sonin.mn
Стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас 2020 оны 06 дугаар сард багтаан гарахаар төлөвлөжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 02 минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. 
 
Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдсэн. Ингээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм. Монгол Улс уг жагсаалтаас гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн чухалыг Сангийн сайд онцолон тайлбарлав. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулсан байна. Уг ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө”-нд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар заасан. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор дээрх төслүүдийг боловсруулжээ. 
 
 
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар нар асуулт асууж Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа. ФАТФ-аас 2021 оны 09 дүгээр сар хүртэл төлөвлөсөн ажлын төлөвлөгөө ирүүлсэн хэдий ч Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг ахалж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 06 дугаар сард “саарал” жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцуулсан. Монгол Улс эл жагсаалтад удах хэрээр эдийн засгийн сөрөг нөлөөлөл нэмэгдэх эрсдэлтэй тул Засгийн газраас хамгийн богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Ингэхдээ авилга, албан тушаалын гэмт хэргүүдийг шүүхээр шударгаар шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, бодит үр дүн гаргах шаардлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалахгүй тул Улсын Их Хурал болон холбогдох талууд энэ чиглэлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан юм. Байнгын хорооны дарга арилжааны банкуудад хийгдэж буй реформын талаар тодруулж, Сангийн сайд мэдээлэл өгсөн. Арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавигдсан ба өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр нь шаардлага хангахгүй байна гэж үзээд Монголбанк нийт банкуудад хугацаат үүрэг өгөөд ажиллаж байгаа гэв. Энэ ажлын үр дүн хангалтгүй болсон тохиолдолд нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий ч Монголбанкны удирдлага хугацаандаа гүйцэтгэх бүрэн боломжтой гэдгийг мэдээлсэн байна.  
Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 
 
Эрүүгийн багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
 
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд танилцууллаа. 
 
 
Ажлын хэсэг 01 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн томъёолсон болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Мөн ажлын хэсгээс Зөрчлийн тухай хуулийн 5.7.1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоомыг зохион байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцсонтой холбогдуулан зөрчлийн хэрэгт холбогдуулан хураасан эд зүйл, тоног төхөөрөмжийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхтэй холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулах саналыг гаргаж байгаа гэлээ.
 
 
Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 
 
 
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар тодруулга хийлээ. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад, 2005 онд Авлигын эсрэг конвенцид тус тус нэгдэж орсон байдаг. Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Энэ хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хууль тогтоогч хууль гаргаж, сэргээн шалгахаар төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарлалаа. Энэ хүрээнд өөрийнхөө гэм бурууг шүүхээр шийдүүлэлгүй, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийн тухайд, нөгөө нь шүүхээр гэм буруугаа тогтоолгосон этгээд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдол зэргийг ялгамжтай авч үзэх шаардлага бий гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан. Энэхүү төслийн хүрээнд процессын хэм хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөж буйг тайлбарлаж байв.
Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 
 
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
 
Дараа нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар ажилласан байна. Хууль санаачлагч оюуны өмчийг бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад үзүүлэх төрийн дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна.
 
 
Хуулийн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томъёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав. 
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.