sonin.mn

Үндэсний музей дэх (хуучнаар хувьсгалын музей) социализын түүх ахуйг илтгэх үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдэл ба ноднин Прагад зочилсон музейгээс төрсөн бодлоо хуваалцая. Увс аймгийн музейн захирал, түүх дээдлэгч бүсгүй Цэдэнбалтай хуучлан ярилцаж суугаад надад нэг бодол төрлөө. Түүнд ч хэллээ. Цааш нь ажил болгуулах талаар би бичнэ гэснээрээ энд бичиж байна.


Прагад гарчигт өгүүлсэн шиг лут музей байнаа. Уйдашгүй. Байн байн зочилж баймаар. Чехословак улсыг 1948 оноос коммунизм руу залаад 1968 онд Варшавын гэрээний цэргээр тэр коммунизмыг нь хамгаалаад 1989 онд тавиад туучихсан тэр түүх энэ музейд мөнхлөгджээ.


Манайд 1921 оны Ардын хувьсгалаар эхлээд 1991 онд дэлхийн коммунист эвсэл төгсгөл болох хүртэлх 70 жилийн түүх шинээрээ байж байна. Үндэсний музейд ингэсгээд нэг үзэсгэлэнгээр ам таглачихаж боломгүй санагдана. Бэлээхэн маш том музейн зориулалтын ордон хотын төвд байна. Тэр нь миний ба бидний үеийнхний гэгээн бахархал болсон Лениний музей. Ханан дээрхи сийлбэр нь арилгаж баллаж чадахгүйгээс хойш энэ ордонг “УБ дахь Коммунизмын музей” болгочихмоор санагдана.


“Лениний ба Коммунизмын музей” гэж хаяглаад босгоод ирье л дээ. Үзмэр хангалттай. Төв хаалгаар ормогц заалны голд нь Ленин, Сталиныхаа нөгөө хоёр том хөшөөг сүндэрлүүлчихнэ. УБ ба аймгийн төвүүдэд буулгаад хадгалчихсан байдаг бол Сүхбаатар, Чойбалсангийнхаа хөшөөг авчраад хоёр талд нь сүндэрлүүлчихнэ. 1-р сургуулийн ханан дээр байсан Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсангийнхаа нүүр баримлыг хананд нь залчихна. Заал дүүрэн социализмын ном зохиол, туг далбаа, хөшөө, сийлбэр, хатгамал, уран зураг, гэрэл зураг, кино заалаар байнга үзүүлэх БНМАУ-ын баримтат кинонууд, ахуйн үзмэр хангалттай байгаа. Хуучраагүй, хадгалаастай байгаа бүгдийг (бүгдийг ч багтаахгүй, гэхдээ) цуглуулж аваад монголчуудаа уйдаахгүй, гадаадын жуулчдын нүд хужирлахаар нэгэн том музей ажиллуулж болмоор санагдана. Жуулчны сезоны үед орлого арвин олохоор музей нүднээ бууж байна. Бодолцвол ямар вэ?


Д.Баярхүү