Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Иргэний нисэхийн газар коронавирусний халдвар илэрсэн Бангладешийн нэгэн агаарын тээврийн компанийн Хятад улс руу үйлдэх нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Тодруулбал, Бангладешийн US-Bangla Airlines компанийн BS325 аялалын дугаартай онгоц өнгөрсөн сарын 28-нд Дака-Гуанжоу чиглэлд ниссэн бөгөөд таван зорчигчийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 6-ны өдрөөс эхлэн тус компанийн энэхүү маршрутын нислэгийг нэг долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлжээ.
Энэ нь Хятадын Иргэний нисэхийн газар анх удаа гадаадын агаарын тээврийн компанид зориулан гаргаж буй сэрэмжлэх арга хэмжээ болж байгаа юм.   
 
Хятадын Иргэний нисэхийн газрын мэдээлснээр, US-Bangla Airlines компани нь долоо хоногт гурван удаа Хятадын Гуанжоу хот руу зорчигч, ачаа тээврийн нислэг үйлддэг юм байна.
 
Мөн өмнө нь коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Хятадын Иргэний нисэхийн газраас тус улсын иргэний агаарын тээврийн China Southern Airlines, Sichuan Airlines компаниудын Дака-Гуанжоу, Каир-Чөндү чиглэлийн нислэгүүдийг нэг болон дөрвөн долоо хоногийн хугацаанд түдгэлзүүлээд байгаа аж.
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг