sonin.mn
Монгол Улсад 2020 оны 6 дугаар сард болох Парламентын сонгуулийн өмнө хүмүүсийг олон шалтгаанаар, түүний дотор цахим болон цахим бус орчинд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилж, хорих нь нэмэгдэж байна.
Тухайлбал 1996-1998 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан зэрэг олны танил хүмүүс хоригдсон байна. Тэр өмнө нь Засгийн газар болоод парламентын шийдвэрт зохистой хяналт дутагдаж байгаа нь Тавантолгойн нүүрсний орд газартай холбоотой төсөл унахад хүргэсэн талаар шүүмжилж байжээ.
 
 
 
М.Энхсайханыг улс төрийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр шалгаж байгаад 2020 оны 4-р сарын 23-ны өдөр цагдан хорьсон. Шүүхээс түүнийг улс төрийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэрэгт гэм буруутайг нь тогтоогоогүй ч 2015 онд сайдаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд өндөр үнэтэй машин авсан хэргээр 2020 оны 5-р сарын 7-ны өдөр 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Мөн 4 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдохыг нь хориглосон байна.
 
 
 
Мөн Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, авлигалын асуудлыг цахимаар болон цахим бус орчинд шүүмжилснийхээ төлөө хүмүүс хоригдсон тухай мэдээллийг Эмнести Интернэшнл хүлээн авсан. Үүнд ТББ-ын идэвхитнүүд, хуульчид багтаж байна.
“Хорьж, саатуулахыг сонгуулийн өмнө улс төрийн сөрөг хүчин, шүүмжлэгчдийг чимээгүй болгох эсвэл Засгийн газрын санаачилга унасан нөхцөлд хүмүүсийг золиослох арга болгон хэрэглэх ёсгүй. Улс төрийн сэдлээр баривчилж, хорьж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөхөд хүргэж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэн, ердөө эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригдож байгаа бүх хүнийг яаралтай, ямар ч болзолгүйгээр суллахыг  бид Засгийн газраас шаардаж байна” хэмээн Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа өгүүллээ.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Оролцогч улс болохын хувьд Монголын эрх баригчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн сахих олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Тус Пакт нь баривчлагдсан, хоригдсон хэнд ч баривчилсан шалтгаан, хэргийн талаар нэн даруй мэдэгдэх, шүүгч буюу хуулийн дагуу шүүх эрх хэмжээ олгогдсон албан тушаалтанд нэн даруй шилжүүлэхийг шаарддаг. 
 
 
 
Монгол Улсын Парламентаас 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргах эрх олгосон хууль баталсан нь шүүгчийн хараат бус байдлыг сулруулж, улмаар шүүхийн бие даасан байдлыг алдагдуулж байгаад Эмнести Интернэшнл санаа зовниж байна.
 
 
 
“Энэ нэмэлт өөрчлөлт нь шүүгчийн шийдвэрийг улс төржүүлэх эрсдэлд оруулж, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, Монгол Улсад хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхэд аюул учруулж байна” хэмээн Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа өгүүллээ.