sonin.mn
“Эрдэнэт”-ийн оффшорын хэмээх хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас “Азаргын гол чонот” компанийн эзэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүс, улстөрчдийг шалгаж байгаа.
“Зууны мэдээ” сонин өмнө нь Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК, “Юнайтедфрэндс групп” ХХК-ийн эзэмшил, сүлжээний талаарх мэдээллийг хүргэсэн.
 
Энэ удаад Б.Отгонбаатарын бас нэг компани болох “Тэдмэнт”-ийг тойрсон сүлжээг хүргэж байна.
 
Б.Отгонбаатар, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлстийн даргаар ажиллаж байсан/, Ц.Мөнхбямба /”Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн дүү/, Н.Алдармаа нар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулжээ. Тэр өдрөө  Н.Баттулга , Ц.Мөнхбямба, Н.Алдармаа нар үүсгэн байгуулагч, хувь эзэмшлээс гарсан байна.
“Тэдмэнтгрупп” ХХК-ийн 15 хувийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Болдбаатар, 36 хувийг БНХАУ-ын иргэн Wu Changhai, 49 хувийг БНХАУ-ын иргэн Wu Haiming эзэмшдэг байна.
 
 
“Тэдмэнтгрупп” ХХК нь “Тэдмэнт” ХХК хэмээх охин компанитай. Тэр компанийг 100 хувь эзэмшдэг.  “Тэдмэнт” ХХК-ийг Ч.Болдбаатар, Wu Changhai, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан/ нар  2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулжээ. 
 
 
Мөн энэхүү “Тэдмэнт” ХХК нь  цаашаа гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтхийц” ХХК-ийг “байгуулсан” байгаа юм. Тус компанийг 2012 оны долдугаар сарын 5-ны өдөр даацын металл хийц эдлэлийн үйлдвэрийн чиглэлээр үүсгэн байгуулсан байна.
“Тэдмэнтхийц” ХХК-ийн 10.56 хувийг БНХАУ-ын иргэн Li Chanhqing, 10 хувийг БНХАУ-ын иргэн Ren Shaowu, 5.56 хувийг БНХАУ-ын иргэн Wang Jian, 73.88 хувийг “Тэдмэнт” ХХК эзэмшдэг аж. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар Б.Бат-Эрдэнэ 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос ажиллаж байгаа юм байна.
 
 
 
ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин