ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд үргэлжилж буй дайнд шинээр цэрэг элсүүлэх зорилготой хуульд тавдугаар сарын 26-нд гарын үсэг зуржээ. Уг хуульд цэргийн албанд гэрээгээр элссэн иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдийн өрийг тодорхой хэмжээнд өршөөхөөр тусгасан байна.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 1-нээс хойш ОХУ-ын Батлан хамгаалах яамтай дор хаяж нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэд, мөн тэдний эхнэр, нөхрийн 10 сая рубль хүртэлх өрийг хүчингүй болгохоор хуульчилжээ. Энэ нь ойролцоогоор 140 мянган ам.доллартай тэнцэх дүн юм.
Хуулийн дагуу зөвхөн шүүхийн шийдвэр гарч, албадан төлүүлэх ажиллагаанд шилжсэн өр төлбөрүүдийг өршөөлд хамруулах аж. Ипотекийн болон хэрэглээний зээлийн өр үүнд багтах боломжтой талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд сайн дурын болон гэрээт цэргүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд өндөр цалин, нэг удаагийн мөнгөн урамшуулал, нийгмийн халамжийн дэмжлэг зэрэг олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ хууль нь энэ бодлогын үргэлжлэл гэж ажиглагчид үзэж байна.
Н.Отгончимэг
Лхагва - 05 сарын 27,
2026
Сэтгэгдэл0