УИХ-ын ээлжит бус чуулганаар Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.   Эрх баригчид Үндсэн хуулийн төслөө хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс өөр нэг төслийг өргөн бариад байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Ажлын хэсэг байгуулахаар болсон байдаг. Асуудалд шинэ нөхцөл байдал үүсч Зөвшилцлийн    Ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллахаар болов. Харин гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Энэ үеэр  гишүүд байр сууриа илэрхийлэв.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
 
-Олон нийтэд хуулийн төслийг хэрхэн танилцуулах вэ. Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байна гэх юм уу. Хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан асуудлуудын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулалтын ажил хийх ёстой гэдгийг би хэлж байгаа. Гэтэл энэ байдал алдагдаад байгаа юм биш үү.
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Бид энэ хуулиа барьж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ үүднээс нь аваад үзвэл хоёр хуулийн төсөл болчихоод байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
 
-Ерөнхийлөгчийн саналыг авч, улс төрийн намуудын оролцоог хангаж байгаа нь сайн зүйл. Наймдугаар сарын 9-нийг хүртэл зөвшилцөөд, иргэдэд танилцуулах ажлыг наймдугаар сарын сүүлчээр явуулах нь гэж ойлгож байна. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналд байгалийн баялагтай холбоотой асуудлаар чухал санал оруулж ирсэн гэж би дэмжиж байгаа. Тухайн үед би санал гаргаж байсан ч миний саналыг дэмжээгүй.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
 
-Үндсэн хууль бол ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэж амар, амгалан амьдрахын баталгаа болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг тал дангаараа хийвэл нэг хэсэг нь аз жаргалтай, үлдсэн нь эсрэгээрээ амьдрах ийм л нөхцөл байдалд хүрнэ. Үндсэн хуулийг өөрчлөхөд зөвшилцлийн хүрээнд гар хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар огт чимээгүй байна. Парламентын сөрөг хүчний санал аваагүй байгаа. Үндсэн хуулийн цэцийн санал сөрөг ирсэн гэсэн. Гэтэл үүнийг олон нийтэд гаргахгүй байгаа. Талуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр МАН-ынхан ажиллах ёстой гэлээ.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин