sonin.mn
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2019.12.11/ “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбар болон бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн  энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол даргалж, нээж үг хэлэв.
 
 
Хэлсэн үгэндээ, “Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай.
Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулав.
 
 
Илтгэлдээ хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов.
Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. 
 
“ЗЭМТ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг онцоллоо.
Тэрбээр шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэллээ.
Илтгэлүүдийг танилцуулсны дараа илтгэл мэдээлэлтэй холбогдуулж оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөсөн.
 
 
 
Энэ үеэр оролцогчид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлэв.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн.
 
Төгсгөлд нь хэлэлцүүлгийг даргалагч,  УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж, уг тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүслээ.
 
 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, таслан зогсоох, устгах талаар салбарын болон салбар дундын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өмнө нь гурван ч удаа зохион байгуулж байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.