sonin.mn

ХҮН намын дарга, Шадар Сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "ХҮН нам 2021 онд “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг зохион байгуулж, ард иргэдээс санал авсны үндсэн дээр хамгийн олон санал авсан улстөрчдөд нэр дэвших санал тавьсан. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ зарчмаа баримтална.


Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөсөн цагаасаа эхлэн нам бус болдог. Иймд аль нэг намын төлөөлөл байх боломжгүй. Гэтэл улс төрийн намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихээд, тангараг өргөсөн даруйд нь “Та нам бус шүү” гэдэг. Энэ бол өөрөө зөрчилтэй тогтолцоо.


Бид хоёр толгойтой төрийн тогтолцоогоор сүүлийн 36 жил явж ирлээ. Үр дүнг нь ч бүгд харлаа. Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар ээлж дараалан огцорч, УИХ-ын дарга удаа дараа солигдлоо. Одоо бүр Ерөнхийлөгч нь огцорлоо. Энэ бүхэн улс төрийн асар их тогтворгүй байдлыг бий болгож байна.


Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой. Улс төрийн намууд хоорондоо зөрчилдвөл нэг ширээний ард суулгаж, эвлэрүүлэн зөвшилцүүлдэг, ард иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлдэг, олон улсын тавцанд улс орноо төлөөлдөг хүн байх учиртай. Энэ албан тушаалд өндөр боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй хүнийг сонгомоор байна. Түүнчлэн анхнаасаа нам бус хүн байх ёстой бөгөөд хууль, хүчний байгууллагуудтай холбоотой эрх мэдлийг нь хязгаарлах хэрэгтэй.


Өнөөдөр хэнийг Ерөнхийлөгч болгох нь чухал биш. Харин төрийн хоёр толгойг нэг болгох нь чухал байна. Гадаадын улс орнуудад ажиллаж явахад “Танай улсын нэгдүгээр хүн Ерөнхийлөгч нь юм уу, эсвэл парламентын засаглалтай учраас УИХ-ын дарга нь юм уу” гэж асуудаг. Энэ нь манай төрийн тогтолцоо гадаад ертөнцөд ч ойлгомжгүй харагдаж байгаагийн илрэл. Энэ хэвээрээ явбал засаглалын тогтолцоо маань мухардалд орно.


Өнөөдөр таван намын төлөөлөл бүхий парламент ажиллаж байна. МАН дангаараа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Ерөнхийлөгч ч албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Иймд үүссэн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж, засаглалын тогтолцоогоо нэг мөр тодорхой болгох хэрэгтэй. Монголын төр цаашид тогтвортой ажиллая гэвэл Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болж, “шоронгийн түлхүүр” атгадаг байдлыг нь эцэслэх ёстой. Яг энэ цаг мөчид асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол өнөөх чөтгөрийн тойрогтоо эргээд орно.


Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимд орж ирэхэд ялаа нисэх нь хүртэл сонсогдохоор чимээгүй болж, гишүүд бүгд доошоо хараад суудаг байсан. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал цаашид ч үргэлжилнэ.


Улс төрийн намууд эр зориг гаргаж, харилцан зөвшилцөөд энэ асуудлыг нэг талд нь гаргая. Ардчилсан засаглалаа бэхжүүлье гэвэл парламентын засаглалаар явах нь зөв. Харин эрх чөлөөгөө хязгаарлаж, нэг хүний удирдлага дор богино хугацаанд хөгжье гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож болно. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд үүнийг дэмжихгүй.

Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Нам бус хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь зөв гэсэн байр сууринаасаа ч ухрахгүй. Үүнийг хэлэхэд айж, ичээд байх зүйл байхгүй.


Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч зөвхөн өөрийн эрх ашгийг боддог, шуналд автдаг, эрх мэдлийн амтанд төөрдөг, шоронгийн түлхүүр атгаж бусдыг айлгадаг хүн байж болохгүй. Харин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж чадах, амьдралын туршлага суусан, хувийн амбиц, шуналаас ангид, буурь суурьтай хүн байгаасай гэж хүсэж байна.

ХҮН намыг МАН-тай хамтарсан Засгийн газарт орсон, цахилгааны үнэ нэмсэн гэх зэргээр ихээхэн шүүмжилдэг. Миний хувьд хулгай хийж, худал ярьж явсан түүх байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вий гэсэн болгоомжлолоор зориуд харлуулдаг гэж боддог. Цахилгааны үнийг нэмэгдүүлснээр эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн шүү дээ.


Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Тэр үеэс хойш үзэл бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлдэг улстөрчид цөөрсөн. Би Х.Баттулгатай олон удаа үзэлцэж, байр сууриа илэрхийлж байсан. Үүнийхээ төлөө ч олон удаа шалгуулсан. Надаас өмнө Ч.Хүрэлбаатар түүнтэй үзэлцдэг байсан юм билээ. Х.Баттулгын өмнө МАН-ынхан аймхай байсан. АН-ынхан бүр ч аймхай байсан.


Одоо улс төрчид жаахан эр зориг гаргая. Нэгэнт Ерөнхийлөгч албан тушаалаасаа буучихсан байхад нэмж дээрээс нь дэвслээд яах вэ. Намын даргаа албан тушаалаасаа буухаар нь барьж иддэг муухай улс төрийн соёл ч бий болжээ.


Эр хүний хувьд хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ маш зөв үзэл баримтлалаар хамтарсан Засгийн газраа байгуулж, удирдаж байсан. Гэвч түүнийг огцруулсан. Хэрэв тэр хүн хамтарсан Засгийн газраа тэр эрчээр нь үргэлжлүүлэн удирдсан бол Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал бий болж, томоохон бүтээн байгуулалтууд өрнөх байсан гэдэгт би итгэдэг." гэв.



М.Чой