sonin.mn
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ үнэнд гүйцэгдэж, хүлээн авснаар Үндсэн хуульт байгуулалдаа түрэмгийлэн халдсан эрх баригч намын гэмт үйлдлийг анхнаас нь эсэргүүцэн тэмцсэн улстөрийн 17 намын шударга ёсны тэмцэл эхний үр дүндээ хүрлээ гэж бид дүгнэж байна.
 
Ардчилсан ёсыг умартаж, шударга ёсыг огоорч,хүний эрх,эрх чөлөөг хясаж тэгш байдлыг нулимж, үндэсний эв нэгдлийг бусниулж, хууль журмыг гишигчиж, Үндсэн хуулиндаа Үндсэн хуулиар халдана гэдэг төрийн эсрэг туйлын ноцтой гэмт хэрэг мөн.
 
Дур зорго нь хазаарлагдаж, хуйвалдаан нь илчлэгдэж,хууль зөрчсөн нь нотлогдож, хүсэл санаархал нь нуран унах төдийд Монгол Улсын Их Хурлыг тараахаар завдсан нь үүний нотолгоо юм. 60 тэрбумынхан, ЖДҮгийнхэн, Эрдэнэтийн 51,49 хувийнхан, концесчид, хүчирхийлэгчид, казиночид, хүний амь, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн цуглуулга,үүр уурхай болсон энэ УИХ анхнаасаа Үндсэн хууль өөрчлөх эрхзүйн чадамжгүй, ёс суртахууны эрхгүй, институтын чадваргүй болох нь нэн тодорхой, нийгмийн итгэл,дэмжлэг хүлээхгүй байсан билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч төслийн саналаа бүрэн татаж, парламентын сөрөг хүчин Ардчилсан нам саналаа бас эргүүлэн татсанаар Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөл задарч төсөлгүй болсон гэж бид үзсэн бөгоөд одоо Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авснаар эрхзүйн шинэ нөхцөл үүсч байна. Учир нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явагдах зарчимтай бөгөөд 2 дугаар хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 3 дугаар хэлэлцүүлэгт оруулалгүй, эхийг баталж ард нийтийн санал асуулгаар батлахаар нэгэнт шийдвэрлэсэн тул хэлэлцүүлэг дахин шинээр явуулах, 2 дугаар хэлэлцүүлэгийг задлах эрхзүйн боломж эргэлзээтэй юм.
Иймд хууль санаачлах,өргөн барих,хэлэлцэх, батлах бүхий л шатандаа Үндсэн хууль,холбогдох хуулиудыг зөрчиж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхээр завдсан УИХ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа ухамсарлаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан байх тул Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт гэх баримт бичгээ цуцалж, цаашид ард түмний зөвшөөрөлгүйгээр Үндсэн хуулинд халдах санаархалаа бүрмөсөн таслан зогсоохыг улстөрийн намууд эрс шаардаж байна.