sonin.mn
Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх Азийн бүсийн хурлыг есдүгээр сарын 22-25-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Хурлыг ШУТИС удирдан МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Азийн 10 гаруй орны их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач онлайн хэлбэрээр оролцоно. Хурал энэ сарын 22-ны лхагва гарагийн 13:00 цагт ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарт эхлэх юм.
 
Инженерийн тэргүүлэх их сургуулиуд “Үр дүнд суурилсан боловсрол”-ын бодлогын хүрээнд инженерийн боловсролын шинэчлэлийг “Бодож сэтгэх – Төлөвлөж загварчлах – Бүтээн ажиллуулах – Хэрэгжүүлэх” (Conceive-Design-Implement-Operate – CDIO) гэсэн бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүн бий болгодог загварын дагуу хөгжүүлж, оюутанд инженерийн суурь мэдлэг, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох зорилготой ажиллаж байна.
 
CDIO стандарт, арга зүйг 2000 оноос хойш дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаанд дэлхийн 140 гаруй их, дээд сургууль нэгджээ. Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх уг хурлаар CDIO стандарт, арга зүйг Монгол Улсад төдийгүй Ази тивд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ярилцана. Мөн сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч санал санаачилгуудыг гарган хамтран ажиллах юм.