Дотоод хэргийн их сургуулийн “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирал, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов. ДХИС нь Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль болж байна. Төв номын сан нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай.
Мөн онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах III, IV зэрэглэлийн сургалт, дадлагын анги байрлуулахар төлөвлөжээ. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тусгай бэлтгэл сургуулилтын нэг болох усан сэлэлт, усны тусгай аврах ажиллагааны сургалтыг явуулах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.
“Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга ашиглалтад орсноор 3500 гаруй сонсогч сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, тусгай бэлтгэлийн чанарт ахиц гарах юм. Барилга угсралтын ажлыг “Билгүүн Монгол” ХХК өнгөрсөн оны хавар эхлүүлж жилийн дотор хүлээлгэн өгч байна.   
“Спорт цогцолбор, номын сан”-гийн нээлтийн үеэр ДХИС-ийн захирал Ш.Лхачинжав “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн иж бүрэн хотхон хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл материаллаг баазтай болохын тулд олон жил хичээсэн. Спорт цогцолбор, номын сан, хэргийн газрын үзлэгийн зохиомол орчин бүхий лаборатори, 25 метрийн урттай дөрвөн зам бүхий усан бассейн, гүний шумбалтын бассейн, 402 сонсогчийн хоолны заал, лекцийн танхим музей, нийтийн үйлчилгээний танхим, бие даан суралцах, багаар ажиллах, эрдмийн зөвлөлийн танхимаас бүрдсэн иж бүрэн сургалтын байр юм” гэлээ.
 
 
Онцгой байдлын сургуулийн гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад Г.Чулуунбаатар “Хичээлийн хуваарийн дагуу Онцгой байдлын сургууль усан бассейнд хичээллэж байна. Сургуулиас тавьж байгаа шаардлага нь нийт албан хаагч, сонсогч суралцагч сэлж сурсан байх ёстой гэсэн зорилт тавьсан. Өмнө нь Онцгой байдлын сургууль сургалтын үйл ажиллагааг усан бассейн, сургалтын төвтэй хамтарч хийдэг байсан. Спортын цогцолбортой болсноороо сонсогчдын бие бялдрыг хөгжүүлэх, тээврийн зардлыг хэмнэх, аюулгүй байдлыг хангах гэсэн давуу талууд бий болж байна. Бассейн маань хоёр хэсэгтэй. Анхан шатны суралцагчдыг хүлээж авах чөлөөт сэлэлтийн хэсэг болон гүний усны бассейн юм. Гүний усны бассейны ач холбогдол нь гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг практикаар турших боломжийг бий болгож байна” гэсэн юм.
Ийнхүү ДХИС-ийн суралцах таатай орчин бүрдэж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах сонсогч, оюутнууд боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт гэдгийг удирдлагууд онцоллоо.
 
“Номын сан-спорт цогцолбор”-ын  барилгад ердийн болон гүний гэсэн хоёр бассейн байгуулагдсан бөгөөд дөрвөн зам бүхий 25 метр урт, найман метр өргөн, 2.5 метр гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 10 метр гүнтэй бассейныг барьжээ.
 
Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах нөхцлийг бүрдүүлсэн байна.
 
 
А.Маралмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин