sonin.mn
 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, шүүгч М.Батсуурь, Х.Идэр нартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
 
ЗГХЭГ-аас Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарыг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэж үзэн, Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаад байсан билээ.
 
 Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр:  " Шүүгч М.Батсуурь нь Худалдаа Хөгжлийн Банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, төрсөн аав н.Мишиг нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон "Юнайтэд Энержи" ХХК-ийн Ерөнхий Захирлаар тус тус ажиллаж байсан. Гэхдээ үүнийгээ АТГ-ын ХОМ-т бүртгүүлээгүй нь нотлогдсон гэж Шүүхийн ёс зүйн хороо үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нь "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэргийг зориудаар 49 хувийг худалдан авсан талд  буюу ХХБ-д ашигтайгаар шийдсэн гэж хардаж байна.
 
Харин шүүгч Х.Идэрт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Х.Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалинжиж байсан нь тогтоогдсон. Гэтэл Х.Идэр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг дээр ажилласан. Харин Шүүхийн ёс зүйн хорооноос ирсэн албан бичигт, Х.Идэр нь хүүхэд байхаасаа эцэг Д.Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс ХОМ-тээ анхнаасаа энэ талаар дурдаагүй бөгөөд эцэг Д.Хувьтөгөлдөр нь ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй гэсэн байна.
 
Үүнийг бид хүндэтгэн хүлээн авсан. ЗГХЭГ-аас цаашид энэ албан бичгийг үндэслээд, АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандана" гэсэн юм.
 
Ч.Явуу