Ойрын өдрүүдэд гудамжны сурталчилгааны самбаруудыг буулгах гэнэ гэсэн мэдээлэл ихээр нийтлэгдэв. Хэн ч үл мэдэх энэ самбараас зарим нэг нь их хэмжээний мөнгө олж байсан байна. Сурталчилгаа бүр харилцан адилгүй. "Онцгой" сурталчилгаа л гэнэ. "Явуулынх" л гэнэ. "А" зэрэглэлийнх гэж хүртэл байна даа. "Онцгой" ангиллынх нь жил жилээр нь гэрээгээ хийнэ.

 

"Төв цэнгэлдэх хүрээлэн", "Бөхийн Өргөө", "Спортын цогтцолбор" бүр онгоцны буудал, залуусын олноороо очдог "Sky resort"-д ч сурталчилгаагаа байрлуулж болно. Энэ нь тэгэхдээ хувийн бизнес л дээ. Харин Улаанбаатар хотын гудамжинд байрлуулдаг сурталчилгаа болгон Захирагчийн ажлын албанд хамааралтай. Хотод байршуулсан замбараагүй энэ их эрээн алаг сурталчилгааг хүн хардаг ч юм уу даа.

 

Хэтэрхий эрээн, бас шороо тоосонд даруулчихсан. Хараад л ханиад хүрмээр. Харин үүний оронд солигддог, эргэдэг, загварлаг самбар байрлуулчихвал харин ч нэг харна шүү. 3 секунт болов уу үгүй солигддог тэр гадныхны гудамжид байрладаг сурталчилгааны самбарыг олны хөл хөдөлгөөн ихтэй хэдэн газарт яагаад байрлуулчихаж болохгүй байгаа юм бол доо.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 1995 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн сурталчилгаа, мэдээллийн байгууламж хариуцсан мэрэгжилтэнтэй болсон гэж байгаа. Тухайн үед түүртэх юмгүй ердөө л 20 ширхэг сурталчилгааны самбартай байсан гэж байгаа. Харин одоо бол тоогоо алдсан. Нийт 2183 самбар байгаагийн 79 хувь нь бүртгэлгүй байна гээд боддоо.

 

Нэг ёсондоо ямар ч судалгаанд хамрагдаагүй, зөвшөөрөл авалгүй дур дураараа барьчихсан. Захирагчийн албаны зүгээс гэрээ байгуулах талаар албан бичиг болон утсаар мэдэгдэж уулзалт, зохион байгуулах замаар хариу мэдэгдэл хүргүүлдэг гэж байгаа. Хэрэв зээ гэрээ байгуулалгүй сурталчилгааны самбар, байгууламж барьсан бол тухайн аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох эрх зүйн чадамжгүй хэмээн сууж байх юм.

 

Нийслэлийн төсөв тийм ч их биш. Гэтэл зах зээлийн энэ нийгэмд сурталчилгааны самбараас хувь хүн чамгүй их мөнгө олж болоод байхад "эрх зүйн чадамжгүй" гээд өдий олон жил болсон нь л өөрөө асуудал. НИТХТ-ийн 2006 оны 145 тоот тогтоолоор "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ыг баталжээ.

 

Энэхүү журмын 6.1 "Зөвшөөрөлгүйгээр нийтийн болон бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, зам талбай, холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн шон зэрэгт байрлуулах, гадна рекламын байгууламж, зар сурталчилгааг наах, байрлуулахыг хориглоно" заалтыг зөрчсөн байхад журмын 8.2 "Гадна рекламын байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хураамжаа төлөөгүй болон зөвшөөрөлгүй рекламын байгууламж байрлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн байгууламжийг буулгасан зардлыг нөхөн төлүүлж, реклам байрлуулан сурталчилгаа хийх эрхийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлнэ",

 

8.1 "Энэ журмын заалтыг зөрчсөн гэм буруутай байгууллага, албан тушаалтанд "Зар сурталчилгааны хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1 дүгээр заалт" , "Барилгын тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, "Захиргааны хариуцлагын тухай" хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу хариуцлага ногдуулна",

 

мөн 8.2 "Гадна рекламын байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хураамжаа төлөөгүй болон зөвшөөрөлгүй рекламны байгууламж байгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн байгууламжийг буулгасан зардлыг нөхөн төлүүлж, реклам байгуулан сурталчилгаа хийх эрхийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлнэ" гэх зэрэг олон заалт байхад чадамжгүй гээд байж байдаг.

 

Сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бараг л дангаараа мэдэж олгодог. Хэдийгээр нэр дээрээ Замын хөдөлгөөний удирдлагын төв, замын Цагдаагийн газрын зам зохион байгуулалтын тасаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас саналыг нь авсны эцэст олгодог гэж байгаа боловч хэрэг дээрээ баримтаар энэ нь нотлогдоогүй байна.

 

НИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1/452 тоот албан бичгээр "Улаанбаатар хотын гадна реклам, мэдээллийн байгууламжийн төлбөр төлөлтийн байдалд шалгалт хийж, дүнг ирүүлэхийг хүссэн”-ий дагуу Нийслэлийн аудитын газрынхан ажиллажээ. Улаанбаатар хотын гадна реклам, мэдээллийн байгууламжаас 2012 онд 800.0 сая төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөө батлагдсанаас гүйцэтгэлээр 991.1 сая төгрөг орсон байна.

 

Тооллогоор гадна реклам, мэдээллийн 2183 байгууламж тоологдлоо. Аудитын төлөвлөлтийн үе шатанд ЗАА-наас 71 гэрээ, 448 реклам мэдээллийн байгууламжийн дүүрэг, гудамжаар ангилсан судалгаа, НИТХТ-ийн 2006 оны 145 тоот тогтоолоор "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дагаж мөрдөх журам"-ыг хүлээж авсан. НИТХТ-ийн 2006 оны 145 тоот тогтоолоор "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ыг/цаашид журам гэх/ баталжээ.

 

Хотын нутаг дэвсгэрт байрлуулсан график дизайны дүрслэл бүхий агуулгатай хэлбэр дүрс, эвэлхүүн болон байршлаараа ялгардаг байгууламжийг гадна рекламын байгууламж гэдэг бөгөөд гадна рекламын байгууламжийн 19 загвар баталжээ. Энэ загварын дагуу байгууламжийг барьж сурталчилгаагаа байршуулах учиртай. Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Гансэлэм:


-Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн ганц байгаа нь Улаанбаатар хотод байгаа бүх реклам, мэдээллийн байгууламжийг хянахад хүрэлцдэггүй. Мөн гэрээ байгуулахгүй байгаа байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдоггүй гэв.


Хотын Ерөнхий менежер болоод удаагүй байгаа Б.Бадраа дарга Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн даргаар 2012 оны 10 дугаар сарын 17-ноос 2012 оны 11 дүгээр сарын 30 хүртэл ажилласан. Тэрбээр энэ тухай,


-Намайг анх хэлтсийн даргаар томилогдон ирэхэд чамд рекламын самбарын асуудал хамаагүй" гэж Хотын ерөнхий менежер хэлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн ашиглалтын гэрээ байгуулах ажил үнэхээр замбараагүй байсан гэж хэлэв. Сурталчилгааны самбар хариуцсан хэлтэс нь хариуцсан ажлаа хийх эрхгүй байж шүү дээ.

 

Хэрэв хийвэл Хотын ерөнхий менежерийн эрх ашиг тэнд хөндөгдөх гээд байна аа даа ухаан нь. Аз болж НИТХТ-ийн 2006 оны 145 тоот тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэх гэж буйтай холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 15-наас гэрээ байгуулах ажил зогссон байна. Үүнтэй холбогдуулан 3-4 хүсэлт, 10-аад байгууллагын батлагдаагүй гэрээ хүлээгдэж байна.

 

Нийтлэлийн эхэнд дурдагдсан 2183 байгууламжийн талаархи яриандаа эргэн орьё. Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн 448 ширхэг байгууламжийн судалгаа ирүүлсэн. Гэтэл тооллогоор нийт 2183 ширхэг гадна рекламын байгууламж тоологдсон.

 

Энэ нь нийт рекламын байгууламжийн 21 хувийг буюу "Тусгайлан байрлуулсан самбарт байгууламж", "Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулсан рекламын байгууламж"-ийг хамарсан судалгаа гаргаж, 79 хувийг буюу 1735 гадна рекламын байгууламжийг судалгаанд хамруулаагүй, судалгааг дутуу гаргасныг харуулж байна. "Мэдээллийн жижиг самбар"-уудыг судалгаанд орхигдуулсан байв.

 

Гэрээ байгуулсан 33 аж ахуйн нэгж, байгууллагаас 152.8 сая төгрөгийн хураамж төлөгдөөгүй, 300 аж ахуйн нэгж, байгууллага 592 гадна реклам, мэдээллийн байгууламжийг зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй байршуулсан байхад ЗАА-ны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс хариуцлага тооцох, төлбөрийг төлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс 1276.2 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж чадаагүй.

 

Зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулаагүй гэх энэ сурталчилгааны байгууламжийн цаадах эзэд тодорхой. Нийслэлийн аудитерууд эдгээр байгууллагын нэрсийг дурайтал гаргасан байна билээ. Тэд 1276,2 сая төгрөгийн акт тогтоосон. Улаанбаатар хотын захирагчийн албанаас ийнхүү акт тогтоосоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсны үндсэн дээр гэрээнд тусгагдсан төлбөрийг төлөх нөхцөл бүрддэг.

 

Бидэнд ийм нөхцөл бүрдээгүй Захирагчийн ажлын албаны зүгээс гэрээ байгуулах боломжгүй байгааг шалгалтын явцад хэлж холбогдох шаардлага, саналуудыг үзүүлсэн. Үүнд: Замын цагдаагийн газраас 921ш, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 8ш, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 64ш нийт 993 ширхэг санал ирүүлсэн..." хэмээсэн байна.

 

Аудитерууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн ямар нэг шаардлага үзүүлээгүй. Замын цагдаагийн газраас 921 ширхэг, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 64 ширхэг самбар буулгах санал ирсэн нь үнэн. Эдгээр саналд самбарууд зөвшөөрөлгүй, гэрээ байгуулаагүй асуудалтай холбоогүй, харин хөдөлгөөний аюулгүй байдал, хяналтын камер халхалж, хяналтад сөргөөр нөлөөлж буйтай холбоотой байсан.

 

Эдгээр саналыг ч шийдвэрлээгүй байсан. Иймд ЗАА-ны Хот, нийтийн аж ахуйн хэлтэс хариуцлага тооцох, төлбөрийг төлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үзэж 1276.2 сая төгрөгийн акт тогтоосон байна.


Г.Энхмаа

Эх сурвалж: “Бизнес мэдээ”