sonin.mn
АТГ чамгүй их хэмжээний мөнгө эргэлддэг гэгддэг зам тээврийн салбарын цөөнгүй удирдах албан тушаалтнуудыг шалгаж буй билээ. Тодруулбал төмөр зам, агаарын тээвэр, Монгол Улсын бүх л авто замын тээвэр гээд гол мөнгөний эргэлтийг атгаж байдаг тус яамны нэр бүхий албан тушаалтнууд тендер болон концессийн гэрээнээс ашиг унагаж, будилаантуулсан гэх чамгүй хэл яриа дэгддэг. Гэвч зарим нэг нь шалгалтын явцад замхрах тохиолдол бий. 
Тухайлбал Зам Тээврийн Хөгжлийн Яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж,  тэр бүү хэл нэг хэсэг  тус Яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Р.Мэргэнийг АТГ өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн ч одоогоор хэрхэн шийдэгдэж буй нь тодорхойгүй болжээ.
 
Р.Мэргэнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анартай үй зайгүй найзууд, М.Энхболдын талын хүн гэдэг.  М.Энхболд  Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх буудлын ажлыг анх санаачилахад оролцож байсан. Тухайн үед буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа  энэ төсөлд маш их идэвх, санаачлагатай хандаж байсан гэдэг. 
 
Харин Р.Мэргэн ЗТХЯ-нд концессийн гэрээ хариуцан ажиллаж байсан юм. Гэтэл Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан тэрээр гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь анхаарал татдаг. Тэрбээр гадаадад суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг боловч Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын гүйцэтгэгчээр ажилладаг Японы талын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Энэ нь үнэн бол Р.Мэргэн эрх ашгийн маш том зөрчил үүсгэжээ гэсэн үг. Сануулахад, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг эхний төвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Энэ нь эргээд нөгөө л татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх юм шүү дээ. Тус төслийн хамтрагчийн хувьд шинэ нисэх буудлын менежментийн ажлыг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлэхээр болсон. Энэхүү “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 51 хувийг Япон тал, 49 хувийг Монголын тал хамтран эзэмших бөгөөд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сард ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл оролцон тууз хайчилцгаасан. Энэхүү ёслолд Р.Мэргэн албаны хүмүүсийн тэргүүн эгнээнд баяр ёслолын байдалтайгаар оролцсон зураг буй.  
Концессын гэрээгээр бол энэ компани шинэ нисэх буудлын 
-Зорчигч терминал 
-Газар доорх шугам хоолой
-Гадна авто машины зогсоол 
-Үйлчилгээний замууд 
-Зогсоолын хураамж авах цэг 
-Периметрийн хашаа, хамгаалалт 
-Захиргааны барилга
-Дулааны станцын зам 
-Харуулын байрууд
-Буулт, хөөрөлтийн зурвас 
-Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд
-Гал унтраах барилга 
-Цахилгаан станц
-Карго терминал
-Дулааны станц 
-Авто машины дулаан зогсоол 
-Цэвэр, бохир усны байгууламж 
-Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд 
-Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга
-Нэвтрэх замууд /Зорчигч терминал/-ыг 15 жилийн турш эзэмшин хариуцан ажиллах ёстой. 
Тэгэхээр хэдий хэрийн цараатай, хэчнээн их мөнгө эргэлдэх компани болох нь тодорхой. Энэхүү гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн гэсэн албан мэдээлэл буй. 
Харин Р.Мэргэнийг Концессийн гэрээнд Монголыг төлөөлж ажилласан  атлаа эх орондоо ашигтай заалтуудыг хассан гэх үндэслэлээр АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан гэхээр энд маш том будилаан  нуугдаж байх магадлалтай. АТГ их хэргийн сүүлнээс атгав уу, яав? Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг сануулж, харж, шаардаж байх нь зүйтэй болов уу. 
 
С.Сарнай