ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 12 /NHK/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Америкийн бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь ил болоод буй Питер Мандельсоныг АНУ-д суух Элчин сайдаар томилсонтой нь холбоотойгоор түүнийг огцрохыг шаардаж байгаа юм.
П.Мандельсоныг К.Стармер Вашингтонд суух Элчин сайдаар 2024 онд томилжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард П.Мандельсон Ж.Эпштейнтэй ойр холбоотойг нотолсон цахим шуудангууд ил болсны дараа албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Сүүлийн үед Мандельсон Их Британийн Засгийн газрын нууц мэдээллийг Эпштейнд дамжуулсан байж болзошгүй гэх дуулиан дэгджээ. “Энэ улсыг өөрчлүүлэх гэж надад өгсөн мандатыг би хэзээ ч буцааж өгөхгүй” гэж К.Стармер Лондон хотын захад болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ. Шотландын лейбористуудын удирдагч Анас Сарвар өмнө нь түүнд хандан огцрохыг уриалсан бол хэд хэдэн сайд К.Стармерыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
“Ерөнхий сайд даваа гарагт нэлээд хүнд өдрийг туулсан хэдий ч түүний байр суурь тогтворгүй хэвээр байгаа бөгөөд нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж магадгүй” гэж BBC телевизээр мягмар гарагт мэдээлжээ.
Түүнчлэн энэ сарын сүүлчээр болох нөхөн сонгууль болон тавдугаар сард болох орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан шинэ сорилт үүсэж магадгүйг онцолсон байна. Үүний зэрэгцээ Их Британийн хаан Чарльзын дүү Эндрю Маунтбаттен-Виндзор 2010 онд засгийн газрын худалдааны элчээр ажиллаж байхдаа Эпштейнд нууц мэдээлэл дамжуулсан гэх мэдээллийг цагдаа нар шалгаж байгаа талаар зарим хэвлэлд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Барууны ардчилсан намын орон гаран мэдрэлүүд Эпштейний хэрэгт их холбоотой .