sonin.mn


Баавгайн бамбаруушийн хэрэг саяхан шийдэгджээ.Бамбаруушийн ч юу байхав дээ түүнд холбогдох хэрэг нь малчин Ц Б.Болдбаярын хэрэг. Ядарсан нэг малчин залуу амиа хамгаалж аргагүй хамгаалалт хэрэглэн бамбаруушыгг буудсаныг буруутгаж, цаад газар нь Ан агнуурын болон амьтны аймгийн тухай гэхчлэн өчнөөн хуулийн зүйл заалтыг ишилж ирээд баахан тоо үржүүлж нэмээл эцэст нь түүнээс 9,1 сая төгрөгийг нэхэмжилсэн ийм нэг хэрэг.

Буу агсаад ойд явж байгаад шунахайн ямар нэг сэдэл зорилгоор баавгайн бамбаруушийг "цааш харуулчихсан" бол нэг хэрэг. Гэнэтхэн нэг өглөө нохой хуцахаар нь гэрээс гартал 500-хан метр зайд баавгай ирж явж. Аавтайгаа хоёулхнаа байсан болохоор аав нь мотоциклиор, Болдбаяр мориор хонио эргүүлж баавгайн бамбаруушийг нэлээн холдуулмагцаа аав нь дарга даамлуудад хэл дуулгахаар сумын төв рүү шууд давхижээ.

Энэ хооронд Болдбаярын унаж явсан хонины хашин морь явахаа больж, явгарсан Болдбаяр яалтай билээ, "хорхойтсон баавгай л ингэж ганцаар гүйдэг, хамаг юм сүйтгэдэг юм гэнэ лээ шүү" гэсэн аавынхаа анхааруулгыг санаж амиа хамгаалахын тулд гэртээ гүйн орж буугаа аваад автал нөгөө бамбарууш хэдийн нэг эм хонийг нь сэглээд хаячихсан байхлаар нь нэг удаа хий бууджээ.

Эргээд хартал юу юугүй дэргэд нь бамбарууш ойртсон байхыг хараад сандарсандаа бууны гохоо дартал чухам хаана нь оносоныг ч бүү мэд бамбарууш унаад өгч.

Сумын төв явсан аав нь гурван цагийн дараа Сумын Засаг дарга, иргэдийн хурлын дарга байгаль орчны байцаагч гээд холбогдох бүхий л хүнийг авчирч, газар дээр нь байдлыг нүдээр үзсэн тэд "аргагүй хамгаалалт" гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч баталж нотлодог. Гэтэл нэхэмжлэгч тал болохоор "...Эхээсээ төөрсөн хоёр бамбарууш явж байхад нэгийг нь Сэргэлэн сумынхан гурван сарын турш тэжээж байгаад хүлээлгэж өгсөн. Дээрх хугацаанд тэр бамбарууш нэг ч зүйл сүйтгэж, хүн мал руу дайрсан үйлдэл гаргаагүй. Иймд нөгөө бамбарууш нь хүн мал руу дайрсан гэдгийг зөвшөөрөхгүй" гэж ирээд мөнгө нэхлээ нэхлээ нэхлээ гэхэд тун ч арга ядсан юм нэхэмжлэлдээ дурдсан байдаг.

Өнөөдөр Болдбаяр гэрт орж буугаа авч амжилгүй, сандарч мэгдэж байгаад баавгайн "хоол" болчихсон хэвтэж байсан бол дарга даамлуудыг дагуулж ирсэн нав хүүгийнхээ амийг хаанаас, хэнээс нэхэх болж байна. Баавгайн бамбаруушаас уу???

Үнэхээр ямар нэгэн шунахайн сэдэл санаа агуулсан бол аав нь хэрэг болгож сумын төв давхиж дарга даамлуудыг авчрах уу. Гаргалгаа нь энгийнээс энгийн энэ хэрэг цагдаа, прокуророор дамжиж явсаар анхан шатны шүүх хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ хэрэг явдал цааш яаж өрнөхийг бас хэлж мэдэхгүй, харж л байя.

Дашрамд сонирхуулахад, бамбаруушийн арьсаар хөөрхөн чихмэл хийгээд сумын музейд тавьсан гэдэг шүү.

Эх сурвалж: "Дорнод" сонин