БНХАУ хиймэл оюун ухааны олон улсын стандартын тогтолцоог бүрдүүлэхэд идэвхтэй оролцож, үүсгэгч хиймэл оюун ухааны засаглалд чиглэсэн олон улсын анхны стандартын төслийг санаачилжээ. Энэ талаар Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
Өдгөө Хятад улс хиймэл оюун ухааны суурь болон нийтлэг хэрэглээний 29 олон улсын стандартыг боловсруулах ажлыг тэргүүлж байгаа бөгөөд олон улсын стандартчиллын холбогдох байгууллагуудад бүртгэлтэй 400 орчим шинжээчтэй болжээ.
Тус улс хиймэл оюун ухааны олон улсын стандартын “1+N” тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох хүрээнд өгөгдлийн засаглал, хүн ба машины харилцан үйлчлэл, аюулгүй, найдвартай ажиллагаа зэрэг үндсэн чиглэлд анхаарч байна. Түүнчлэн ухаалаг хот, ухаалаг үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт стандартчилал, техникийн 15 байгууллагын оролцоотойгоор хэрэглээний 49 олон улсын стандартыг боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газрын Стандарт, инновацын газрын дэд дарга Сүн Вэйгийн мэдээлснээр, Хятад улс 16 орны шинжээчтэй хамтран боловсруулсан ухаалаг хотын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах стандартын төслийг албан ёсоор батлуулжээ. Ингэснээр хотын удирдлага, зохицуулалтад хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх стандартын суурь хүрээ бүрдэж байна.
Мөн Хятадын шинжээчид арав гаруй орны мэргэжилтнүүдтэй хамтран үйлдвэрлэлийн ухаалаг терминал, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг урьдчилан таамаглах, засвар үйлчилгээ хийх, ухаалаг үйлдвэрлэлийн чадамжийг үнэлэх зэрэг чиглэлээр олон улсын стандарт боловсруулж эхэлжээ. Үүнээс тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг урьдчилан таамаглах засвар үйлчилгээний цуврал стандартын эхний хэсэг албан ёсоор нийтлэгдсэн байна. Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээнд хиймэл оюун ухаан ашиглах чиглэлээр батлагдсан анхны олон улсын стандарт юм.
Үүсгэгч хиймэл оюун ухааны хөгжил эрчимжихийн хэрээр хуурамч зураг, дүрс бичлэг бүтээх, хиймэл оюун ухааны загварт зориудаар ташаа мэдээлэл оруулах зэрэг эрсдэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Эдгээр эрсдэлийг бууруулах зорилгоор Хятад улс хэд хэдэн оронтой хамтран “Мэдээллийн технологи — Хиймэл оюун ухаан — Үүсгэгч хиймэл оюун ухааны эрсдэлийг бууруулах удирдамж” нэртэй олон улсын стандартын төслийг боловсруулжээ.
Хятадын талын мэдээлснээр, энэ нь үүсгэгч хиймэл оюун ухааны засаглалд тусгайлан чиглэсэн дэлхийн анхны олон улсын стандартын санал юм. Уг санаачилга нь хиймэл оюун ухааны аюулгүй, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх, технологийн хөгжлөөс үүдэлтэй эрсдэлийг зохицуулах, энэ чиглэлээр олон улсын нийтлэг ойлголцол, зөвшилцөлд хүрэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0