sonin.mn
ВАШИНГТОН. /China’s Resource Risks/. Гуч орчим жилийн хэлэлцээний дүнд “Сибирийн хүч” хийн хоолой Оросын хийг Хятад руу 2019 оны 12 дугаар сараас зөөвөрлөж эхэллээ. Энэхүү хэлэлцээ олон жилийн турш сунжран үргэлжилснийг үл харгалзан Орос-Хятад хоёр дахь хийн хоолойгоо барихаар төлөвлөж байгаа бөгөөд 2030 он гэхэд байгуулах төлөвтэй байна.
“Сибирийн хүч-2” хэмээх шинэ төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлнэ. 2020 оны наймдугаар сарын 25-нд “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хийн хоолойг барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг хоолойн талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр голчлон болдог Орос-Монгол-Хятадын гурван талын уулзалтын үеэр хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд уг уулзалт энэ оны 11 дүгээр сар хүртэл хойшлогдсон билээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Газпром”, Хятадын тал Алтайн чиглэлийн тухай хэлэлцсэн нь Оросоос Алтайн уулархаг бүсээр дамнан нарийн хилээр Хятадын баруун нутагт нийлүүлэх талаар байсан юм. Хятад улс өөр орноор дайруулахгүйгээр хийн хоолой барихыг илүүд үзэж байгаа боловч өөр хоолойнуудын хувьд Төв Азиас Хятадын баруун нутагт хүрч байгаа юм. Мөн Хятадын илүү хөгжсөн өмнөд хэсгийн бүс нутгуудад хийн эрэлт хамгийн их байгаа ажээ.
 
 
2014 оны 11 дүгээр сард “Газпром” болон Хятадын Үндэсний нефть-хийн корпорац хоёр дахь хийн хоолойг Алтайн чиглэлээр барих харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан боловч Орос, Хятад “Сибирийн хүч”, Арктикийн шингэрүүлсэн байгалийн хийн төслүүдэд түлхүү анхаарах болсонтой холбоотойгоор уг төсөл сүүлд зогсонги байдалд оржээ.
Энэ хугацаанд Улаанбаатарын засаг захиргаа Монголын нутгаар дайруулсан чиглэлийг лоббидсоор байжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэдээлснээр, Монгол Улсын хувьд Хятад, Оростой хийн хоолойн талаарх хэлэлцээний ширээнд суух боломж бүрдэхэд 30 жилийн хугацаа шаардагдсан ажээ. Энэхүү боломж нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нутгаар дайруулан хийн хоолой барих саналыг анх 2018 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гаргаснаас үүдэлтэй юм. 2019 онд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Монголын саналыг дэмжсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ талаар тунгаан бодохоор тохиролцжээ. Энэхүү ажиллагаа Орос-Хятад-Монголын эдийн засгийн коридорт шинэ эрчийг өгчээ. Уг баримт бичигт 32 төслийг тусгасан боловч нэг их ахиц дэвшил гараагүй байгаа юм. Монгол Улсын хувьд хийн хоолой нь тээврийн орлогыг авчрахаас гадна байгалийн хийн хэрэглээ рүү шилжсэнээр нүүрсний эрчим хүчнээс үүдэлтэй бохирдлын асуудлыг бууруулахад нэмэр болох юм.
 
Монголын хөдөө нутагт айлууд нүүрсээр галладаг
 
Казахстан улс ч мөн Орос-Хятадын хийн экспортын шинэ төсөлд холбогдох саналыг тавьсан боловч 2019 оны гуравдугаар сард В.Путин Монголоор дайруулан хийн хоолой барих хувилбарыг судалж эхлэхийг “Газпром”-д албан ёсоор зөвшөөрчээ. Мөн тэрбээр 2019 оны есдүгээр сард “Газпром”-ын тэргүүнтэй уулзах үеэрээ Ямалийн хийг Монголын нутгаар дайруулан Хятадад нийлүүлэх хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахыг үүрэг болгожээ. “Хятадын түншүүд ч мөн энэ хувилбарыг сонирхох болсон” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. “Petrolium Economist” сэтгүүлд мэдээлснээр, В.Путиний хөндлөнгийн оролцоо нь Монголын нутгаар дамжуулах хувилбарыг шат ахиулахад чухал байжээ.
 
 
 
 
“Газпром”-ын хувьд Алтайн чиглэлийн бүтээн байгуулалт нь газрын байдал, эмзэг орчинтой холбоотойгоор илүү урт, үнэтэй, төвөгтэй тусах боловч Баруун Сибирийн илүүдэл хийг ашиглах, нэмэлт хөрөнгө оруулалтыг бууруулах давуу талыг олгох байжээ. Гэсэн хэдий ч Ямалийн хийг мөн Европ руу нийлүүлж байгаа бөгөөд шинэ чиглэлийг нээснээр хийн хоолойгоо баруун чиглэлд “Сибирийн хүч-2”-той холбох боломжийг “Газпром”-д олгох ажээ. Ингэснээр “Газпром” Европоос Ази руу илүү хялбараар хий экспорлох боломжтой болох юм.
 
 
 
Алтайн чиглэлээс ялгаатай тал нь гэвэл, Монголын нутгаар дайруулах чиглэл нь улс төрийн хувьд тогтворгүй Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Алтайн бүсийг тойрох юм. Шинэ чиглэл нь “Сибирийн хүч”-ийн нэг их наяд ам.долларын зардлаас илүү өндөр өртөгтэй буюу 1.3-1.5 их наяд ам.долларын үнэтэй тусах төлөвтэй байгаагаас гадна гадаад хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. “Сибирийн хүч-2”-ыг 2030 он гэхэд барихаар товлосон хэдий Хятадтай өрнүүлж буй хийн үнийн талаарх хэлэлцээ сунжирч, төслийг хойшлуулж болзошгүй байна.
 
 
“Сибирийн хүч-2” Ямалийн хийг Европ, Азийн зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ
 
Эрсдэлийн тухайд
 
Хятадын эрсдэл
 
Хятадын Үндэсний нефть-хийн корпорацын мэдээлснээр /цар тахал дэгдэхээс өмнө/, Хятадын хийн хэрэглээ 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 15 хувьд хүрэх төлөвтэй байна. Тус компанийн тооцоогоор хийн эрэлт жилд 650 тэрбум шоо метрт хүрч нэмэгдэх бөгөөд ингэснээр Хятадын хийн хомсдол 300 тэрбум шоод хүрэх ажээ. Цар тахал дэгдсэний улмаас эдийн засаг саарсантай холбоотойгоор эдгээр үзүүлэлтийг богино хугацаанд шинэчлэх шаардлагатай байж болох хэдий ч Австрали, АНУ зэрэг байгалийн хийн нийлүүлэгчидтэй харилцаа хурцадмал байгаа энэ үед Оросын хийн хоолой Хятадын анхаарлын төвд байна. Оросын шинжээчийн мэдээлснээр, Хятад улс нь улирлын хамгийн өндөр эрэлтийг хангах хангалттай хэмжээний байгалийн хийг хадгалах технологи дутагдалтай хэвээр байгаа тул хөрш орнуудаас хий нийлүүлэх хоолойг барихыг илүү чухалчилж байгаа ажээ.
Хятадын шинжээчид хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хувилбарт илүү эргэлзэж байгаа бөгөөд ингэснээр тээврийн эрсдэл үүсэж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн Монгол Улс АНУ-тай сайн харилцаатайгаас гадна Далай ламыг урих гэх мэт Хятадын бодлогод харш хэт үндсэрхэг байр суурийг зөвшөөрдөг байсан тул аюулгүй байдлын хувьд эрсдэл учруулж болзошгүй гэдгийг Хятадын зарим шинжээч онцолж байгаа ажээ.
 
 
Улаанбаатараас холгүй оршдог Чингис хааны хөшөө
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг Улаанбаатарт саяхан айлчлах үеэр монголчууд Өвөр Монголд монгол хэлээр хичээл заахыг хязгаарлаж буйг эсэргүүцэн жагсжээ. Монголын нутгаар дайруулах хийн хоолойг Өвөр Монголоор дамжуулах шаардлагатайг харгалзан үзвэл хэлний эрхийг боомилж буй асуудал нь Хятад, Монголын харилцаанд улс төрийн шинэ эрсдэл бий болгож магадгүйд олон нийт анхаарлаа хандуулах болоод байна.  
 
 
Улаанбаатарт болсон жагсаалын үеэр барьсан байсан уриа лоозонгууд
 
Дэлхий дахины эрсдэл
 
Эрчим хүчний харилцаа холбоо бодит байдал дээр байгаагаасаа илүү нягт байна гэх хандлага нь эрсдэлийн үнэлгээг гажуудуулж байна. АНУ-ын хувьд хоёр дахь “Сибирийн хүч” хийн хоолой нь Хятад-Оросын стратегийн түншлэлийг бэхжүүлэх л ач холбогдолтой ажээ. Харин Оросын шинжээчдийн хувьд, Монгол Улсыг Хятадаас хэт хамааралтай гэж үзэж байгаа тул транзит орон байхад эрсдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэнэ. Монголоос Орост суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, манай улсын ирээдүй Орос, Хятадтай аль алинтай өрнүүлэх хамтын ажиллагаатай холбоотой гэж хэлсэн бол улс төрийн шинжээч, нийтлэлч Д.Жаргалсайханы хувьд Хятад-Оросын хамтын ажиллагаа богино хугацаанд үргэлжилж, Монгол улс хэрэггүй хоолой, сүйдсэн байгальтай үлдэж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг