sonin.mn
ТОКИО. /NHK/. Японд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудын 30 орчим хувь нь сэтгэл гутралд орж байгааг нэгэн судалгаагаар тогтоожээ.
Японы Улаан загалмай нийгэмлэг өнгөрсөн дөрөв, тавдугаар сард буюу халдвар орон даяар тархаж байх үед явуулсан судалгаанд нэгэн эмнэлгийн 850 орчим эмч, сувилагч оролцсон байна.
 
Судалгааны дүнгээс үзэхэд, тэдний 27.9 хувь буюу 237 нь сэтгэл гутралд орсон байдалтай байжээ. Уг эмнэлэгт халдвар авсан байж болзошгүй хүмүүс багтсан 218 өвчтөн хэвтэн эмчүүлж байсан бөгөөд зургаадугаар сарын эцсийн байдлаар тэдний 76 нь халдвар авсан нь тогтоогджээ.
 
“Вирусний талаар тодорхойгүй зүйл олон байгаа. Эмнэлгийн ажилтнууд өөрөө ч мэдэхгүйгээр халдвар авч, бусад өвчтөн төдийгүй гэр бүлийнхэндээ дамжуулж болзошгүй. Эдгээр хүчин зүйл нь эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйн байдалд нөлөөлсөн байж магадгүй” гэж судалгаанд оролцсон эмч Изүмо Такэхиро мэдээлсэн байна.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг