sonin.mn
Монголын Хөдөлмөрийн үндэсний намын дарга, эдийн засагч Б.НАЙДАЛААТАЙ ярилцлаа.
 
-Таныг шинэ үеийн Монголын сэхээтнүүдийн төлөөлөл гэж ойлгож байна. Учир нь, Монгол Улсын хөгжлийн үндэс суурь нь боловсрол гэж ярьж хэлдэг хүмүүсийн нэг нь та. Тийм ч болохоор боловсролын чанарыг сайжруулахын тулд тэр орчинд ажиллаж байгаа багш нарын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг байх. Ийм боломж хэр байдаг юм бол?
 
-Миний бие бага, дунд боловсролыг социалист нийгмийн үед олсон боловч дээд боловсролыг зах зээлийн үед эзэмшсэн. Хамгийн анх төлбөртэй сургалтад хамрагдаж, тэтгэлэг энэ тэрээр гадаадад суралцсан үеийн төлөөлөл юм. 1990 оноос хойш шинэ цагийн боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно. Энэ өндөрлөгөөс харахад хөгжилд хүрсэн улс бүхэн боловсролын асуудалд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин бид үүнийг хэрэгжүүлж чадахгүй, тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. Аливаа улсын хөгжлийн гол багана нь боловсрол, эрүүл мэнд байдаг.
 
Хүнийг эрүүл саруул байлгаад боловсрол эзэмшүүлж гэмээнэ улс орон хөгжинө. Боловсролын салбарт хөрөнгө оруулж байна гээд асар их мөнгө хөрөнгийг байшин сав, эд материалд зарцуулж, товчхондоо маш их “цемент босгож” байна. Гэтэл уг нь боловсролыг бий болгогч нь багш юм. Харамсалтай нь, тэдний хөдөлмөрийн үнэлэмж тун бага байдаг.
 
Тухайлбал, 2008 онд багшийн цалин Монголын нийт ажиллагсдын дундаж цалин хөлстэй адил байсан. Одоо багшийн хөдөлмөр дундаж цалингаас илт доогуур болсноос харахад тэдний цалин хөлсийг нэмэхээ больё гэхэд байх ёстой хэмжээнд нь авчрах тухай л ярьж байгаа хэрэг. Энэ хэмжээнд хүргэх төсөв мөнгөний чадамж Монгол Улсад бий.
 
-Цалин хөлсийг нь нэмснээр тухайн салбар эрүүл сайхан, ажиллагсад нь чадамжтай мундаг болчихно гэдэгт би итгэдэггүй. Багш нарын тухайд бидний татварын мөнгөөр цалинждаг хэрнээ миний хүүхдэд хангалттай түвшний боловсрол, мэдлэг олгож чадаж байгаа юу? 
 
-Үүний тулд л тэдний цалин хөлс дундаж цалингаас өндөр байх нь чухал. Дээр нь багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэн, хүндлэл илүү байх ёстой. Хэрэв ийм байж чадахгүй бол энэ салбарт хэн ч очихгүй. Сургалт сурталчилгаа, гадаад дотоодод явуулж юм үзүүлж, нүд тайлуулах, бусдаас суралцах боломжийг олгох ёстой. Ингэж байж л багш боловсорч, тэр хэрээр сургалтын чанар сайжирна. Энэ бүхний эхлэл нь цалин хөлс, хангамж, нэр хүнд байх болов уу гэж бодоод байгаа юм. Статистикийн мэдээллээр монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг байхад түүний талаар хөдөлмөрөө үнэлүүлж буй багшаас бид юу хүлээж, юу шаардах вэ. Тэдний цалинг хоёр сая төгрөгт хүргэх боломж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 20 орчим хувийг ганцхан хувиар бууруулахад л багшийн цалинг энэ хэмжээнд хүргэж болно. Тэр хэрээр багш нар хариуцлагатай болж, сургалт хүмүүжлийн ажилдаа илүү анхаарч, амжилт гаргана гэдэгт итгэж байна. Одоо бол багш нар зуны гурван сардаа Солонгост очиж ажиллахыг л мөрөөдөж байна шүү дээ. Ийм байлгахгүйн тулд тэдний цалин урамшууллыг нэмэх шаардлагатай. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, хөгжил муутайд тооцогддог Бутан улс багш, эмч нарынхаа цалинг эрс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ бол төрийн хөгжлийн бодлогын нэг үндэс юм.
 
-Хөдөлмөрийн үндэсний намын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юм билээ. Гэхдээ зарим нэг санал санаачилга ч гаргаж, мэдэгдэл хийж байсан. Тухайлбал, ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?
 
-Монгол Улс нээлттэй, ардчилсан нийгмийн хөгжлийг сонгоод 30 орчим жил болж байна. Өнөө үеийн иргэд, залуучууд дэлхийн Монгол болох сайхан ирээдүй, сайн нийгмийг хүсч байгаа нь тодорхой. Энэ хүсэл мөрөөдөл, нийгмийн захиалгын дагуу манай нам бий болсон. Бидэнд хэн нэгний захиалга, түлхээс, санхүүжилт байгаагүй. Манай намд Монгол Улс хэрхэн хөгжиж, өсч өндийсөн болон хойч ирээдүйд яаж хөгжих тодорхой судалгаа баримт, ном нь хүртэл байна.
 
-“Монгол хүний товчоон” байх аа?
 
-Тийм. Бидэн шиг олноороо нэгдэж, санал бодлоо уралдуулаад хөгжлийн ирээдүйн бодлого, концепцоо боловсруулж гаргасан нам, эвсэл одоохондоо байхгүй гэдгийг баттай хэлнэ. Монгол Улсын Үндсэн хууль бол олноороо нэгдэж хөгжлийн чиг бодлогоо тодорхойлсон, эв нэгдлийн зөвшилцлийн баримт бичиг юм. Гэхдээ одоо нэгэнт үүргээ гүйцэтгэсэн учраас түүнд засч залруулах зүйл цөөнгүй бий. Зарим нам хүчин “Шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлах ёстой” гэж ярьж байгаатай бид санал нийлэхгүй байгаа юм. Учир нь, 1992 онд баталсан Үндсэн хуулийн гол үзэл баримтлал, суурийг өөрчлөх шаардлагагүй. Харин нэмэлт, өөрчлөлт байж болох юм гэж үзэж байна. Түүний дотор эрх мэдлийн хуваарилалт анхаарал татаж байгаа юм. Нэгэнт парламентын засаглал байгаа нөхцөлд түүний эрх мэдлийг булаацалдалгүй зөвхөн хариуцлагыг нь үүрүүлээд засаглуулах нь чухал. Бас сонгууль болохоос ганцхан сарын өмнө ч сольж байсан гашуун түүхтэй тогтолцоо, Сонгуулийн тухай хуулийг нэг мөр болгож Үндсэн хуульдаа тусгаж өгөх ёстой. Бидний хувьд холимог буюу мажоритар, пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа юм. Үүнийг дахин өөрчлөхгүйгээр хэвшүүлчихвэл намууд олон сонгогчид ч төлөвших сайн талтай. Түүнээс биш дур дураараа орон нутгийн засаг захиргааг солих, баялгийн эзэмшил, хуваарилалттай холбоотойгоор янз бүрийн заалт оруулах, органик хуулиар зохицуулж болох юмыг Үндсэн хууль руу “чихэх” зэргээр муутгах оролдлого байж болохгүй. Зарчмын чанартай гол зүйлээ засч залруулаад цааш явах нь чухал юм.
 
-“Дордуулсан долоо” гэдэг заалтын заримыг залруулах бололтой юм. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ? 
 
-Үүнийг хагас өдрийн дотор хэлэлцээд хийчихсэн гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр манай Үндсэн хууль ямар хэврэг, эмзэг байсан юм бэ гэж бодогддог. “Давхар дээл”-ийн асуудал парламентын засаглалтай улс оронд байдаг л зүйл. Харин Монголд парламентын гишүүн, салбарын зарим сайд ёс зүйгүй зан гаргаад хуулийнхаа заалтыг алаад баина л даа. Одоогийн өөрчлөлт нь завсрын энэ үед зөв юм гэж үзэж байгаа. Тодруулбал, ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд нь УИХ-ын гишүүн байж болох юм. Харин орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлд оролцдоггүй байх нь дээр санагддаг. Тухайн орон нутаг хөгжлийн загвараа тодорхойлох, эдийн засгаа хөгжүүлэх ямар ч төлөвлөгөөгүй байгаа нөхцөлд иргэдийн сонгох эрхэд халдах нь тохиромжгүй гэж бид үзэж байна. 
 
-Манай улсын төвлөрсөн томоохон суурин газрууд хотын статустай болох санал их гардаг. Тухайлбал, Дархан, Эрдэнэт зэрэг. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
 
-Хотуудын асуудал байж болох юм. Гагцхүү аймаг, сум зэрэг засаг захиргааны нэгжийг бужигнуулах хэрэггүй л гэж байгаа хэрэг. 
 
-Ярианыхаа сэдвийг арай өөр тийш хандуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж, тус улстай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсноо зарласан нь томоохон үйл явдал байлаа. Энэ харилцаа манайд юу өгөх бол?
 
-Гуравдагч хөршийн бодлоготой Монгол Улс дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсноо зарласан нь чухал мэдээ. Азид АНУ-тай яг ийм харилцаатай 4-5 улс л байдаг. Нээлттэй, ардчилсан нийгэмтэй гэх энэ ангилалд багтсанаар экспорт, импортын татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ. Үүнийг ашиглаж чадах эсэх нь бидний асуудал. Жишээ нь, Япон болон Европын холбооны улсуудад манайх чөлөөт худалдааны гэрээтэй боловч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Зөвхөн нүүрс, зэсээ Хятад руу гаргасан болоод л амьдарч байгаа юм. Энэ юунаас болоод байна вэ гэхээр дотоодын улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдөөс л шалтгаалж байна. Эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын орчин тааруу бадйаг. Ганц томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болсон Оюутолгойтой улстөрчид “дайтаад” сууж байхад ямар хөрөнгө оруулалт орох билээ.
 
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулчихаад бензин шатахууны үнэ буурахгүй, валютын нөөц нэмэгдэхгүй, төгрөгийн ханш тогтворжихгүй байна гэж ярих нь ямар ч утгагүй юм. Тэгсэн мөртлөө гурван сая гаруй хүн амаа нийтэд нь хорлочихоод түүний дээр тоглолт хийдэг улстөрч олон болсон байна.
 
Гэхдээ үүнийг иргэд ойлгодог болжээ. Ер нь улс орноо хөгжүүлэхийн тулд хэтийн төлөвлөгөө хэрэгтэй. Засгийн газарт баахан цаасан төлөвлөгөө хийгээд нэмэргүй. Уг нь зарчмын хэдэн зүйлд анхаараад тохиролцоонд хүрсэн байх нь чухал. Тухайлбал, боловсролын салбарт багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэгдүгээрт тавих ёстой. Түүний адил бусад салбарт юу нь илүү чухал болохыг эрэмбэлэх шаардлагатай юм. Нөгөө талаар монголчууд нэгдэн нийлж байж өөрийн гэсэн брэндтэй болох, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргана уу гэхээс биш хувиа хичээсэн олон жижиг үйлдвэрлэл хол явахгүй. Түүнд мэдээж төрийн дэмжпэг шаардлагатай.
 
-Манай улс ядрах цагтаа ОУВС-д хандаж тусламж дэмжлэг авдаг ч экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд өсөх үед “хамраа сөхчихдөг” муу зантай улс юм. Хуримтлал үүсгэнэ, нөөцөлнө гэсэн ойлголт байдаггүй юм шиг, Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
 
-Монгол Улс хэд хэдэн удаа тус сангийн хөтөлбөрт хамрагдсан шалтгааны дийлэнх нь бид өөрсдөөсөө болсон. Улс төр нь тогтворгүй, шийдвэр гаргагч улстөрчид нь авлига, хээл хахуульд идэгдсэн, сонгуульд ялахын тулд худал амлалт өгч улсын төсвийг тэлсэн, өр тавьж бонд гаргасан хөрөнгөө өөрсдөө идэж уучихсан ийм л байдлаас болдог. Тэдгээр өр зээл, зувчуулсан хөрөнгө аль хэдийнэ алга болчихсон. Эцсийн дүнд ард түмэн өрөнд унаж, эдийн засаг хямарчихаар ОУВС-д хандахаас өөр аргагүй болдог. Тийм нөхцөлд ОУВС тусалснаар бид гадаад өрөө нимгэлж, нэг хэсэгтээ амсхийж, эдийн засаг арай дээрдэх хандлагатай болж байна.
 
-Гуравхан сая гаруй хүнийг энэ өргөн уудам газар нутагт 70 сая толгой мал, газрын дээр дор байгаа ийм их баялгаар яагаад сайхан амьдруулж болдоггүй юм бол гэж гайхаад байдаг юм. Та юу гэж бодож байна вэ? 
 
-Үүнд ганцхан л хариулт бий. Улс орныг удирдаж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн мэдлэг чадвар, хандлага Монголчуудын хүсч буй хэмжээнд хүрэхгүй байгаагийн л илэрхийлэл. Тэдэнд ямар ч хэтийн бодлого, төлөвлөгөө алга. Судалгаа ч байхгүй. Хамгийн гол нь хувийн сонирхол нь дэндүү давамгайлчихаад байна. Монголд тусдаа хоёр эдийн засаг байх шиг. Дарга нарын буюу олон нийт, ард олны гэсэн.
 
Эхний эдийн засагт хамрагдагсад тендер авч, мөнгө олоод өндөр барилга барьж түрээсээр хөрөнгө хуримтлуулж, төсвийн мөнгөөр тансаглаж суудаг. Саяхан нийгмийн сүлжээгээр цацагдсан мэргэжлийн хяналтын тэр дарга оймсондоо 10 мянган ам.доллар хавчуулчихаад л явж байх жишээтэй. 
 
Ийм нөхцөлд улс орон хөгжинө, нийгэм өөрчлөгдөнө гэж бодох, горьдохын ч хэрэггүй.
 
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин