sonin.mn

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Баатархүү тэргүүтэй АН-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. 

 

Энэ үеэрээ тэд тус намын нэр дэвшигчдийн тухай гарч буй захиалгат нэвтрүүлэг нэртэй гүтгэлгүүдийг эрх баригчид хийж байгааг эсэргүүцэж, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдэв.

 

Энэ үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Баатархүү: "УИХ-ын 2020 оны  сонгууль болохтой холбоотойгоор нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчдыг үл хүндэтгэсэн,  манай намын зарим нэр дэвшигчийг гутаан доромжилсон увайгүй үйлдлийг улс төрийн намууд явуулах боллоо. Ер нь улс төрийн намын үүрэг бол иргэдэд улс төр, эрх, эрх чөлөөний тухай боловсролыг нэмэгдүүлэх явдал юм. Харамсалтай нь улс төрийн намууд тэр дундаа эрх барьж байгаа нам өөрсдийн хууль бус үйлдлээ нуух гэж сөрөг хүчний намуудыг гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад АН харамсаж байна. Үүнийг хаанаас, ямар зорилгоор, хэн маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлж байгаа. 
 
Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг зүйл биш, мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдөх үйл явц. Тиймээс ч манай  Ардчилсан Намын зүгээс бусад улс төрийн намуудад хандаж сонгуулиар нээлттэй, шударга өрсөлдье гэдэг уриалга гаргасан. Харамсалтай нь хэвлэлээр АН-аас нэр дэвшиж буй 76 хүнийг СЕХ бүртгээгүй гэдэг худал мэдээлэл явуулсан. АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье. 
 
УИХ-д нэр дэвших асуудлыг зөвхөн улс төрийн нам мэддэггүй. Тухайлбал УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс өмнө нь ял шийтгүүлж байсан эсэхэд ЦЕГ лавлагаа гаргаж өгдөг. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан эсэхэд мөн адил ЦЕГ лавлагаа гаргана. АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор ял шийтгүүлж, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж, татварын асуудалд холбогдсон хүн байхгүй болохыг цагдаа, татварын байгууллагаас тодорхойлсон. Төрийн байгууллага ийм тодорхойлолт гаргасаар байтал хэсэг бүлэг хүн мөнгө төлж гүтгэж байгаа нь өөрсдийн амлалтаа биелүүлээгүйгээ нуух гэсэн, анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн оролдлого гэж бид дүгнэж байна. 
Ер нь сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй мэднэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биеэ харлуулж байгаа нь өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд харж байгаа. " хэмээсэн юм.
 


М.Чойжал