг, цагаан халаад өмссөн эмч шиг хүний амь насыг аврахын төлөө хамгаа өгдөг гэж хэлмээргүй байна. Яахав хүнд туслах юмсан гэж бодож хичээж явдаг.
 
-Өөрийнхөө алдаа, гэмийг анзаардаггүй хүн олон. Танд сул тал бий юу?
 
-Байлгүй яахав. Төмөр зам цагаар явдаг. Галт тэрэг хөдлөхөд 5 минут үлдлээ гэдэг дуу байдаг шүү дээ.
 
  Вокзалын цагаар цагаа тааруулдаг байсан гэдэг. Раш гэдэг хүний хувьд ерөнхийдөө  үдээс хойшдуу гэх үү дээ. Монгол хүн ч ер нь тэгээд нарны баримжаагаар явах гээд байдаг муу зуршилтай.  Үүнийг зөвхөн өөрийгөө биш олон монголчуудад хандаж хэлж байгаа юм. Герман хүн шиг цаг барьдаг.  Япон хүн шиг юманд нарийн ханддаг болцгоох юмсан.
 
-Раш гэдэг хүнийг юу тодотгодог гэж та боддог вэ. Хүмүүс бол төмөр замын гэдгээр тань илүү мэддэг?
 
-Эзэмшсэн мэргэжил, хийж явсан ажилдаа амь амьдралаа зориулж яваа хүн дээ би. Тэр маань намайг тодотгодог юм болов уу.
 
-Сэтгэл эмзэглэдэг зүйл гэвэл...?
 
-Нийгэм, ажил амьдралд болж бүтэж байгаа юм зөндөө. Бас болохгүй, бүтэхгүй юмнууд ч цөөнгүй..Улс нийгэм маань  санасан бодсон түвшинд хүрч хөгжиж чадахгүй  байна. Уг нь улс нийгмийн ажлыг урьд нь тавьж, амины юмаа ард нь тавьж байж чадвал  ажил аяндаа бүтнэ дээ.
 
-Төмөр замын даргаар ажиллаж байхад болсон сэтгэлд үлдсэн дурсамж их биз?
 
-Их ээ их. Тээр жил төмөр замын даргын үзлэгээр явж байсан үеийн нэг дурсамжаа яримаар санагдчихлаа. Сэлэнгэ, Сүхбаатар өртөөний наахна талд Шаамар зөрлөгт  Хөдөлмөрийн гавъяаны одонт Турсага гуай гэж мундаг төмөр замчин байх. Бие нь жаахан чилээрхсэн тухай сонссон байсан юм. Ороод гаръя гээд зорьж очлоо. Маш их баярлаж, магнай нь тэнийж байгаа нь харцнаас нь андашгүй. Миний толгой дээр рельсний хугархай тавьчихаарай гэж хэлж байж билээ. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн үг. Замын албаны даргаар ажиллаж байсан З. Зориг гуай нэгэн удаа над дээр орж ирээд замын аж ахуйн талаар бэрхшээл зовлонг тоочив. Тэгэхэд нь би Зориг гуай төмөр зам гэдэг чинь ганцхан замын аж ахуйгаа бүтэхгүй. Цаань нь зүтгүүр, вагон, өртөө зөрлөг, дохиолол холбоо, эрчим хүч, эмнэлэг цэцэрлэг гээд өдий төдий юм байнаа гэхэд субьектив удирдлага гэж намайг хэлчихээд гараад явж билээ. Санаанаас ер гардаггүй юм Гэх мэтчилэнгээр зөндөөн. 
 
-Улстөрд найз байхгүй гэж ярьдаг. Энэ хэр ортой үг вэ?
 
-Улстөрийн тогоонд найман жил  чанагдсан. Төмөр замын даргын албыг хашиж явахад ч гэсэн улстөртэй төстэй байр суурь баримтлах, илэрхийлэх шаардлага гарч байсан. Улстөрд найз байхгүй гэдэг үг ортой байж мэднэ. Гэхдээ дотны нөхөд  байлгүй яахав.
 
-Улстөрийн найз гэвэл хэн байна?
 
-УИХ-ыг сайн муу хэлж л байдаг. Гэхдээ миний тэнд өнгөрүүлсэн найман жил утга дүүрэн байсан. Далай шиг эрчүүдийн дунд ажиллаж байсан. Их юм сурсан. Төмөр зам улсын нэг л том салбар. Гэтэл УИХ огт өөр. Хярын оройд гарч мал дурандаж байгаа маягтай болно. Тэгэхээр хүний хараа сунаж, сонсгол сайжралгүй яахав.
 
-Улстөрийг өнөөдөр хэр байна гэж та хардаг вэ?
 
-Нэгэнт дотор нь байхгүй учраас бодит мэдээлэл дутуу. Ний нуугүй хэлэхэд нэгэнт ажлаа өгсөн хүн тэрүүгээр байнга  шагайгаад аяга ёроолдоод явах нэг л тийм. УИХ-ын гишүүн гэдэг бол том ажил, том хариуцлага. Сонгогчдын захиалга хүсэлтийг бүрэн төгс биелүүлнэ гэдэг барахгүй талдаа. Ер нь хэцүү ажил. Гол нь л улс нийтийн эрх  ашгийг гол шугамаа болгоно гэсэн үг  шүү дээ.
 
-УИХ-ын гишүүдийн нэр хүнд, үнэ цэнэ улам л унаад байгаагийн шалтгаан нь юундаа байна аа?
 
-Уг нь монгол төрийн сайхан алба. Гагцхүү тэр албыг сайхнаар, үнэнчээр хаших ёстой. Өнөөдөр Монголд нэг их мөнгө дутсан юм байхгүй. Харин зарим хүмүүсийн сэтгэл л дутаад байх шиг. Гэхдээ ажиллаж явсан газраа муулах шиг муухай зүйл үгүй.
 
-Хууль тогтоогчоор ажиллаж явахад хэцүү зүйл хэр их тохиолдож байв?
 
-Зарим үед дургүйцмээр, гайхмаар, инээд хүрмээр  юмнууд дуулдана шүү. Ийм газар ийм ч юм ярих гэж дээ гэсэн бодол төрсөн үе зөндөө. 2008 оны сонгуулийн дараагаар санагдана. Ямааны ноолуурын үнийн зөрүү гэж 30 тэрбум төгрөг малчдад өгнө гэсэн яриа гарав аа. Хотоос сонгогдсон, хөдөөгийн амьдралын талаар тааруухан мэдлэгтэй улс эсэргүүцлийн үгийг хайр найргүй чулуудаж байв. Ямаанд хайртай л гэнэ. Хуц ухна ч гэх шиг. Улсын хэмжээний гэх нэг томоохон  түвшний  хүн хүртэл “Раш гуай та хэдэн ямаатай вэ” гэж асуусан удаатай шүү. Тэр хүний үзэж байгаагаар бол  би олон ямаатай учраас ямааны ноолуурын үнийн тухай ярьсан болж таарч байгаа юм. Би хөдөө явж ирээд зориуд хуванцар саванд ямааны сүү дүүргээд  над руу үг чулуудсан гишүүний туслахад өөрийнхөө туслахаар дамжуулаад өгүүлсэн юмдаг. Ямааны сүү чинь ховор нандин бүтээгдэхүүн шүү дээ. Намар оройн ямааны сүү будаг шиг. Шим тэжээл энэ тэрийнх нь өгөөж барагдахгүй. Туслах нь өгсөн эсэхийг мэдэхгүй. Уг нь тэр сайн талыг нь мэдрүүлье гэсэн юм. Гэх мэтчилэн битүү ёгт зүйл цөөнгүй  хийж явжээ.
 
-Төмөр зам, УИХ гээд харвал та чинь насаараа кноп дарж явжээ?
 
-Тэгсэн шүү. Насаараа кноп дарлаа. Ленинградад Төмөр замын сургууль  төгсч ирээд л кноп дардаг ажилд орсон. Өртөөний жижүүр, деспетчер, дарга хийсэн хүн. УИХ-д мөн адил.
 
-Итгэл үнэмшлийнхээ эсрэг кноп дарах явдал УИХ-ын гишүүнээр ажиллах үед гарч байв уу?
 
-Нам, бүлгийнхээ  бодлого юмыг дагах зүйл хааяа гардаг юм. Гэхдээ л өөрийн санаа өөртөө зөв, өрөөл булигаар гуталдаа зөв гэдгийг иш үндэс болгож  тайлбарлахыг хичээж явлаа.   
 
-Найман жил УИХ-д суухдаа гардаж ажилласан хуулиасаа онцлооч гэвэл аль хуулийн төсөл, ямар шийдвэр, шийдлийг онцлох вэ?
 
-Монголын төр хөдөө рүүгээ нүүрээ харуулах цаг болоогүй юм уу гэж 2005 оноос эхлэн ярьсаар яваад хөдөөгийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулсан. Тэр нь сүүлдээ бүр тодорхой болж “Монгол мал” хөтөлбөр нэрээр батлагдсан. Балдан-Очир гэх мэт олон гишүүн элбэж дэмжсэн. Хоёрдугаарт онцлох шийдвэр гэвэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг сар шахам наана цаана гэж явж босгосон.  УИХ-ын тогтоол гарч, Дэмбэрэл гуай гарын үсэг зурсан байдаг. Хийсэн юмны өндөрлөг гэвэл энэ хоёр л байх. Өөрийгөө магтах муухай. Гэхдээ манай намын бүлэг хүндхэн, хэцүүхэн асуудал дээр ажлын хэсэг гарлаа  цөөнгүй тохиолдолд  миний муу нэрийг толгойд нь зоочихдог л байсан.
 
-Таныг нэр дэвшүүлэхгүйгээр жагсаалтад багтаана гэснээс болж намынхантайгаа маргасан гэсэн яриа улстөрийнхөн дунд сонсогддог. Тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?
 
-Намынхандаа “Дундговьд найман жил боллоо, уйдах гэж нэг юм бий. Байраа нэг соливол яадаг юм” гэсэн санал тавьсан юм. Жигтэйхэн дуртай хүлээж авсан л даа. Дараа нь харин хурал болохын өглөө шийдвэрээсээ буцчихдаг байгаа. Жагсаалтад ор гэж байна. Хэдэд юм гэтэл 12-т гэсэн л дээ. Тэр үед би хэдийгээр “Муу байлаа гэхэд арай ч ийм дугаарт бичигдэхгүй. Наймд бичвэл оръё тэгэхгүй бол болье” гэлээ. Тэнд нь эмэгтэй хүн байж таарсан. Гэтэл Даш-Ёндон гуай “Рашаа чи яаж байгаа юм бэ. Ийм том нам 12 зэргийн хүн багталгүй яахав” гэж байна. Тухайн үед нь би “Энэ удаа багтахгүй байх аа, дарга аа” гэсэн юм. Тэр жил яг миний хэлснээр манай намынн квот наймаар таслагдсан. Тэрбүү хэл МАХН нь манай намаас илүү болоо биз дээ.   Гэтэл Д.Тэрбишдагва гишүүн  “Өөрийг чинь нэг хоёрт бол худлаа, гурав дөрөвт бол оруулъя” гэдэг юм. Тухайн үед нам салсан ч гэлээ үндсэн намаасаа гараад яах вэ, баярлалаа гээд саналыг нь хүлээж аваагүй. Тэгээд л өрөөнөөсөө ойр зуурын юмаа машинд ачаад гарсан даа.
 
-Та улстөрд ахиж орох уу?
 
-Одоо хэрэггүй биз дээ.  Надад нэг багцаа байдаг юм. Намайг гишүүн байхад тээр жил Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна гэвээ. Би багаасаа хөлгийн тоосонд булуулж өссөн хүн. Тэр үед “Манай наадмын журам их чанга. Хэдэн зуун морь уралдахад айргийн тавд багтдаггүй л юм бол зууд орсон, зургаад орсон хоёр  бараг адил шахуу. Дээр үед монгол наадмын ёсоор арав доторх морийг айрагт  барьдаг, үнэлдэг байсан юм гэнэ лээ. Айргийн тавыг нь цоллоно биз. Арав доторхийг нь сурталчилдаг, ярьдаг байя” гээд санал оруулчихлаа. Гэтэл тэр жил миний хоёр азарга хоёулаа арав дотор  орчихдог байгаа. Тухайн үед Ц.Нямдорж “Та яаж мэдээд байна аа” гэж билээ. “Эр хүнд чинь багцаа байна шүү дээ” гэж хэлж байлаа. Далдыг харах гэдэг утгаараа биш л дээ. Бодож явсан юм хэрэгжих жишээтэй. Уулзах гэж байсан хүн гэнэт тааралдах жишээний. Тэр утгаар нь хэлж байгаа юм.
 
-МАН хэр шинэчлэгдэж байна?
 
-Манай нам социал үзэл баримтлалыг чигээ болгодог зүүний нам. Яг хэрэг дээрээ онолын үзэл баримтлал маань олигтой хэрэгжсэн юм бага л байх шиг. Манайд сайн эрдэмтэд бий:. Ц.Балхаажав даргын ерэн насны ойг ШУА-аас сайхан зохион байгууллаа. Тэр арга хэмжээ оюун сэтгэлгээний том хөгжил болно билээ. Марксийн 150 жилийн ойн тухай дугуй ширээний том яриа манай намд болсон. Урдаа барьдаг хүмүүс тэнд үгээ хэлсэн. Би сурч гийгээгүй ч хуучин зөвлөлтөд Нийгмийн ухааны академид мундаг багш нараас ном сонссон. Тэр бүхэн энэ толгойд буй чигээрээ бууж чадаагүй ч ойр зуурын юм тоймлох хэмжээний зүйл байлгүй яахав. Онолын сэтгэлгээний хөгжил нь ганц манай намын асуудал биш. Ардчилсан намд ч мөн адил гэж боддог. Ер нь манай улс төрийн намууд сайн төлөвших ёстой.
 
-2011 оны хавьцаа шиг санагдаж байна. Та тэр үед намын шинэчлэлийн талаар хэвлэлийн бага хурал хийж явсан хүмүүсийн нэг. Тэр үеийн намын шинэчлэл, өнөөдрийн намын шинэчлэлийн хооронд ямар ялгаа байна?
 
-Ер нь улстөрөөс хөндийрчээ. Төмөр замынхаа ажилд л санаа зовж сууна. Юм үнэнээрээ л байх ёстой. Худлаа улстөрждөг, биеэ магтдаг хандлага тусгүй. Манайд сонгогчдын боловсрол нимгэн байна. Саналаа өгчихөөд дараа нь өнөөхөө зүхдэг. Аливаа ажилд карьерийн зарчим байх ёстой. Хатавчилж суухгүй шууд хоймор руу зүтгээд байх юм. Гандангийн зүүн урд талд хоёр том ном бичээстэй бий. Тэрний нэгд нь энэ тухай бичсэн байна билээ. Бодь мөрийн зэргээс гээд хоёр том ном бичээстэй бий.  Дороос эхэл л гэсэн үг.  Өнөөдөр долдой нөхөд хэт олширсон нь асуудал болоод байна. Хаана өөрт нь ашигтай байна, тэнд дэлүү шиг наалдаж явдаг. Тэр л муухай.
 
-Танай намд ийм хүмүүс байна уу?
 
-Байгаа. Аль ч намд бий.
 
-У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр ажиллаж байна вэ?
 
-Шударга талдаа ажиллаж байх шиг байна. Дутагдал гаргасан нөхрийг нясалчих гээд байна шүү, цаадах чинь. Маш зөв. Ер нь засаг чадвартай бөгөөд  тогтвортой байх хэрэгтэй. Манайх шиг засгаасаа хамааралтай жижиг улсад сөрөг нөлөө нь их. Ялангуяа гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй. Улстөр болоод  хууль нь тогтвортой байвал хүн юм хялайлгана. Бас өөрсдөө л юмханхаар юм хийхийг хичээх хэрэгтэй.
 
-Таны хувьд аль Засгийн газрыг хамгийн сайн ажилласан гэж дүгнэх вэ?
 
-П.Жасрай гуайн Засгийн газрыг сайн ажилласан гэж боддог. Ж.Наранцацралтын Засгийн газрыг хичээж байсан гэж хардаг. Даанч цагийг нь болоогүй байхад үнэн худал нь мэдэгдэхгүй юм гаргаж ирээд унагасан.
 
-Зам тээврийн сайд байхдаа гаргасан онцлох шийдвэрээ сонирхуулаач?
 
-Зам тээврийн сайд байхдаа төмөр замдаа хэрэгтэй хоёр гурван бичиг баримт гаргасан. Транзит Монгол гэж хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Гадаад, дотоодын мөнгөтэй хүмүүс төмөр замын салбар руу их ордог. Үүнийг дагнан хариуцаж ажилладаг компани хэрэгтэй гэж үзээд “Монголын төмөр зам” компанийг байгуулсан. Бас хувийн төмөр зам байгуулж болох тухай тогтоолыг боловсруулж батлуулсан. Иргэний нисэх болоод авто замын  ажлаар нилээд хөөцөлдөж явлаа.
 
-Нарийн өргөн цариг дээр та ямар бодолтой байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүнээ нарийн царигаар тээвэрлэх ёстой гэсэн санал уг нь буруу биш санагддаг...?
 
-Уурхайн л төмөр зам шүү дээ. Ийм зүйл дээр богинохон газар нарийн царигийн төмөр зам байхад болохгүй юм байхгүй. Эдийн засаг талаас нь харах хэрэгтэй. Геополитик гэж яриад байдаг. Гео эдийн засаг гэж бас байна.
 
-Төмөр замын цаашдын ирээдүйг яаж харж байна вэ?
 
-Төмөр зам цаашдаа хөгжинө. Улсыг улам тэтгэнэ.  Энэ агуу хоёр гүрний дунд байгаа ачаа зорчигч дамжуулах шаардлага улам өндөрсөөд байна. Жин банг нь тааруулаад ажиллавал боломж их бий. Ер нь цаашид  хоёр дахь зам тавигдаж таарна, цахилаанжиж таарна. Наушки-Улаан Үдийн хооронд цахилгаан зам тавигдаж таарна биз. Эрээн-Жинэнгийн хооронд ч мөн адил.Тэгсөн нөхцөлд Транс -Монголын төмөр замын өрсөлдөх чадвар эрс дээшилж,  хөгжинө.   Улс төрд төмөр замын мэддэг хүн хэт олшроод байна шүү. Төмөр замчид төмрийг давтана, хадна, хэмжинэ.
 
 
П.ОЮУНСУВД
 
Эх сурвалж: