Шороо малтаж, хүрз тавьснаас хойш жилийнхээ ойтой золгож буй шинэ төмөр замын бүтээн байгуулалт анхны галт тэргээ хүлээж авахад тун ч ойртжээ. Аюулт цар тахлын нөлөөгөөр хэсэгхэн хугацаанд цемент хомсдож гүүр, хоолойн ажил төлөвлөгөөнөөс 20 гаруй хоног хоцорсон ч удалгүй алдсан хугацааг гүйцнэ гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлсэн. Мөн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл үүсэхгүй л бол өөрөөр нэг ч хором алдахгүй урагшилж байгааг төмөр замчдын үйлдлээс харж болно. Говьд агаарын хэм 40 даван халж, хуй салхи нүүр нүдгүй балбах ч төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, ажил ундарч байв.
Гадны гэх тодотголтой аль нэг компани, зөвлөхийн гар харахгүйгээр зөвхөн монголчуудын гараар бүтэж байгаа гэдгээрээ яах аргагүй түүх болж үлдэх юм.
Зэвсэгт хүчний анги нэгтгэл, үндэсний хэмжээний 70 гаруй компани нийлсэн 10-аад мянган хүн хүч, техниктэйгээр эх орны армийн босгож буй шинэ төмөр зам 1938 оноос эхэлсэн Монголын төмөр замын түүхийг энэ цагт Дорнын говьд үргэлжлүүлж байна.
“ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨГЛӨӨ БОЛГОН МЕССЕЖ ИРДЭГ”
Төрийн тэргүүн Х.Баттулга урьснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын явцтай танилцлаа. Төслийнхөн Н.Энхбаярыг хүлээн авч төмөр зам барьж буй 400 гаруй км зам дагуух бүхий л бүтээн байгуулалт, ажлын явцыг танилцуулав. Төслийн захиалагчаар “Монголын Төмөр Зам” ТӨХК ажиллаж байгаа бол дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар Төмөр Зам” ХНН, доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Зэвсэгт хүчний жанжин штаб”, үндэсний компаниуд ажиллаж байгаа юм. Энэ үеэр ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан “Хүнээс хамаарч, ямар нэг байдлаар гацахгүйгээр урагшилж байна. Төмөр зам дээр ажиллаж байгаа хүмүүсээс чанар, гүйцэтгэл л шаарддаг. Төслийг Ерөнхийлөгч өөрийн биеэр удирдаж, сар бүр ирж танилцдаг. Мөн надад Ерөнхийлөгчөөс өглөө болгон мессеж ирдэг. Өдөр бүр тойрч, тулгамдсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэж тааралдсан кэмптээ хоноод явдаг. Төсөв мөнгийг хугацаанд нь өгчихөөд ажлаа шаардахад амар байдаг” гэлээ.
Тиймдээ ч газар шорооны ажил 93, ус зайлуулах хоолойн ажил 85, гүүрийн ажил 37, худаг усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 39, буталмал чулуун чигжээс 49, өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувьтай яваа аж. Замын дээд бүтэц буюу төмөр замын үе тавих ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ингэж цаг хугацааг үр ашигтай зарцуулж байгаагийн давуу тал нь зохион байгуулалт менежмент аж.
Төмөр замын бүтээн байгуулалтын 3/2 нь газар шорооны ажил байдаг. Одоогийн байдлаар шинэ төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний 50 км төмөр зам бүрэн баригдаад байна. Үүнийг зэвсэгт хүчнийхэн хариуцан хийж байгаа юм. “Цэргийнхэн тушаалаар явдаг. Мэдлээ, гүйцэтгэе гээд л болоо. Элдэв шалтаг хэлж, ажлаас хойш суудаггүй. Мөн гүйцэтгэгч компаниуд төсөв мөнгөө авсан учраас төслийн талбайгаа орхиод явах боломжгүй” гэдгийг ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан хэлж байв.
Бүтээн байгуулалтын ажлыг гацаахгүйн тулд хэн нэгэнд ажлаа шалгуулж, зөвшөөрөл авахаар хайж очих биш хяналт шалгалтыг дор бүр нь шуурхай хийж, алдаа дутагдлыг нь засч сайжруулаад явдаг гэдгийг хяналтын багийнхан хэлж байна.
"Тавантолгой төмөр зам" хувьцаат компанийн хийцийн инженер Д.Лхагважав “Бүтээн байгуулалтын хүрээнд 27 гүүр, 596 хоолой барьж байна. Нэг хэсэг дээр геодизи, зам материал, ХААБ гээд бүх төрлийн инженер ажиллаж байна. Технологийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа эсэх болон зураг төслийг бүрэн хянадаг. Зөрчил гарвал тэр дор нь арилгуулдаг болохоор алдаа гарах нь цөөн. Явцын дунд өөрчлөлт гарахаар бол зураг төслийн багийнханд ханддаг” гэсэн юм.
ЦЭРГҮҮД ХАЛАГДАХДАА МАШИНЫ МӨНГӨТЭЙ ХАРЬДАГ
Төмөр замын бүтээн байгуулалтын гол ажил болох газар шороог зэвсэгт хүчнийхэн хийгээд дуусч байна. Нэг үгээр хэлбэл, генерал, хурандаа, хугацаат цэргүүд бүгд мөр зэрэгцэн ажилд шамдаж буй юм. Тэгвэл төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа ажилчид, хугацаат цэргийн алба хаагчид хоногт 69 мянга сард хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг. Хугацаат цэргүүдэд сард гар дээр нь 8000 төгрөг олгоод бусдыг нь дансанд нь хийдэг аж. Хоол, хувцас, орон байрнаас эхлээд улсын тусгай хангамжид ажиллаж байгаа учраас цалингаасаа зарцуулах шаардлага гардаггүй гэдгийг цэргүүд хэлж байв. Харин жил гаруй төмөр зам дээр ажиллаад халагдахдаа ямар ч байсан машины мөнгөтэй буцдаг. Хамгийн гол нь ажлын ур дүйтэй, мэргэжилтэй болно. Цэргийн алба хаах хугацаандаа тасралтгүй ажиллавал 20 гаруй сая төгрөгтэй харих жишээтэй. Үүнээс гадна түүх бүтээж буйгаараа ажилчид нь бахархаж, урамтай байдаг аж.
Ажил өрнөсөн бүтээн байгуулалтын талбайд том оврын машин, цемент, бутлуурын үйлдвэр тасралтгүй ажиллаж байна. Мөн 10 гаруй метр өндөртэй далан дээр төмөр замын дээд бүтцийн ажлыг мэргэжлийн багийнхан гүйцэтгэж байв. Төмөр замыг барихдаа экосистемийг хамгаалж нарийвчилж судалгаа хийжээ.
Нэг км төмөр замыг гурван тэрбум гаруй төгрөгөөр тавьж байгаа нь олон улстай харьцуулахад хоёр дахин бага өртөг юм. Үүнээс гадна төмөр замын ерөнхий төсөв болох 1.4 их наядын 70-80 хувь нь монгол ажилчид, дотоодын үйлдвэрүүдэд шингэж байгаагаараа онцлогтой.
Мөн бүтээн байгуулалтад оролцож байгаа мэргэжлийн боловсон хүчин олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллах туршлага өвөртөлсөн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.Есдүгээр сарын эхээр доод бүтцийн ажил, аравдугаар сард гүүрийн ажил бүрэн дуусч анхны галт тэргээ энэ ондоо багтаан явуулахаар тооцон ажиллаж байгаа гэв.
Н.Энхбаяр: ТАВАНТОЛГОЙН ӨМЧЛӨЛИЙН ХЭЛБЭРИЙГ ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцлоод байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилж, нүүрс хэрэггүй болохоос өмнө Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрсийг нэмүү өртөгтэйгөөр дэлхийн зах зээлд борлуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалт манай улсад хөгжлийн шинэ гарц нээж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлж, дэлхийн шинэ зах зээлтэй холбоно. Мөн төмөр зам дагуу ашиглалтын 30 гаруй лиценз олгогдсон нь дараагийн том төслүүдийн эхлэл болж байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Төмөр замын асуудал нийгмийн анхаарлыг татаад олон жил болж байна. Миний хувьд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төмөр замын бодлогын тухай шийдвэр гаргах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж байснаа санаж байна. Тухайн үед өргөн царигтай төмөр зам барих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан нь өнөөдөр зөв байжээ гэж харж байна. Хамгийн чухал нь зургаа орчим тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэж Гашуунсухайтаар гаргах дэд бүтцийг тавьж байна. Харин одоо Тавантолгойн ордын өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх асуудлыг нэн даруй хийх шаардлагатай.
Монголчууд төмөр замаа өөрсдөө барьж мэргэжилтэй, орлоготой болж байгаа нь чухал. Төмөр замын рейсийг Оросоос авч байна. Цаашид төмөр замыг иж бүрнээр нь барихын тулд төмөр замын төмрийн үйлдвэрийг Засгийн газар барих хэрэгтэй.
Хүн төрөлхтөн мөдхөн нүүрсийг орлох бүтээгдэхүүн гаргана. Тиймээс нүүрсийг чанаржуулж нэмүү өртөг шингээгээд маш хурдан дэлхийн зах зээлд гаргах шаардлагатай. Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрснээс жилд 100 сая тонныг гаргаж байж 60 жилийн дотор ашиглаж дуусах юм байна. Ийм дэд бүтцийг байгуулна гэдэг маш нарийн тооцоо, судалгаа хэрэгтэй. Тавантолгой бол дэлхийд гайхагдсан орд. Миний хувьд Ерөнхийлөгч байхдаа хувь хүмүүсийн нэр дээр байсан ордын лицензийг төрийн нэр дээр авсан. Гэтэл зөвхөн төрд авах нь учир дутагдалтай. Тиймээс хэний ч оролцоогүйгээр бий болсон байгалийн баялгийг ард түмэнд өмчилж өгөх хэрэгтэй. Төрийн өмч биш ард түмний, хамтын өмч байх учиртай. Ордоос олсон орлогыг төсөв биш тусгай санд хуримтлуулж давхар эдийн засгийг эргэлтэд оруулах ёстой. Зөвхөн нэг зах зээл бус олон улстай уялдсан зах зээлийг бий болгож, ард түмний дундын өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй. Ард түмний нэр дээр байгуулагдах санд хуримтлагдах юм. Олон улсад ижил төрлийн тусгай сангуудын орлого 15-16 хувиар өсч байдаг. Ингэж байж тэтгэвэр нэмэгдэж, эрүүл мэнд, боловсролын зардлыг дааж, хямд өртөгтэй орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Ийм эхлэл энд харагдаж, төсөөлөгдөж байна. Итгэл төрж байна” гэсэн юм.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Одоо автозамыг энэ жишгээр стандартын дагуу шинэчлэн зсьарлах цаг болсон. Автозамыг хэн дуртай нь хүслээрээ гурилдаж байдаг ажил биш олон улсад мөрддөг стандарт бий. Тэр бол хууль.
Энэ одоо юу хайж явдаг юм бол доо
Олон улсын ганц ч банк санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй,тэгэхээрээ байгаагүй "их өр" гэгчийг Монголд тохсон буриад Намбар Оросын гар хөл Женкотой нэг гэдгээ харуулж ТТ-ЗБ төмөр замын цаад зорилгыг ил болгож байна. 2008 оноос эхлээд 2012 оноос жилд тэрбум доллар нүүрсний тээврээс алдаж ирсэн ТТ-ГС-н замыг цаашид саатуулж ТЭЗҮ-рээ зардлаа 30 жилийн дараа л нөхөх энэ замыг татвар төлөгчдийн мөнгөөр яаравчлан Орос стандартаар барьж байгаагийн зорилго нь Монголын төмөр замыг Оросд өгөх. Энэ зам Орос стандартын өргөн царигаар баригдсан байхад Монгол гол магистраль замаа цаашдаа өөртөө авч Олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх боломжгүй болно. Бүх техник тоног төхөөрөмх бусад улсуудаас зүгээр өгсөн ч авах боломжгүй хэвээр үлдэнэ.1000 актлагдсан вагон Оросоос олон улсын үнээр авдагаараа авах болно.
Хойд талдаа өргөн урдаа нарийн царигтай байж юун гол замаа хятадынх болгож өөрчлөх вэ, хятадын гар хөл минь хол очиж хуц, иншгэж өөрчилсөний ялгаа үр ашиг гэж юу ч байхгүй, хойд хөршөө л хилэгнүүлэхээс цаашгүй. үнэгүй юм хаа ч байдаггүй. төмөр замыг бүгд гацаасан женко ганцаар гацаагаагүй, одоо бүтээн байгуулалт яаж хурдалж байгааг харчих
Үнэгүй юм хаана ч байхгүй. Хоёр хөрштэйгээ үнэхээр л тэгш найрсан хандах гээд байгаа юм бол хэвтээ тэхнхлэгээ 50/50 Хятадтай ХНН байгуулаад Олон Улсын царигаар тавх хэрэгтэй.
Их л тансаг боломжийн хөрөнгөтөйдөг шүү суугаад гарсан биш эдлэх ялаа эдэлчихсэн л одоо жаргах цаг нь ирсэн гэх байх даа салхийг нь хагалсан хүн дээ удахгүй бусад нь гараад ингээд л тансаглаад явах байлгүй. Эд нар ямар Ж.Батмөнх гуай шиг даруухан загнах биш улс төрийн булингарын суурийг нь тавилцсан хүмүүс дээ... юм юм л байгаа.
Төмөр замаа хурдан тавиарай. Амжилт
Auto zamii ajild tserguudiig ashiglah bolomjguim bh da. Tiim l mundag tumur zam barij bgaam bol auto zam amarhan blguidee. Darhanii zamaas ehleed yawahgui bgaa zamuudiig uursdiin hundee ugmuur yum
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье. Монгол хүн улсын баялаг
Үндсэн хуульд мухар төмөр замын тухай хуулиа нарийн зааж оруулах хэрэгтэй.
Монгол хун ажил хийж чаддагийн жишээ Ууний тулд сайн менежмент сайн хяналт сайн цалин байхад хангалттай
Уул уурхайн хуульд төмөр замын тээврийн тухай хуулиас тодорхой заалт оруулж өгөх нь баялагыг ард түмэнд арвин хүртээж чадна
Монголчууд төмөр замыг бие даан хэний ч оролцоогүй бүтээн босгож чадаж байгаа нь маш чухал ач холбогдолтой зүйл юм.1990 онд бүх мэргнжлийн ажилтнуудыг өмч хувьчлал нэрээр гудамжинд хөөж гаргаснаас одоо зөвхөн савхин эдлэлийн оёдолчин гэхэд хуруу дарам цөөхөн ажиллаж байгаа жишээтэй.Савхин эдлэлийн үйлдвэр байгуулъя гэвэл бүгдийг эхнээс нь эхлэх болж байгаа нь хамгаас эмгэнэлтэй .Чухам ингэж 70 жилд бүтээн босгосон аж үйлдвэрийн салбарыг сүйрүүлсэн хорлон сүйтгэлтийг АН гэгч хорон санаат гамингийн жорлонгийн өмхий өтнүүд хийсэн юм:.Ан гэгч гамингийн өмхий жорлон үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Гадныханы гар харалгүй өөрсдөө хийж бүтээж болдог юмаа гэдгийг харуулж байгаагаараа чухал ач холбогдолтой