sonin.mn

"Үнэгүй цагаан сар"...


Ерөнхий сайд Г.Занданшатар хувийн компаниудын 60%-ийг "дээрэмдэж" ард түмэн дээ бэлэг барьлаа. Манай хүн "дээрмийн олз"-ноосоо ард түмэн дээ бэлэглэх дуртай. Тэр жил Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нийлж "дээрэм" хийгээд ахмадуудын зээлийг төлж баярлуулж байсан. Энэ удаагийн бэлэг ард түмнийг дахин баярлууллаа. 


Хуриман дээр болсон явдал:


-Бэрийн тал байр бэлэглэлээ. Хүүгийн тал юу бэлэглэх гэж байна даа...


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Ерөнхий сайд чинь ард түмэн дээ бэлэг ээ задалчихлаа. Та минь юу бодож сууна даа. Биднийхээ алгыг дорвитойхон дэлгэж, жинтэйхэн хүндрүүлэх юм байгаа биз дээ. Хулгай дээрмийг "тэвчдэггүй" хүн болохоороо та минь одоо юугаа бэлэглэж, хуйхаа маажина даа. Гэвч өгье гэвэл ганцаасаа. "Хүнсний хувьсгал"-аас үлдсэн өгөрций, байцаа бий биз дээ. Ямар арай гэж тарьсан "Тэрбум мод"-оо огтолж түлээ түлшинд нэмэрлэлтэй биш дээ, тэ. Гээд муу Г.Занданшатарын доор орж онигоо болохгүй юм байгаа биз дээ. Хурандаа нэрээ бодно шүү.


Н.Учрал дарга ч гэсэн Оросоос ард түмэн дээ "гадаадын гаатай чихэр"-тэй ирнэ гэж түмэн олон чинь горьдож суугаа шүү. Айл хэсэх канийстар бэнзээн ч хамаа байж уу.


УИХ-ын гишүүд минь харин Ерөнхий сайдын бэлгээр нүүрээ тахлахгүй шүү. Бид нар та нараас тус тусад нь бэлгээ авна. Энэ жил ул боов, еэвэнгээс өөр юм авмаар байна. Калиндаар бүр ч хэрэггүй шүү. Жишээ нь, О.Цогтгэрэл гишүүнээс хүүхдүүд дээ мороожин авмаар байна. Д.Амарбаясгалан гишүүнээс "Шинэ хоршоо"-ны шинэхэн ааруул авмаар байна. Ц.Даваасүрэн гишүүнээс харин лаа, шүдэнз авмаар байна. 10%-иасаа аваад өгчихнө биз дээ. Юмыг яаж мэдэх вэ! Бууз түүхийрвэл харин Чойжоо гуай танай гадаа очиж Чойжин буулгана шүү.


За тэгээд "АПУ"-гийн П.Батчимэг гишүүнээс ширээн дээр тавих шил юм авмаар байна. "Оргил"-ын Ж.Ганбаатар гишүүнээс тавгийн чихэр авмаар байна. "Хүчит шонхор"-ын Т.Мөнхсайхан гишүүнээс буузны мах авмаар байна. Ч.Номин гишүүнээс салатны төмсөө авмаар байна. Х.Баттулга гишүүн шинийн гурван хүртэл цайны сүүгээр таслахгүй гэж найдаж байна. Бэлэг тараах хориотой гэж нохойтохгүй шүү. Хэсгийн ахлагч нараараа тараа. Тэд яаж тараахаа хэнээр ч заалгахгүй. 


- Аа алтаар урс гэж, сар шинийн ширээ гэдэг чинь санаагаар болдог бол сохор зоосны ч гарзгүй сүндэрлээд ирэх нь ээ...


Монголбанкны шинэхэн Ерөнхийлөгч С.Наранцогт маань өөрийн гарын үсэгтэй шинэ, шинэ дэвсгэртүүд хэвлэж бэлгэнд тараах хэрэгтэй. Малчид маань маниусынхаа тал ууцыг ч болтугай ганц удаа даамаар юм даа. Маниус чинь "зарим юм"-ны чинь талыг даадаг юм чинь.


Эцэст нь хотынхоо даргаас л харин ямар ч "бэлэг" авмааргүй байна гэдгээ залбиран, залбиран захья.


Өнгөрсөн он жилүүдийн огцом, огцом "бэлгүүд" чинь олон ч удаа шоконд оруулсан даа. Одоо ч зарим нь шокноос гараагүй л байна. "Сүрээр дарагч" хэмээх гал морь жил дээ бас л сүрийг үзүүлж, нийслэлчүүд биднийгээ дарж "бэлэг" барих биз ээ. 




Сэтгүүлч Ч.Явуухүү